• Эхлэл
  • Ёс зүйн ДЕЛО: Монголбанкны ерөнхийлөгчийн Засгийн газарт гогдуулсан гогцооны үзүүрт Голомт банк байв уу

Ёс зүйн ДЕЛО: Монголбанкны ерөнхийлөгчийн Засгийн газарт гогдуулсан гогцооны үзүүрт Голомт банк байв уу

2025/03/24

Сонирхолтой мэдээлэл. 2024 оны арванхоёрдугаар сард Монголбанк нь Голомт банктай 300 сая ам.долларын своп хэлцэл хийсэн. Энэ гэрээний дагуу хэлцлийн хугацаа дуусах гурван жилийн хугацаа буюу 2027 оны арванхоёрдугаар сард нэг ам.долларыг 3400 төгрөгөөр Голомт банкинд зарах юм. Зөвхөн эдүгээ мэдэгдэж буй энэ гэрээний дагуу л гэхэд Монголбанк 100 гаруй тэрбум төгрөгийн бодит алдагдал хүлээж буй. Энэ асуудлыг АТГ зайлшгүй шалгах ёстой. Жилээс жилд төгрөгийн ханш дунджаар арваад хувиар буурч буй өнөөгийн байдлаас харахад 2027 оны арванхоёрдугаар сар гэхэд ам.долларын бодит ханш наанадаж 4000 төгрөгт хүрсэн байх болов уу гэсэн таамаглал байгаа юм.

Үүнд тухайн үеийн валютын нөөц, уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнүүдийн тэр үеийн үнэ ханш, борлуулалтын хэмжээ, бондын арилжаа зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. Тэгэхээр таамаглаж буй 4000 төгрөгийн ханш бол маш багаар тооцсоных. Тэр хэрээр дээрх хэлцлийн үр дүнд Монголбанкинд учрах хохирлын хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг.

Ковидын үед валютын нөөц 4.5 тэрбум ам.доллар байв. Үүний дотор БНХАУ-ын Ардын банктай 1.2 тэрбум ам.долларын своп хэлцэл, 500  орчим сая ам.долларын алтны орлого зэрэг ч багтана. Гэтэл валютаар хийдэг томоохон хөдөлгөөнүүд ковидын нөлөөллөөр саатчхаад байхад хоёр тэрбум ам.долларын интервенц хийсэн асуудал зэрэг бодлогын алдаанд нь хариуцлага тооцоогүй байтал дээрх нэг банкинд давуу байдал олгосон байдал хэрээс хэтэрсэн зүйл биш гэж үү. Тэр цагт Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн та болон Монголбанкны Нөөц удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын дарга А.Энхжин нар энэ шийдвэрээ хуулийн байгууллагуудын өмнө тайлбарлах шаардлагатай болно.

Нөгөөтэйгүүр, Голомт банкинд яагаад тогтмол хийх ёстой хяналт шалгалтуудыг хийхдээ хойрго ханддаг вэ асуулт сонирхол татаад байгаа юм. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2019 оны арваннэгдүгээр сарын 23-нд томилогдсон, 2025 оны арваннэгдүгээр сарын 23-ныг хүртэл ажиллах боломжтой. Түүнийг томилогдсон өдрөөс хойш 2023 он хүртэлх бүтэн дөрвөн жилд зөвхөн Голомт банк дээр л газар дээрх иж бүрэн шалгалт хийгээгүй байсан нь ямар учиртай юм бол. Төмөр зам барих, Бөөрөлжүүтийн станцаас эхлээд тус банк анхаарал татахуйц төслүүд хэрэгжүүлсэн тэр эх үүсвэрүүд, сахилга бат, “ариун цэврийг” нь шагайж ч болохгүй гэж үү. Энэ хооронд хэн, хэн төрийг удирдаж, хэний бизнес ямар ч хүндрэлтэй үед саадгүй цэцэглэснийг эргэн нэг бодоорой. Ковидоор овоглосон олон асуудал, хилээр орсон гарсан гэснээ элс шиг шингэн алга болчихдог их хэмжээний гадны валют, зөвхөн мөнгөөр даван туулахаас аргагүй гэнэтийн шаардлагатай санхүүжилтээс эхлээд эргэлзээтэй олон асуудал бий боловч “Мөнгө угаалтын өчүүхэн ч ул мөр илрээгүйдээ биш энэ хугацаанд хяналт шалгалт хийгээгүйдээ цэвэр байдаг юм биш биз.

Нэмж сонирхуулахад, тус банкийг сүүлийн арав гаруй жил хариуцан шалгах үүрэг хүлээж ажилласан Ш.Хандсүрэн нь эдүгээ Монголбанкны Зөвшөөрлийн албаны дарга бөгөөд саяхнаас Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн болж, тэр хэрээр хяналтын болон зөвшөөрлийн эрх мэдэл нь нэмэгдсэн байна билээ. Ямартай ч Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Нөөц удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын дарга А.Энхжин нар ажлаа өгөхөөс өмнө Голомт банкинд ганц удаа ч атугай шалгалт оруулсан нь зөв байх.  

Хадгаламж банкны эрх хүлээн авагчдаа анхаарал хандуулна уу

Харин одоо тус бүрт нь холбоотой хардах сэжүүрүүдээ дурдъя. А.Энхжингийн хувьд түүний хөрөнгө орлогын мэдүүлгүүд, холбогдох лицензүүд, төв банкнаас өгсөн санхүүжилтүүдийн уялдаа холбоог АТГ шалгах учиртай. Мөн түүний найз М.Энхтөр “Хадгаламж” банкны эрх хүлээн авагчаар ажиллаж байгаа мөртлөө үнэт цаасны компанитай, тэр нь репо санхүүжилтийг банкуудаас багцалж худалдаж авдаг үйл ажиллагаа явуулдаг байсан. Одоогоор  Хадгаламж банкинд төлбөр төлөгч “Олон овоот гоулд” ХХК-ийн захирал иргэн А-г нас барсны дараа, өв залгамжлах эрх нээгдээгүй байхад шүүхийн шийдвэрийн битүүмжлэлтэй тус компаний долоо, “Зөв зүг” компанийн нэг, нийт найман тусгай зөвшөөрлийг 2023 оны 2/3829 болон 2024 оны 2/3406 дугаар албан бичгээр “Минерал эксплорэйшн файндинг” компанид шилжүүлсэн байдаг.

Гэтэл “Минерал эксплорэйшн файндинг” компани нь М.Энхтөртэй хамаарал бүхий болчихоод байгааг улсын бүртгэлийн нээлттэй хуудас харуулж байна. Учир нь банкны эрх хүлээн авагч бүхэн өр төлүүлэгч компанид хамаарал бүхий болон бүртгэгдэж, ашиг сонирхлоороо нэгдэж байж өр төлүүлээд байдаггүй.  Үнэхээр төлбөр барагдуулах гэж байгаа бол яагаад төлбөр төлөгч хуулийн этгээдийн төлбөр гаргуулах, хөрөнгийн үнэлгээ тогтоох, худалдан борлуулах, үүний дараа төлбөр авагчид санал болгох ажлуудыг анхаарахгүй, зөвхөн эрх хүлээн авагчийн компани руугаа найман лицензийг шилжүүлэхийг хүсээд байгаа нь сонин. Үүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хувьд хуулийн дагуу, нийт 142 тэрбум төгрөгийн өр төлбөрөөс Хадгаламж банкны өрнөөс гадна “Самсунг Си энд Ти” компанийн 42.7 тэрбум төгрөг болон нэр бүхий таван компани, иргэдийн төлбөр, Нийгмийн даатгалтай холбоотой 40 гаруй тэрбум төгрөг, нийт 180 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг шийдэх гэхээр хууль бус шаардлага тавиад лиценз шилжүүлэх гээд шаардаад байгаа нь сонирхолтой. Энэ бол Үндсэн хуулийг төдийгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудыг ноцтой зөрчсөн хэрэг. Гэтэл энэ үед Монголбанкны удирдлагууд болон тус банкны хууль эрх зүйн газрын дарга Д.Аюуш нар юу харж байв. Эдгээр хуулийн зөрчлийг мэдэж байсан уу? Нэн даруй энэхүү эрх хүлээн авагчдаа хяналт шалгалт тавих, шаардлагатай бол солихгүй бол яваандаа маш том бүлэглэлийн асуудал болон үүсэх ч магадлалтай бөгөөд хамтарсан уу, эсвэл нуун дарагдуулсан уу гэдэг эргэлзээг ч төрүүлж байна.

Төрийн халааснаас түрээс төлүүлж дүүгийнхээ компанийг тэтгэхээ боль!

“Олон хэлбэл улиг, цөөн хэлбэл билэг” гэдэгсэн. Дахиад улиг болгож хэлэхэд, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн та Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа “Бэрэн” группт их хэмжээний зээл олгох шийдвэрийг гаргалцсан асуудлаараа АТГ-т шалгагдаж улмаар эрүүгийн хэрэгт татагдчихсан. Тэргүүн дэд нь мөн л Хөгжлийн банкны зээл олголтын асуудлаар шалгагдсан. Эдүгээ таны хамаарал бүхий этгээд буюу хамаатны дүү “Хадгаламжийн даатгалын корпорац”-ийн гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн өөрийгөө шагнаж урамшуулсан асуудлаар АТГ-т шалгагдаад зогсохгүй, Б.Лхагвасүрэн таныг Хадгаламжийн даатгалын корпорацийн захирлаар ажиллаж байхдаа төрсөн дүү Б.Лхагвадоржийнхоо “Сүмт өргөө” компанийн “Санхроуд” оффисоос түрээсэлж байсан м.кв-т нь 30 мянган төгрөг, сарын төлбөрт нь 21.4 сая төгрөг төлдөг байсан гэрээ өнөөдрийг хүртэл үргэлжилж, 2023 оны наймдугаар сарын 31-нээс 2024 оны наймдугаар сарын 31-ний өдөр хүртэлх гэрээгээр 1257 м.кв талбайг 33000 төгрөг, сарын төлбөр нь 41.481.000 төгрөгөөр түрээсэлсээр байна. Ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэж үү? Түрээслэх оффис мундсан биш яагаад заавал төрсөн дүүгийн чинь хамаарал бүхий компаниас, ураг садны холбоотой дүүгийн чинь удирддаг “Хадгаламжийн даатгалын корпораци” төлөөд байнга, тогтвортой орлогожуулаад явж байх ёстой юм бэ? Энэ хэсэгт хамаарах, 2017 оноос хойшхи бүх гэрээ бий бөгөөд зөвхөн хуучин, шинэ гэрээнээс нэгээхэн хэсгийг харуулъя. Энэ хооронд Хадгаламжийн даатгалын корпораци нь Монголбанкны ерөнхийлөгчийн төрсөн дүүгийн компанид ямар хэмжээний орлого оруулсан байхыг төсөөл дөө.

Цаашид ингээд Монголбанкны ерөнхийлөгчийн дүүгийнх нь компани Хадгаламжийн даатгалын корпорацид оффис түрээслүүлээд, түрээсийн үнээ улам нэмээд байх зөв үү? Яагаад заавал энэ компаниас түрээслэх ёстой юм бэ? Хуулиа мөрддөггүй юм аа гэхэд ашиг сонирхлын зөрчил гэгчээс санаа ч зовохгүй байна уу?

 Энэмэтчлэн анхаарал татсан асуудлуудын нэгээхэн хэсгийг хөндөхөд ийм байна. Банкны салбарын эрүүл мэнд улам муудаад байгаа нь дотоод сахилга бат, хариуцлага, албан тушаалын нөлөөллөөрөө ашиг олох, нэг байгууллагад бусдаас давуу эрх олгох зэрэг гэмт хэргийн шинжтэй болоод байна шүү.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин