• Эхлэл
  • Трамп гаалийн татварт дуртай

Трамп гаалийн татварт дуртай

2025/02/13

Баабар ийн өгүүлэв.

ТРАМП ГААЛИЙН ТАТВАРТ ДУРТАЙ

Доналд Трамп гаалийн татварт хорхойтой нэгэн. Тэрээр дэлхий даяар гаалийн тариф ноогдуулж, Америкийг дахин аугаа болгоно гэж амлаж байна. Гаалийн тариф нь худалдааны алдагдлыг бууруулж, төсвийн орлогыг бүрдүүлж, Америкийн үйлдвэрлэгчдийг хамгаалах болно гэжээ. Энэ үнэн үү?

Энэ асуултад хариулахын тулд гаалийн тариф хэрхэн ажилладагийг ойлгох нь зүйтэй. Яагаад Дональд Трамп болон Африкийн цөөн хэдэн орноос өөр хэн ч гаалийн тариф болон үүнээс үүдэлтэй худалдааны дайныг ашигтай гэж үзэж байгаагүй юм бэ?

Америкчууд гадагш нь гаргадаг экспортоосоо илүүг гадаадаас авдаг. Хятад, Мексик, Канад, Европ гээд бүгдээрэнтэй нь АНУ худалдааны алдагдалтай. Трамп опоо бараа бүтээгдэхүүнийг импортлоход өндөр татвар ногдуулах нь. Энэ татварыг тэрээр тариф гэж нэрлэж байгаа ч үнэндээ импортын татвар юм.

Үүнийг олигтой санаа биш гэж эдийн засагчид дуу нэгтэй хэлж байна. Гаалийн тариф нь худалдааны алдагдлыг бууруулдаггүй, төрийн сангийн орлогын эх үүсвэр болох татварыг орлодоггүй, харин ч америкийн үйлдвэрлэгчдийг сулруулж, хэрэглэгчдийг өндөр үнэ, бараа бүтээгдэхүүний буруу сонголтоор шийтгэх болно. Түүгээр ч зогсохгүй авлигыг өөгшүүлж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сулруулна.

Хамгийн гол нь гаалийн тариф нь гадаад худалдааны алдагдлын шалтгааныг арилгаж чадахгүй. Америкийн нийгэм хязгааргүй хэрэглээ, зээлээр амьдрах хандлагатайг эдийн засагчид хэлж байна.

Гэхдээ хэн нь зөв бэ ? Трамп уу, эсвэл эрдэмтэд үү?

Түүх юу өгүүлэв?

Гаалийн тариф хамгийн сүүлд 1930-аад онд буюу Америк эдийн засгийн хямралд орж байх үед моод болсон. Конгресс бүх худалдаанд татвар ногдуулах шийдвэр гаргасан бөгөөд Ерөнхийлөгч Рүзвэлт хориг тавьсангүй. Эдийн засагчид яг одоогийнх шиг үүнийг эсэргүүцэж байлаа. Эцэст нь тэдний зөв болж таарсан даа.

Дэлхийн худалдааны энэхүү дайн хэнд ч тус болсонгүй, Америкийн хямрал нь дэлхийд халдварлан Их хямрал болон өргөжиж, Европ дэлхийн II дайнд автсан.

Төгсгөлд нь амар тайван амьдарч, нээлттэй худалдаа хийх нь дээр гэж үзэцгээлээ. Тэр даруй биш л дээ, аажмаар гаалийн тарифийг бууруулсаар, 2000 он гэхэд худалдааны саад тотгорыг бараг бүрэн устгасан. Зарим нэг онцгой тохиолдлыг эс тооцвол одоо дэлхийн дундаж гаалийн татвар хэдхэн хувиас хэтрэхгүй байна.

2001 онд Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэж, 20 жилийн дотор ядуу буурай орноос АНУ-ын дараа орох дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон болон өөрчлөгджээ. Дараа нь Орос, Энэтхэг, Түрэг, Индонез зэрэг аварга орнууд чөлөөт худалдааны ачаар ядуурлаас гарсан. Учир нь чөлөөт худалдаа нь хэн нэг нь ганцаараа хөрөнгөжихөөс илүүтэй нэгэн зэрэг олуулаа баяжих боломж олгодог. Гаалийн татвар ийм учиртай.

Бидэнд яагаад чөлөөт худалдаа хэрэгтэй байна вэ?

Гаалийн хураамж татваргүй өнөөгийн дэлхийд зарим улс нь илүү сайн хийдэг зүйлээ бусдад зарж, олсон мөнгөөрөө бусдын илүү дээр хийдэг зүйлийг худалдаж авдаг.

Их Британийн нэр хүндтэй санхүүгийн судалгааны хүрээлэнгийн Питэр Левэл "Экспортын орлого нь импортын төлбөрийг төлж, хямд үнээр авах боломжтой барааны нэр төрлийг нэмэгдүүлэхэд тусалдаг" гэсэн. Ийм байдлаар нөөцийг өрсөлдөх давуу талтай үйлдвэрүүдэд төвлөрүүлдэг. "Үүний үр дүнд улс орон бүр дангаараа үйлдвэрлэж байгаагаасаа илүү ихийг, илүү чанартайг хамтдаа үйлдвэрлэдэг болсон" гэж Левэл тайлбарлажээ.

Чөлөөт худалдааны бас нэг давуу тал нь эдийн засгийн цар хүрээ юм. Өмнө нь энэ нь улсын хилээр хязгаарлагддаг байсан бол гааль байхгүй болсноор үйлдвэрлэлийн бааз, борлуулалтын зах зээлийг өргөжүүлэх боломж олгожээ.

Тодорхой сайн жишээ гэвэл Хойд Америк байна. Канад байгалийн баялаг ихтэй, АНУ мөнгө, технологитой, Мексик нь хямд ажиллах хүч, дулаан уур амьсгалтай. Одоо тэднийг чөлөөт худалдааны нэгдсэн бүс нэгтгэж, зардлаа бууруулж, чанартай барааг хямд үнээр ашигтай газар үйлдвэрлэж, эрэлттэй газар борлуулах боломж бүрдлээ.

Трамп энэ бүхнийг гаалийн тарифаар устгахыг хүсэж байна. Яах гэж тэр билээ?

Трамп яагаад чөлөөт худалдааг үзэн яддаг вэ?

Гадаад худалдааны алдагдал бол маш том хохирол гэж Трамп үздэг. Нөөц баялаг, ажиллах хүчин, технологи, зах зээл гээд бүх зүйл Америкт бий учир гаднаас бараа авах хэрэггүй. Импортыг хязгаарлахын тулд гаалийн татвар л хангалттай, дараа нь Тэсла, Эпл хоёр Хятадад машин, гар утас угсрахаа зогсоож, үйлдвэрлэлээ Мичиган, Калифорни руу шилжүүлэх болно гэх.

Үнэндээ эдийн засагчид алдагдлыг өөрөөр тайлбарлаж байна. Америкчууд гадаадаас гар утас, машин худалдаж авдаг, учир нь тэдгээрийг эх орондоо үйлдвэрлэсэнд орвол үйлчилгээний бизнис хамаагүй илүү ашигтай байдаг. Холивүд, нийгмийн сүлжээ, банкууд, үйлдлийн системүүд болон үүлэн үйлчилгээ нь тэдэнд биен тамирын хувцас оёх, модон эдлэл бэлтгэхээс илүү их мөнгө авчирдаг. Энэ ашиг нь АНУ-ын худалдааны алдагдалтай харьцуулахад арай бага л даа. Гэхдээ энэ толгой эргүүлсэн бөөн оньсогоны цаад учрыг тайлах өөр нэг чухал үзүүлэлт байна.

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чадвар, технологийн манлайлал нь Америкийг үнэмлэхүй цэргийн хүчин чадалтай, хувийн өмчийг элдэв болзолгүй хамгаалдаг тогтоцтой, дэлхийн хамгийн том эдийн засгийн статустай болгосноор АНУ-ыг гадаадын хөрөнгө оруулалтын хамгийн ашигтай объект болгосон юм. Бусад улс орнууд Америкийн засгийн газрын бондыг худалдаж авах замаар зээл олгох, эсвэл америкийн компаниудын хувьцааг худалдан авч ирээдүйн ашгаас хувь хүртэхийг эрмэлздэг.

Эдгээр хөрөнгө оруулалтын урсгал нь долларын ханшийг бэхжүүлж, импортыг илүү хямд болгож, импортын бараа худалдан авах мөнгөний урсгалыг тэнцвэржүүлдэг. Тиймээс гаалийн хураамж америкчуудын шаардлагыг бууруулах биш харин ч тэднийг арай илүү зээл авахад түлхэц болно гэж эдийн засагчид хэлж байна.

Гадаад худалдааны алдагдлыг бууруулахын тулд эдийн засагт хуримтлалын эзлэх хувийг нэмэгдүүлэхэд л хангалттай. Гэтэл Трампын хувьд америкчуудад бага зардал гаргаж, илүү их хэмнэхийг уриалж байснаас, АНУ-ын худалдааны түншүүдийг их татвараар хэрхэн “шийтгэснээ” зарлах нь илүү хялбар гэж үзэж байна.

Гэсэн хэдий ч гаалийн тариф бол хоёр талдаа иртэй илд юм. Трампын хураамжаас АНУ өөрөө ч хохирно. Яг яаж?

Гаалийн тариф яагаад хортой вэ?

Олон тайлбар байдаг, гэхдээ энд зургаан голыг нь онцолж байна.

Нэгдүгээрт, тарифын шийтгэл үргэлж хариутай байдаг. Трампын халдлагад өртөгсөд Америкийн бараа бүтээгдэхүүнд хариу татвар ногдуулна. Хятад, Канад, Европ зүгээр байхгүй. Түүгээр ч барахгүй Трампын төлөө дийлэнх нь саналаа өгсөн мужуудын оршин суугчид хэрхэн алдагдал хүлээж байгааг харуулахын тулд тэд зориудаар хатгахыг хичээх болно.

Хоёрдугаарт, Трамп хэчнээн мөрөөдөөд ч татварыг гаалийн тарифаар орлуулж барахгүй. Хаана ч бүх бараанаас татвар авдаг. Гаалийн тариф нь зөвхөн импортын бараанд хамаарна. Энэ нь зах зээлийн үнийг гажуудуулснаар эдийн засгийн хөгжилд хортой. Түүгээр ч барахгүй гаалийн татвар хураах нь ердийн татвар цуглуулахаас хамаагүй хэцүү. Гаалийнхныг аргалах, мэхлэх нь татварын албанаас хамаагүй амархан.

Гуравдугаарт, Гаалийн тариф нь үнэ өсөхөд зайлшгүй хүргэдэг. Трампын анхны худалдааны дайны туршлагаас харахад түүний гаалийн тарифыг импортлогчид борлуулах үнэдээ шингээж байснаар америкийн хэрэглэгч үнэндээ тэрийг нь бараг 100% төлж байсан. Үндэсний үйлдвэрлэгчид үнээ нэмж байлаа. Яг үүнтэй ижил зүйл бидний нүдний өмнө одоо ч болж байна. Трамп ган, хөнгөн цагааны импортын татварыг зарласны дөнгөж дараа Америкт арматурын үнэ шууд нэмэгдэв.

Дөрөвдүгээрт, Нэн тааламжтай хүлэмжийн нөхцөл өгөхөөр Америкийн компаниуд зах зээлийн өрсөлдөөнт тогтоцоос ангижирч байгаа явдал юм. Тэд хүссэнээрээ үнээ өсгөж чадна, инновац болон бусад хөгжилд хөрөнгө оруулахаас хойрогшино. Харин ч тэд өөрсдөдөө улам илүү таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд лоббичид, хуульчдад мөнгө зарцуулдаг. Үүний үр дүнд тэд нээлттэй өрсөлдөөнд Хятадын компаниуд болон Бразилийн тариаланчдад хожигдоно.

Тавдугаарт, Тодорхойгүй байдал. Трамп долоо хоногт хэд хэдэн удаа шинэ гаалийн тариф зарлаж, дараа нь цуцалж, сүрдүүлж, уучилдаг. Бизнесийн хувьд тодорхойгүй байдлаас илүү муу зүйл үгүй. Импортоор орж ирж байгаа түүхий эд, технологи, тоног төхөөрөмж ямар үнэтэйг тооцох боломжгүй бол хэн үйлдвэр, ферм байгуулах вэ дээ? Мөн аль улсад бүтээгдэхүүнээ борлуулах талаар сонгож ядаж байтал цаадуул нь хариу арга хэмжээ авч сөрөг гаалийн татвар тавьчихвал яах вэ? 

Зургадугаарт, Хил хязгаар. Орчин үеийн бизнес нь хил хязгааргүй ертөнцөд болж байна. Энгийн жишээ хэлэхэд АНУ-д импортолж буй бүх зүйлийн тал орчим хувь нь гадаадын бэлэн бүтээгдэхүүн биш, харин Америкийн компаниудын үйлдвэрлэсэн эд анги, хагас боловсруулсан бүтээгдэхүүн байдаг, тэрийг нь гадаад орнуудад угсарч бэлэн бүтээгдэхүүн болгоод эргүүлээд Америкт экспортолдог. Тэд машин, цахилгаан бараа болон бусад зүйлсийг өөрийн гэртээ угсардаг. Гаалийн тариф нь эдгээр үйлдвэрлэлийн сүлжээг тасалдуулж, олон улсын ихэнх корпорациудын бизнесийн загварыг бүрмөсөн устгах бөгөөд энэ нь гарцаагүй үйлдвэрлэлийг бууруулж, үнийг өсөх болно.

Тэгвэл яагаад гаалийн тариф зайлшгүй хэрэгтэй вэ?

Ер нь гаалийн тариф огт дэмий эд гэсэн үг биш шүү. Дэлхийн бараг бүх улс орон тодорхой хэмжээний гаалийн тарифтай ч зөвхөн худалдааг нарийн тохируулах зорилгоор ашигладаг. Харин дэлхийн тун цөөхөн хэдэн улс л Трампын хүссэнчлэн гаалийн тарифийг (ердийн татварыг хэлээгүй шүү) орлогын гол эх үүсвэр гэж үздэг. Ийм улсууд бараг бүгдээрээ Африкт байдаг.

Орчин үеийн ертөнцөд гаалийн тарифын гол үүрэг бол худалдааны түр зуурын гажуудлыг засах явдал юм. 

Хятадад нэг бус удаа тохиолдож байсан шигээр, нэг улс нөгөөгөө гэнэт хямд бараагаар үерлүүлдэг. Дараа нь орон нутгийн аж үйлдвэрийг хамгаалж, эдийн засгаа сэргээх хугацаа өгч, олон тооны ажилтныг цомхотгож, иргэдийн үймээн самуун гарахаас сэргийлсэн хямдралын эсрэг татвар нэвтрүүлдэг.

Аливаа улс жишээлбэл, экспортын аль нэг үйлдвэртээ татаас олгож эхлэхэд гаалийн тариф нь ашигтай байдаг ч, энэ нь шударга өрсөлдөөний дүрмийг зөрчиж буй хэрэг. Чухам үүнд л барууныхан Хятадыг удаа дараа буруутгасаар байна.

Гэхдээ ийм гажуудалтай зорилтот байдлаар тэмцдэг. Харин Трамп болохоор нэг мөсөн нам цохихыг илүүд үздэг. Тэрээр тодорхой бараанд биш, харин бүх импортод нэг дор татвар ногдуулах хүсэлтэй.

Ерөнхийдөө бол хачин зуршил. Яагаад тэгдэг юм бол?

Гаалийн тариф Трампад хэрхэн туслах вэ?

Ерөнхий татвар нь зөвхөн импортыг бууруулж, дотоодын үйлдвэрлэгчдэд халуун дулаан уур амьсгал бий болгох боломж олгодог. Энэ бол бас засаглах нэг арга. Тийм учраас Трамп өдөр шөнийн аль ч цагт ямар ч татвар ногдуулах эрхтэй. Гэхдээ тэрээр өөрийн шаардлагад нийцэх найз нөхөд, ивээн тэтгэгч, уян хатан худалдааны түншүүддээ онцгойлон зөөлөн хандаж чадна.

Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэсэн нэрийдлээр Конгрессийг алгасан гаалийн татвар ногдуулдаг. Үүнийгээ тэрээр гадаад улс орнуудад ч, Америкийн бизнесчидэд ч дарамт учруулах хөшүүрэг болгон ашигладаг.

Тийм учраас гаалийн татварын эдийн засагт үзүүлэх хор хөнөөлийн талаарх эдийн засагчдын тайлбарууд Америкийн 78 настай ерөнхийлөгчийн ертөнцийг үзэх үзлийг өөрчлөж чадахгүй бололтой. Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа татвар нэмсэнээрээ их бахархдаг. Эдгээр гаалийн тарифын ихэнх нь одоо ч хэвээр байгаа. Жо Байдэний удирдлага дорх Ардчилсан намынхан ч протекционизмд дуртай бололтой.

Одоо гаалийн нэмэгдсэн шинэ тариф улам олон болно. Европ болон бусад бүх улс орон үүнд бэлэн байгаарай.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин