• Эхлэл
  • Музейн нээлттэй өдрүүд эхэлнэ

Музейн нээлттэй өдрүүд эхэлнэ

2025/02/25

 Музейн нээлттэй өдрүүдийг гуравдугаар сарын эхний долоо хоногт орон даяар зохион байгуулна. 

Орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 101 жилийн ойн хүрээнд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод заасан зорилт арга хэмжээний хэрэгжилтийг­ хангахад дэмжлэг үзүүлэх, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд”  гуравдугаар сарын 1-7-нд болно. 

Энэхүү долоо хоногт ачаалал хоёр дахин нэмэгддэг бөгөөд зуны улиралд музей үзэх жуулчдын тоо өдөрт хамгийн ихдээ 500-600 байдаг байна. Бусад үед оюутан, сурагчид ирж үзэх нь бага, ахмад настнууд түлхүү үйлчлүүлдэг ажээ. 

Өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-нд 2900 гаруй үзэгч, гуравдугаар сарын 2-нд 3700 хүн Монголын үндэсний түүхийн музейг үзэж, сонирхжээ. Тус музей 16 хүртэлх насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй үйлчилдэг бөгөөд энгийн өдрүүдэд тасалбарын үнэ том хүн 20000, гэр бүлээрээ үзэхээр бол 15000 төгрөг байдаг. Түүнчлэн гэрэл зураг авах бол 20000, оюутан 10000 төгрөгөөр үйлчлүүлдэг аж. 

Тэгвэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хүүхэд болон өндөр настан, зорилтот болон тусгай хэрэгцээт иргэдэд бүх өдөр үнэгүй үйлчилдэг. “Музейн нээлттэй өдөр”-ийг тохиолдуулан хүүхэд, залуус маш ихээр ирж, сонирхдог. Хэвийн өдрүүдэд музей үзэхэд том хүн 10000, оюутан 3000 төгрөгийн үнэтэй.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин