Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийг 2025 оны зургадугаар сарын 22-ны өдөр явуулна. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар Сонгогчдын нэрийн жагсаалтыг өнөөдрөөс /2025.03.24/ цахим хуудаст байршууллаа. Сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон сонгуулийн хэсэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг орон нутгийн Хурлын сонгууль дуустал цахим хуудаст байршуулахаар хуульчилсан.
Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын https://burtgel.gov.mn/ цахим хуудсанд хандаж, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт” цонхыг идэвхжүүлэн иргэний бүртгэлийн дугаар /РД дугаар/, бүртгэлтэй хаягийн мэдээллээ оруулан шалгах боломжтой.
Түүнчлэн 2025 оны дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоож 2025 оны зургадугаар сарын 23-ны өдөр сэргээх юм.
2025 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн байдлаар хоёр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр нэг, 18 аймгийн 57 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 65 мандатад нөхөн сонгууль явуулахаар тухайн аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гараад байна.
Сонгогч та ЭНД ДАРЖ сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээллээ шалгах боломжтой.
Сэтгэгдэл байхгүй байна