Сар шинийн баяр болохтой холбоотойгоор замын хөдөлгөөнд ачаалал үүсч байгаа тул хоёрдугаар сарын 22-27-ны хооронд улсын дугаарын тэгш сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах болсон талаар өнөөдөр /2025.02.20/ Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан болон Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөн удирдлагын төвийн холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Хязгаарлалтад гадаадын зочин төлөөлөгч айлчлалын машин, дипломат байгууллагын машин, банк, хэвлэл мэдээллийн таних тэмдэгтэй машин, мөн сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдын унаа хязгаарлалтад орохгүй юм байна.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.ОТГОНТАМИР:
-Үндэсний их баяр наадам болон сар шинийн баяр дөхөхөөр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул улсын дугаарын тэгш сондгой хязгаарлалтыг үе шаттайгаар зохион байгуулж ирсэн. Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу хоёрдугаар сарын 22-27-ний өдрийн хүртэлх хугацаанд зургаа хоног өглөөний 08:00 цагаас оройны 20:00 цаг хүртэл хязгаарлалт хийх гэж байна. Өвлийн бүсчлэл хэвээрээ. Таван Шарын уулзвараас зүүн тийш Чулуун-Овооны уулзвар. Хойшоо 32-ын уулзвар. Урд хэсэг МИС -ийн уулзвар, 120 мянгатын уулзвар байгаа. Нэмэгдсэн нь МИС -ийн уулзвараас 19-ийн үйлчилгээний төвийн Дунд голын зам нэмэгдсэн. Мөн Махатма Гандигийн гудамж нэмэгдсэн. Урагшаа И Мартын уулзвар хүртэлх зам нэмэгдсэн. Иргэд та бүхэн зургаа хоногийн хугацанд тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцохдоо цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж хөдөлгөөндөө соёлтой оролцоорой гэж хэлэх байна.
Тухайлбал, хоёрдугаар сарын 22-нд улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн, 23-нд улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн, 24 нд улсын дугаар нь сондгойгоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно.
Замын хөдөлгөөн удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалтын хяналтын хэлтсийн дарга Н.НАМУУ:
-Ойрын өдрүүдэд “Барс”, “Хархорхин”, “Сандэй”, “Сандэй-2”, “Нарантуул”, барилгын материалын “Зуун айл” худалдааны төвийг чиглэсэн хөдөлгөөн нэмэгдэж байна.
Өмнө нь 17:00 цагаас зорчилт хөдөлгөөн нэмэгддэг байсан бол ойрын өдрүүдэд 13:00 цагаас ачаалал үүсч, түгжрэл эхэлж байна.
Жишээлбэл, өнгөрсөн Мягмар гаригт 100 айл руу чиглэх хөдөлгөөн ачаалал авснаас шалтгаалж Чингэлтэйн өргөн чөлөө, Ногооннуурын гудамж, Бага тойруу зэрэг гудамж талбайд зорчилт хөдөлгөөн нэмэгдэж, түгжрэл үүсгэсэн.
Баяр наадам дөхөхөөр томохоон зах худалдааны төвийг чиглэсэн хөдөлгөөнөөс шалтгаалаад замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Иймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч дугаарын тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах болсныг мэдэгдье гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна