Иргэн А.Баяржаргал өчигдөр /2025.03.23/ нэгэн иргэн цахим хуудастаа цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулахад цагдаагийн байгууллагын алба хаагчид өөрсдөө хамтардаг. Мөнгө авч, үйл ажиллагааг нь хэвийн явуулах нөхцөл байдлаар хангаж, хамтарч ажилладаг талаар мэдээлсэн. Тэгвэл энэ мэдэгдэлтэй холбоотой цагдаагийн байгууллагаас өнөөдөр тайлбар мэдээлэл хийж байна.
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.ТАЙВАН:
-Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэрэгтэй холбоотой өчигдөр цахим хуудаст мэдээлэл гарсан. Сүүлийн дөрвөн жилд энэ төрлийн нийт 1360 хэрэг бүртгэлд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажил явуулсан. Эдгээрээс 299 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлээлд байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь зохион байгуулалттай, олон хүний бүрэлдэхүүнтэй үйлдэгддэг. Мөн үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг гэж тодотгодог. Энэ ч утгаараа Монгол Улсын иргэд сүүлийн жилүүдэд гадаад улсаас цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргийг бүлэглэн үйлдэх болсон.
Цагдаагийн байгууллагаас шувуу ажиллагааны хүрээнд Э-гийн нэр бүхий 35 хүний бүлэглэлийг тогтоон, Монгол Улсад авч ирсэн. Мөн одоо Г-ийн толгойлсон 28 хүний бүрэлдэхүүнтэй бүлгийг мөрдөн шалгаж байна. Тус бүлэглэлийн хоёр этгээд цагдан хоригдож шалгагдаж байгаа.
Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг Б-гийн бүлэглэл буюу өчигдөр цахим хуудаст мэдээлэл хийсэн А.Баяржаргал нарын 18 хүн бий. Цахим мөрийтэй тоглоом нь олон иргэнийг эдийн засаг, сэтгэл санаагаар хохироож амиа хорлоход хүргэдэг. Тиймээс цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгт цохилт өгөх зорилгоор бүх төрлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Хяналт 1, 2, хар сүлжээ гээд арга хэмжээнүүдийг цагдаагийн байгууллага зохион байгуулж, энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдтэй тасралтгүй тэмцэж байна.
Өчигдөр цахим хуудаст мэдээлэл хийсэн иргэний төрсөн хоёр дүү О,Б нар шүүгчийн захирамжаар цагдан хорьсон. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд энэхүү мэдээлэл өнөөдөр яригдаж байгаа гэдгийг ойлгох нь зүйтэй.
Саатуулагдсан иргэд мөрийтэй тоглоом зохион байгуулах, мөнгө угаах, гэмт бүлэг үүсгэх зэрэг гурван зүйл ангиар шалгагдаж байгаа. Эрүүгийн хуульд гэмт бүлэг байгуулах гэдэг зүйл анги бий. Энэ зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.8.1 дүгээр зүйлд зааснаар зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэж гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав ба түүнээс дээш олон хүний тогтвортой нэгдлийг хэлнэ хэмээн хуульд зааж өгсөн. Цагдаагийн байгууллагаас 2023 оноос хойш "Торгоны зам" нэртэй мөрийтэй тоглоомтой холбоотой таван иргэний 10 дансыг, "Хос тамга" нэртэй мөрийтэй тоглоомтой холбоотой 11 иргэний 20 дансны шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон ажилласан.
Сошиалд мэдээлэл хийсэн А.Баяржаргал гэх этгээдийн мэдээлэлд дурдсан цагдаагийн алба хаагч Б гэх хүний тухайд 2010-2019 онд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан иргэн. Тухайн этгээдийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
"ЦЕГ ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА"
ЦЕГ-ын Дэд дарга цагдаагийн хурандаа Н.МӨНХЗУЛ:
-Цагдаагийн байгууллагаас алба хаагчийн сахилга, ёс зүй, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой асуудлын талаар мэдээлэл өгье. Та бүхний мэдэж байгаачлан Адъяабазар Баяржавхлан нэртэй цахим хаягнаас цагдаагийн алба хаагчидтай холбоотой ноцтой мэдээлэл хийсэн. Энэ мэдээлэлтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт, аюулгүй байдлын газраас ажлын хэсэг гарган, алба хаагчтай холбоотой дотоод хяналт шалгалтыг эхлүүлээд байна. Эхний ээлжид богино хугацаанд бид өөрт байгаа нотлох баримтын хүрээнд тухайн иргэний мэдээлэлд өгсөн цагдаагийн байгууллагын шуурхай хуралдааны үеийн дүрс бичлэг байсан. Тус мэдээллийг нягталж үзэхэд 2024 оны есдүгээр сард цагдаагийн байгууллагаас хянамгай гэдэг ажил, арга хэмжээг зохион байгуулахтай холбоотой хэвлэлийн бага хурлын үеэр манай алба хаагчийн өгсөн мэдээллийг өгсөн нөхцөл байдал тогтоогдсон.
Цахим хуудаст мэдээлэл өгсөн иргэний дурдсан видео бичлэг нь хэвлэлийн бага хурлын үеийн дүрс байсан нь тогтоогдсон. Үүнийг цагдаагийн байгууллагын шуурхай хуралдааны үеийн мэдээлэл мэтээр тайлбарласан байсан.
Аль ч үйл явц процесс хугацаа шаардана. Дотоод хяналт шалгалт ч мөн хугацаа шаардана. Тухайн мэдээлэлд алба хаагчийн нэрийг тодорхой дурдаагүй учир бид холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудад хяналт шалгалт хийх ажлаа хэрэгжүүлээд эхэлсэн.
А.Баяржавхлан гэдэг иргэн цагдаагийн байгууллагад харилцаа холбооны ямар ч хэрэгслийг ашиглан холбогдож, алба хаагчтай холбоотой хууль бус үйлдлийн мэдээллийг ирүүлэх боломжтой.
Цагдаагийн байгууллагын өөрийн барьж байгаа бодлого хууль бус үйлдэл хийсэн, гэм хэрэг, зөрчил гаргасан алба хаагчтай эвлэрэхгүй. Шалгаж, тогтоож, харьяа байгууллагад нь шилжүүлж хариуцлага тооцно. Гэхдээ мэдээж алба хаагчтай холбоотой шалгах ажиллагааг явуулсны дараа тухайн алба хаагч буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд алба хаагчийнхаа хууль ёсны ашиг, сонирхлыг хангаж ажиллана. Мөрийтэй тоглоомын хэрэгт холбогдсон этгээдүүд хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж олон нийтэд буруу, зөрүү мэдээлэл өгөх оролдлого гаргаж байна уу гэж харж байна.
Цагдаагийн хурандаа М.Болдбаатар, дэслэгч Г.Тэмүүлэн нар мөрийтэй тоглоомтой холбоотой гэх мэдээлэл цахим хуудаст гарсан.
Дээрх нэр бүхий алба хаагчид мөрийтэй тоглоомчдоос мөнгө авч хэргийг нуун дардаг байсан хэрэгт холбогдуулан 2023 оноос АТГ-аас шалгаж, гэм буруугүй нь тогтоогдсон. 2023 оны арваннэгдүгээр сараас 2024 оны долдугаар сар хүртэл найман АТГ шалгаж, алба хаагчид гэм буруугүй нь тогтоогдсон. Би мөрдөн шалгах ажиллагаатай ямар ч холбоогүй, зөвхөн дотоод хяналт, аюулгүй байдлаа хариуцсан дэд дарга. Хууль зүйн сайд цагдаагийн байгууллагын удирдлагуудаас чиг үүргийнхээ хувьд мэдээллийг тогтмол авч байгаа байх гэж би бодож байна. Өнгөрсөн хугацаанд болон одоо өгч байгаа бүх мэдээлэл прокурорын зөвшөөрсөн хэмжээнд л өгсөн гэж ойлгож болно.
Сэтгэгдэл байхгүй байна