Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.
Нүүрсний зах зээл дээр таагүй өдрүүд үргэлжилсээр буй энэ өдрүүдэд улсын эдийн засаг, хөгжлийн зурагаа нүүрсний үнэ дээр түшиглэж гаргах хувь заяатай бидэнд яарах шалтгаан байсаар байна. Шулуухан хэлэхэд “Нарыг тойрч дэлхий эргэдэг” ертөнцөд “Дэлхийг тойрч нар эргэдэг” мэтээр сэтгэж, Монголын нүүрсгүйгээр Хятадын зах зээл хэцүүдэх мэтээр ихэрхэж суух хэцүү боллоо. Тэр тусмаа хоёр улсын Ерөнхий сайд нар чухал гэрээнд гарын үсэг зурчихаад яаран ажилдаа орж зорьсондоо хүрнэ гэж дал мөрөө алгадалцсаны дараа Монголын УИХ-ын чуулган хуралдах хүртэл нэг сар, батлагдаад мөрдөж эхэлсний дараа тендер зарлана, тэнд маргаан үүсэж шүүхдэлцвэл шүүхийн шийдвэрийг хүлээнэ гэсээр маш их цаг хугацаа алдахаар дүр зураг харагдаж байна. Бүр Дарханы замын түүх шиг үргэлжилбэл юуны хоёр гурван жилийн дотор төмөр зам холбох байтугай болж, Засгийн газрын зарласан гоё тоонууд цаг алдах тусам үнэ цэнээ алдана.
“Чайна энержи”-ийн зүгээс дээрх ерөнхий хэлэлцээр, гэрээг баталчихсан юм чинь гол ажилдаа орцгооё хэмээн яаравчилж буй. УИХ-ын чуулган ирэх 3 дугаар сарын 15-нд нээлтээ хийж, үүгээр уг гэрээг соёрхсоны дараа “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтлэгдэж, түүнээс хойш 14 хоногийн дараа хууль хэрэгжиж эхэлнэ. Монголын улс төрийн ажил дотооддоо, гадааддаа бодлогоо ойлголцож, эсэргүүцлээ даван туулах гэсээр байтал тавдугаар сар болно. Тэгэхээр Засгийн газар УИХ-ыг нэгдсэн чуулганаа эхэлтэл хүлээх зуураа Байнгын хороод, бүлгүүд, ажлын хэсгүүдтэй цаг алдалгүй асуудлаа ярьж ойлгуулах, эсвэл ээлжит бус чуулган зарлахыг хүсэх зэргээр яаравчлах шаардлагатай байна. Төмөр зам холбох ажлаа эрт эхлэх тусмаа ашиглалтад орох хугацаа наашилна. Одоогоор төмөр замын гүүрэн байгууламжийн ажлыг гүйцэтгэх “Си Ар Си”, “Си Ар Жи Си” хоёр том компани нь төсөлд оролцох сонирхлоо илэрхийлээд зогсохгүй хямд өртөг, гүйцэтгэлийн хугацаагаараа өрсөлдөөд эхэлсэн.
Энэ нь манай талд ашигтай төдийгүй дээрх хоёр компани хоорондын өрсөлдөөн үүссэнээр яриа хэлцлийн дүнд урьд нь ярьж байсан 979 тэрбум төгрөгийн өртөг 200 тэрбум төгрөгөөр буурч 779 тэрбум төгрөгт багтахаар болоод ирлээ. Хугацааны хувьд 2.5-3 жил гэж байсан нь наашилж 22 сарын дотор буюу нэг жил 10 сарын дотор төмөр замын холболтын ажлыг дуусгана гэж тэд амлах боллоо. Тэдний энэ амлалт манай эрх ашиг, эдийн засагт л ашигтай. Хэдийгээр Монгол Улсын хуулийн дагуу тендер зарлах ёстой боловч тендер шалгаруулалт, маргаан үүсвэл шүүхдэх магадлалтай гэхчлэн хугацаа хойшлох талтай, гэхдээ “ялчихаасай” гэмээр нэг компани байгаа нь “Чайна энержи”-ийн сонгож зүтгүүлээд байгаа “Си Ар Си” компанийн хувьд энэ ажлыг гүйцэтгэнэ гэж тооцоолоод эртнээс бүх бэлтгэл ажлаа базаачихсан юм билээ. Тэгээд ч хоёр өөр компани хоёр талаас нь төмөр зам барьж холбосноос нэг компани цогцоор нь хийчихвэл засвар, арчилалтаас эхлээд аливаа асуудал гарахад хариуцлага тооцоход ч амар юмсан гэж санагдсан.
Үүнийг УИХ хэлэлцэхдээ давуу тал болгож үзэх эсэх нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарах бөгөөд улс орны эдийн засгийн болон тухайн төмөр замын аюулгүй байдлыг анхаарч шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна. “Шеньхуа”-ийн хувьд ингэж л гэрээлж байсан түүхтэй. “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэл гээд тухайн үеийн Засгийн газрын 268 дугаар тогтоол 2014 оны 8 дугаар сарын 20-нд, дараа нь УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоол батлагдаж, ҮАБЗ-ийн 2015 оны 2 дугаар сарын 16-ны “Тавантолгойн талаар авах зарим арга хэмжээний тухай” 04/03 тоот зөвлөмж гараад л шийдчихсэн байдаг.
Ингэхэд ямар зам, хэдэн км-ийг барих тухай Монголын хууль тогтоогчид, иргэд сонгогчид хэр мэдээлэлтэй байгаа бол?
Өргөн царигаар орж ирэх, өндөр дээгүүр явах гүүр нь 9.8 км, доогуур, нарийн царигаар явах нь 8.5 км, нийт 18.3 км гүүрэн байгууламж барина. Нэг нь тойрч ирж манай өргөн царигийн төмөр замтай нийлнэ, нөгөө нь доогуур нь хөндлөн гараад нарийн төмөр замтай холбогдоно. Монгол талдаа хийгдэх ажил 18.3 км, цаад талдаа ердөө 300-хан метр төмөр зам барих юм шүү дээ. Ийм хоёр байгууламжийн ажлыг заавал нэг улсын хоёр өөр компаниар хийлгэх гэж цаг алдсанаас нэг нь л хийчихвэл чанар, хариуцлага, засвар арчлалт ярихад амар биш гэж үү гэсэн санаа яриа хэлэлцээний явцаас эрхгүй төрж байсан.
“Сүүнд түлэгдсэн хүн тараг үлээнэ” гэгчээр удаа дараа Монголын Засгийн газартай энэ талаар яриа хэлцэл хийсэн Хятадын Засгийн газрын хувьд хэдийгээр гэрээ зурсан ч гэсэн танай улс төрийн дотоод зөрчил, ашиг сонирхлоос үүдэж ажил гацах, удахад хүрвэл хариуцлагыг бид хүлээхгүй шүү” гэсэн байр суурийг “Чайна энержи” компанийн удирдлагууд хэлж байна билээ. Дэргэд нь лаа бариад харсан, сонссон юм шиг ярилаа гэж магадгүй. Энэ удаад Ерөнхий сайд уг уулзалтад чөлөөт нийтлэлчийн хувиар оролцуулж нөхцөл байдлыг өөрийн биеэр харах, сонсоход урьсан учраас ингэж бичиж байгаа юм. Тэд ийм гэрээний дараа Монголын улстөрчид, тэр ч байтугай нэг намынхан дотроосоо, хэн нь хэний эсрэг эсэргүүцлийн “хар пиар” зохион байгуулдаг, үүнийгээ “улс төрөө даах уу, үгүй юу” гэдэг мангар үгээр илэрхийлдэг вэ гэдгийг хүртэл мэддэг болчихсон юм билээ. Тиймээс энэ удаад улсынхаа эдийн засгийг бодож тогтвортой, улс төрийн шийдвэр гаргаад энэ төслийг хөдөлгөх нь чухал байна.
84 сая тонн нүүрсээс 2-хон сая тонныг зөөсөн хоёр төмөр замын компанид 800 гаруй хүнтэй ажиллах нь хэт үрэлгэн зардал биш гэж үү
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн менежментийг “Монголын төмөр зам” ТӨХК-тай буюу нэг толгойн дор дэд бүтцүүдийг нэгтгэх асуудлыг хэлэлцлээ. Ингэснээр “Тавантолгой төмөр зам” төслийн компани болгож, мэргэжлийн хүмүүс нь “Чайна энержи”-тэй төслөө хэрэгжүүлж, хяналтаа тавих ёстой. Нөгөөтэйгүүр, Монголын Засгийн газар Хятадын компанитай бус, нэг компани нөгөө компанитайгаа ярих нь зохимжтой. Төмөр замын тээврийн тухай хуульд ч ингэж заасан. “Нутгийн гүнээс улсын хил хүртэл барьсан төмөр замын хөрөнгө оруулалт хийсэн компани, хил дамнасан төмөр зам хамтдаа байна гэсэн зохицуулалт хийсэн байдаг. Суурь бүтэц эзэмшигч, өмчлөгч нь “Тавантолгой төмөр зам” компани, хөдлөх бүрэлдэхүүнийг явуулах ашиглагч нь “Монголын төмөр зам” компани байж гэмээнэ дээрх хууль хэрэгжих учиртай юм. Гэтэл өнөөдөр 230-хан км төмөр замтай “Тавантолгой төмөр зам” компани 660 гаруй хүн, нөгөө нь 416-хан км төмөр замтай “Монголын төмөр зам” компани 883 хүнтэй ажиллах нь дэндүү тэнэг, үрэлгэн зардал биш гэж үү? Арай ч дээ, өнгөрсөн 2024 онд 84 сая тонн нүүрс экспортолсон байхад үүнээс хоёрхон сая тонныг нь төмөр замаар тээвэрлэсэн байна шүү дээ! Ямар гээчийн үр ашиг, бодлого ийм байдаг юм бэ?
30 сая тонн нүүрс экспортлоход бэлтгэж уурхайн ам болгон руу төмөр зам тавих бэлтгэлээ хангана уу!
Тэгж яривал цаашид уурхайн ам болгон руу төмөр замаар зөөдөг болно. Яагаад гэвэл бид уурхайн хүчин чадлыг, экспортыг нэмэгдүүлэх нь тодорхой болчихлоо. Цаг үе, нөхцөл байдлаас шалтгаалж нүүрс тээврийн ачааны машин аяндаа цөөрнө. Тэгэх ч ёстой. Тиймээс мэргэжлийн яам нь одооноос 30 сая тонн экспортлох төмөр замаа, вагоноо, мэргэжилтнүүдээ бэлдэх шаардлагатай.
Ирээдүйд уурхайн ам болгоноос шууд ачааны вагонд ачдаг болох ажилд бэлдэцгээ! Ачих, буулгах байгууламж гэдэг дэлхийд хосгүй, өрөвдмөөр үйл ажиллагаагаа, үүнтэй холбоотой хэрүүлээ, олж тоншдог авлигаа зогсооцгоо! Хэрэв энэ асуудлыг шийдчихвэл вагоноо уурхайн ам руу орсон төмөр замыг барихад заавал суурь бүтэц барих шаардлагагүй, дэр бетон дээр рейлсээ зангидаад л тавьчихдаг, энэ замаар вагон нь 20 км хурдтай нүүрсээ ачаад гарч ирээд үндсэн төмөр замтайгаа холбогддог учраас маш хурдан энэ үйл ажиллагаа руу шилжих боломжтой. Бортолгой, Онч хараа уурхайнууд олборлоод эхлэхэд өнөөх ачих буулгах байгууламжаас бүр ч хол юм билээ. Тэгэхээр эдийн засгийн үр ашиг, байгаль орчин, аль аль талаа бодоход хэрэв шийдэл нь гарчихвал ирэх дөрөвдүгээр сард Багануур-Хөшигтийн хөндийн төмөр замын дараа шууд уурхайн амууд руу орсон төмөр замаа барихаар яаравчлах шаардлагатай.
Сэтгэгдэл байхгүй байна