Могой жилийн Цагаан сарын шинийн 2-ны өдөр гуравдугаар сарын 1-нд тохионо.
Тиймээс 3 дугаар сарын 1-3-нд амарна. Гуравдугаар сарын 1,2-нд амралтын өдөр таарсан тул зарим хүн хөдөө явж золгодог зэргийг харгалзан Цагаан сарын амралтын өдрийг сунгах хүсэлтэй байсан. Тиймээс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Сар шинийн баяраар бүх нийтээрээ 10 хоног амардаг байх төсөл боловсруулж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд наадам, Цагаан сарын амралтын талаар танилцуулжээ.
Энэ талаар Л.Энх-Амгалан сайд “Монголчууд есөн баяраар 16 өдөр амардаг зохицуулалттай. Шинийн 1, 2, 3-нд амардаг, Үндэсний их баяр наадмаар 7 дугаар сарын 10-15-нд амардаг. Иргэдээс олон санал гарч байгаа учраас шинийн 1, 2, 3 болон наадмын хуулиар амрах өдөр бямба, нямд таарсан тохиолдолд энэ өдрүүдийг нөхөж амраадаг болгох зохицуулалт хийхийг Засгийн газраас чиглэл өглөө. Мөн өвлийн ид хүйтэнд иргэдээ зайнаас ажиллуулдаг болгох, үүнийг хүүхдийн өвлийн амралттай уялдуулах зэрэг шинэ зохицуулалтыг нэмж танилцуулах үүрэг өгсөн. Засгийн газрын тогтоол гараагүй. Зөвхөн үүрэг, чиглэл л өгсөн. Тэгэхээр энэ жилийн Цагаан сараар хуучин зохицуулалтаараа гурав хоног л амарна. Өөрөөр хэлбэл, бямба, ням, даваа гарагт амраад, мягмар гарагт ажил эхэлнэ.
Хөдөлмөрийн болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хоёр хуульд өөрчлөлт орох учраас Засгийн газраас зөвшөөрөл өгвөл УИХ-д өргөн бариад, баталсны дараа энэ зохицуулалт эхэлнэ гэсэн үг. УИХ хаврын чуулганаар үүнийг баталбал ирэх наадам болон Сар шинийн баяраар энэ зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. Тэгвэл Цагаан сар бямба, нямд таарвал 4-6 хоног, наадмын өдрүүдэд таарвал найм хоног амрах зохицуулалттай болно гэсэн үг. Мөн Цагаан сарын битүүнийг амралтын өдөр болгох санал гаргасан” гэв.
Сэтгэгдэл байхгүй байна