Б.Цэнддоо ийн өгүүлэв. 

ОРОС ХИЧЭЭЛ: Украйнь ба Беларусын сургамж

 

ӨМНӨТГӨЛ: Ойрмогхоноос “Х” хэмээгдэх болсон Твиттерийн ертөнцөд сонирхолтой, бодитой мэдээлэл олж, хуваалцдаг цөөнгүй хаяг бий. Тэдний зарим нь тодорхой сэдвээр, аль болох голчтой, хөндлөнгөөс ажигласан шинжтэй мэдээлэл түгээдэг. Тухайлбал, Tuul @tuul1234, Enkhbat Batmunkh ᠡᠩᠬᠡᠪᠠᠲᠤ᠂‍ᠪ @enkhbatbatmunk2, @uulee87 нар Орос-Украйны дайн, түүнийг тойрсон асуудлаар мэдээлэл солилцдог.Тэдний нэг ҮүлэНСолонгоCR-ын Украйнь, Беларусийн жишээн дээр уг дайны шинж чанарыг тайлбарласан цуврал бичвэрийг “Х”-ын сүлжээнд оруулсан билээ. Зохиогч тэдгээр мэдээллүүдээ нэгтгэн, Оросын түрэмгийллийн нэгэн тойм болгоод “Өдрийн сонин”-д “Бэлтгэл ба түрэмгийлэл: Орос ба Украйнь, Беларусь” нэртэйгээр нийтлүүлснийг та бүхэнд толилуулж байна. Хэдийгээр, Монголтой холбогдох нэг ч жишээ, нэг ч дүгнэлт-ажиглалт ороогүй боловч Украйнь, Беларусьт өрнөсөн олон үйл явдал бидэнд хэтэрхий танил “Өө энэ чинь тэр явдлын хувилбар байна”, “Энэ этгээд чинь манай тэр байна” гэхээр зүйлс нэн олон байгаа нь сонин.

Нэг. Хоёр Владимир, нэг Владимирович

Оросууд Украйн руу түрэмгийлэн дайрсны дараахан Влодимир Зеленскийгээс нэг сэтгүүлч ингэж асуусан байдаг.

Сэтгүүлч:

- Дэлхийн II дайн эхлэхэд Европын ихэнх орон ямар ч сүйрэл амсалгүйгээр фашистуудад “шууд бууж өгөөд” бүрэн бүтэн үлдсэн бөгөөд дараа нь хохиролгүйгээр тусгаар тогтнолоо сэргээсэн жишээ ч бий. Хэрэв ээ, Оросууд дайрахад хүмүүсийнхээ амь насыг үрэлгүй, хот тосгоноо сүйтгүүлэхгүй “бууж өгөөд” дараа нь дипломат аргаар ярилцаж, эсвэл хүлээзнэж болох байжээ гэж боддог уу?

В.Зеленский:

-Хэрвээ 2014 онд Оросууд Крымийг булаан эзлэсний дараа тэдэнтэй ярилцаад буцаагаад авч болж байсансан бол: Хэрвээ дэлхийн улс орнууд үүнийг нэгэн дуугаар нэгдэн эсэргүүцэж Оросыг зогсоож чадсансан бол: би таны асуусан “Хэрвээ”-г эргэцүүлэх байлаа. 

Харамсалтай нь: Донбассын дайн эхэлсний дараа би Путинтай олон удаа хэлэлцээрт орох гэж оролдсон. Зөвшилцөх ямар ч боломжгүй болоод олон улс оронд хандан тусламж гуйж “хаалга бүрийг тогшиж” явсан. Тэдний зарим нь Оросоос айдаг, нөгөөх нь Оросын холбоотон-найз байж таараад “эзгүй айлын хаалга хонхдох” мэт байлаа. Бас зарим нь Оросоос олон юмаар хараат учраас зүрхэлж үүдээ нээгээгүй ээ.

Энэ яриаг сонссоны дараа “Зеленскийг эх орноо дайнд татан орууллаа. Байлдахгүйгээр шийдвэрлэх боломжийг ашигласангүй” гэхчлэнгээр буруутгадаг хүмүүст өгөх хариу тодорхой болдог билээ.

Олон хүний ой тойнд үлдсэн шигээр, Украйныг түрэмгийлэн эзлэх Оросын дайн 2022 оны хоёрдугаар сарын 23 буюу буюу хуучин Зөвлөлтийн Улаан армийн баяраар (Өдгөө Оросын “цэргийн баяр” болон өвлөгдсөн) эхэлсэн юм биш. Тэгж ярих юм бол, энэ довтолгоон нь дайны төгсгөлийн шат, бараг ёслолын шинжтэй ажиллагаа байхаар төлөвлөсөн гэвэл үнэнд ойртох байх. Хожим олон нийтэд ил болсон мэдээллээр бол түрэмгийлэгч цэргүүд нь буу зэвсэгнээсээ илүү парад хувцсаа индүүдэж үүрсэн, нөгөөдөр орой нь Киевт хийх ялалтын үдэшлэгийн хөтөлбөр гарсан, ялангуяа Их Оросын түрэмгийллийн онгод-дуучин Газманов ая барихаар товлогдсон байсан гэдээг. 

 Харин, өдгөө ч тэр өдөр эхлүүлсэн дайн бол Украйнийг тодорхой үе шаттайгаар эзлэн түрэмгийлэх ажиллагааны зөвхөн нэг үе шат л байсан нь улам батлагдах мэт. Магадгүй, Украйныг Орост нэгтгэх дайн аль хэдийнэ эхэлсэн байсан учраас Кремль түрэмгийллийн шинэ шатны операциа “дайн биш” харин “Цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэсэн ч бизээ. 

    Үүнийг өгүүлэхийн тулд жинхэнэ дайн хэдийд эхэлснийг тодруулах үүднээс Украйн дахь Оросын талын “Эх оронч” Медведчукийн түүхээс эхэлье. Орос “Баавгай”-д эх орноо худалдсан “Баавгайхан”-Медведчук Виктор Владимирович.

    Монголоос 10 мянгаад км-ын тэртээд ажиллаж амьдарч байсан ч улс төрийн паян нь “танил дөт санагдах” Медведчук бол Украины нэгэн улс төрийн намынх нь дарга асан. Украин улсаар дамжуулсан Оросын байгалийн хийн хоолойноос асар их мөнгө хүлээн авдаг, нэмэлтээр Москвагаас ч санхүүжилт авдаг (Та гайхахгүй байгаа нь сонин биш гэж үү !!) Путины найз, бас Путин охиныг нь загалмайлсан эцэг. 

   Украины нөлөө бүхий 2 том телевизийг Владимир Медведчук эзэмших. Тэрбээр парламентад Оросын талыг баримтлагч бөгөөд Путины санхүүжилтээр нэр дэвшин сонгогдсон 40 гаран гишүүдтэй нэг франкц шууд удирддаг байв. Тэр Путинтай шууд харилцдаг цорын ганц Украин хүн (#Theshowman_Simon Shuster) байв. Хачин танил сценари?

  Тэр их хурлын дундуур ширүүн маргаан болоод асуудал нөгөө талд шийдэгдвэл “энэ асуудлыг ингэж шийдэхгүй бол Путин хүчээр шийдүүлнэ дээ” гэж заналхийлтлээ даварсан гэдэг. Тэдний талын гишүүдийн тоо олон тул төсөв батлахгүй бойкот хийх, чухал асуудлыггацааж уях зэргээр Засгийн газрыг айлган барьж чаддаг байв. (Та ийм л байх аятай хүлээж авч байгаа, тийм үү!!!)

Хожим нь дайн эхэлсний дараа түүнийг яагаад цагт нь хазаарлаагүйг асуухад ерөнхийлөгчийн талынхан;

-Түүнийг оролдох нь “амиа хорлох” мэт аюул дагуулж байлаа гэж хариулсан нь бий. Тэд Украинд бүх зүйлийг Орос эх сурвалжтай асар их мөнгөөр худалдан авч байв. Тэр ч бүү хэл Медведчук нарын шахалтаар, Оросын дээрэмдэж авсан газар нутгийг хууль ёсны болгох асар эрсдэлтэй, салан тусгаарлах “санал асуулга” гээчийг хүртэл явуулж байжээ. 

    Украйныг бүхлээр эзлэн түрэмгийлэх дайн 2022 оны Орос цэргийн баяраар бус 2014 онд Крымыг булааснаар ч биш, түүнээс хавьгүй өмнө: магадгүй, Украйныг хоосон амлалтаар хууран цөмийг зэвсэггүй болгож байхад үзэл санааны хувьд эхэлсэн байж мэднэ. 

   Ер нь Зеленский гарч ирээгүй бол, тэрбээр зориглоогүй бол Украйн нь үзэл санааны хувьд аль хэдийнэ Орост эзлэгдээд байсныг дараахь баримтууд харуулна. Оросын талынхан нөлөө бүхий телевиз, инфлунсэр-сэтгүүлчид, хуучин улс төрчид, эрдэмтдийг иргэдийн тархи угаалтанд дайчилж байв. Тэдний мэдээлэлийн хүчин чадал төсөөлшгүй аймшигтай байсан гэх юм билээ.

-Худал зүйлийг 1000 удаа давтвал үнэн болдог гэдэг тактикаар ард түмнийг оюун санааг хулгайлж олон цагаар давтан “орос л аврана,.. барууны аюул..” гэж улигласан суртал ухуулга үерлүүлнэ.

   Украйны өөрсдийнх нь түүхийг хүртэл шинэчлэн гуйвуулж, дахин зохиомжлон загварчлаад олон түмнийг итгүүлэх ажилд Украины сэхээтнүүд өөрсдөө хөлсөөр ажиллаж байсан түүх саяхных ажээ. Жишээ нь; Голодомор хэмээх Зөвлөлтийн удирдагчдийн зохион байгуулсан “Их өлсгөлөнгөөр аймаглан устгах” гэмт хэргийн түүхийг хүртэл гуйвуулж, “Украйнчууд өлсгөлөнд нэрвэгдээд байхад Оросууд ирж аварсан” болгон гуйвуулсан, тэвчишгүй нэвтрүүлгүүд цаг тутам цацагдаж байсан байдаг. 

Энэ мэтээр Украины иргэдийн эрүүл ухааныг Орос суртал нэвтрүүлэг идэн залгилж байлаа. В. Зеленский нэгэнтээ,

-Хамтран зүтгэгчдийг минь хамар дороос худалдан авч танигдашгүй болгож байв... гэсэн нь бий. 

Гэвч дайн эхэлсний дараагаас нэг хоёр удаа санаандгүй худалдагдсан, гэнэдэн төөрөлдсөн хүмүүс хамгийн эх оронч нэгэн болж, эрэмгий зоригтойгоор улс орноо хамгаалан босчээ. Харин юу хийж байгаагаа мэддэг хэсэг зарим нь эхний буун дуунаар хил гаран зугтаав.

    Медведчук болон Оросын талыг баримтлагч улс төрчид Зеленскийд төрөл бүрийн шахалт дарамтыг Путины өмнөөс үзүүлж байсан. Тэд хүсвэл “Үндсэн хууль”-ийг хүртэл өөрчлөхөөр хүч хуралдуулж, нийгмийн сэтгэл зүйг бэлдэж авч болох бүхнийг худалдаж аваад дуусч байсан нь харагддаг. 

   Ингэхээр, Украин улсыг хуулийн аргаар Орост нийлүүлж болохгүй бол дайн хийж эзлэх нь бол цаг хугацааны л асуудал байжээ. 

   В.Медведчукын “Эх орончийн дүрээр эх орноо хорлон сүйтгэх” үйлдлүүдийг палианаас гарч “улаан шугам” давсан гэж үзсэн Зеленский бээр Оросоос ирэх шахалт дарамтыг сөрж арга хэмжээ авч эхэлсэн. Түүний бүх хөрөнгийг царцааж (Украин дахь бүх хөрөнгө нь Украиндаа үлдсэн), массын тархи угаагаад байгаа үзэл суртлын хорлон сүйтгэгч бүх ТВ болон бусад сувгийг хааж, гэрийн хорионд оруулан эх орноосоо урвасан хэргээр ял оногдуулж чадсан юм. Баатарлаг гэхэд багадна уу болохоос ихдэхгүй ажил шүү.

    Ингэснээрээ, Оросын амин чухал эрх ашгийг хөндөв. Украины зүүн хил дээр Оросууд цэргээ бөөгнөрүүлж, өчүүхэн оч үсрэхэд л дэлбэрэх дарьтай торх болгоод байлаа. Дарь ч тэсэрлээ.Эзнийх нь дарьтай торх дэлбэрсний дараахан Медведчукийг барьж хорьсон бөгөөд хэдэн сарын дараа Орост олзлогдон “цаазаар авах ял заагдсан” байсан 200 гаран Азовын офицер олзлогдогсдоор сольж Орос руу нь хаясан билээ. Медведчукийг цагийг олж дарсан хийгээд эзэнд нь үнэ хүргэн наймаалцсан түүх энэ бөлгөө. Нэг Владимир нөгөө Владимирийгаа хөнөөхөөр явуулсан гурав дахь Владимировичийн трагеди !!!

Хоёр. Влодимир хэмээх “багаатур”

Баатар гэдэг үг Монгол, Самгарди, Хинди, Түрэг, Славян олон хэлээр бараг адилхан адилхан дуудагдана. Баатар, Бахадур (уйгаржин Монгол бичгээр Багаатур гэж бичнэ), Баготырь, Батур гэх бөгөөд бүгд л эрэлхэг дайчин, шударга зоригтон хэмээх эрхэмсэг утгатай.Тэгвэл Зеленский гэдэг хүн өнөөдөр яагаад манай үеийн баатар болж олон хэлээр багаатур, богатырь, бахадур, батыр болоод хүндлэл хүлээх эрхтэй болоо вэ?

   Юуны өмнө Медведчукийг зориглон баривчилснаараа олон оронд хил дээрээ булуулсан орос дарийг айхгүй дэлбэлэх эр зоригийн үлгэр бүтээсэн юм. Олон орон чухам энэ “дарьтай торх”-ноос л айгаад Оросын өмнө гөлөг болж явсан, яваа ч билээ. Мэдээж хамгийн том эрсдлийг тэр үүрсэн, гэхдээ бусдадаа эр зоригийн үлгэр үлдээсэн. Өнөөдөр Орос торхонд байсан дарь том дэлхийг байтугаа жижхээн Украйныг ч дэлбэлж барахааргүй байсныг хүн төрөлхтөн мэдэж авлаа. Мэдээж, Зеленскийтэй Украйнчуудын эр зоригийн хүчээр шүү дээ. Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэгчээр олон орны Орос айдас хэвээрээ байгаа ч Мангаанаас “Алтан улиасыг минь хуга мөргөх эвэр чинь аль вэ” гэхэд харуулах юмаар маруухан болчихоод байгаа нь ч баатарлаг Украйнчуудын гавъяа.

    Өнөөдрийн дэлхийг гайхшруулаад байгаа, АНУ-ын ерөнхийлөгч Трамп бээр “Оросын талд орчихоод байгаа” мэт улс төрийн хачин зураглал ч Москваг хэн ч дийлэхгүй учраас АНУ тал засаад байгаа хэрэг биш болов уу?

  Нэгэнт Их гүрэн байх хөг нь алдарсан Орос орон цаашдаа Америкийн гар хөл болж үлдэх үү, эсвэл Хятадын ивээлд явах уу гэдгийг л шийдэх тоглолт бидний толгойг эргүүлсэн хөшигний ард өрнөж яваа гэх хувилбар л үнэнд дөхүү байх аа???

   Гол сэдэвтээ эргэн ороход, Зеленский өөрөөс нь 10 дахин их хүчин чадалтай түрэмгий арми халдаад ороод ирэхэд зугтаагүй, бас бууж өгөөгүй багаатур. Дэлхийн П дайны үед Европын ихэнх удирдагчид улс орноо орхин зугтаасан юм шүү.

Бууж өгөх, амь зулбан зугтаахын оронд итгэлтэйгээр эрслэн босоод, өөрийн утсаараа “лайв” хийж бүх Украин хүнийг эх орноо хамгаалья гэж уриалсан юм. (Оросууд Москвагийн дэглэмийг 1956 онд эсэргүүцсэн Унгарыг 4 өдөрт, 1968 онд Чехийг хоёрхон өдөрт бүрэн эзлэсэн түүхээс тэр айгаагүй)

 В.Зеленскийн эрэлхэг уриалга эх орноосоо зугтах гэж байсан орон нутгийн олон удирдлагууд болон бүх Украин эрчүүдийг зогсоох дуудлага болж, улс үндэстнээ хамгаалах эр зоригийг бадраасан гэж хожим тэд ярьсан байдаг. Төрийн тэргүүний эр зориг нь эх орны эр зориг болдог аж.

    Дэлхийн П дайны үед ганцхан Их Британи л Германд бууж өгөөгүй. Гитлерийн хүчийг хэрхэн барсан, энэ нь фашистуудыг ялахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн, мөн түүнийхээ төлөөсөнд ямар үнэ төлснийг бид түүхээс мэднэ. Түүхийг өөрчлөгч зоригтнууд ингэж төрдөг ажээ. Энэ удаад ч Британчууд баатарлаг уламжлалдаа үнэнч үлдсэн байна.

  Оросууд Украйнийг бөмбөгдөөд эхлэнгүүт Зеленский холбоотнуудаасаа тусламж хүсч утасдахад Борис Жонсоноос бусад нь нэг хариу хэлсэн. Энэ нь “бууж өг”, “Хэнтэй, юутай тулж байгаагаа мэдэж байна уу” гээд түүнийг хэрхэн зугтахад нь туслах талаар л яриад байсан гэдэг. 

   Ерөнхийлөгч Зеленскийн дуудлагаар Украинчууд нэгдэж Оросын армийг энд тэндгүй ухрааж, тэдний бахархал болсон “Москва” хөлөг онгоцыг нь живүүлж, хамаг үнэ цэнэтэй цэргийн дарга нарыг нь нэг дор устгаж, хотын гудамжинд өвөө, эмээ нар улаан гараараа Оросын танктай тулж, хүүхэд залуучууд нь “молотов коктейль”-оор танк устгаж байгаа зэрэг үйл явдлуудыг дэлгэцээр хараад бусад улс орнууд сая сэрж “Оросууд тийм ч дийлдэшгүй биш юм байна” гэж мэдсэн. Мэдээд зогосоогүй, Украинчууд үнэхээр нэгдмэл эр зоригтой үндэстэн болохыг нүдээрээ харсан үйл явдлын гэрч болцгоов. 

  Үүний дараа ардчилсан орнууд нэгдэж дайчин Украинаар бамбай болгон Оросын хүчийг сулруулахаар зэвсэг нийлүүлж ил тодоор дэмжиж ирсэн түүх хоёрхон жилийн өмнөх явдал. Ийнхүү Украинчууд “Оросын арми дийлдэшгүй” гэх үзэлд оюун санааны хувьд цохилт өгсөн юм. Зеленьский бол Украйны төдийгүй дэлхий нийтийн “багаатур”, Украйнтай ойролцоо хувь заяатай олон үндэстний эр зоригийн дууриал болсон түүх энэ.

Гурав.“Багаатургүй” Беларусь

 

Орос Украйны дайн юугаар ч төгссөн Орос нэгэнт ялагдсан. Гэвч ялагдан ялагдатлаа эзлэн,эзлэн түрэмгийлэгч хэвээрээ байна.

-Цусны амталсан баавгай жимсээр дахин хооллодоггүй гэгчээр “Зэвсгээр ч, хуулиар ч” эзлэн түрэмгийлэл хийгдсээр байгаа. Мах ч олдовч даах шүдгүй, жимс ч олдовч жажлах чадамжгүй болсон цагтаа л тэр баавгай зогсоно. 

-Оростой шууд тулалдахгүй замыг сонгосон нэг улс, тэдний ерөнхийлөгчийн тухай товчхон хэдэн баримт өгүүлье. Яагаав, дайны эхний өдөр Зеленскийд барууныхан зөвлөөд байсан тэр гарцыг сонгосон нэгэн !

Беларусь. Тэдэнд Зеленский байхгүй, харин Лукашенко бий. Зеленскийгээс ялгаатай нь“Эх орноо алдахаас айхаас илүүтэй эрх мэдлээ алдахаас айдаг” ерөнхийлөгчтэй улс.

Гоёор хэлэхэд, Лука бол “Дэлхийн хоёрдугаар дайны үед зарим улс Германд бууж өгөөд гарз хохиролгүй чөлөөлөгдсөн” гэх туршлагыг дагасан нэгэн. Үнэндээ бол эрх мэдэлтэйгээ үлдэхийн тулд Мефистофельд сүнсээ худалдсан золгүй амьтан. Эх орон нь тэр наймааны төлбөрт явчихсан.

   Өдгөө, АНУ-Украины гал зогсоох хэлэлцээртэй зэрэгцээд Лукашенко, Путин нар уулзаад байгааг бүгд харсан байх.Тэд санамсаргүй тэр хугацааг сонгож уулзаагүй байх нь. “Хоёр улсын үр ашигтай хамтын ажиллагаагаа төгөлдөршүүлэх, тэгш эрхийн тухай” хуулиа өөрчлөн батлах ажлаа эцэслэн тохирсон гэв. Энэ гэрээгээр Беларусь-Орос хоёр улсын паспортыг нэгтгэх, ОХУ-д бүрэн нэгтгэх тухай юм.

 Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Беларусийн төр засгийн удирдлага, улс төрчдийг Орос худалдан авахыг нь авч, эсвэл айлгаж, хорьж янз бүрийн байдлаар “тохирч” дууссан. Энэ зуур, нэг биш, хоёр биш улс төрч, Беларусийн аюулгүй байдал-цэргийн зүтгэлтэн “зөвлөлт маягийн гэнэтийн үхэл”-ээр нас барсан.

-Азтай, зөөлөн чихтэй заримыг нь Оросын гүн рүү албан тушаал өгч байна. Тэгвэл одоо ОХУ-ын КГБ тусгай ажилтнууд Беларусийн яамдууд, болон төрийн бусад байгууллагуудын удирдагуудад томилогдож, улсын мэдээлэлийн санд чөлөөтэй нэвтэрч, Беларусийн цэрэг хувцастай Оросын арми Польштой хиллэдэг цэргийн ангиудыг нь хараандаа авсан байдалтай байна.

Ирэх оноос ОХУ-тай нэгдэх үйл явцыг хууль ёсны болгох “ард нийтийн санал асуулга” гээчийг зохион байгуулалт хийгдэх биз.

Үйл явц хурцдахын хирээр Лукашенко бээр Путины шахалтыг 

-Улаан шугам давж байна, зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлэхийг оролдон уйлагнаж байгаа гэх боловч өөрийнхөө нутагт тэдний цэргийг байрлуулж, бүх хяналтаа шилжүүлсэн тул одоо нэгэнт оройтжээ. 

Үүнээс юу харж болох вэ. Тэр Оросын аяыг харж байгаад “зохицуулж болно” гэж тооцсон байж болох ч “Гитлертэй хүртэл хийж болсон наймааг Оростой хийх боломжгүй”-г батлах туршлага болон үлдээд, буцаахад нэгэнт оройтож тусгаар тогтнолоороо төлөх нээ. 

   Одоо Беларусьчуудын хувьд баруун руу тэмүүлэх нь улам бүр хумигдаж, ОХУ-ын хуульд нийцүүлэн амьдрах шаардлага урган гарсан бөгөөд тэд бүгд Оросын иргэн болж байгаа тул дайнд татагдан орж, үр хөвгүүд нь махны машинд хэрчигдэх таташ болохоор “ачигдах” нь цаг хугацааны асуудал болон хувирав.

   Беларусийн ихэнх дэвшилтэт үзэлтэй иргэд ийм юм болно гэж өнгөрсөн хугацаанд аюулыг мэдэрч “Оросын аюул....” гэж шуугилдсаар л байсан.Твиттэрт хүртэл Беларусын цогтой эх орончид “хүчтэй эсэргүүцсээр” байсан. Өдгөө Беларусийн радио нэгэнт “Орос”-оор мэндчилж эхэлжээ. Энэ бол нэг улс нөгөөгөө чимээгүй залгиж байгаагийн гунигт жишээ.

  Владимир Путин яагаад үүнийг хийж байгаа вэ. Яг одоогийн байдлаар Путин ялалт гэхээр юмгүй, Украиньд дайн өдөөсөн анхны зорилго гээч нь бүтээгээгүй, Зеленскийг буулгаж чадаагүй, энэ орныг барууны ертөнцөөс таслах гэх мэт ажлууд нь аль ч бүтээгүй тул тэр сэтгэл ханамж авах алга. 

   Тийм учраас ямар нэг ялалт байгуулах хэрэгтэй ч зэвсгийн хүчээр авч чадахгүй байгаа тул “хүүхэд ч болов зодоод бүтэн нойртой хоноё” гэсэн дээрэнгүй үзлийг хангах хэрэгсэлд нэг улс ийнхүү нэрвэгдэн живж орлоо.

  Тэхээр Оросын аюул хэзээ ч арилахгүй нь. Нэг улс эрх чөлөөгөө алдвал бусад улс ч дараагийн бай болно. Украйныг оронд Беларусийг, Беларусийг чадсан юм чинь Казахстаныг, Казахстаны дараа Узбекийг... тэгээд Мо...яа яа, бодохоос аймааррр !!! Тийм учраас энэ мэт дайныг түр зуурын “нүд хуурсан” эвлэрлээр биш бүх ардчилсан орнууд дайны эсрэг нэгдэн зогсоох л ганц зам байна.

     Эл ажиглалт-тэмдэглэлд мөн л Оросын булсан даринаас айж суух тавилантай бөгөөд Украйнаас илүү Беларусьтай төстэй байж мэдэх Монголын нэг ч жишээг татсангүй. Түүний оронд Оросыг эсэргүүцэх, эсвэл аяыг нь харж айн дагах хоёр өөр замыг сонгосон хоёр улсын хувь заяаг жишин харьцууллаа.

(ҮүлэНСолонгоCR. 2025 оны гурaвдугаар сар