• Эхлэл
  • Н.Учрал: 1072 хувьцааны ногдол ашгийг улирал тутамд олгоно

Н.Учрал: 1072 хувьцааны ногдол ашгийг улирал тутамд олгоно

2025/02/19

 

Засгийн газрын өнөөдрийн /2025.02.19/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал дараах мэдээллийг хийлээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал: 

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга хийлээ.

Стратегийн ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан.  2007 оны УИХ-ын тогтоолоор 16 стратегийн орд, мөн нэмэлтээр 50 орчим нөөц нь тогтоосон орд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоогоод иргэний хуримтлалын данс, хадгаламжийг нэмэгдүүлэх ажлыг шат дараатайгаар хийх ажлыг үргэлжлүүлнэ.

Санхүүгийн хөндлөнгийн шинжээч, хуулийн хөндлөнгийн шинэчээч авч ажиллуулаад төр талдаа ч хувийн хэвшил талдаа ч хож, хож гэсэн зарчим дээр суурилж хийнэ.

Ажлын хэсгийнхэн хэлэлцээрийн ширээний ард газрын хэвлийн баялгийн 51 хувь нь хэрхэн иргэдэд ирэх вэ гэдэг суурь зарчмаа л хангана.

“Орано”-гийн хөрөнгө оруулалтын гэрээний үеэр байгалийн баялгийнхаа 51 хувийн өгөөжийг шууд хүртэхээр гэрээгээр хангуулсан. Байгалийн баялаг ашигласны төлбөр авч л байгаа бол орлуулсан хэсэг нь иргэн таны И Монгол дахь хадгаламж дээр харагдах эрх зүйн орчин бүрдүүлсэн тул стратегийн орд дээр хийгдэх хэлэлцээрт төр хувийн хэвшлийн менежмэнт рүү оролцоод байх биш шууд байгалийн баялгийг ашигласны төлбөрөө аваад тэр нь иргэний хуримтлалын данс руу шилждэг ийм л нөхцөл байдлыг бүрдүүлэх гэж ажиллаж байгаа. Тийм болохоор энэ хадгаламж олон мега төсөл хэрэгжсэнээр нэмэгдэх орчныг бүрдүүлсэн.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн 1072 хувьцаанаас ногдол ашиг хуваарилах талаар холбогдох газрын удирдлагуудын танилцуулгыг сонслоо. “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн ногдол ашгийг хэрхэн хуваарилах талаар мэдэлэл авлаа. Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн хувьцаа эзэмшигчийн хувиар тодорхой байр суурь илэрхийлсэн. Эцсийн шийдвэрийг тус компанийн ТУЗ гаргана.

Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хэрэгжүүлсэн арга хэмжэний хүрээнд борлуулалтын орлого нэмэгдсэнээр ногдол ашгийг хуваарилахдаа урьдчилгаа хэлбэрээр эхлээд 100 мянга орчим төгрөг хуваарилах боломж байна гэсэн учраас урьдчилгааг олгосон. Одоо бол улирал тутамд ногдол ашгийг шатлалтайгаар хуваарилах нь зохистой, инфляци өдөөхгүй байхад өндөр ач холбогдолтой учраас эл арга хэмжээг авах ёстой. 1072 хувьцааны 27 хувийг ард иргэд эзэмшдэг. Санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн дотор ТУЗ хуралдаж, ногдол ашгийг хуваарилах компанийн хуулийн зохицуулалттай. Эрх үүрэг нь ТУЗ-д хадгалагдаж байгаа. Тийм учраас Засгийн газар улирал тутамд ногдол ашгийг хуваарилах санал оруулсан. Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ хуралдаад ногдол ашгаа хуваарилах ёстой.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхний урьдчилгааг  олгох үед 350 мянган төгрөгийг 2024 оны ногдол ашиг болгон олгох боломжтой гэдэг саналыг “Эрдэнэс Тавантолгой” компани илэрхийлсэн.

Энэ хүрээндээ үлдэж байгаа 200 мянган төгрөгийн 100 мянган төгрөгийг цагаан сарын өмнө, үлдсэн 100 мянган төгрөгийг дараа улиралд хувааж олгох нь зохимжтой гэж үзэж байгаа.

Мөн өнөөдрөөс И Монгол -оор 1072 хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгөөр авах уу, эсвэл хуримтлалын сан руугаа хийх үү, Хуримтлалын сан руу хийсэн мөнгөө нийгмийн хариуцлагын хүрээнд төслийг санхүүжүүлэхэд зарцуулах уу гэдэг дээр иргэн та сонголтоо хийх боломжийг И Монголоор өгч байна.

Иргэд ногдол ашгаа бэлэн мөнгөөр авахгүй хадгаламж руугаа хийвэл бодлогын хүү тооцогдох, цаашлаад хадгаламж, хөрөнгийн зах зээл рүү орох, үнэт цаас авах, бонд авах, арилжаалах боломжийг бүрдүүлэх учраас илүү хадгаламж руугаа оруулах сонголт хийвэл ирэх хаврын чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулдаа нэмэлт өөрчлөлт оруулаад хадгаламж руугаа ногдол ашгийг авах, түүнийгээ хөрөнгийн зах зээл рүү оруулах бололцоонуудыг бүрдүүлэхээр ажиллана. Өнөөдрөөс иргэн та И Монгол руу нэвтрээд саналаа өгөх боломжтой гэлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин