• Эхлэл
  • Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд огцрох ёстой

Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд огцрох ёстой

2025/02/07

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулсан талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнөөдөр /2025.02.07/ мэдээлэл хийлээ.


-Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т "Улсын Их Хурлын гишүүдийн дөрвөний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ…", Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11-т "Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бусад гишүүнтэй хамтарч гаргах" гэснийг тус тус үндэслэн; Монгол Улсын Их Хурлын гишүүн Чулуунбилэгийн Лодойсамбуу миний бие болон бусад гишүүдийн хамт дараах үндэслэлээр Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж байна.

Албан бичигт нэгдэхийг УИХ-ын 126 гишүүддээ уриалж байна. Монгол Улсын парламентын гишүүд анх Ерөнхий сайдыг томилж байхад чуулганы танхимд ганцаараа үүний эсрэг байр суурь илэрхийлж байсан. Одоо уг хариуцлага тооцох асуудал дээр тэр давтагдахгүй байх гэж найдаж байна. Хэдхэн сарын өмнө сонгууль болсон. Тэр үед юу гэж амлаж байсан. Юуг хамгаална гэж байсан, түүнийгээ санаад нам харгалзахгүй нэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Цаашид нэгдсэн гишүүд болоод, гарын үсэг зурахаас татгалзсан гишүүдийг шалтгааных нь хамт олон нийтэд мэдээлэх болно. Өчигдөр бидний сонссон харамсалтай үйл явдал бол зүгээр нэг л жишээ. Яг үүнээс болоод огцруулах санал гаргаагүй. Би 2022 оноос хойш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шүүмжилж ирсэн. Гэхдээ өнөөдөр мэдэгдэл хийх нэг шалтгаан болсон уу гэвэл тийм. Өнөөдөр Монгол Улсад хүнийх нь амь үнэтэй биш бол өөр юу үнэтэй юм бэ. Хүний амиар улстөржлөө гэж хэлж байгаа хүмүүс улс төр гэдэг үгээ аваад хойшоо бай. Өнөөдөр бүхэл бүтэн зургаан иргэн амиа алдчихаад байхад Ерөнхий сайд ядаж гарч ирээд эмгэнэл илэрхийлэх хэрэгтэй шүү дээ. Үүнийг нь хүлээж байна. Би өчигдөр биш өнөөдөр уг албан бичгийг гаргаж байгаа нь хугацаа олгосон хэрэг. Бид заавал хүчээр юмыг шийдэх албагүй. Соёлт хүний нийгэмд ёс зүйгээ ухамсарладаг байх хэрэгтэй

Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө үнэгүйдсэн. Би өөрөө сэтгүүлч байхдаа Л.Оюун-Эрдэнэ сайдын дарамтад өртөж байсан. Эрх мэдлээ тогтоон барих, тэлэх, бэхжүүлэхийн тулд хэрэглэж байгаа арга нь өөрөө энэ хүний хандлагыг харуулж байна. Монгол төр, Монгол Улсын засгийн газар ийм хандлагатай хүмүүсийн гарт тогтож болохгүй. Өнөөдөр хүмүүс хоорондоо утсаар ч ярьж чадахаа больсон, жагсаал хийж болохоо байсан. Жагсаал хийе гэхээр санхүүжүүлсэн компаниудыг дарамталдаг. Юу ч хийж болохоо больсон. Бүгдийг нь барьж чадна гэж тооцсон. Гэтэл тэгэх боломжгүй гэдгийг дэлхийн түүх өөрөө хэлнэ. Энэ бол зөвхөн би ярьж байгаа асуудал биш. Олон нийтийн амсаж ирсэн дарамт" гэлээ.

May be an image of text


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин