Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Чингис хаан Үндэсний музей, Чехийн Үндэсний музейтэй хамтран “Чингис хаан” /Chinggis khaan/ олон улсын үзэсгэлэнг Прага хотноо 2025 оны 3 дугаар сарын 10-наас Чехийн Үндэсний музейн “Historical building” танхимд дэлгэхээр болжээ.
Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсаас Чингис хаан Үндэсний музей болон ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэнгийн нийт 170 дэсийн 698 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлийг дэлгэх юм.
Чингис хаан Үндэсний музей нь олон улсын хилээр чөлөөтэй нэвтрэх тусгай эрх бүхий, тусгай ариутгал хийсэн зориулалтын сав, хүчил шүлтгүй тусгай баглаа боодлыг тухайн үзмэрийн хэмжээнд тааруулан БНСУ-д захиалгаар хийлгэн, үзмэрүүдээ музейд эргэн ирэх хүртэл хариуцах олон улсын даатгалд хамруулан үзмэр эд өлгийн зүйлийг гааль, цагдаа, тагнуул, салбарын хяналт дор Монгол Улсын “Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх журам”-ыг баримтлан зөөж тээвэрлэсэн байна.
Улаанбаатар хотноо өнгөрсөн жилийн зургаадугаар сард Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, БНЧУ-ын Үндэсний музейн ерөнхий захирал Михал Лукеш нар “Үзэсгэлэн зохион байгуулах, уг үзэсгэлэнд үзмэр оролцуулах талаар хамтран ажиллах тухай гэрээ байгуулж байв.
Тус үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл байхгүй байна