Гэрэл зургийг isee.mn
Нийтлэлч Сэмүүний нийтлэлийг хүргэж байна.
Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр “Эрдэнэт” үйлдвэрийн балансын бус хаягдал буюу хоёрдугаар овоолго дээр үйл ажиллагаа явуулдаг “Ачит Ихт” компанийг тойрсон бас нэг том шуугиан дэгдэв. Компанийн хувьцаа зэмшигчдийн нэг П.Цагаан isee.mn-нд ярилцлага өгч, өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн өмнө дэлгэсэн “Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын вайбер чат” гэх гүтгэлгийг залруулжээ.
П.Цагааны мэдэгдсэнээр УИХ-ын сонгуулийн өмнө цагдаагийн байгууллага, алба хаагч /ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Сэргэлэн/ олон нийтэд дэлгэж үзүүлсэн “вайбер чат” гэгч нь эвлүүлэг болохыг олон улсын шүүх шинжилгээний байгууллага тогтоосон байна. Ер нь бол уг мэдээлэл анх цацагдсаны дараа ч иргэд, хөндлөнгийн хүмүүс “хуурамчаар үйлдсэн байна” гэдгийг нь хэлж байсан ч цагдаагийн байгууллагаас ямар нэг залруулга хийгээгүй, харин ч уг хэрэгтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг цацсаар ирсэн. Эцэст нь П.Цагааныг хилийн чанадад баривчилсан гэх хуурамч мэдээлэл цацагдсаны дараа тэр өөрийн биеэр гарч ирж мэдэгдэл хийсэн нь энэ.
Товчхондоо фэйк /хуурамч/ аккаунт үүсгэж, хүний нэр төрд халдах, гүтгэх үйлдэл түгээмэл гардаг ч гэлээ түүнийг нь цагдаагийн байгууллага, алба хаагч гардан гүйцэтгэсэн, эсвэл оролцсон тохиолдол анхных болов. Хууль сахиулах үүрэгтэй байгууллага, алба хаагч өөрийн биеэр нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, бусдыг хүнд ноцтой гэмт хэрэгт гүтгэнэ гэдэг нь өөрөө гэмт хэрэг. Бүр хүнд ноцтой гэмт хэрэгт ордог. Гэтэл үүнийг нь харсаар байгаа хууль сахиулах байгууллагууд нь ажлаа хийхгүй байхаар иргэд энэ байгууллагууд, алба хаагчдаас нүүр буруулах, үл итгэх хандлагыг болгож байгаа нь хамгийн том хохирол юм. П.Цагаан гэдэг хувь хүндээ гол нь биш.
Нөгөө талаас П.Цагаан гэдэг хүн хэний ч үл таних нэгэн биш. Тодорхой хугацаанд Монголын улс төрийн том лидер явсан, улс төрөөс холдсоныхоо дараа ч бизнест амжилттай яваа нэгэн. Тэгэхээр энэ хэмжээний улс төр, бизнесийн капиталтай, хуулийн өндөр мэдлэгтэй, хуульч мэргэжилтэй хүнийг ингэж гэмт хэрэгт гүтгэж, хуурамч нотлох баримтаар яллагаа хийгээд явж байна гэхээр жирийн иргэд яаж энэ хуулийн байгууллага, албан хаагчдаас өөрсдийгөө хамгаалах юм бэ? гэдэг айдас бий болж байна. Хуулийн байгууллага, хууль сахиулагч намайг хамгаалах биш, харин тэднээс яаж өөрсдийгөө хамгаалах вэ гэдэг асуудал босч ирж байна шүү дээ.
Хоёр дахь нь ерөөсөө П.Цагаан гэдэг хүнээр яагаад ингэж оролдох болов? гэдэг асуулт. Мэдээж түүний үүсгэн байгуулсан “Ачит Ихт” компанитай холбоотой байх. Эрх баригч нам, хүчин ч тэгж сурталчилдаг, иргэдийн тодорхой хэсэг нь бас тэр сурталчилгаа, тархи угаалтад нь автдаг. Ерөөсөө уул уурхайтай холбоотой бизнес болгоныг харддаг, “ард түмний баялгийг цөлмөж байна” гэж ярьдаг. Гэтэл “Ачит Ихт”-ийн хувьд бусдаас ялгаатай нь ямар ч ашигт малтмалын лиценз, наймаа арилжаа байхгүй. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглах боломжгүй, “балансын бус” гэж нэрлэгддэг ядуу агуулгатай овоолгыг үйлдвэрт төлбөр төлж ашигладаг. Гидрометаллург буюу уусган баяжуулах аргаар өндөр чанарын зэс үйлдвэрлэж, экспортод гаргадаг компани.
“Эрдэнэт” үйлдвэрт “балансын бус” буюу ядуу агуулгатай ийм 12 овоолго бий. Үүнээс одоогоор гурвыг нь ашиглаж байгаа. Нөгөө хоёр овоолго дээр “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” гэж хоёр компани үйл ажиллагаа явуулдаг. “Эрдмин” компанийн хувьд Америкийн хөрөнгө оруулалттай, үйлдвэрийн захирал асан Ш.Отгонбилэг агсны гэр бүлийнхэн хувь эзэмшдэг гэдгээр нь бид мэднэ. “Зэс эрдэнийн хувь”-ийн маш бага хувьцааг орон нутгийн иргэд эзэмшдэг, мөн л хувийн компани. Гэтэл яг адилхан үйл ажиллагаа явуулж байгаа гурван компаниас яагаад ганц “Ачит Ихт”-ийг онилоод, намнаад байдаг юм бэ? гэдэг асуулт гарч ирнэ.
Энэ компани төрөөс ямар нэг хөнгөлөлттэй зээл авсан уу? Үгүй. Татварын болон бусад хөнгөлөлт эдэлж, давуу эрх бий болгосон уу? Үгүй. Бүх үйл ажиллагаагаа гадаадын банк, санхүүгийн байгууллагаас арилжааны өндөр хүүтэй зээл авч эхлүүлсэн. Монголын төрөөс ямар ч хамаарал байхгүй. Техник технологийн хувьд байгаль орчинд хамгийн ээлжтэй, өндөр технологийг Монголдоо анх удаа оруулж ирж, нутагшуулсан. Үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш өнгөрсөн 10 жилийн дотор 500 тэрбум гаруй төгрөгийг улс, орон нутгийн төсөвт татвар болон “Эрдэнэт” үйлдвэрт төлбөр хэлбэрээр өгсөн гэж танилцуулагдаж байна лээ. Хагас их наяд гаруй төгрөг, энэ бага мөнгө үү? Бас л үгүй. Тэгвэл яагаад? гэдэг асуулт гарна.
Нэг талаас улс төрд нөлөө бүхий явсан этгээд энэ төслийг амжилтад хүргэсэн явдал нь улс төрийн болон бизнесийн өрсөлдөгчдийн хувьд нэг ёсны “өгөөш” болдог шиг байна. Хоёрдугаарт, үйл ажиллагаа нь амжилттай яваа нь өөр хэн нэгний дургүйг хүргэдэг шиг байна. Анх төслөө эхлүүлэхийн тулд Монголын нөлөө бүхий банкийг хамтрагчаар урьж оруулсан боловч ганцхан жилийн дотор “үр ашиггүй, эрсдэл ихтэй байна” гээд хаяад гараад явсан. Тэгээд аргагүйн эрхэнд гаднын компаниас өндөр хүүтэй зээл аваад үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэдэг. Өнөөдөр авсан зээлээ төлж дуусаад, үйл ажиллагаа нь “+” баланстай болсон явдал зарим нэгний хомхой сэтгэлийг хөдөлгөдөг шиг байна.
Аргаа бараад “Ачит Ихт”-ийнхэн “Тэгвэл 34 хувиа төрд өгье” гэдэг саналыг хүртэл тавьж үзсэн. Тухайн үед төслийг эхлүүлэхдээ ч гэсэн “Эрдэнэт” үйлдвэрт 34 хувиа санал болгоход “Эрсдэл өндөртэй, ашиг олох магадлал бага учраас хөрөнгө оруулалт хийж чадахгүй” гээд татгалзсан байдаг. Тэр нь ч тухайн үедээ зөв байсан байх.
Одоо харин нөхцөл байдал өөрчлөгдсөн, төсөл үр ашгаа өгөөд эхэлсэн. Ийм зүйлийг манайхан, манай төрийнхөн, хууль хяналтынхан зүгээр хараад, шүлсээ залгиад суудаг хүмүүс биш л дээ. Гэтэл 34 хувийг төрд авахын тулд анх оруулсан хөрөнгө оруулалтын зардлыг хуваалцах ёстой болно. Харин нөхөд ямар нэг шалтаг шалтгаанаар үнэ төлбөргүй авах, эсвэл зүгээр л бүхлээр нь дээрэмдэх бодол агуулж байхдаа ч магадгүй. Үүсгэн байгуулагчид нь ямар нэг хэрэг үүсгэж, дарамталж, буланд шахаж байгаад хөрөнгийг нь шилжүүлээд авчихдаг. Ийм түүх манайд бишгүй л олон бий.
Энэ удаад ч ялгаагүй, Ерөнхий сайдын ивээл дор ажилладаг нацист бүлэглэлүүдээр "ажлаа хий, хөрөнгийг нь хурааж ард түмэнд хурааж тарааж өг" хэмээн хэвлэлийн бага хурал хийлгэж, араас нь Ерөнхий сайд өөрөө "Ачит Ихт"-ийн 34 хувийг төрд авах хэлцлийг эхлүүлэхийг сайд нартаа үүрэгдсэн байх юм. Хариулт нь ердөө л энэ.
ЭХ СУРВАЛЖ: INEWS.MN
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл байхгүй байна