Өвлийн морин уралдаан: ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хурдан морины уралдаан зохион байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ийнхүү тайлбарлалаа.
-Өмнө нь Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоол буюу тавдугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 1-н хүртэл морин уралдаан зохион байгуулж болохгүй гэж тусгасан байсан. Энэ хугацааг өөрчлөх шаардлагатай болж байгаа учраас манай яамны өмнө нь гаргасан тушаал дээр зохицуулалт хийхээс өөр аргагүй болж байна. Ингээд морин уралдааны хугацааг Засгийн газраас бус аймаг, орон нутгаас тогтоохоор шийдвэрлэлээ.
Хаврын морин уралдааныг цас хайлж, эрсдэл багассан үе буюу гуравдугаар сарын 1-нээс хойш зохион байгуулж болно гэж зөвлөж байна.
Мөн унаач хүүхдийн нас 9 байсныг 12-оос дээш гэж тусгасан. Хүүхдийн хувцас хэрэгсэл, стандартыг сайжруулах чиглэлийг өгч байна. Аймаг орон нутаг, уяачдын холбоо зөвлөмжийг хангах ёстой.
Нэн түрүүнд хүүхдийн эрхийг хамгаалах ёстой.
Тиймээс төрийн бус байгууллага, уяачдын холбоотой хэд хэдэн уулзалт хийж, одоогийн хууль бусаар өвлийн нэг, хоёрдугаар сард уралдаж байгааг таслан зогсоох ёстой. Энэ хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Өмнө нь тавдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд морь унадаг хүүхдүүдийг тэвчишгүй хөдөлмөр эрхэлдэг гэж үздэггүй. Харин бусад үед хүүхэд морь унахаар тэвчишгүй хөдөлмөр эрхэлдэг гэж үздэг давхар стандарт гарч байсан.
Мөн морин уралдаантай холбоотой амь насаа алдсан, гэмтсэн хүүхдийн статистик нууц, уралдаан зохион байгуулж байгаа хүмүүст хариуцлага хүлээлгэх зохицуулалтгүй байгаа, үүнийг засч сайжруулна гэлээ.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, А.Ариунзаяа болон нэр бүхий гишүүд мөн байр сууриа илэрхийлж, "Засгийн газрын шийдвэрийн эсрэг шүүхэд хандана" гэлээ.
УИХ-ын гишүүн Х.БААСАНЖАРГАЛ:
– Засгийн газрын тогтоолоор наадам зохион байгуулсан тохиолдолд уяачид цол тэмдэг олгодог журамтай. Тиймээс уяачид цол, чимэгийн төлөө хүчтэй дуу хоолойгоо хүргэж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд бүхэлд нь өөрчлөлт орсон. Тухайлбал, 2016 оноос хойш иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд хүний эрх, нийтийн ашиг сонирхлын төлөө шүүхдэж эхэлсэн. Тиймээс 2017 онд иргэний нийгмийн байгууллагууд шүүхэд хандаж эхэлсэн. Бид 20 жилийн өмнөх нөхцөл байдал руу ухарч байна. 2017 онд 10 гаруй иргэний нийгмийн байгууллагууд шүүхдэж байсан. Энэ нь олон талаас хүүхдийн эрхийг харсан гэсэн үг.
Хурдан морь унана гэдэг нь зөвхөн эрүүл мэнд аюулгүй байдлын асуудал биш. Тухайн хүүхдийн сурч боловсрох эрх давхар хөндөгддөг.
Хаврын уралдааныг болиулсан нь өв соёлыг устгах гэсэн зүйл огт биш. Өвөл, хавартаа биш зун, намрын дэлгэр цагт уралдаач гэдэг асуудлыг л ярьж байгаа юм. Мөн Засгийн газар хаврын уралдааныг орон нутгийн удирдлагуудад даалгаж байгаа нь маш зальжин, өөрсдөөсөө зайлуулсан харамсалтай шийдвэр байлаа. Энэ цаг мөчөөс морины ажил эхлэх байх. Энэ хүрээнд хүүхдүүдийн сургууль завсардах уу? хүүхэд хичээлийн цагаас бусад хугацаанд хөгжиж байх ёстой. Хуулийн байгууллагын тогтолцоо ямар байгааг харуулсан шийдвэр гаргалаа гэж харж байна. Хүний эрхийн төлөөх тэмцлээ үргэлжлүүлнэ. Дахиад шүүхэд хандана цаашлаад үндсэн хуулийн цэцэд хандана.
Морины ажил гэдэг цаг наргүй, олон өдрийн ажил, хөдөлмөр байдаг. Хүүхэд хичээлд явахаас гадна, сурч хөгжиж байх ёстой.
Энэ бүхнийг Засгийн газар уландаа гишгэж байна. Бид үүнийг эсэргүүцэж байна” гэв.
УИХ-ын гишүүн Х.АРИУНЗАЯА:
-Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Шадар сайд С.Амарсайхан нарын зүгээс орон нутагт аливаа урлаг спорт, соёлын арга хэмжээ зохион байгуулах эрхийг шилжүүлж байна. Хаврын уралдааныг зохион байгуулах эсэхийг та нар өөрсдөө шийд. Харин 12-оос дээш насны хүүхдээр унуулаарай. Алдаа гаргавал өөрсдөө хариуцаарай гэх чиглэл өглөө. Энэ бол тогтоол биш.
2019 онд гаргасан Засгийн газрын 57 дугаар тогтоол буюу дээд шүүхийн шийдвэр буюу арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд аливаа уралдаан, сунгаан зохион байгуулахгүй гэсэн хүчин төгөлдөр байгаа.
Бид өв соёлоо үгүйсгээгүй, уяачдыг муухай харагдуулах гэсэнгүй. Харин хаврын уралдааныг боль гэж байгаа юм. Дээд шүүхийн шийдвэрээ биелүүлэхийг шаардаж байна. Бусад хүүхдийн эрх, эрүүл мэндийн асуудал чинь тусдаа. Дээд шүүхийн шийдвэрийн тухай ярьж байна. Тиймээс бид УИХ-ын гишүүдийн гарын үсэг цуглуулж уг шийдвэрээ цуцлахыг шаардаж нэгдэнэ" гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна