Монголын сэтгүүл зүй унаж баларч байгаа тухай цахим ертөнцөд амтай болгон нь муулах болж... Нэг ёсондоо тэдний зодуурын ганц “бай” нь сэтгүүл зүй болов. Үнэн хэрэг дээрээ тэд огтхон ч муудаагүй бөгөөд хийдгээ хийгээд явж л байгаа. Өөрсдийгөө сошиалд нөлөөлөгч болчихсон гэж боддог хэдэн цахим хаягийн эзэд сэтгүүл зүйг гол өрсөлдөгчөө гэж үзэн, өөд уруугүй зүхэн харлуулж харагдах болоод удсан. Тэд сэтгүүл зүйг сэхэхгүй болтол дарчихвал мэдээллийн зах зээл дээр өөрсдийгөө ноёрхоно гэж горьддог . Мэргэжлийн сэтгүүл зүй та нарын горьдсон шиг уначихгүй, тэд зуун жил явж ирэхдээ үүнээс ч хэцүү сорилттой тулгарч байсан, даваад л гардаг. Яаж ч муулаад улс орон мэргэжлийн сэтгүүл зүй, мэргэжлийн редакцтай тогтмол сонин сэтгүүл, телевиз, радиотой байхгүй гээд яах билээ. Засаг төр ч сэтгүүл зүйг дарж дарамталж чаддаг юм биш. Нэг нь эс гэхэд нөгөөдөх нь шүүмжилж л байдаг. Хоорондоо эсрэг тэсрэг байр суурьтай, редакцийн бодлого зөрөх тохиолдлууд олон ч хэдэн талаас нь явсаар, нэг “бай” нд л тулж ирдэг. Тэр нь нийгмийн ашиг тус. 

Ард түмэн эрх баригчдын хулгай, хууль бус хэргүүд, элдэв луйврыг хангалттай уншиж мэдэж байгаа. Энэ бол монголын сэтгүүл зүй амьд, амьдаар барахгүй хийдэг юмаа хийсээр байгаагийн баталгаа юм. 

Нийгэм сэтгүүл зүйг их шүүмжилж байна. Энэ маш зөв. Ялангуяа өнөөгийн энэ үед засгийн газар нь хэвлэл мэдээллийг ялгаварлаж, төрийн албаныхныг мэргэжлийн сонин хэвлэл захиалахыг хүртэл хориглон эргүүтэж байгааг ч мэдэхгүй зүхэлдэж байгаа. Тэд яг л хүслийнх нь дагуу цахим хонхорт өрнөдөг хариуцлагагүй эх сурвалж дүүрэн, хараал жатга голдуу утаа манан дунд яг эрх баригчдын тооцсон шиг төөрч байна. Гэсэн ч мэргэжлийн сэтгүүл зүй хийдгээ хийгээд л байж байгаа. Зүй нь энэ өөрөө шүүмжлэх тусам эрүүлжиж, өөрийгөөзасварлаж тунгалагшиж байдаг мэргэжил юм. Нөгөө талаас сэтгүүл зүй нийгэмд хүчтэй оршиж байгаагийн баталгаа нь энэ их шүүмжлэл, үзэн ядалт юм. Бас нийгмийн аль ч хэсгийнхэн нь элдэв эрүүгийн хэрэгт хутгалдахаараа сэтгүүл зүйгээр бамбай хийх гэж оролддог нь ямар хүчирхэг мэргэжлийн байгууллага болохыг нь илтгэж байдаг юм. Өнөөдөр сэтгүүл зүйн ачаар нэр алдраа түгээн гарч ирсэн “Од”-уудын зарим хэсэг мэргэжлээрээ ажиллаж ч чадахгүй цахим наймаачид болчихоод тууж явна. Чингээд зогсохгүй эргээд сэтгүүлчдийг хараан зүхэлдэж суух. Болоогүй нийгмийн их багш нар болох хүсэлтэй. Эзэмшсэн мэргэжлээрээ юу ч хийж чадахгүй төөрч самуурсан зарим нь агуу их шударга ёсны эрэлчин болон хувирч, мөнөөх л мэргэжлийн салбарынхан руу ичиж зовохгүй цамнаж суух. Бүх юмыг илүү ухаалаг нүдээр харж сурах цаг ирсэн шүү. Ухаалаг ард түмэнтэй улс орон хөгждөг болохоос, ямар ч дархлаагүй, харсан болгоноо дагаж давхидаг ул суурьгүй иргэдтэй орон урагшилдаггүй юм. Сэтгүүл зүйг сайн дурынхан хэзээ ч орлохгүй. Тэд хариуцлага хэний ч өмнө хүлээхгүй. Тэдэнд өнөөдөр нийгмээр тоглох нь чухал болохоос ирээдүйн Монгол орны асуудал нэг их чухал биш байж ч магадгүй юм шүү !!!

Энэ үеийн Төрийнхний даялуулсан сэтгүүл зүй

Монголын ардчиллын үндэс, тусгаар тогтнолын баталгаа нь энэ улсын чөлөөт хэвлэл мэдээлэл нь юм. Тийм ч учраас хаанаас ч юм захиалгатай юм шиг зориуд мэргэжлийн хэвлэл мэдээллийг царцааж, цахимаар иргэдийн тархийг базаж байх бодлого явуулаад нэлээн хэдэн жил болж байгаа юм. Гайхалтай нь Засгийн газар өөрөө энэ бодлогыг гардан явуулдаг. Үүний баталгаа нь олон нийт, төр, хэвлэл мэдээлэл, цахим орчин дөрвийн өнөөдрийн урвуу хамаарал...

Өнөөдөр Засгийн газар өөрөө сүүлдээ тэжээж үржүүлсэн сошиал үр могойнууддаа зулгаалгаж, өөрсдөө хүчин мөхөсдөхдөө сэтгүүл зүйн мэргэжлийн индрүүдээртусгай хөтөлбөр гарган тэдэнтэйгээ тоглох гэж оролдоод унаж байгаа харагдана. Тэдний цахим мэдээллийн хурданд найдаж, бушуу туулай борвиндоо баастайн үлгэрээр хуйгаараа хөтлөлцөн шогшсон түүх нь богинохон агаад тэр хэрээрээ мөнгөөр холбогдсон харилцаа нь шороотой хөлдөө монголын ард түмнийг улам мунхруулж, хэрүүл хараал живүүлчихээд өнөөдөр гайхшаа барж байгаа нь л өнөөгийн харуусалт дүр төрх нь юм . Тэд үнэндээ монголын ард түмний ноён нурууг дэндүү хямдхан тооцсон. Тэжээж, услаж, тордож, хөгжүүлж хөлжүүлж гаргаж ирсэн микрофонтой сэгсээхэйнүүд нь бодит мэдээллийн хомсдол дээр өөрсдийнх нь тавьж өгсөн төслөөр тоглоод унаж байна. Тэд нь үндэсний эрх ашиг, улс орны хөгжлийн ирээдүйн суурь зүйлс гэх мэт хамгаалах ёстой үнэт зүйлсээ ч мэддэггүй. Зөвхөн мэдэх эрх гэх нүцгэн ойлголтыг өмнөө бариад өөд уруугүй самарч давхидаг хэсэг болон өөрсдөө ч хохирол амсаж байна. Энэ бол эрх баригчдын өөрсдийнх нь явуулсан бодлого. Үнэтэй камер, үнэтэй компьютер, үнэтэй оффис гээд...бүгдийг нь харж хандаж, тэтгэж төрүүлсэн. Хамгийн инээдтэй нь тэднийгээ Засгийн газар өөрөө мэдээллээр хангаж эхэлсэн. Хэдхэн сайтуудад мэдээллээ хувааж өгнө. Нөгөөдүүл нь “...бид мэдээллийг оллоо, бид түрүүлж цацлаа, бид араас нь явлаа” гэж хашгиран, дүрдээ итгэн давхицгаасан. Үнэн хэрэгтээ Хөгжлийн банкны захирал л ганцаараа шүгэл үлээгээд, ганц нэг хүнийг сонгож итгээд шударга ёсны эрэлд гарсан явдал ерөөсөө биш. Төрийн мэдлийн тусгай байгууллагууд Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр бүх мэдээллээ нэг өдөр гаргаад л хэвлэлийнхэнд өгчихдөг юм гэж энэ дэлхийд байдаггүй юм. Засгийн газар өөрийнхөө тусгай сангийн мэдээллүүдийг өөрөө хүсээд л гаргасан. Чингэхдээ ивээлийнхээ цахим суурьтай сувгуудаар явуулсан. Олон баатрууд төрнө гэж тооцсон. Гэвч өнөөдөр нэг ч “баатар” алга. Сууриараа буруу хэлхээ холбоо ингэж л дуусдаг. Энэ бол атаа хорсол биш. Миний харамсаж буй гол зүйл бол сэтгүүл зүйд зах зээлийн шударга өрсөлдөөнийг байхгүй болгож, нийтээр нь үнэ хүндийг нь доргиож байгаа увайгүй явдал юм. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм ч учраас өнөөдөр тэднийг сөрөн, чөлөөт хэвлэл мэдээллээ улам илүү нандигнаж явахыг ард олондоо уриалмаар байна. Үндэсний хөрөнгөтнүүд ч, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд нь ч зар суталчилгаагаа нийтлүүлж, эрүүл саруул бодлоготой, мэргэжлийн хэвлэл мэдээллийг захиалан уншуулж , илүү хүчирхэг болгох хэрэгтэй. Ингэж зарчмаа хамгаалж, эдийн засгаар хэвлэл мэдээллийг бэхжүүлж чадвал хэн дуртай нь дуугаа захиалаад байж чадахгүй болдог юм. Тэгэхээр тэдний тоглолтонд орж, сэтгүүл зүй рүү бүү дайр !!!

Шинэ үе маань илүү хэрсүү

Монголын шинэ үеийн, бие даасан анхны хэвлэл “Шинэ толь хэмээх бичиг” сонин гарснаас хойш 112 жил болжээ. Энэ урт зууны турш хөгжиж ирсэн сэтгүүл зүй юм шүү. 

Өнөөдөр манай ирж яваа шинэ үе юу хүсэж мөрөөдөж, юу ярьцгааж байна вэ. 

Жишээлбэл, UBlife мэргэжлийн сайтын дадлагажигч, МУИС-ын Сэтгүүл зүйн тэнхимийн хоёрдугаар дамжааны оюутан Б.Цагаандалай ийнхүү ярьж байна. “...Сүүлийн үед сэтгүүлч мэргэжлийн нэр хүнд тааруу болж байгаа нь намайг мэргэжлээ сонгоход ч нөлөөлсөн. Гэрийнхэн, хамаатнууд маань сурлага сайтай хүүхэд хэр нь яагаад сэтгүүлч болж байгаа юм, сэтгүүлч гэдэг чинь шантааж хийж мөнгө олдог муухай ажил гээд янз бүрээр л анхааруулж байсан. Гэвч дэлхий ертөнц өөрчлөгдөж байна шүү дээ. Монголд нэг хэсэг нь л тийм байгаа боловч, зөвхөн улс төртэй зууралдалгүйгээр хүмүүсийн унших сэдлийг нь төрүүлэх, хүнд хэрэгтэй асар өргөн мэдлэг, мэдээлэл байгааг би хүргэж чадна гэдэг итгэлтэй байсан учраас би мэргэжлээ сонгосон. Ер нь би хүмүүсийн хэлж, ярьдаг сөрөг талыг эмзэглэж хүлээж авдаггүй. Ямар ч салбарт хэн сайн ажиллаж чадаж байна, тэр нь ялгарч өөрийгөө харуулдаг шүү дээ. Ялангуяа, монголын шинэ залуу редакцууд, шинэ үеийн сэтгүүлчид “Тамхины цэгээс шууд мэдээ бичдэг” гэдэг яриаг өөрчлөхийн төлөө, арай өөр арга барилаар, шинэ зүйл хийж байгааг би өөрөө харж байна. Энэ бол миний ирээдүйн боломж. Тиймдээ ч би нэг их шүүмжлэлт өнцгөөс хардаггүй, ер нь сайн, муу хоёр байснаараа сайн нь ялгарч харагддаг шүү дээ. Одоо сурч байхдаа бодож үзэхэд манай үеийн сэтгүүлчид ёс зүйгээрээ ялгарч чадвал бид өнөөдрийн хүмүүсийн хардаг муу талыг өөрчилж чадна. Тийм учраас би ёс зүйгээрээ ялгардаг, хүмүүст хэрэгтэй зүйлийг хүргэж чаддаг сэтгүүлч болохын төлөө мэрийж байна. Миний бичсэн зүйлийг уншаад нэг ч болов хүн өөртөө хэрэгтэй мэдлэг авдаг, бодолхийлдэг, олон талаас нь хардаг болоосой гэж хүсдэг. Олон нийтийн дуу хоолой болох үүргээ Монголын сэтгүүл зүй сайн биелүүлдэг гэж би боддог”...гэж ярьж байна.

МУИС-ын Сэтгүүл зүйн тэнхимын гуравдугаар дамжааны оюутан П.Баянбилэг ингэж хэлж байна. 

“... Би сэтгүүлчээр сурч эхлээд хүн мэддэггүй зүйлээ хялбархан гэж боддог гэж ёстой үнэн юм байна гэдгийг ойлгосон. Сэтгүүлчийн ажил бол зүгээр нэг орой бүр камерын урд сууж байдаг биш, үүний тулд оюун бодлоо уралдуулдаг, маш их боддог, бичдэг, эмхэлдэг ажил юм байна гэдгийг ойлгож, суралцаж байна. Сүүлийн үед хүмүүс сэтгүүлч байх хэрэг байна уу ч гэх болсон. Гэхдээ та сошиалаас нэг пост хараад, зөвхөн гарчгийг нь хараад уурлаж, бухимдаад өдөр тутмыг өнгөрүүлэх үү, эсвэл мэргэжлийн сэтгүүлч, редакцын бэлтгэсэн эмх цэгцтэй мэдээлэл авахыг хүсэж байна уу гэдэг асуулт гарч ирнэ. Тиймээс энэ хэрэгцээнд нь тохирсон уншууртай, хэрэгцээтэй, соён гэгээрүүлсэн мэдээлэл бэлтгэдэг болохын төлөө хичээх болно...” хэмээн ярьж байна. 

Мөн ХИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн оюутан, UNREAD media-гийн ерөнхий редактор Д.Түшигт-Эрдэнэ ийнхүү ярьж байна. 

“...Хүн бүрд нийгмээ сайхан болгохсон гэдэг бодол байдаг шүү дээ. Ерөөсөө нийгэмд хувь нэмрээ оруулъя, өөрчлөлт авчиръя гэвэл бид хүмүүстээ хөрөнгө оруулах ёстой юм байна, хүмүүст хэрэгтэй мэдээлэл хүргэх ёстой юм байна, ийм нөлөөлөл хамгийн өндөр мэргэжил нь сэтгүүлч юм байна гэж бодож, мэргэжлээ сонгосон. Мэдээж яг энэ мэргэжлээр цаашид ажиллаж, амьдрах бол бас “ногоотой шөлийг нь уух” ёстой юм байна гээд суралцаж эхэлсэн. Миний хувьд ёстой л ясыг нь цайтал шалгана гэдэг шиг амьдралаараа туулж сонгосон ажил, мэргэжил минь сэтгүүл зүй. Би өмнө нь нийгмийн асуудлыг технологиор шийдэх чиглэлийн компаниудад ажиллаж байсан туршлагатай. Яавал нийгмийн тулгамдсан асуудлыг хялбараар, технологиор шийдэж болох вэ гэж үргэлж эрэлхийлдэг байлаа. Гэвч сүүлдээ энэ нь надад маш залхуу хандлага санагдах болсон. Бид хэчнээн мундаг удирдагчтай болоод, маш гоё аппликейшнтэй болоод ч асуудлын суурь нь монгол хүний л асуудал юм байна гэж бодсон. Алтан дундаж монгол хүн их юм мэддэг, илүү их зүйл ойлгосон, өглөө сэрээд Фейсбүүк орж хэрүүл хийдэг биш, ядаж нэг ном, нийтлэл уншдаг болох сон. Судалгаагаар монголчууд бид чинь дунджаар, дунджаар шүү, өдөрт гуравхан минутыг хэвлэмэл бүтээл уншихад зарцуулдаг гэж гарсан байна билээ. Тэгэхээр үүнийг өөрчлөх ёстой бөгөөд тийм олон хүнд хүрэх боломжтой салбар бол сэтгүүл зүй юм.

Өнөөдөр сэтгүүл зүй нөлөөллөө бүрэн үзүүлж чадахгүй байгааг би институтийн түвшинд хангалттай хөгжөөгүйнх гэж харж байгаа. Дэлхий дахинд шилдэг редакцуудын туршлага хэдэн зуунаар хэмжигддэг бол бид өнөөдөр шинэ цагийн хэвлэл гарч эхэлсний 112 жилийн ойтой золгож байна. Бүр нэн шинэ үед ч тэр хэдэн арваны түүхтэй редакц цөөн байна шүү дээ. Тиймээс редакцууд бизнес талаас, редакцын соёл талаасаа ч тэр төлөвших шаардлагатай. Энэ ч утгаараа би өдөр тутамдаа бие даасан нийтлэл бичээд явж болох хэдий ч, редакцад ажиллаж, хамт олон бүрдүүлээд урагшилж байгаагийн шалтгаан нь тэр. Редакцын төлөвшилд, энэ дэд бүтцэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Одоо сэтгүүл зүйг бид энд тэнд очоод үйл явдал сурвалжлах төдий хардаг боловч түүнийг тайлбарлаж, учир шалтгааныг нь эрдэг тал орхигдох болсон. Уг нь энэ их чухал. Би ойрд Л.Түдэв гуайн „Үгээр урлах ухаан“ (1983) номыг уншиж байгаа юм. Энэ номд хэлснээр бичиж, туурвидаг хүмүүс бол олон түмнийг дараагийн, шинэ нийгэмд амьдрахад туслах, оюун санааг нь бэлдэх учиртай хүмүүс гэсэн нь бий. Би өнөөгийн сэтгүүлчид, бичээчид үүнийг л санаж, мөрдөх нь чухал гэж бодож байна. Нөгөө талаар олон хүнд хэрэг, тустай, нийгэмд чухал үүрэгтэй мэргэжил учраас бас их хариуцлагатай санагддаг. Тэр хэрээр хүнд хэрэгтэй мэдээлэл өгдөг, гол нь ёс зүйтэй сэтгүүлч болох нь чухал юм байна гэдгийг одоо ойлгож байгаа.

Их сургуульд орсны дараа сэтгүүлчийн талаарх миний бодол маш их өөрчлөгдсөн шүү. Өмнө нь бусдыг яриулаад л болчихдог гэж боддог байтал ямар их боддог, ямар хариуцлагатай юм бэ гэдгийг хараад бараг мэргэжлээсээ сүрдэж эхэлсэн. Харин сурахынхаа хажуугаар редакцад ажиллаж эхэлснээр урам зориг авч, илүү их сурч мэдэх ёстой юм байна, тэгж байж сайн ажиллаж чадах юм байна гэсэн итгэл дүүрэн болж эхэлсэн.

Сэтгүүл зүйг өнөөдөр хүмүүс дэлгэцээр хардаг хэдхэн хүнийхээ хүрээнд, эсвэл танигдсан цөөн сэтгүүлчдээр л төсөөлөөд байдаг нь харамсалтай. Тиймээс тэд юу хийнэ, тэр нь салбарын мянга мянган хүний төсөөлөл болчихдог. Гэтэл салбарт нь ороод ажиллахаар мэргэжлээрээ, ёс зүйтэй ажиллаж байгаа ямар олон хүн байдаг юм бэ, тэр ч бүү хэл дэлхийн хэмжээнд, тэр стандартаар нь ажилладаг редакцууд ч байгаа юм байна гэдгийг хараад ирээдүйдээ итгэх итгэл нэмэгдсэн.

Одоо бидний үеийнхэн бол мэдээллийн харьцангуй дархлаатай болчихсон. Мэдээллийг хүлээж аваад үнэн, худлыг нь ялгачихдаг, өөрсдийн тогтмол мэдээлэл хүлээж авдаг, итгэдэг эх сурвалжаа олж, төлөвшсөн үеийнхэн. Харин тэдэнд хүрэхийн тулд өмнөх үеийн туршлагатай, ёс зүйтэй хүмүүс маань чимээгүй, даруухан ажиллах биш илүү олны өмнө гарах ёстой юм шиг санагдаж байна. Хүмүүст хүрэхийн тулд зөв зүйл хийгээд хангалтгүй, үүний зэрэгцээ зөв зүйлээ бусдад таниулж, түгээхэд илүү хүчин чармайлт гаргах ёстой юм байна...” гэж хэлж байна. Ийм залуу үе маань бэлтгэгдэж байна. 

Сэтгүүлч хүн мэдээллийн хэрэглэгчидтэйгээ хамт хуйларч, хамт төөрөлдөж ...

Ойрын өдрүүдэд “Ноорог”-той холбоотой, мөн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо нутагшуулах үйлсэд манлайлал тээн зүтгэж явсан Төрийн соёрхолт эмч П.Батчулууныг ялласантай холбоотой томоохон дуулиан дэгдэж, манай сэтгүүл зүйг ээлжит шалгуураар сорьж байна. 

Зарим нь Ноорог гээч юмыг ер нь сэтгүүл зүй гэж үзэх юм уу, тэдэнтэй холбоотой энэ асуудал манай хэвлэлийн эрх чөлөөтэй хамаатай юм уу, үгүй юм уу гэсэн үг шидэлж, өргөн дэлгэр маргаан өрнөв. Энэхүү дэгдэж байгаа маргаан дотроос манай сэтгүүлчдийн баримталж байгаа байр суурь анхаарал татна. Тэдний маань зарим “...Энэ хэдэн пацаан юу юм, эдний хийж байгааг сэтгүүл зүй гэхгүй. Тэд бол нэг том групп түшиж үнэтэй хангамжин дээр туйлсан хэдэн сэргэлэн пацаан. Бид ийм өндөр үнэтэй камерууд, сүүлийн үеийн компьютер техникүүд авч чаддаггүй. Тэд том компанийн нөмөрт орсноор л сүүлийн үеийн үнэтэй техник, хүний хүчээр зодсон контентууд хийж,үнэтэй оффис түрээсэлж пээдэлзэж байгаад баригдаж хоригдлоо” гэж үзэн үүнийгээ ч мөнөөх цахим руу хамаа намаагүй оруулан, хэрэглэгчидтэй нийлэн дэвхцэж харагдах юм. Тийм ч биз, үгүй ч биз...Гэхдээ Ноорог яахаараа сэтгүүл зүйд хамаагүй байх билээ. Ингэтэл тэнэгтэж, эрх баригчдын тавьж өгсөн торонд орооцолдож болохгүй гэдгээ эрхбиш бид мэддэг баймаар байна. Санаатай санаагүй бид элдэв монтажинд ашиглагдаж, түүнийхээ хариуд хайр найргүй цахимаар буллидуулдаг. Шанд нь хэрсүүжиж авдаг. Сорилтонд нь улам иргэдтэйгээ ойртдог. 

Creator-Led media гэх энэхүү төрөл дээр ажилладаг мэдээллийн компаниуд сүүлийн үед эрчимтэй хөгжиж байна. Тэд бол миний насаараа мөрөөдсөн эрх чөлөөт орон зайд ажилладаг, зохиогч өөрөө бүх юмаа удирдаж хийдэг, багаараа олон нийтийн хүсэмжит контентуудыг хийдэг төрөл юм. Зохиогч өөрийнхөө хийхийг хүссэн үзэл санаагаа хийдэг боломжит орон зай гэсэн үг. Ийм боломжийг бид бүгд л хүсдэг шүү дээ. Одоо дэлхийн хамгийн өндөр настай уламжлалт редакциуд дэргэдээ Creator-Led платформ хөгжүүлж эхлээд байна. Өнөөдөр манай энэ хэдэд туршлагатай редакторууд байсангүй, хуулийн зөвлөхүүд байсангүй. Маргааш тэд улам илүү бодолтой ажиллана. Үүнд нь маш итгэлтэй байна. Учир нь сэтгүүл зүй бол дарах тусам далдайдаг мэргэжил юм. Үүнийг эрх баригчид мэдвэл зохино.

Одоо хэд хоноод монголын парламент Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх гэж байна. Эрхбиш шөнө дөлөөр редакцын ажилтнуудыг саатуулж, байцааж, хэвлэлийн эрх чөлөөнд халдсан энэ явдлын дараа ухаан сэхээтэй гишүүд буурь суурьтай хандах биз. Гагцхүү сэтгүүлчид нь олон нийтийн сүлжээнд савсаг савдгууд шиг аашлахаа зогсоож анхаарлаа хандуулмаар байна. Суурь эрх чөлөө чинь хангагдаагүй, ийм эмзэг нөхцөлд ажиллаж байгаагаа сууж бодох цаг шүү...

Тэгвэл шөрмөсийг дангаар нь сугалаад авчихдаггүй юм байна, мөн үү !!!

Дараагийн дуулиан Төрийн соёрхолт эмч П.Батчулууныг шүүхээс ялласан явдалтай холбоотой дуулиан улс орныг хамран ид өрнөж байна. Энэ үеэр анх энэ асуудлыг сурвалжилсан сэтгүүлч рүү бид хуйгаараа буллидах аянд гарцгаалаа. Н.Өнөрцэцэг сэтгүүлчийг өвдвөл монголын эмнэлгүүд хүлээж авахаас татгалзах хэрэгтэй гэж уриалтал тэнэгэрч байна. Бид ингэж хадуурч болохгүй ээ. Үүний хөлд манай улсын эс эдийн банк ч байхгүй, тархины үхэлтэй донороос судсыг авсан ч14 хоногоос илүү хадгалж чадахгүй байдалтай, сул дорой дэд бүтэцтэй анагаах ухааны салбарын үндсэн асуудлууд бүрхэгдэн хаягдаж байна. 

Энэ үйл явдал нь анхнаасаа ард түмний дунд буруу ойлголт төрүүлсэн. Мэдээлэл цацах өнгө, өнцөг нь нэг талын зорилготой гэмээр өрнөсөн зэрэг нь яах аргагүй үнэн. Энэ үнэний хөлд дахиад л дөнгөж хөл дээрээ тогтож ядаж байгаа эрхтэн шилжүүлэн суулгах салбарыг уналтанд оруулах хэмжээний дайралт өрнөчихсөн. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ манай улс шиг эдийн засгийн хувьд хязгаарлагдмал оронд тэр болгон ийм хэмжээнд хөгжөөд байдаг шинжлэх ухаан биш гэдэг нь үнэн. Энэ бол О.Сэргэлэн, П.Батчулуун тэргүүтэй хэдхэн эмчийн хамаг залуу нас, эрүүл мэндээ, хүсэл мөрөөдлөө өгч зүтгэсэн зүтгэл дээр боссон амжилт юм. Энэ бүхнийг нь бид юу ч биш болгочихлоо. Хэрэв тэр дуулианы үед уг сэтгүүлч маань эмч нарт хэрэв хандсан бол, тэдний байр суурийг хамт дамжуулаад явсан бол байдал арай өөр байх байлаа. Тэр биш ч бид нөгөө талаас нь байр сууриудыг гаргаж тавьсан бол иймдээ тулахгүй байжээ.Тэгэхээр энэ бидний бүгдийн маань буруу. Ядаж манай редакциудад эрүүл мэндийн зөвлөх байхгүй, тусдаа алба хэлтэс ч байдаггүй. Өөрсдөө өдөр тутам ээрэгдэж байдаг эрүүгийн хэрэг дээрээ ч хуулийн зөвлөхтэй редакци цөөн. Учир нь үүний оронд нэг сэтгүүлч ажиллуулахыг бид илүүд үздэг. Өөр арга байхгүй. 

Өнөөдөр эмч нар маань “...Бид хүн арддаа мэдээлэл дутуу өгсний балаг. Гэтэл бидэнд энэ нарийн төвөгтэй мэс заслыг нутагшуулахын хажуугаар олон нийттэй ажиллах ямар ч боломж байхгүй шүү дээ” гээд толгой гудайлган уучлал эрж байна. Гэтэл энэ тэдний үүрэг мөн билүү. Энэ бол үе үеийн салбар толгойлж ирсэн сайдууд, бодлогын яамных нь хийх ёстой ажил. Ингэж явж ирчихээд эрүүл мэндийн боловсрол муутай олон нийтээ баалах эрх бидэнд алга.

Одоо цахимаар өрнөж байгаа дуулиан дотор манай сэтгүүлчид мөн л хэрэглэгчидтэйгээ адилхан савлаж, зүхэж, харааж байна. 

Эдэн дотор “...Тухайн зөвшөөрөл авсан бичиг дээр элэг, бөөр, судас, шөрмөс гэсэн үг бичигдсэн байгаа. Энэ төрлийн бүх баримт дандаа бичгээр үйлдэгддэг. Тэр баримт дээр элэг, бөөр, шөрмөс гэсэн гурван үг байгаа. Сурвалжлагч шөрмөсийг дангаар нь авдаг гэж ном сэтгүүлд бичсэн байна гэж эмч хүнээс асуусан байсан. Тэр бол дээр үеийн явдал. Дээр үед дангаар нь авдаг байсан. Шөрмөсийг шөрмөстэй залгахаар тасарчихаад байдаг учраас тэр процесс судалгаагаар батлагдаад ястай нь авъя гэдэг удирдамж орчин үеийн анагаахын шинжлэх ухаанд бий болсон. Энэ удирдамжаар манай улс явж байгаа шүү дээ !!!...” гэсэн мэргэжлийн хүний тайлбарыг хэн ч харахгүй байна.

П.Батчулуун эмчийг шөрмөс дураараа авчихсан, ер нь байнга энэ эмч нар ингэж цогцос тонож байдаг юм байна...гээд зарим нь нүдээ аниад л зүхэлдэж байна. Гэтэл “ Ар гэрээс авсан зөвшөөрлийн бичиг баримтан дээр шөрмөс гэдэг үг байсан” гэдгийг тухайн үед энэ үйл явдлыг сурвалжилсан сэтгүүлчийнх нь ярианд ч явж байна шүү дээ. Тэгэхээр шөрмөсийг П.Батчулуун эмч хулгайлаагүй нь тодорхой болж байна. Тийм байгаа биз !!!

Тэгвэл шөрмөсийг дангаар нь сугалаад авчихдаггүй юм байна. Мөн үү???

Ахиад О.Сэргэлэн эмчийн сэтгүүлч миний ярилцлагад орохдоо өгсөн тайлбарыг сануулъя. “...Тухайн зөвшөөрөл авсан бичиг дээр элэг, бөөр, судас, шөрмөс гэсэн үг бичигдсэн байгаа. Энэ төрлийн бүх баримт дандаа бичгээр үйлдэгддэг. Тэр баримт дээр элэг, бөөр, шөрмөс гэсэн гурван үг байгаа. Сурвалжлагч шөрмөсийг дангаар нь авдаг гэж ном сэтгүүлд бичсэн байна гэж эмч хүнээс асуусан байсан. Тэр бол дээр үеийн явдал. Дээр үед дангаар нь авдаг байсан. Шөрмөсийг шөрмөстэй залгахаар тасарчихаад байдаг учраас тэр процесс судалгаагаар батлагдаад ястай нь авъя гэдэг удирдамж орчин үеийн анагаахын шинжлэх ухаанд бий болсон. Энэ удирдамжаар манай улс явж байгаа шүү дээ”... !!!

Энд гогцоо байгаа биз. 

Дараагийн зүйл: Тухайн үед ар гэр зөвшөөрч, эрхтэн шилжүүлэн суулгах баг ажиллаж эхэлжээ. Үр дүнд нь хэдэн хүний амь аврагдаж, мөн хэдэн өвчтөнд шаардлагатай хагалгаанууд хийгдсэн билээ. Үүнийг бид бүгд мэдэж байгаа. 

Дуулиан яагаад дэгдсэн бэ гэдэг дээр өнөөдөр мөн хэн ч анхаарал хандуулахгүй байна. Тухайн үед Эрүүл мэндийн даатгалын сан ямар байдалтай байсан бэ. Хэрэв даатгалаас ирэх тэр мөнгө түргэн шийдэгдчихсэн байсан бол асуудал хэрхэх байсан бол ?

Энэ хэдэн эмч нарт ядаж тэр мөнгө байсан бол албан тушаалтнуудад тоногдож баларсан даатгалын санг хүлээхгүй өгчих л байсан биз. Гэвч асуудал өөрөөр өрнөсөн. Одоо барьж , эргүүлэхэд бэрх болсон. Үүний хөлд нойр булчирхай шилжүүлэн суулгах баг-аа хүртэл сургаж бэлдчихээд байж байгаа “Эрхтэн шилжүүлэн суулгах баг” мэргэжлийн манлайлал, үнэт зүйл бүх юмаа хуу дэвсүүлчихээд нулимстай зогсож байна. Үүнд илүү сэтгэл өвдөж байна. 

Эрх баригчид “Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийн барилгыг барьж өгнө гэж хуурч, сонгуулийн өмнө анагаахын шинжлэх ухаанаа боддог, ухаантай “гарууд” болон уран донгодож донгодчихоод одоо бол таг болсон. “Эмнэлгийн барилга гурван давхраас илүү байж болдоггүй “.... гэсэн чих дэлдиймээр хариу өгөн энэ ажлыг зогсоосон албан тушаалтан эдний дотор байгаа !!! Одоо тэр “гай түйтгэр”-ийг олохоор бид гүйж л байна.

Монголын юм бүхэн нэг ийм холион бантан болчихсон. Сайд болгон дур дураараа аашилдаг. Зарим төслийг нь эсэргүүцсэн сэтгүүлчийг зуудаг, зарим нь бүр хувийн өс хонзонгоо авдаг. Ийм занхагар Төртэй, зарчимгүй Монгол болон хувирчбайна. Гэхдээ салбар салбарт ажлаа хийгээд чимээгүй явж байгаа мянга мянган мэргэжилтнүүд байгаа. Тэд улс төрдөө, улстөрчиддөө дарамтлуулаад ажлаа хийцгээж л байгаа шүү. 

Сэтгүүл зүй ч мөн адил....

Б. Ганчимэг