• Эхлэл
  • "Цагаан алт" хөдөлгөөний хүрээнд 788 тэрбум төгрөгийн зээл олгоно

"Цагаан алт" хөдөлгөөний хүрээнд 788 тэрбум төгрөгийн зээл олгоно

2025/02/20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, төр-хувийн хэвшлийн хүлээх үүрэг хариуцлага, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд өнөөдөр боллоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр энэ үеэр “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний ажлын төлөвлөгөө, оролцогч талуудын уялдаа, хамтын ажиллагаа сэдвээр танилцуулга хийв. Тэрбээр, “Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээлийн 40 гаруй хувийг бэлтгэн нийлүүлдэг. Манай үндэсний үйлдвэрлэгчид энэ салбарын томоохон тоглогчдын тоонд зүй ёсоор тооцогддог. Дэлхийн ноолуурын зах зээл 2029 он хүртэлх хугацаанд жил бүр 6 хувийн өсөлттэй байх ба 4.3 тэрбум ам.долларт хүрэх дүр зураг харагдаж байна. Дэлхийн ноосны зах зээлийн статистикийг харахад, манай улс хонины тоогоороо эхний 14-т жагсдаг. Өөрөөр хэлбэл, бид жилд 30 мянган тонн ноос бэлтгэх чадавхтай. Ноосны зах зээл нь 2029 он гэхэд 3,2 хувиар тэлж, 45,6 тэрбум ам.долларт хүрэх эерэг өсөлт ажиглагдаж байна. Арьсан эдлэлийн дэлхийн зах зээлийн жилийн дундаж өсөлт 4,3 хувьтай байх бол 2029 он гэхэд 3762 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. "Цагаан алт" үндэсний хөтөлбөр 2028 оны сүүлч хүртэл дөрвөн жил үргэлжилнэ. Энэ хугацаанд эдийн засгийн таатай үе тохиож байгаа тул бид эл боломжийг оновчтой ашиглах хэрэгтэй” хэмээн тодотгов.

Түүнчлэн салбарын сайд илтгэлдээ, “Манай улс өнгөрсөн онд 57.7 сая мал тоолуулсан. 2024 оны мал тооллогын дүнгээс үзэхэд, энэ жил 8500 тонн ноолуур, 30 мянган тонн ноос, 1.9 мянган тонн тэмээний ноос, 397.6 тонн сарлагийн хөөвөр, 117.2 сая арьс шир бэлтгэхээр байна. Иймд Засгийн газраас үйлдвэрлэл-технологийн паркуудыг байгуулж, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Тухайлбал, ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20-40 хувь хүртэл, ноосны боловсруулалтын түвшнийг 25-55 хувь хүртэл, арьс, ширний гүн боловсруулалтын түвшнийг 30-50 хувь хүртэл нэмэгдүүлнэ гэсэн үг” хэмээв.

“Дархан нэхий” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гэрэлмаа, “Манай компани “Цагаан алт” хөдөлгөөнд аль хэдийнэ хамрагдаад байна. Хорин тэрбум төгрөгийн зээл хүссэнээс одоогоор 16.9 тэрбум төгрөгийн зээл авсан. Манай компани дөрвөн төсөл хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, арьс ширний үйлдвэрээс гардаг хог хаягдлыг боловсруулах хүрээнд Шахмал ширний үйлдвэрээ ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хүндрэл чирэгдэлгүй, хурдан хугацаанд зээлээ авч байгаа. Мэдээж, аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжсэн тохиолдолд ирэх 5 жилийн төлөвлөгөөгөөр манай үйл ажиллагаа 3-5 дахин өссөн байх төлөвтэй байна” гэлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Арилжааны 10 банк “Ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл”-ийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан. Тус үндэсний хөдөлгөөний хүрээнд 2025 онд хөнгөн үйлдвэрүүдэд зориулж 788 тэрбум төгрөгийн зээл олгох тооцоо гарсан. Аж ахуйн нэгжүүд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын гэсэн хоёр хэлбэрээр зээл авах боломжтой. Хөрөнгө оруулалтын зээл нь 4 жилийн хугацаатай, 5-6 хувийн хүүтэй байх юм. Эргэлтийн хөрөнгийн зээл нь 2 жилийн хугацаатай, 9-10 хувийн хүүтэй. Банкны системийн өнөөгийн дундаж хүү 17-18 хувьтай байгаа энэ үед төсвөөс татаас өгч байгаа нь төв банкнаас уг хөтөлбөр хэрэгжих боломжтой гэж үзсэнтэй холбоотой. Өнөөдрийн байдлаар, 101 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн" гэсэн мэдээллийг өглөө.

Тус уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен тэргүүтэй Монголбанк, арилжааны банкнуудын төлөөлөл, арьс шир, ноос, ноолуурын салбарт үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин