Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороонд нэгдүгээр сарын 23-24-ний шилжих шөнө гэр бүлийн зургаан хүн угаартан нас барсан. Дөрвөн хүүхэд, гэр бүлээрээ нас барсан гэр бүлийнхнээс цэрэгт алба хааж байсан ганц хүү нь л үлдсэн. Гэр бүлийнхнээ алдсан хүү өнөөдөр /2025.02.06/ Төрийн ордны гадаа мэдээлэл хийлээ.
Тэрбээр" Хүнд мэдээ сонсоод яахаа мэдэхгүй хүрч ирлээ. Ээж, дөрвөн дүүгээ харамсалтайгаар алдлаа. Түүхий нүүрс түлдэг байхад хүмүүс угаартлаа гэж ярьдаггүй байсан.Гэтэл сайжруулсан шахмал түлш түлшнээс хойш өчнөөн хүн нас барлаа. Надад үнэхээр харамсалтай байна. Надад өмгөөлөгч байхгүй. Би хаана хандахаа мэдэхгүй байна. Ээж минь сүүлд ярихдаа ирээдүйн тухай сайхнаар ярьж байсан. Хөөрхий дүү нар минь юу ч мэдэхгүй харамсалтайгаар амиа алдлаа. Юу ч хэлэхээ мэдэхгүй байна. Цэрэгт байх хугацаандаа ээж дүү нараа алдсандаа харамсаж байна. Манай ээж жирийн ажилтан хүн байсан.
Хүнд мэдээг сонсоод ухаан мэдрэлгүй л байлаа. Оршуулгийн зардалд улсаас таван сая төгрөг өгсөн. Шүүх шинжилгээний хариу сарын дараа гарна гэж хэлсэн. Миний цэргээс халагдах тушаал удахгүй ирнэ. Цаашид энэ асуудалд үргэлжлүүлэн байр сууриа илэрхийлнэ. Төрийн эрх баригчид анхааралдаа аваасай гэж хүсч байна. Би гомдолтой байна" гэв.
Жил бүр л угаарын улмаас хүмүүс амиа алдаж байгаа. Энэ тохиолдолд төр болон шахмал түлшний улмаас амиа алдсан гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлтэй гэж үзэж байгаа.
Тиймээс иргэдийн зүгээс өдий хүртэл амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн төрд дохио өгч, шүүхэд хандах хэрэгтэй гэж үзэж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна