• Эхлэл
  • Ёсзүйн ДЕЛО: АН-ын сайд нар алт олборлогчдод сүжирч сөхрөх өртэй юү

Ёсзүйн ДЕЛО: АН-ын сайд нар алт олборлогчдод сүжирч сөхрөх өртэй юү

2024/11/01

Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.

“Монгол газар” компанийнхаа нэрээр овоглосон Ц.Мянганбаяр сүүлийн хоёр сарын хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газраас салахаа больжээ. Энэ нь “Монгол газар” ХХК-ийн эзэмшдэг MV-002426, MV-002427 тоот ашиглалтын лицензүүдийг цуцалсан дүгнэлтийг сэргээх магадлалтай албан бичиг цаасууд “амилж” эхэлсэнтэй холбоотой.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа энэ оны есдүгээр сарын 26-ны өдрийн А/714 тоот тушаал гаргажээ. Үүнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны наймдугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны наймдугаар сарын 20-ны 2019/02 дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлтийг хүчингүй болгосон байгаа юм.  

Энэхүү хүчингүй болсон дүгнэлт нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд байхдаа, байгаль орчинд хортой нөлөө учруулж буй учраас цуцлуулсан том шалтгаантай. Энэ бол аймаг, орон нутгийн төдийгүй мэргэжлийнхний дүгнэлт.   

 

Тэгвэл С.Одонтуяа сайд тус лицензүүдийн хязгаарлалтыг тайлснаараа “Монгол газар” компанийн байгаль орчинд хор нөлөө учруулахгүйгээр нотолгоог олсон хэрэг үү, эсвэл Ц.Мянганбаярын болон улс төрд нөлөө бүхий хэн нэгний дарамт, шахалтад оров уу гэдэг асуудал анхаарал татаж байна. Сонирхолтой нь сайд уг тушаалыг гаргасан өдрөө буюу 2024 оны есдүгээр сарын 26-ны өдөр,  01/4524 тоот албан бичгээр Дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Энхболдын “гомдолд хариу хүргүүлсэн” тухайгаа мэдэгджээ. 

Гэтэл 2024 оны аравдугаар сарын 16-нд буюу С.Одонтуяа сайдын тушаал гарснаас хойш 20 хоногийн дараа Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Бат-Эрдэнээс Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатарт гомдол гаргажээ. Гомдлын гол агуулга нь “Монгол газар” компанийг дампуурсанд тооцон, компанийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг авсан А.Энхболдын өмгөөлөгчөөр ажиллаж байгаагаа дурдаад дээрх сайдын тушаал гарчихаад байхад АМГТГ-т чиглэл өгч нэр дурдсан тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгооч ээ л гэсэн байгаа юм. 

Ямар гээчийн тогтмол давтамжтай, шахалт вэ? Ямартай ч өнөөдрийн байдлаар “Монгол газар”-ын гэгдэх Ц.Мянганбаяр АМГТГ-ын удирдлагуудын үүдийг сахиж, харин Баянгол дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2019 оны есдүгээр сарын 18-ны өдрийн шийдвэрийн тогтоох хэсгийн гурав дахь заалтаар Дампуурлын тухай хуулийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу “Монгол газар” компанийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг авсан А.Энхболд, түүний өмгөөлөгч нарын гомдлыг барагдуулан С.Одонтуяа сайд Цэнхэрийн голыг “цаазлах” хэмжээний хор аюултай шийдвэр гаргачихаад байгаагаа залруулна гэж найдаж байна.

Алтны “нинжа” нарт найр тавьсныхаа хариуцлагыг Ц.Туваан сайд хүлээх үү?

Хардах бас нэгэн сэжим байгаа юм. Энэ нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан өнгөрсөн есдүгээр сарын 10-ны өдрийн 01/365 албан тоотыг АМГТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Баярмандалд илгээсэн нь анхаарал татав. Зөвлөмжийн гол санаа нь Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолоор батлагдсан журмын хэрэгжилтийн хүрээнд “Бичил уурхайн нэгдсэн зөвлөгөөн” зохион байгуулахад дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэж, илтгэл тавьж оролцох, шаардлагатай зардлыг шийдвэрлэх, хурлаас гарсан үр дүн, зөвлөмжийн төслийг боловсруулж зэрэг ажлыг зохион байгуулна уу гэжээ. 

Бичил уурхайн зөвлөгөөн нь болж, Л.Баярмандал дарга нь ч илтгэлээ тавьсан юм билээ. Зөвлөлгөөнд ирсэн зочдыг нь шинжвээс төвийн бүсийнхэн голдуу байх юм.  Гэтэл зөвлөгөөн дууссаны дараа эрхэм сайд зөвлөгөөнөөс гарсан шийдвэрүүд дээр холбогдох төрийн байгууллагууд яаж дэмжиж ажиллах талаар мөн л албан бичгээ илгээжээ. Энэ нь төрийн байгууллагуудад дарамт болж, бичил уурхайнхан ч сайдын амлалтыг тэднээс шаардаж эхлэхэд хүрээд байна.

Хардаж хэлэхэд “Арай Төв аймгийнхаа болон Сэлэнгийн алтны “нинжа” нарт “атгуулчихсан” юм биш биз дээ? Яасан сүрхий буулт хийж, найр тавина вэ” гэж өөрийн эрхгүй бодогдож байна шүү. Салбарын сайд нь харьяа агентлагийнхаа удирдлагуудыг зөвлөгөөнд холбогдох мэдээллээ өгөөд гарсан байхад  “нинжа” нарын өмнө ахин дахин дуудах ямар шаардлага байсан юм бол? Энэ үйлдлийнхээ дараа буюу орон нутгийн сонгуулийн өмнө тэрбээр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Н.Ганибал нарын хамт Баянхонгор, Говь-Алтай аймагт мөн л бичил уурхай эрхлэгчидтэй уулзаж дэмжихээ илэрхийлээд байсан талаар нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байв.

Бичил уурхайг дэмжих нэг хэрэг. Салбарын сайдын хувьд, нөхөн сэргээлт хийдэггүй, тухайн орон нутагтаа ч өгөөжгүй, төрийн болон хуулийн өмнө ч хариуцлага хүлээдэггүй, татвараас бултдаг хариуцлагагүй энэ хэсгийнхнийг “дэмжинэ” гэдэг амлалтыг удаа дараа биечлэн өгч, сүжрэх болсон нь арай сонгуулийн зардалтай холбоотой юм биш биз гэж хардаж болохоор байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бичил уурхайтай холбоотой нийт 18 аймгаас 500 гаруй хүсэлт ирсэн байдаг. 

Үүнтэй холбоотой АМГТГ-аас 26 дүгнэлт гарснаас 21 нь хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа аж. Яагаад тав нь хасагдав гэхээр наад зах нь Кадастрын газартаа эргээд бүртгүүлсэн байх ёстой зэрэг шаардлагыг хангахгүй, холбогдох журмыг биелүүлээгүй гэх шалтгаанаар цуцлагдсан байдаг.

Зөвхөн хоёр жишээ дурдахад ийм байна. Тиймээс АН-ынхан алт олборлогчдод сэтгэлийн болон санхүүгийн өртэй бол түүнийгээ сайдын эрх мэдлийг хэтрүүлэн ашиглаж, төрийн албан хаагчдыг шахалтад оруулах байдлаар бүү төлөөч гэдгийг энэ удаад анхааруулах нь зүйтэй болов уу. Төрийн бодлогын залгамж халааг ч бодсон, эх дэлхий, байгаль дэлхийн сайн сайхны төлөөх шийдвэрүүд улстөржиж өөрчлөгдөх ёсгүй. Бичил уурхайнхан буюу “нинжа” нарын нөхөн сэргээлт хийгээгүй хаяад явсан талбайг “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгөөр “эмчилж” байгаа явдал бол төрийн харалган бодлогын шарх, сорви билээ. Эмчлэгдэж ядаж байхад нь бүү сэдрээ. Улс төр яаж ч өөрчлөгдсөн байгаль дэлхий “цаазлагдах”, золиослогдох ёсгүй билээ.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин