Венесуэлээс газрын тос худалдан авсан аливаа улсад 25 хувийн татвар ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгджээ.
“Венесуэл нь АНУ болон бидний эрхэмлэн дээдэлдэг эрх чөлөөнд ихээхэн дайсагнасаар ирсэн. Иймээс Венесуэлээс газрын тос болон байгалийн хий худалдаж авсан аль ч улс АНУ-тай худалдаа хийхдээ 25 хувийн татвар төлөхөөс өөр аргагүй болно” гэж Д.Трамп “Truth Social” хаягтаа нийтэлсэн байна. Венесуэлийн тал гэмт хэрэгтнүүдийг, тэр дундаа “Трен де Арагуа” зэрэг гэмт бүлэглэлийн гишүүдийг АНУ руу илгээж байсан гэж тэрбээр мэдэгджээ.
Д.Трамп эм, авто машин, модон материалын импортод 25 хувийн татвар ногдуулах шийдвэрээ хойшлуулах төлөвтэй байгаа талаар мэдээлэл цацагдсаны дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Эдгээр тарифыг дөрөвдүгээр сарын 2-ноос ногдуулж эхлэхээр төлөвлөж байсан бөгөөд мөн өдөр Д.Трамп бусад улс оронд ногдуулах татварын хэмжээг зарлана гэж мэдэгдээд байгаа юм.
Венесуэл улс өнгөрсөн онд АНУ-д хамгийн их газрын тос нийлүүлсэн орнуудын нэг байсныг Худалдааны яамны статистик мэдээлэл харуулж байна. 2024 онд АНУ тус улсаас нийт 5.6 тэрбум ам.долларын газрын тос, байгалийн хий худалдан авчээ. Жо Байдены засаг захиргаа 2023 онд Венесуэлийн газрын тосны эсрэг хориг арга хэмжээгээ түр хугацаанд цуцалсны дараа ийм хэмжээнд хүрч өсжээ. Харин Ж.Байдены засаг захиргаа тус улсын удирдагч Николас Мадурог чөлөөт, шударга сонгууль явуулаагүй гэж буруутгасны дараа 2024 оны дөрөвдүгээр сард эдгээр хоригийг сэргээсэн юм.
Хэдийгээр хоригийг сэргээсэн боловч “Chevron” компанийн газрын тос олборлох тусгай зөвшөөрлийн дагуу Венесуэлийн газрын тосыг АНУ-д нийлүүлсээр байна. Уг зөвшөөрлийг дөрөвдүгээр сарын 3-нд цуцлах гэж байсан боловч Д.Трамп өнгөрсөн долоо хоногт “Chevron”-ы гүйцэтгэх захирал Майк Вирт болон бусад удирдлагуудтай уулзсаны дараа даваа гарагт Сангийн яам зөвшөөрлийн хугацааг тавдугаар сарын 27-ныг хүртэл сунгасан байна.
Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр бол Венесуэл улс цагаачдыг хүлээн авах хүсэлгүй байгаагийн хариу арга хэмжээ хэмээн Трампын засаг захиргаа анх танилцуулж байлаа. Үүний дараа Венесуэл улс АНУ-аас цагаачдыг буцаах нислэгүүдийг сэргээх тохиролцоонд хүрч, даваа гарагт албадан гаргасан 200 иргэнийг хүлээн авчээ.
Сэтгэгдэл байхгүй байна