• Эхлэл
  • Азийн өвлийн олимпод Монголын баг тамирчид амжилттай оролцлоо

Азийн өвлийн олимпод Монголын баг тамирчид амжилттай оролцлоо

2025/02/13

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Харбин хотноо Азийн өвлийн спортын IX наадам өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжилж байна.

Зургаан өдрийн дараа тус наадмыг зохион байгуулагч орон 32 алт бүхий 80 медальтай тэргүүлж байгаа бол БНСУ, Японы баг араас нь жагсаж байгаа юм. Одоогийн байдлаар найман орны баг тамирчид ямар нэгэн байдлаар медаль хүртжээ.

Дээрх гурван орны араас Казахстан, Узбекистаны баг эхний тавд эрэмбэлэгдсэн бол БНАСАУ, Тайвань, Тайланд цор ганц медаль авсан амжилтай явна. Өнөөдөр Монголын тамирчид уран гулгалт болон биатлоны буухиа төрөлд өрсөлдөх бөгөөд дээрх төрлүүдээр манай улсын тамирчдын энэ удаагийн наадам өндөрлөнө. Монголын баг, тамирчид тэмцээндээ хэрхэн оролцсоныг тоймлон хүргэе.

Харбины “Мөсөн хотхон”-д Монгол Улсын Төрийн ордныг сүндэрлүүлжээ

 

 

Азийн өвлийн спортын наадмын хүрээнд оролцогчдыг “HIC” хэмээх “Мөсөн хот”-той танилцуулсан нь хамрагдсан хүн бүрд мартагдахааргүй дурсамж үлдээжээ. Тус хот өнгөрсөн жил 179 сая гадаад, дотоодын жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбартаа 31.75 тэрбум ам.долларын ашиг оруулсан байна. Гиннесийн номонд бүртгэсэн энэ мөсөн хотхоныг нэг сая квадрат метр талбайд байгуулсан бөгөөд мөсөн баримал ирж үзэх жуулчдын тоо жилээс жилд өсөж байгаа аж.

Энэ жил Азийн өвлийн наадамд зориулан Ази тивийн орнуудын 34 онцлох байгууламжуудыг цас, мөсөөр урласны дотор Монгол Улсын Төрийн ордон багтжээ. Мөсөн хотхонд Монголын дөрвөн барималчийн бүтээл, эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг хийлийн аялгуутай холбож, үүгээрээ мөрөөдөл болон бодит байдлын хоорондын харицаа холбоог дүрслэн харуулсан байна. Энэ баримал нь олон улсын мөсөн урлалын наадмаас шагнал хүртсэн онцгой бүтээл аж.  Түүнчлэн “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадмын Галт бамбарыг энд асаасан бөгөөд наадам эхлэхээс өндөрлөх хүртэл асаалттай байлгаж, төрийн хүндэт харуулууд хамгаалалтад гарчээ.

Монголын тамирчдаас Э.Энхсайхан хамгийн өндөр амжилт үзүүлэв

 

Харбин хотод Монголын баг өмнөх наадмуудаас өргөн бүрэлдэхүүнтэй очсон. Зөвхөн тамирчид л гэхэд 30 гаруй бий. Кёрлингоор анх удаа өвлийн наадамд оролцон туршлага хуримтлуулсан бол шорт трейкийн тамирчин Б.Гэрэлтуяа финалд шалгарсан нь бас л анхдагч амжилт байв. Азийн өвлийн наадмаас долоон медаль хүртсэн манай улсын хувьд Харбинд буухиагаа үргэлжлүүлэх болов уу гэсэн хүлээлт байсан. Ялангуяа биатлон, гүйлтийн цанын төрөлд бусдаас илүү найдсан нь нууц биш.

Гэвч манайхны амжилт санаснаар болсонгүй. Монголчуудаас хувийн төрлөөр хамгийн өндөр амжилтыг биатлоны тамирчин Э.Энхсайхан үзүүлэв. Түүний хувьд 10 км-ын спринт уралдаанд Э.Энхсайхан 12 дугаар байр эзэллээ. Тэгвэл медаль авах магадлалтай тамирчдын тэргүүн эгнээнд явсан олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах ганцаарчилсан уралдаанаа 15 дугаар байртайгаар дуусгажээ. Харин гүйлтийн цанын эрэгтэй, эмэгтэй багийнхан буухиа төрөлд тавдугаар байрт хурдалж, медалийн тавцанд гишгэхэд хэдхэн алхам дутлаа.

Үүнээс гадна уран гулгалтын төрлийн онцлох нь зүйн хэрэг. Энэ төрөлд манай улсаас хоёр тамирчин оролцсон бөгөөд богино үзүүлбэрт Г.Марал-Эрдэнэ 16, О.Мишээл 19 дүгээр байрт жагслаа. Хэдхэн цагийн дараа чөлөөт үзүүлбэрээ толилуулснаар нийлбэр дүн гарна. Бусад төрлийн тамирчдын тухайд туршлага хуримтлуулж, хувийн амжилтаа ахиулсан юм. 

 

 

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин