Ажиллах хүчний судалгааны 2024 оны 4 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 1.4 сая (62.2 хувь) ажиллах хүч, 869.2 мянга (37.8 хувь) нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Нийт 1.4 сая ажиллах хүчний 94.9 хувийг (1.3 сая) ажиллагч, 75.4 мянга ажилгүй иргэн бүрдүүлж байна. Харин ажиллах хүчнээс гадуурх 869.2 мянган хүн байгаагийн 10.9 мянга нь боломжит ажиллах хүч буюу ажил хийх хүсэлтэй ч тодорхой шалтгаанаар ажил хайгаагүй эсвэл шууд ажил хийх боломжгүй байсан хүн ам ажээ.
Хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээ бүрэн хангагдаагүй байдлыг илэрхийлэх хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 6.1 хувь болжээ. Энэ нь 2023 оны мөн үеэс 1.8 нэгж хувиар буурсан үзүүлэлт юм. Харин ажилгүйдлийн түвшин 2023 оны мөн үеийнхээс 1.4 нэгж хувиар нэмэгджээ.
Ажиллах хүчний оролцооны 2024 оны зарим улирлын түвшинг 2023 оны мөн үеүдтэй харьцуулахад 1.4-2.6 нэгж хувиар нэмэгдсэн. Тухайлбал, 2024 оны 4-р улирлын үр дүнг авч үзвэл, ажиллах хүчний оролцооны түвшин нэмэгдэхэд ажиллагч 31 мянган хүнээр, ажилгүй иргэн 22 мянган хүнээр тус бүр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 2024 оны 3, 4-р улиралд 1.1-1.8 нэгж хувиар бууч ажилгүйдлийн түвшин 0.8-1.4 нэгж хувиар нэмэгдсэн байна. Ажилгүйдлийн түвшин нэмэгдэж хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлбэр түвшин буурсан нь боломжит ажиллах хүч болон цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчийн өөрчлөлттэй холбоотой. Тухайлбал, ажилгүй иргэн 2024 оны 4-р улиралд 2023 оны мөн үеийнхээс 22 мянган хүнээр нэмэгдсэн. Гэвч боломжит ажиллах хүч 42.4 мянган хүнээр, цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч 4.4 мянган хүнээр буурсан нь нөлөөлжээ.
Ажиллагчдыг эдийн засгийн үндсэн салбараар авч үзвэл:
- 733.9 мянга (54.2 хувь) нь үйлчилгээний салбарт,
- 321.3 мянга (23.8 хувь) нь хөдөө аж ахуйн салбарт,
- 298.2 мянга (22.0 хувь) нь аж үйлдвэр, барилгын салбарт,
Дэд салбараар нийт ажиллагчдыг харвал:
- 190.6 мянга (14.1 хувь) нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар, үйлчилгээний салбарт,
- 130.0 мянга (9. 6 хувь) нь боловсролын салбарт,
- 101.3 мянга (7.5 хувь) нь боловсруулах үйлдвэрийн салбарт,
- 96.1 мянга (7.1 хувь) нь барилгын салбарт,
- 94.5 мянга (7 хувь) нь төрийн удирдлага ба батлан хамгаалах, нийгмийн хамгааллын салбарт,
Эдгээр нь ХАА-н салбараас бусад хамгийн олон ажиллагчтай салбарууд юм. Бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт ажиллагчид 2023 оны мөн үеийнхээс 19.9 мянгаар, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарт 18.1 мянгаар нэмэгджээ. Харин хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилгын салбарт 27.1мянгаар, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 20.1 мянгаар буурсан нь хамгийн их өөрчлөлт орсон салбар болжээ.
Ажиллагчдыг ажил мэргэжлийн ангиллаар авч үзвэл:
- хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан 314.6 мянга, мэргэжилтэн 244.9 мянга,
- худалдаа үйлчилгээний ажилтан 212.6 мянга,
- үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан 138.6 мянга,
- машин механизм, төхөөрөмжийн операторч, угсрагч 135.3 мянга, энгийн ажил, мэргэжлийн ажилтан 105.1 мянга,
- менежер 96.4 мянга,
- бусад төрлийн ажил мэргэжлийн ажилтан 105.9 мянга байна.
Нийт ажиллагчдад менежерийн ажил хийдэг ажилтны эзлэх хувь 2023 оны мөн үеийнхээс 2 нэгж хувиар нэмэгдсэн. Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтны эзлэх хувь 2.5 нэгж хувиар буурсан нь хамгийн их өөрчлөгдсөн байна.
Ажилгүй иргэний шалтгааныг задалж харвал:
- 75.4 мянган ажилгүй хүний дийлэнх нь буюу 33.0 хувь нь ажил хайгаад олдохгүй,
- 10.0 хувь нь мэргэжил, дадлага туршлага байхгүй,
- 9.9 хувь нь мэргэжилд тохирох ажил байхгүй шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй,
Харин боломжит ажиллах хүч 10.9 мянга байгаагийн 20.1 хувь нь жирэмсэн, хүүхэд асарсан, 12 хувь нь өвчтэй, 11.2 хувь нь бусдыг асарсан шалтгаанаар хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцоогүй байна.
Ажиллах хүч гэж тухайн хугацаанд зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн ажлын хэлбэрийн хүрээнд, цалин хөлс, орлого олох зорилгоор бусдын хэрэглээнд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээүзүүлэхэд хүч хөдөлмөрөө нийлүүлж байгаа ажиллагчид болон нийлүүлэхэд бэлэн байгаа ажилгүй хүн юм (заалт 11, 16, ХСОУ-ын 19-р бага хурлын тогтоол-I).
Ажиллах хүчнээс гадуурх хүн ам гэж сургуульд суралцаж байгаа, гэрийн ажилтай, өндөр настан, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, хөгжлийн бэрхшээлтэй болон ажил хайх итгэл алдарсан зэрэг шалтгаанаар тухайн хугацаанд ажиллах хүчинд хамаарахгүй хөдөлмөрийн насны хүн амыг ойлгоно. Ажиллах хүчнээс гадуурх хүн амаас энэ боломжит ажиллах хүчийг тодорхойлно. Мөн ажиллах хүч болон боломжит ажиллах хүч хоёрын нийлбэрээр өргөтгөсөн ажиллах хүч илэрхийлэгдэнэ (заалт 16,55, ХСОУ-ын 19-р бага хурлын тогтоол-I).
Ажиллагч гэж зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн ажлын хэлбэрийн хүрээнд, цалин хөлс, орлого олох зорилгоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлж буй хөдөлмөрийн насны хүнийг хэлнэ. Хөдөлмөр эрхлэгчдийг ажлын байрандаа байгаа болон түр эзгүй байгаа гэж хоёр бүлэгт хувааж авч үзнэ (заалт 27, ХСОУ-ын 19-р бага хурлын тогтоол-I). гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбарлажээ.
Сэтгэгдэл байхгүй байна