"Сор кашемир" компани дотоодын 150 гаруй сүлжих цехтэй хамран ажиллаж, бүтээгдэхүүнээ Балба, Япон, Орос, Хятад, АНУ, Солонгос, Итали, Казакстан, Энэтхэг зэрэг 17 улсад экспортолж байна.
Тус компани 150 хүнийг тогтмол, 20-30 орчим хүнийг ангилан ялгагчаар улирлын чанартай ажлын байраар хангаж, компанийн ажилтнуудаа байрлаж ажиллах нөхцөлөөр дэмжин үйлдвэрийнхээ дэргэд ажилчдын сууцыг шийджээ. Жилд 800 орчим тонн ноолуур, 200 орчим тонн тэмээний ноос, 30 гаруй тонн сарлагийн хөөвөр, 200 гаруй тонн хонины ноосыг боловсруулж, 100 хувь хольцгүй цэвэр утас, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нар "Сор кашемир", "Сноу филдс" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
"Сор кашемир" нь 1998 онд түүхий эд бэлтгэл, гадаад дотоод худалдаа, хялгас самнах зорилгоор байгуулагдан, ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос зэрэг малчдын амьжиргааны гол түүхий эдийг гар дээрээс нь худалдан авч, үйлдвэрлэл явуулсаар иржээ. Ноос ноолуур ангилан ялгах цех, угаах, ноолуур самнах, будах, ноос ноолууран утас ээрэх, сүлжмэл бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, анхан шатны түүхий эдийг эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгож байна. “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь цаг үеэ олсон, үйлдвэрлэгчдийг дэмжих том боломжийг нээж өгснийг үйлдвэрийн удирдлагууд онцолжээ.
"Сноу филдс" ХХК 2004 онд Японы Shimaseiki маркийн сүлжих машинаар ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн, экспортолж эхэлжээ. Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг 2018 оноос хэрэгжүүлж, баримт бичгийг олон улсын стандартад нийцүүлэн, харилцагч, захиалагч нарт бүтээгдэхүүн, үйлчилгээг тууштай нийлүүлж байгааг компанийн захирал Ц.Ган-Өлзий тэмдэглэжээ.
Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн гэрчилгээ авснаар, Монгол Улсын “Алсын хараа-2050”, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” зэрэг баримт бичигтэй уялдуулан, тогтвортой хөгжлийн бодлогыг баримтлан, үйлдвэрийн явцад гарсан болон технологийн хаягдлыг эргэлтэд оруулж, дахин боловсруулдгийг ХХААХҮЯ мэдээлэв.
Сэтгэгдэл байхгүй байна