Засгийн газрын өнөөдрийн /2025.02.19/ хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Сайд Ц.Туваан зарим асуудлаар мэдээлэл өглөө.
-"Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяанд байдаг “Монголросцветмэт” компанийг чухал ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болж, нэр болон үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Тус компанийг “Эрдэнэс критикал минерал” болгон нэрийг нь өөрчиллөө.
Сүүлийн үед дэлхийд болж байгаа уул уурхай чиглэлийн том үзэсгэлэн худалдаа, уул уурхайг тэргүүлэх чиглэлээ болгодог улс орнуудын удирдлагуудтай уулзалт хийхэд критикал минерал сэдвээр ярьдаг болсон.
Хөгжлийн алхаатай хөл нийлүүлэх үүднээс энэ шийдвэрийг гаргалаа. Манай яам критикал минералын чиглэлээр хэлтэстэй, АМГТГ-т энэ чиглэлийн хэлтэстэй. Миний бие газрын ховор элементийн чиглэлээр зөвлөх авч ажиллуулж байгаа. Ойрын үед критикал минерал тэр дундаа газрын ховор элементтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.
Критикал минерал, газрын ховор элемент нь орчин үеийн геополитик болон эрчим хүчний шилжилтийн чухал асуудал болж байгаа. Эрчим хүчний шилжилт, ногоон шилжилт, дижитал тоног төхөөрөмжийн маш хурдтай хөгжлийг гүйцэх чухал байгаа өнөө үед ашигт малтмалын олборлолт, борлуулалт, үйлдвэрлэлийн чиглэл, тэр дотор ордог газрын ховор элемент маш чухал болсон. Өнөөдрийн гарсан шийдвэр цаг үеэ олсон шийдвэр.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын асуудлаар танилцуулга оруулсан.
2024 оны дөрөвдүгээр сараас хойш хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй. Энэ асуудал хувийн аж ахуй нэгж, гадаадын хөрөнгө оруулагч компани, гадаадын үзэсгэлэн яармаг дээр маш томоор яригддаг асуудал.
Монгол Улсад 2700 орчим ашиглалтын болон хайгуулын лиценз олгогдсоны 900 орчим нь хайгуулын лиценз. Олон улсад хайгуулын лиценз нь ашиглалтын лицензээсээ 5-6 дахин олон байж, хайгуулын үйл ажиллагаа явагдаж, илэрсэн ашигт малтмал дээр орд бий болох харьцаатай явдаг. Манайд урвуу хамааралтай. Улс төрийн болон сонгуультай холбоотойгоор хайгуулын лиценз олголт гацаатай зогсож ирсэн.
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдын тушаалаар сонгон шалгаруулалтын журмыг баталж, Хууль зүйн яаманд хүргүүлж, нийтээр дагаж мөрдөх журманд бүрдүүлснээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуупдал нээгдэж байгаа.
Манай салбарынхан удахгүй Канадад болох дэлхийн хамгийн олон хүн оролцдог үзэсгэлэнд оролцоно. Үзэсгэлэнгийн өмнө энэ шийдвэр гарснаараа эерэг.
Мөн алтны олборлолттой холбоотой асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа. 2024 онд 20 тонн алт олборлох зорилт тавьсан, 16.5 тонн алт олборлосон. Та бүхэн харсан байх, алтны ханш түүхэн дээд үнэд хүрч байгаа. Нэг грамм алт 330 мянган төгрөг, нэг кг алт 90 гаруй сая ам.доллартай тэнцэх үнэд хүрсэн. Валютын нөөцийг нэмэгдүүлэх, улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүлэх, төв банкиндаа алтны нөөцтэй байх. Нүүрсний экпсорт, нүүрсний үнийн уналттай холбоотойгоор алтны олборлолтыг яах вэ гэдэг талаар хэлэлцлээ. Тодорхой үүрэг чиглэл өгсөн. Нэмж судалгаа хийгээд эргэж Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэр гаргана.
Сэтгэгдэл байхгүй байна