• Эхлэл
  • Татварын тэгш, шударга систем бий болгохыг хүсэж байна

Татварын тэгш, шударга систем бий болгохыг хүсэж байна

2025/01/30

Аж ахуйн нэгжийн төлөөллүүд манай улс татварын шинэчлэл хийхдээ аж ахуйн нэгжээ өргөжүүлэх, татварын тэгш, шударга систем бий болгох шаардлагатайг Татварын багц хуулийн талаарх цуврал хэлэлцүүлгийн үеэр онцоллоо. 

УИХ-аас зохион байгуулж буй "Монгол Улсын татварын тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага" цуврал хэлэлцүүлэг МҮХАҮТ-д "Татварын багц хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдэх арга зам" сэдвээр үргэлжилж, ТОП 100 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.

Тэд шинэчлэх гэж буй хуульд татварын дарамтаас үүдэн аж ахуйн нэгжүүд хуримтлалтай болж чаддаггүй, яамд хоорондоо уялдаагүй, нэг бодлогоор ажилладаггүй, одоо хэрэгжиж буй хуулиар жижиг татвар төлөгчид орлогоо нуух нөхцөл бүрдсэн зэрэгт анхаарах, татвар төлдөггүй иргэдийг илүү хамруулахад оновчтой шийдэл гаргах, үндэсний үйлдвэр эрхлэгчдэд татварын уян хатан бодлого, зохицуулалт хэрэгтэй гэж байв. Мөн, татварын байцаагч нар орлогод анхаарч, өөрсдийн үнэлэмжээр дүгнэдгийг болиулж, хариуцлагын бүтцийг тусгах шаардлагатайг хэлж байлаа.

 

Тухайлбал, Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адьяа, “Татварын маргааныг хуулиар зохицуулдаг ч амьдрал дээр маргаан үүсэхэд татварын байцаагч илүү эрх мэдэлтэй.

 

Үүнийг тодорхой болгох, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай компанид ойлголтын зөрүүгээс маргаан гардгийг шийдэж, олон улсын жишгийг хуульд тусгамаар байна” гэв.

 

“Монцемент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Халиун “Хөрөнгө оруулалтын тухай хуульд тодорхой салбарт үйлдвэр барих бол импортын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө гэсэн ч бодит байдалд Татварын тухай хуульд ийм зүйл байхгүй гээд хэрэгжүүлэхгүй олон жил боллоо.

Зарим салбарт тэгш бус үйлчилдгийг хуулийн шинэчлэлд тодорхой тусгахгүй бол үндэсний үйлчдэрлэгчид хохирч байна” хэмээсэн юм.

 

Харин хог хаягдал, дахин боловсруулах, агаарын бохирдлыг багасгах тоног төхөөрөмж, оёдлын салбарын даавуу, туслах материалыг гаалийн татвараас бүрэн чөлөөлсөн байгааг БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа тодотголоо.

 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од хэлэхдээ, “Улсын татварын орлого өнгөрсөн онд 27.4 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оныхоос 27 хувиар нэмэгдсэн. Бид далд эдийн засгийг хөндөхөөс аргагүй. Сүүлийн 15 жилийн дунджаар ДНБ-ий 21 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө далд эдийн засаг хэлбэрээр байгаа нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. Экспортлогчдод татвар илүү хүнд тусаж байгаа учир тус хуультай холбоотой саналаа уул уурхай болон уул уурхайн бус салбарын гэж ангилан хүргүүлнэ” хэмээсэн юм.

 

Манай улс татварын шинэчлэлийг өнгөрсөн 34 жилийн хугацаанд 4 дэх удаагаа хийх гэж байна. Татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаарх хэлэлцүүлгийг 10 удаа хийх бөгөөд тус хуулийг 5 дугаар сарын 10-наас өмнө батлахыг зорьж байна.


Одоогоор тус хуультай холбоотой 110 санал хүсэлт ирээд байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ:МОНЦАМЭ АГЕНТЛАГ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин