"Уул усны домог" уран нугараачдын фестивальд өчигдөр буюу наймдугаар сарын 7-нд Улаанбаатарын төв талбайд боллоо. Задгай шоу хэлбэрээр зохион байгуулсан уг тоглолтод дөрвөн настай балчраас эхлээд Монголын үе, үеийн нийт 420 уран нугараач оролцсон юм.
Тоглолтын ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга, МУСТА Р.Мөнхсайхан ажилласан байна. "Уул усны домог" тоглолтод АНУ-ын Лас Вегаст тоглогдож байгаа “О” шоуны дасгалжуулагч багш Монголын анхны хос нугараачдын нэг, "Монте Карло"-оос хамгийн анхны шагналыг эх орондоо авчирсан Ж.Эрдэнэчимэг, 1990 онд Парис хотоос Тагтаатай нугаралтаар мөнгөн медаль авчирч байсан Ундармаа, одоо АНУ-д ажиллаж амьдарч байгаа нугараач Н.Тунгалаг гээд үе үеийн нугараачид, шавь нарын хамт оролцсон юм. Мөн энэ чиглэлээр уран бүтээл туурвидаг нийт уран нугаралтын 20 студийн уран нугараач, жүжигчид тус тусын шилдэг тоглолтуудыг үзүүллээ. Тоглолтод оролцох уран нугараачдын багийг Төрийн шагналт, Ардын Жүжигчин, уран нугараач Б.Норовсамбуу ахлан бэлтгэсэн байна. Түүний багийнхан тоглолтод оролцох уран нугараачдыг маш нарийн шалгуураар сонгожээ. 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн тоглолтод оролцох уран нугараачдын сонгон шалгаруулалтыг Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Хөтөл, Ханбогд, Дундговь, Дорноговь аймгуудад явуулсан байна.
Дэлхий дахинд ховор үзүүлбэрт тооцогддог уран нугаралтын тоглолтыг ийнхүү хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй, өндөр хэмжээнд зохион байгуулсан энэхүү арга хэмжээг Гиннесийн амжилтад бүртгүүлэхээр монголчууд санаачилсан бөгөөд
Дэлхийн циркийн түүхэнд монголчууд уран нугаралтын үзүүлбэрийг гаргаж ирсэн гэгддэг. Сүүлийн үед Хятад зэрэг Азийн орнууд мөн уран нугаралтаар амжилттай үзүүлбэр үзүүлж байгаа ч анхлан дэлхийн тавцанд гаргасан монголчуудын хувьд ийн томоохон хэмжээний тоглолт зохион байгуулж байгаа нь бас нэг онцлог арга хэмжээ болж байгаа юм.
Ийнхүү Монголчууд Гиннесийн номонд уран нугаралтаар бүртгэгдэх болзол хангалаа.
Гэрэл зургийг gogo.mn
Сэтгэгдэл байхгүй байна