Тосон энержи ХХК-ийн Дулааны Цахилгаан Станц 12 дугаар сарын 29-ний Богд хаант улсыг тунхагласан өдөр зуухандаа анхны галаа асааж, 2025 оны нэгдүгээр сард Төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогджээ. Завханы Тосонцэнгэлд баригдсан Тосон ДЦС-ыг Жем Групп ХХК өөрийн хөрөнгө оруулалтаар байгуулаад байна.
Бэлгэ дэмбэрэлтэй өдөр зуухандаа анхны галаа асааж,Төвийн эрчим хүчний сүлжээнд ДЦС-аа амжилттай залгаж, Баруун бүсийн эрчим хүчний ачааллыг хуваалцаж байгаа танай хамт олонд баяр хүргэе. Та энэ төсөлд эхнээс нь оролцоод явсан юм байна шүү дээ?
Маабазарын Түвшинбат. Тосон энержи ДЦС-ын Гүйцэтгэх захирал. МУИС-ийн физикийн ангид сурч байгаад Японы ЗГ-ын тэтгэлгээр суралцаж Механикийн системийн инженер мэргэжил эзэмшин 2012 оноос Японд эмнэлгийн тоног төхөөрөмжийн компанид бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инженер, 2014 оноос Японы Ион группийн Камбож дахь төсөлд 6 жил захирлын орлогч хүртэл дэвшин ажилласан. 2022 оноос өнөөгийн албан тушаалаа хашиж байна.
Энэ ДЦС-ыг өөр газар баригдахаар яригдаж байгаад сүүлд Тосонцэнгэл сумын төвд гэж шийддэгдсэн юм билээ. Тосон энержи бол 100 хувь Жем группийн охин компани. Гэрчилгээ авах, компани байгуулахаас авхуулаад гэрээ контракт гээд бүх юманд нь оролцоод явж байгаа төсөл. 2023 онд талбайн ажил эхэлсэн төсөл, 2024 оны сүүлээр утаагаа гаргаад залгаж байна гэхээр богинохон хугацаанд амжилттай ажиллажээгэсэн үг. Нарийндаа 15 сарын хугацаанд барилга, усралтын ажил явагдаж, залгах хэмжээнд хүрч чадлаа. Бид 2022 оны тавдугаар сарын дундуур Камбож улсад бүртгэлтэй, олон улсын Митайм компанитай гэрээ байгуулсан. Тэгээд бичиг цаас, зөвшөөрөл, хил гааль, тээвэр гээд ажлууд өрнөсөн. Эрчим хүчний яам тэргүүлсэн, төрийн байгууллагууд, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний үндэсний төв, Диспетчерийн үндэсний төв, Алтай-Улиастай Эрчим Хүчний Систем зэрэг газруудаас холбогдох дэмжлэг, зөвшөөрөл, гэрээ хэлцэл, шийдэл гарц ээлж дараалан явагдсан. Орон нутагт том үйлдвэр байгуулж байгаа болохоор Байгаль орчны яам, Усны газартай харилцах гэх мэт төртэй холбоотой мэргэжлийн ажлууд шууд, хурдан бүтээд явчихна гэж байхгүй.
Цаанаасаа тэгдэг юм байна уу эсвэл та учрыг нь олохгүй байсан юм уу?
Нэгдүгээрт би баахан гадаадаар явж байгаад ирсэн юм. Монголд ажиллаж байсан туршлагагүй. Холбогдох яам тамгын газруудад нэг хүсэлт, бичиг өгөхөөр ажлын 5 хоногт, ажлын 10 хоногт шийддэг. Эсвэл зөвшөөрөл өгөх хурал нь сар, улиралд нэг удаа хуралддаг гэдэг ч юм уу тийм юмнууд байсан. Гэтэл Монголд хувийн хөрөнгө оруулалтаар эрчим хүчний, тэр дундаа ДЦС-ын шинэ эх үүсвэрийн анхны төсөл явж байна. Тэгээд маш онцгой ач холбогдолтой байрлал дээр ийм төсөл хэрэгжих гэж байна гэдгээрээ эрчим хүчний салбарынхан бүгд явуулахын төлөө дэмжсэн. Бичиг цааснаас гадна мэдээж зураг төсөлтэй холбоотой ажлууд 2022 оноос зэрэг явсан. Тэрийг харж хянах, баталгаажуулах ажлууд бас явна. 2023 оны зунаас талбайн ажилдаа орсон, Тосонцэнгэл хүйтэн газар, гуравдугаар сард эхлүүлчихье гэсэн. Тэгээд өдөрт нэг удаа экскаваторын шанага газар зоож үзчихээд л болохгүй байна гэсээр бараг зургаадугаар сард эхэлж таарсан.
Аль ч салбарт хувийн хэвшил ажиллахад төрийн хүнд сурталтай нүүр тулдаг. Энэ талын саад бэрхшээл юу байв?
Бүх тоноглол, материалууд импортоор орж ирж байгаа. 2023 онд стратегийн ач холбогдолтой төслийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх, бусад холбогдох татваруудыг нь хойшлуулах тогтоол долоодугаар сард батлагдсан. Бид боломжийг ашиглаад тоног төхөөрөмжөө оруулаад ирсэн. Энэ хөнгөлөлтөд хамрагдсан анхны эрчим хүчний төслүүдийн нэг нь манайх байх. Гэтэл холбогдох хууль гарчихсан ч хэрэгжилт цаг их авдаг юм байна лээ. Хууль тогтоомж шинэ тутам болохоор яам, газрынхан бас журам энэ тэрээ гаргах асуудлуудаас болоод чирэгдэл их гарсан.
Ми Тайм интернэйшнл группийн төслийн удирдагч Жа. Би хятад үндэстэн, эрчим хүчний цахилгаан автоматикийн инженер. Би Сичуан мужийн гаралтай хүн. Одоо манай нутагт 10 орчим градусын дулаан байгаа. Тосонцэнгэлд 28 орчим градусын хүйтэн байна. Хэдийгээр Тосонцэнгэл хүйтэн ч төслөө амжилттай хэрэгжүүлсэн учраас бид өөрсдөө дотроо их дулаахан байна.
Ингээд бид яаралтай оруулж ирэх шаардлагатай төхөөрөмжийн татварыг нь төлөөд л оруулж ирсэн. Иймэрхүү асуудлаас тээвэр ложистикийн асуудлууд хойшилж суурилуулалт угсралтын ажил хойшиллох шалтгаан болсон нь цаг алдах, зардал өсөх хүндрэл бий болгодог юм байна. Төсөл дээр хятадуудаас гадна вьетнамчууд ирж ажилласан. Соёл, хоол унд, ажлын арга барил өөр, хэл нэвтрэлцэхэд бэрхшээлтэй. Англиар яриад орчуулагчаараа дамжуулаад харилцах ч бүрэн ойлголцох адармаатай. Буруу ойлголтоос болж ажил саатах явдал бишгүй дээ л гарсан. Байнга тэврэлдээд найзалж явахгүй, барилцаж авахаас наагуур үе их гардаг. Миний өмнө ажиллаж байсан төслүүд ч бас адилхан л байсан.
Монголд барилга барих хугацаа дэндүү богинохон юм байна тээ?
Богинохон, 2023 онд бэлтгэл ажил дөрөвдүгээр сараас эхэлсэн. Тэгээд 2023 онд аравдугаар сарын сүүл гэхэд талбайн ажил зогссон. Тухайн үед энэ бүс нутагт их цас орж хүйтэрсэн. Манай гүйцэтгэгч Митайм компанийн ажилчид Хятадын өмнөд нутгаас ирсэн. Хүйтэнд ажиллах туршлагагүй. Даараад, ингээд арваннэгдүгээр сарын 01-нд зогссон гэдэг чинь 2023 онд бол 5 сар, 2024 онд бол харьцангуй эрт дөрөвүгээр сараас эхэлж 8 сар, нийтдээ 15 сарын хугацаанд барилга угсралтын ажил үргэлжлээд зуухныхаа яндангаар 2024 оны арванхоёрдугаар сарын 29-нд утаа гаргаж эхний блокийг залгачхаад явж байна. Ингээд 15 сарын дотор иймэрхүү эрчтэй явна гэдэг Монголын нөхцөл, тэр дундаа Тосонцэнгэлд бол хурдандаа орно.
Тээвэр ложистикийн асуудлууд гарч ирнэ. Бүх тоноглол Эрээний боомтоор орж ирээд Замын Үүдээс Улаанбаатар хот, тэгээд Улаанбаатараас наашаа 820 км туулна. Төсөл маань бүрэн дуусаагүй байна. Гадна, дотор тохижилтоос авахуулаад зөндөө ажлууд бий. Ирэх дулааны улиралд бүрэн дуусгачихна. Дотор хийх засал чимэглэлийн ажлуудыг гуравдугаар сараас хийнэ. Ер нь зургаадугаар сар гэхэд барилга угсралт, зам талбай, тохижилтын ажлуудыг дуусчихна гэж харж байгаа. Станцыг ажиллуулах техникийн боломж нь бол бүрдчихсэн. Монгол Улс эрчим хүчний дутагдалтай байна. Оросоос, Хятадаас эрчим хүч импортолж байна. Хоёрдугаарт шугам сүлжээ найдваргүй байна. Энэ өвөл Мөрөн-Тэлмэнгийн шугамд хоёр ч удаа шугамын гэмтэл гарсан. Тэр болгонд нь бараг 24 цагаар Завхан, Говь-Алтай аймаг цахилгаангүй байдаг.
Ямар төрлийн гэмтэл илүү гараад байх шиг байна?
Янз янз. Зөвхөн Улаанбаатарт ч биш орон нутагт ч жил бүр эрчим хүчний хэрэглээ өсөөд ачаалал нь нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор цахилгаан дамжуулах утаснуудын ачаалал авах чадвар нь зөвшөөрөгдөх хэмжээнээс даваад байгаа юм. Жишээ нь, 18 МВт цахилгаан дамжуулах ёстой байтал давчихаар шугамд гэмтэл гарна. Хоёрдугаарт Мөрөн-Эрдэнэтийн шугам 10 хэдэн жил болчихсон. Ерөнхийдөө насжилт нь өндөр юм билээ. Бас иргэдийн хариуцлагагүй байдал ч нөлөөлдөг. Цахилгааны шонг машинаар мөргөсөн байсан. Энэ гэмтлийг эрчим хүчнийхэн 24 цагийн дотор өдөр шөнөгүй ажиллаж устгасан.
Манай станцын ач холбогдол нь яаж байна вэ гэхээр, бид үйлдвэрлэсэн эрчим хүчээ гол зангилаа, эндээс 60 км зайтай Тэлмэн дээр байгаа дэд станцад нийлүүлж байгаа. Тийшээ эрчим хүчээ нийлүүлэхээр зөвхөн Мөрөн-Тэлмэнгийн шугамыг харалгүйгээр ямар нэгэн асуудал гарахад бид тодорхой ачааллыг нь үүрэлцээд Завхан, Говь-Алтай Хөвсгөл аймгийг хангаад явчих боломжтой болчхож байгаа юм.
Танай станцын үндсэн гол үүрэг нь баруун бүсийн найдвартай ажиллагааг чинь хангахад оршиж байна уу?
Тийм, эхний ээлжид Завхан аймаг, Говь-Алтай аймаг, Хөвсгөл аймгийн сумдын ачааллыг хуваалцана. Мэргэжлийн хэллэгээр нэгдсэн сүлжээнд зэрэгцээ ажиллах гэдэг. Баруун аймгууд ОХУ-аас эрчим хүчээ авч байна. Ховд-Улиастайн 110 кВ-ын шугам яригдаж байгаа. Энэ ороод ирвэл баруун аймгуудын ачааллыг тодорхой хэмжээгээр хуваалцана. Эхний ээлжид бид 22 МВт-ын ДЦС-ын эхний блокоо залгалаа. Тосон энержи 30 МВт-ын зөвшөөрөлтэй. Хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан ч бүс нутгийн эрчим хүчний ачааллыг хуваалцах зорилготой баригдсан. Харин шугам сүлжээний найдвартай байдал, ачаалал даах чадвар яах бол? Улсын байгууллагууд тооцоо судалгаа хийдэг байх. Бидэнд станцаа өргөтгөөд илүү чадалтай станц болгох зорилго бол байгаа.
Улиастай-Алтайн сүлжээний ачаалал нь хэд байдаг юм, нийлээд?
Би яг тодорхой мэдэхгүй байна. Алтай-Улийстайн сүлжээ оргил ачаалалд 28 МВт орчим хүрдэг байх, энэ өвөл дунджаар 24 МВт орчимтой явж байх шиг байна. Говь-Алтайд 10 Мвт-ын, Завханд 5 Мвт-ын нарны эх үүсгүүр бий. Тайширын, Богдын голын гээд жижиг чадлын УЦС-ууд ч байгаа. Тэд дулааны улиралд ачаалал харьцангуй хуваалцдаг. Харин ДЦС бол улирал харгалзахгүй, нар салхи хамаарахгүй, илүү найдвартай эрчим хүч. Баруун бүс гэлтгүй Монголд анх удаа хувийн хөрөнгө оруулалтаар ДЦС-аа эрчим хүчний нэгдсэн сүлжээнд залгасан. Ингэж залгахдаа бас Тосонцэнгэлийг Тэлмэнтэй холбох 110 кВ-ын шугамыг барих шаардлага гарсан. Ингээд 61.7 км урт, төмөр тулгууртай 110 кВ-ын шугамыг өөрийн хөрөнгөөр барьсан.
Яагаад танайх барьж байгаа билээ? Хуулинд 35 кВ-оос дээш цахилгааны шугам төрийн мэдэлд байна гэсэн заалт байдаггүй бил үү?
Хуулиараа тийм зохицуулалттай. Гэхдээ бид төр шугам барьж өгөхийг хүлээвэл станцаа барьчхаад эрчим хүчээ түгээж чадахгүй нөхцөл үүссэн. Станцынхаа ажлыг эхлүүлчихсэн байгууллага эрчим хүчээ үйлдвэрлээд, нийлүүлээд, зохих төлбөр тооцоогоо хийгээд явахаас өөр аргагүй. Үүнтэй уялдуулаад бид шугамыг өөрийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулсан.
Өртөг нь хэд болсон бэ?
Багцаагаар 6.8 сая орчим ам.доллар буюу 20 тэрбум гаруй төгрөг гарчаад байна.
Танай тоноглолууд хаанахын, аль үйлдвэрийн тоноглолууд вэ?
Тоноглолуудын хувьд ДЦС-ын тоноглолын нөү хау, шинэ бүтээгдэхүүний санааг бүгдийг нь одоо хятадууд тэргүүлж байна. Үндсэн тоноглол зуух, турбин, генератор гурав Хятадынх. Зуух нь Тайюан Бойлер гэдэг компанийнх, турбин нь Ханзоу Чинэн турбин, генератор нь Жинан Повэр компанийнх. Манайх дунд болон дундаас бага чадлын станц гэдэгтээ орно. Дунд болон дундаас бага чадалтай станцын тоноглол үйлдвэрлэлээрээ БНХАУ-даа эхний тавд ордог компаниуд.
Нөү хау шингэсэн, сүүлийн үеийн технологи шингээсэн гэдгийг яаж тодорхойлж байна?
Манай зуух бол эргэлтэт буцламтгай үе шаттай зуух. Нүүрсээ тээрэмдэж дотогшоо оруулаад тоосруулж эргүүлээд шатаадаг. Түлш голохгүй. Хуучны тоноглолуудаас илүү автоматчилагдсан. Түлшний зарцуулалт бага. Уутан шүүлтүүртэй технологи тавигдсан. Ер нь бүрэн автоматчилагдсан. Зуух, турбин, цахилгаан дамжуулах дээр хүн очоод зогсох шаардлагагүй. Төв шитээс бүгдийг удирдаад зохицуулна. Зуухны, турбины горим бариулах үйл ажиллагааг бүгдийг нэгдсэн удирдлагаар хянаад явж болно.
Тэгэхээр ижил чадлын станцуудтай харьцуулахад харьцангуй цөөн тооны хүн ажиллах уу? Ер нь одоо хэдэн хүн ажиллаж байна?
Одоогийн байдлаар төв удирдлага дээр 6, 7 мэргэжилтэн байна. Үйл ажиллагаа бүрэн жигдрээгүй байгаа.
Одоо ашиглалт дээр хятадууд байна уу, монголчууд байна уу, хэд хэдэн хүн байна. Сонсохоор боловсон хүчний дутагдалд орсон, тэр дундаа эрчим хүчний боловсон хүчин их дутагдалтай байгаа гэж бол сонсогдоод байх юм.
Тогтохбаярын Идэрчулуун. 2020 онд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн ДЦС станцын инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Тавантолгой түлш компанид уурын техникч хийж байсан. 2024 оны 5 сараас өөрийн хүсэл сонирхлоор нутаг орондоо баригдаж энэ бүтээн байгуулалтад оролцохоор энд ажиллаж байна.
Боловсон хүчин эрчим хүчний салбар гэлтгүй хаа хаанаа хүнд юм байна билээ. Тосонцэнгэлд, орон нутагт ирж ажиллах хүн ховор. Тосонцэнгэл гэхээр Монголын хамгийн хүйтэн цэг гээд монголчуудын толгойд суучихаж. Тиймээс Завханых, Тосонцэнгэлийнх, эсвэл Архангай гээд ойр хавийн орон нутгийг мэддэг хүн л ажиллах болов уу. Ер нь боловсон хүчнийг татахад зовлонтой. Тэр ч үүднээс одоо ажиллаж байгаа боловсон хүчнүүдийн нийгмийн асуудлыг шийдэх, ажилчдын орон сууц барихаар төлөвлөөд зураг төсөл нь батлагдаад явж байна. Ойрын хугацаанд ажлыг нь эхлүүлнэ.
Мэргэжлийн сургуулийн оюутнуудтай гэрээ байгуулсан уу?
ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль хоёр жил нь энд, хоёр жил нь БНХАУ-д сургадаг 2+2 хөтөлбөртэй юм байна. Тийм оюутантай гэрээ байгуулах шаардлагатай. Станц Хятадын тоноглолтой болохоор Хятад тоноглол дээрээ ажилладаг хэл усыг нь мэддэг мэргэжилтэн чухал. Одоо жигдрүүлэлт дээр хятадууд явж байна, барьсан улсууд нь хятад, тэгэхээр тэр улсуудтай харьцах мэргэжлийн хятад хэлтэй хүн хэрэгтэй. Том бэрхшээл бол инженерийн хятад хэлтэй хүн ховор.
Урт хугацаандаа Тосонцэнгэл сумын МСҮТ-д зуух, турбины машинч гээд ДЦС-ын боловсон хүчин бэлтгэвэл гэдэг бодол байна. ДЦС тасралтгүй үйл ажиллагаа явуулахаар боловсон хүчнээр тасралтгүй хангах шаардлага гарна. Тэрийг бодохгүй бол болохгүй. Аймаг, сумын удирдлагууд болон МСҮТ-тэй уулзсан.
ДЦС цахилгаанаас гадна дулаан үйлдвэрлэнэ. Монголын хамгийн хүйтэн цэгт дулаан цахилгаанаас дутахгүй хэрэгтэй байж таарна.
Бид Тосонцэнгэлийг дулааны эрчим хүчээр хангах бүрэн боломжтой. Дулаан дамжуулах нэгдсэн шугам сүлжээ хэрэгтэй. Холбогдох зураг төсөл төсвөөр хийгдэж байгаа юм билээ. Шугам сүлжээ тавигдчихвал Тосонцэнгэлийг дулаанаар бүрэн хангана. Дулаанаас гадна үйлдвэрийн уур гаргана. ДЦС-ын төсөл анхнаасаа технологийн уурын авлагатай хийгдсэн. Арьс ширний, ноос ноолуурын, барилгын материалын гэх мэт үйлдвэрлэлийн уур ашигладаг ЖДҮ Тосонцэнгэлд байгуулах боломжтой, үндсэн нөхцөл нь бүрдсэн. Тэгэхээр сумын хөгжилд том түлхэц өгнө.
Тосонцэнгэлд ДЦС ажиллаж эхэллээ. ДЦС үндсэн үйлдвэрлэлээсээ орон нутгийн бусад аж ахуйн нэгждээ ямар дам нөлөө үзүүлэх бол?
Завхан аймагтаа хамгийн том үйлдвэрлэгч боллоо. Том татвар төлөгч гэсэн үг. Хууль дүрмээрээ бидний төлсөн татварын тодорхой хувь орон нутагтаа үлдэнэ. Том төслийн нөлөөний талаар ганц жишээ хэлэхэд, Могойн голын нүүрсний уурхай жилд 60 мянган тонн нүүрс борлуулдаг байсан. Хөвсгөл, Завхан аймгийн төв, сумдыг хангадаг уурхай. Одоо ДЦС дангаараа жилд 120-30 мянган тонн нүүрс түлнэ. Могойн голын борлуулалт тэр хэмжээгээр нэмэгдэхээр Могойн голын төлөх татвар мөн тэгж өснө. Орлого нь гурав дахин өснө гэсэн үг. Бараг 180-200 зуугаад мянган тонн нүүрс бэлтгэх хэрэгтэй. Тэр хэмжээгээр Могойн голын уурхай томорно. Том бүтээн байгуулалтын дам нөлөө гэдэг станц дээр, хашаан дотор аваад байгаа цалин биш. Могойн голын олборлолт нэмэгдэх тусам тэнд ажлын байр бий болно, тоног төхөөрөмж авна, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Могойн гол 50 жил ажилласан уурхай ч анх удаа олборлолт нь гурав дахин нэмэгдэх гээд байна. Ийм нөлөө бий болгож байгаа бүтээн байгуулалт. Том төслийн эргэн тойрондоо үзүүлэх эдийн засгийн гол хаялга нь ийм байна.
Үйлдвэрлэсэн эрчим хүчээрээ бусад бүтээмжийг ямархуу байдлаар өсгөхийг тооцож гаргаж болно. Та эдийн засгийн утгыг нь товч тодорхой хэлж өгөөч.
Зөвхөн өөрийнх нь хэрэглэх ус, нүүрс бусад зүйлсийнх нь эргэлт орон нутгийн борлуулалтыг гурав дахин өсгөнө. Бүс нутгийн эдийн засгийг яаж хурдацтай өсгөх вэ гэхээр манайхан малынхаа тоог өсгөх тухай ярьдаг. Гэтэл жилдээ ганц төллөдөг, тэгээд хэдэн хувь нь төлөх билээ? Гэтэл ДЦС далайцаараа өөр. Борлуулалтынх нь хэмжээ их. Бид нарын Диспетчерийн үндэсний төвтэй байгуулсан гэрээгээр жилдээ 30 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийнэ. Гучин тэрбумын борлуулалт хийдэг ААН сумд, аймагт бий боллоо. Завхан аймгийн нийт хөрөнгө оруулалт төсөвтэйгөө нийлээд 50 тэрбум орчим төгрөг байх. Тосон энержи ДЦС дангаараа 30 хувьтай нь тэнцэхүйц эргэлтийг бий болгох гээд байна. Эдийн засгийнх нь утга ийм.
Макро түвшинд ийм байх нь. Хувь хүнд цахилгаан тасрахгүйгээс өөрөөр яаж мэдрэгдэх бол?
Энэ бүс нутгийн иргэд бараг ДЦС 4-өөс буюу хотоос цахилгаанаа авч байна. Хүчдэлийн уналт гэж байдаг. Тэгэхээр хөдөө орон нутгийн айл орой хоол хийчихье гээд плитка залгахаар хүчдлийн уналттай юм чинь мөдгүй. Өөр олон юм залгах боломж байдаггүй. Ганц данх цай буцалгахад 20-30 минут болно. Цахилгаан эрчим хүчний чанар сайжирна гэдэг нь хүчдэлийн уналтгүй болно гэсэн үг. Найдвартай эрчим хүчээр хангаад эхлэхээр цахилгаанаар бүтээх хугацаа багасч бүтээмж дээшилнэ. Хамгийн гол нь Тосонцэнгэлийг найдвартай дулаанаар хангахаар тохь тухтай орчин бий болно. Бидний урьдчилсан тооцоогоор 200 гаран ажлын байр шинээр бий болно. Зөвхөн станцад ажиллахаас гадна наад зах нь нүүрс тээвэрт одоогоор хориод машин явж байна. Тэрний хажуугаар ДЦС-ын ажилчдын хоол, нормын хувцасыг нийлүүлэхээс авхуулаад орон нутгийн иргэдэд орлого олох боломж нэмэгдэнэ.
Одоо аялал жуулчлал хөгжих суурь бий болно. Цахилгаан чанартай болчихоор үйлчилгээний бүх дэд бүтцийг байгуулахад ядах юмгүй. Завханы Тосонцэнгэлд анх удаа 6 давхар зочид бол баригдаад эхэлчихсэн явж байна. Зочид буудлаа бариад дуусахад дулаан хангамж найдвартай болчихно гэдэг итгэлтэй явж байгаа ажил. Тосонцэнгэлийн газрын үнэ илт өсөөд ирлээ. Дэд бүтцээ дагаад хүмүүс бизнесээ сайжруулах, өргөжүүлэх нөхцөл бүрдэж байгааг хэн ч хэлүүлэхгүйгээр ойлгож байгаа. Цахилгаан тасардаг, чанар муутай орчинд юм хийе гэсэн ч хэцүү.
Өмнө нь цахилгаан машин унах нөхцөлгүй байсан. Яваандаа бол нүүрс тээвэрт цахилгаан машин хэрэглэж болно. Улаанбаатараас дизель түлш авчирч хэрэглэх нь манай бүтээгдэхүүн буюу цахилгааны өртгийг нэмж байгаа. Тэгвэл өөрсдөө гаргасан эрчим хүчээ ашиглаад нүүрс тээвэрт цахилгаан машин явуулах гэх мэт шинэ хэрэглээ, шинэ ойлголт ч гарч ирнэ. Бид эрэлтийг дагаж нийлүүлэлт үүсдэг гэдгийг мэддэг бол одоо нийлүүлэлт бий болчихоор эрэлтийг өдөөдөг гэдгийг олж харах ёстой. Энэ сэдвээр Нобелийн шагнал авчихсан хүмүүс бий.Тод жишээ нь Iphone шүү дээ. Бүтээгдэхүүн үүсчихээр дагаад хэрэглээ үүсдэг зүй тогтол.
Танайх 1 кВт-аа танайх чинь хэчнээн төгрөгөөр нийлүүлж байгаа билээ?
Ер нь Бөөрөлжүүттэй адилхан, Бөөрөлжүүтээс арай хямдхан. Бид Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг Диспетчерийн үндэсний төв, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний яамтай нэлээн ярилцаж байгаа. Улаанбаатараас 820 километрийн зайтай станц гэх мэт бусад дэд бүтцээ тооцохоор өртөг өндөр гарсан. Том станцын нэгж бүтээгдэхүүнд оногдох зардал нь харьцангуй буурдаг. Манайх их өндөр гарсан ч тэднийтэй жишиж манай үнийг тогтоосон. Манай 1 кВ цахилгааны үнэ 0.085 цэнт.
Та бүхний хийсэн ажлын нийгэм, эдийн засгийн үр ашгийг тоочоод барахгүй. Харин бусад хувийн хэвшилд өгсөн урам нь илүү байх тээ?
Бидэнд баяр хүргэж байгаа хүн захаас аван бий. Нийгмийн сүлжээ сайхан уур амьсгалаар хүлээж авсан. Хувийн хэвшил харьцангуй богинохон хугацаанд станц барьчихлаа, хувийнхан илүү хурдан юм байна гэх мэт сэтгэгдэл их байна билээ. Баруун бүс гэнгүүт баруун таван аймаг гэж ойлгодог. Эрдэнэтээс баруун тийш Алтай Таван Богд хүртэлх Монгол Улсын газар нутгийн бараг 40 хувийг эзэлсэн нутагт анх удаа, тэр дундаа хувийн хөрөнгө оруулалттай томоохон хэмжээний эрчим хүчний тогтвортой эх үүсвэр бий боллоо. Эрчим хүчний хангамж тогтвортой, найдвартай, тасралтгүй байх ёстой. Сэргээгдэх эрчим хүчний үүсвэр байгалийн эрхшээлд байдаг. Бусдад төсөл хэрэгжүүлэх урам өглөө гэдгээсээ илүү дахиад ийм эрчим хүчний төсөл энэ бүсэд эхлэх суурь нь болно. Яагаад гэвэл дараагийн төслүүд манайхаас галаа авна. Эрчим хүчний төсөл буюу ДЦС хаанаас эхний очоо авах вэ гэдэг. Дараагийн төслүүд манайхаас татсан агаарын шугамаар цахилгаан авч эхний галаа өгнө.
Ёндонжамцын Намхаймядаг. Анх Хятад компанийн бичиг хэргийн ажилтан гэдэг албан тушаалыг хашиж байсан. Саяхнаас Тосон энержи компанийн Нүүрс тээврийн нүүрсний нярваар ажиллаж байна. Анх хятадуудтай харилцахдаа транслэйт ашиглаад багцаалчихдаг байсан.
Баруун бүс нутагт том бүтээн байгуулалт хийх суурь болж байгаа юм. Тосонцэнгэл эрчим хүчний системийн гол зангилгаа буюу онцгой цэг боллоо. Түүгээрээ их ач холбогдолтой төсөл. Завхан аймгийн сүүлийн дөрвөн жилийн дунджаар үзэхэд нэг жилд 15-20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Энэ багцаагаар төр хийх юм бол долоон жил хүлээх төсөл. Харин 140 тэрбум төгрөгийн төслийг хувийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Бүс нутагтаа их ач холбогдолтой.
Улсын комисст бүрэн ашиглалтад өгөөд нэг жил орчим яваад жигдэрсний дараа их өөр үр нөлөө гарна. Станцын чадлыг 30 МВт хүргэх ажлыг хоёр үе шатаар хэрэгжүүлнэ, одоогийн станц 22 Мвт-ын чадалтай, цаана нь найм дутуу гэсэн үг шүү дээ. Эхний алхмаа хийчихсэн учраас үүгээрээ санхүүжилт хийх замаар өргөтгөлийг төлөвлөж байна. Тэгэхээр ойрын гурван жилд асуудал шийдэгдвэл бид нар хувийн хөрөнгө оруулалтаар 100 мвт-ын цахилгаан станц барьчихна. Ингэж бусдад сайн үлгэр жишээ болно гэж бодож байна. Монгол Улс хувийн хөрөнгө оруулалтыг дэмжээд, зөв бодлого чиглэл баривал ийм төсөл хийх хүмүүс зөндөө бий. Орон нутагт яаж ДЦС-ын төсөл хийх вэ гэж асууж сурагласан улсууд ирээд үзэж хараад явж байна. Тэгэхээр хийх гэж байгаа улсууд зөндөө байна.
Сэтгэгдэл байхгүй байна