• Эхлэл
  • Либертари үзлийн талаарх ташаа ойлголтуудыг залруулах нь

Либертари үзлийн талаарх ташаа ойлголтуудыг залруулах нь

2024/10/25

Либертари үзлийн талаарх ташаа ойлголтуудыг залруулах нь уг нийтлэлийн зорилго. Ташаа ойлголт тус бүрийг залруулсан 9 хэсэг, "Либертари үзэл Монголд", "Либертаризмын талаарх ташаа ойлголтуудыг хэн төрүүлдэг вэ?" гэсэн нийт 11 хэсгээс нийтлэл бүрдэнэ. Үндсэн агуулга руугаа орохоос өмнө либертари үзлийн үгийн гарлыг тайлбарлах нэн шаардлагатай. Өрнөдөд либерал гэдэг үгийг 20-р зууны эхэн үеэс социалист, социал демократ зүүнтнүүд өөриймшүүлчихсэн учир хувийн өмч, чөлөөт зах зээл, хязгаарлагдмал төрийн үзэл санааг дэмжигч баруунтнууд 1960-аад оноос өөрсдийн үзэл санааг либертари гэж нэрлэж заншсан. Эсвэл либерал гэдэг үгийн урд "сонгодог" гэх тэмдэг нэр тавьдаг. Сонгодог либерализм/либертаризм нь чөлөөт зах зээлийн барууны үзэл. Зүгээр либерализм гэвэл эдийн засаг дахь төрийн оролцооны зүүний үзэл гэж АНУ болон Баруун Европт ойлгогддог. Өөрөөр хэлбэл, либертаризм бол сонгодог либерализмын шинэ нэршил юм.

1. Либертари үзэл нь төрийг бүрэн үгүйсгэдэг

Төрийн талаар баримтлах байр сууриар нь либертари үзэлтнүүдийг дотор нь "минархист", "анархо-капиталист" гэж 2 хуваана. Зонхилох хэсэг болох минархистууд (хязгаарлагдмал төрийн үзэл санааг баримтлагч) нь намыг, төрийг, тэр байтугай хаант засаглалыг ч үгүйсгэдэггүй. Тэд төрийн үүргийг хүний амь нас, хувийн өмчийг хамгаалахаар хязгаарлах ёстой гэж үздэг ба ийн хязгаарлагдмал төрийн үзэл санааг дэмжих нь төрийг бүрэн үгүйсгэсэн хэрэг биш. Минархист либертариудын хувьд төр гэдэг бол ард олныг дотоодын хулгайч, луйварчин, дээрэмчдээс хамгаалах "Цагдаа", гадны халдагчдыг зогсоох "Зэвсэгт хүчин", иргэд хоорондын маргааныг шийдэх "Шүүх".

Төрийг зарчмын хувьд ор тас үгүйсгэдэг цөөн тооны анархо-капиталист хэсэг бий. Гэлээ ч тэд төргүй чөлөөт зах зээлийн нийгмийг (анархо-капитализм) идеалаа гэж хардаг болохоос төр л бол төр хэмээгээд бүгдийг нь нэгэн ижилд тооцдоггүй. Анархо-капиталистууд нь минархистуудын адилаар эдийн засагт хөндлөнгөөс оролцдоггүй төрийг эдийн засагт оролцдог төрөөс дээрд үзнэ. Өөрийгөө онол, идеалын хувьд анархо-капиталист, улс төрийн тавцанд минархист хэмээдэг Аргентины ерөнхийлөгч Хавьер Милейг жишээнд авах боломжтой.

2. Либертаризм бол түүхэнд хэрэгжиж байгаагүй утопи үзэл

Либертари улс, либертари төр гэж түүхэнд байгаагүй гэдэг нь түүх, эдийн засгийн мэдлэгээр дулимаг хүмүүсийн үг. 16-19-р зууны хоорондох дийлэнх хугацаанд Италийн хот улсууд, Германы чөлөөт муж улсууд, Нидерланд, Англи, АНУ бүгд чөлөөт зах зээл, хязгаарлагдмал төрийн үзэл санааг баримталж байв. 1776 онд бичигдсэн АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаг нь сонгодог либерал/либертари улс төрчдийн оюуны бүтээл. Иргэний дайнтай байх үеийг нь болоод 1894-1895 оныг эс тооцвол 1913 он хүртэл АНУ-д орлогын албан татвар гэж байсангүй. Төр нь бага хувьтай гаалийн болон акциз татвараар санхүүждэг байлаа.

Их Британид орлогын албан татвар анх 1799 онд хуульчлагдан, 1815 онд Наполеоныг ялсны дараа цуцлагдсан бөгөөд 1842 онд төмөр замыг санхүүжүүлэх үүднээс ойролцоогоор 3%-ийн орлогын татварыг (жилд 150 фунтээс дээш орлоготой иргэдэд хамаарна) дахин нэвтрүүлжээ. Хэдий ийм боловч Их Британийн засгийн газар гаалийн татварыг бууруулсан гэдгийг дурдах нь зүйтэй. 1874 онд Их Британийн засгийн газрын төсвийн орлого нь 77 сая фунт, үүнээс ердөө 6 сая фунт л орлогын татвараар орж ирж байв. Энэ бол 19-р зууны 2-р хагаст Их Британи улс либертари үзэл санааны идеалд ойртсон байсны нотолгоо. Англи түүхч А.Ж.П.Тейлор "1914-1945 оны хоорондох Английн түүх" номдоо 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэн үеийн Английг дараах байдлаар дүрслэв.

"1914 оны 8-р сар хүртэл эрүүл ухаантай, хуулиа мөрддөг англичууд шуудан, цагдаагийн газраас бусдаар төр оршин байгаа эсэхийг анзаарахгүйгээр аж төрдөг байлаа.... Англичууд төрийн зохицуулалт, хязгаарлалтгүйгээр мөнгөө хүссэн гадаад валютаараа сольж, эх орондоо ямар нөхцөлөөр бараа, бүтээгдэхүүн худалдан авдаг яг тэр нөхцөлөөрөө дэлхийн аль ч орноос хүссэн зүйлээ худалдаж авдаг байв. Иргэдээ цэргийн алба хаа гэж шаарддаггүй байснаараа тэр үеийн Английн төр эх газрын Европын орнуудаас ялгарна.... Чинээлэг өрхийн тэргүүнүүд хааяадаа тангарагтны шүүхийн албанд дуудагддаг байсан ба очих эсэх нь сайн дурын хэрэг. Англичууд багашаархан хэмжээний татвар төлдөг байв. 1913-1914 онд Английн иргэд нийтдээ 200 орчим сая фунт стерлингийг татварт төлжээ. Энэ нь үндэсний орлогын 8 хүрэхгүй хувь."

Либертаризм нь түүхэнд хэрэгжиж байгаагүй үзэл гэх энэхүү төөрөгдлийг арай өөр өнцгөөс няцаая. 19-р зууны сүүлч, 20-р зууны эхнээс хүчээ авсан социалист үзэл санааг дэмжигчид өөрсдийгөө шинэчлэгчид, өөрчлөгчид гэж нэрлэдэг байв. Капитализм бол хуучин цагийнх, социализм бол шинэ үеийнх гэх баримтлал тухайн цаг үеийн аль ч урсгалын социалистуудын хэллэг байв. Хэрвээ Өрнөдөд капитализм/чөлөөт зах зээл огт байгаагүй юм бол тэрхүү социалистууд яг юуг эсэргүүцсэн юм бэ? Карл Маркс хүртэл "Коммунист намын тунхаг" зохиолынхоо нэгдүгээр бүлэгт капитализмын ололт амжилтыг хүлээн зөвшөөрч байсан нь бас нэгэн баталгаа.

Дэлхийн 2-р дайны дараах Герман, Испани, Шинэ Зеланд, Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Чилийн эдийн засгийн гайхамшгууд нь 17-18-р зуунаас эхлэлтэй чөлөөт зах зээл, хязгаарлагдмал төрийн үзэл санааг бүрэн бус ч гэсэн хангалттай хэмжээгээр дагасны ач. Чөлөөт зах зээлийн систем, либертари үзэл нь түүхэнд хэзээ ч хэрэгжиж байгаагүй зүйл биш. Харин ч эсрэгээрээ либертаризмын зарчмыг дагаж л улс орнууд хөгждөг.

3. Либертаризм нь нийгмээс тусгаарлагдахыг хүссэн хүмүүсийн үзэл

Либертари үзэл нь индивидуализмыг дэмжиж, коллективизмыг эсэргүүцдэг. Энэ нь либертари үзэл Робинзон Крузо, даяанч лам мэт амьдрахыг номлодог гэсэн гүтгэлгийн хөрс болж өгдөг. Либертаризмыг санаатай хийгээд санаатай бусаар гутаагсад энэ хоёр ухагдахууны үндсэн санааг худал мушгиж индивидуализмыг нийгмийн эсрэг, коллективизмыг нийгмийн төлөө хэмээн олон нийтэд ойлгуулахыг хичээдэг байна. Үнэн хэрэгтээ, аливаа хүн олонхын хүсэл, шийдвэрээс үл хамааран эрх чөлөөтэй байх эрхтэй гэсэн санаа нь индивидуализмын цөм. Коллективизм нь эсрэгээрээ хувь хүн бол нийгмийн нэг өчүүхэн хэсэг агаад нийтийн, олонхын хүсэлд захирагдах ёстой гэж үздэг. Индивидуализмын утгыг зөв тайлж чадвал либертаризм нь нийгмийг үгүйсгэдэг, цор ганцаар амьдрахыг сурталчилдаг үзэл биш гэдгийг ухаарах болно. Либертариудын хүсдэг нийгмийн тогтолцоо нь чөлөөт зах зээлийн капитализм. Харин капитализм гэдэг бол нийгмийн гишүүдийн хамтын ажиллагаа, хөдөлмөрийн хуваарилалт, амьдралын боломжгүй хэсгээ боломжтой хэсэг нь сайн дурын үндсэн дээр асарч тэтгэх хүнлэг, энэрэнгүй нийгэм.

4. Либертариуд ёс суртахуун, ёс зүйн хэм хэмжээг үл тоодог

20-р зуун залгахтай зэрэгцэн Өрнөдийн улс төрд нөлөөгөө алдсан сонгодог либерализмын зарчмыг эдийн засагч, улс төрийн философич Мюррей Ротбард либертари үзэл, либертари хөдөлгөөнийхөө сууриа болгосон юм.

Харамсалтай нь, эрх чөлөөг дээдэлсэн либертари гэх нэршил нь шал өөр төрлийн этгээдүүдийн анхаарлыг татжээ. Хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөний төлөөх либертари үзлийг хүн юу ч хийж болно гэж буруугаар ойлгосон хүмүүс ийнхүү өөрсдийгөө либертари үзэлтэн гэж аажмаар дуудаж заншив. Тэд бол бүдүүлэг, эрээгүй авиртай, завхайрал, мансууралд живсэн, ижил хүйстэнтэйгээ явалдахыг ил тод уриалсан, олон эхнэр, нөхөртэй байхыг дэмжсэн, бага насны хүүхдийг бэлгийн харьцаанд уруу татах сонирхолтой, уламжлалт шашин, соёлыг сохроор үзэн ядсан хедонистууд болон эцэг, эхээсээ тэрсэлсэн, өөрийгөө өөр, онцгой гэж мэдрэх өвчинд нэрвэгдсэн өсвөр насны хүүхэд, залуучууд. Эдгээр хуурамч либертариуд (либертинүүд) эдийн засгийн бодлогын асуудалд анхаарал хандуулдаггүй, эсвэл бүр төрийн оролцоо болон социализмыг дэмждэг байх нь олонтаа. Мюррей Ротбард тэднийг жигшин "нигило", "модал" либертари хэмээн хочлон тусгаарлажээ. Ротбардын 1991 онд бичсэн "Tolerance, or manners?" эссенээс энэ талаар илүү дэлгэрэнгүй уншиж болно. 

Нөгөө талаас, АНУ-ын Үндэслэгч эцгүүдээс үлгэрлэн чөлөөт зах зээлийн системийг дэмжихийн сацуу Христийн ёс зүй, жам ёсны эрэмбэ, гэр бүл, хувь хүний хариуцлага, эх оронч, үндэсний үзэл зэргийг сайшаадаг нийгэм-соёлын хувьд консерватив баримтлалтай либертариуд бий. Тэднийг палео-либертари гэнэ. Мюррей Ротбардын байгуулсан Мизес институт болоод АНУ-ын Либертари Нам дахь Мизесийн жигүүр нь нийгэм-соёлын хувьд консерватив баримтлалтай.

5. Бүхнийг зөвшөөрөх, хүлцэн тэвчих нь либертаризм

Либертаризм, сонгодог либерализм нь туйлын үнэн гэж байхгүй, бүх зүйл харьцангуй гэж үздэг "релативизм" биш. Бүх зүйл харьцангуй тул бүхнийг хүлээн зөвшөөрөх, хүлцэн тэвчих ёстой гэх релативист баримтлал нь либертаризмтай хамааралгүй. 2+2=5, социализм нь капитализмаас илүү, бүх соёл иргэншил ижил, тэнцүү зэргийг хэлж буй нэгнийг хүлцэн тэвчих, дуугүй өнгөрүүлэх нь либертаризмын зарчим биш. Либертаризмын үндсэн зарчим бол эдийн засгийн эрх чөлөө, чөлөөт зах зээлийн эдийн засаг. Тиймээс либертари үзэлтнүүд социалистуудтай (төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг дэмжигч), интервенционистуудтай (эдийн засаг дахь төрийн оролцоог дэмжигч), эгалитариудтай (тэгшитгэх үзлийг дэмжигч) дайсагналцах нь зайлшгүй.

Философич, эдийн засагч Ханс-Херманн Хоппе өөрийн "Ардчилал: Хуурамч бурхан" номдоо либертари үзэл нь бүхнийг хүлцэн тэвчих үзэл биш гэдгийг дараах үгээр сайтар харуулсан байдаг. "Хувийн өмчийг хамгаалах зорилго дээр нэгдэн байгуулагдсан суурин газарт... оршин суугчдын хэн нь ч ардчилал, коммунизм гэх мэтийн хувийн өмчийн эсрэг үзэл санааг өмгөөлөх, сурталчлах ёсгүй. Либертари нийгмийн тогтолцоонд ардчилагчид хийгээд коммунистуудыг хүлцэн тэвчиж үл болно. Тэднийг нийгмээс тусгаарлаж, зайлуулах ёстой." Хоппегийн бичсэнийг уншаад бухимдаж буй хүмүүс байвал тэдэнд "суурин газарт" гэдэг үгийг нь "улс төрийн намд" гэдэг үгээр сольж уншихыг зөвлөе. Ингэвэл та бүхэнд өгүүлбэрийн утга нь илүү ойлгомжтой болж ирэх юм. Чөлөөт зах зээлийн төлөөх үзлийг баримталдаг улс төрийн намд социалистууд байх ёсгүйтэй адил чөлөөт зах зээлийн баримтлал дээр суурилсан, хувийн өмчийг хамгаална гэх гэрээн дээр нэгдэн нийлсэн суурин газарт социалистууд байх ёсгүй.

Жич: 19-р зууны 2-р хагаст засаглаж байсан Өрнөдийн хаант засгууд дотоодын социалистуудаа дарж чадаагүй нь, социалистуудад үг хэлэх, нам байгуулах эрх чөлөө өгсөн нь 20-р зуунд өрнөсөн хэмжээгүй их хядлага, ядуурал, зовлонгийн голлох шалтгаануудын нэг билээ.

6. Либертаризм нь баячууд, бизнесменүүдийн үзэл

Либертаризм нь баячуудын эсвэл бизнесменүүдийн төлөөх үзэл биш. Энэ бол чөлөөт зах зээлийн системийг буюу лесе-фер капитализмыг дэмждэг үзэл. Либертаризм нь баячууд, бизнесменүүдийн үзэл хэмээх гүтгэлэг нь Карл Марксын ангийн тэмцлийн онол дээр суурилсан байдаг. Буржуа (хөрөнгөтөн) анги нь капитализмыг, пролетари (ажилчин) анги нь социализмыг хүсэмжилдэг гэсэн Марксын ангийн тэмцлийн онол худлаа.

Бодит амьдрал дээр бизнесменүүд чөлөөт зах зээлийг таашаадаггүй. Амжилт олох үгүй нь зөвхөн хэрэглэгчдээс хамаардаг бизнесийн чөлөөт өрсөлдөөнд хэн ялах, ялагдах нь тодорхойгүй байдаг тул ихэнх бизнесменүүд чөлөөт зах зээлд аятай ханддаггүй. Ямарваа төрийн оролцоогүйгээр зах зээлд чөлөөтэй өрсөлдөх, эсвэл төрөөс давуу эрх авч бизнесээ явуулах гэсэн хоёр сонголтыг бизнесменүүдэд өгвөл бараг бүгд төрөөс давуу эрх авахыг нь сонгоно. Эдийн засаг дахь төрийн оролцооны аливаа арга хэмжээг (татаас, хөнгөлөлттэй зээл, квот, лиценз, чанар, аюулгүй байдлын стандарт, гаалийн татвар) гол төлөв том бизнесменүүд өрсөлдөгчдөө зайлуулахын тулд, өөртөө давуу тал олохын тулд төрөөс шаарддаг. Монголын дийлэнх баячууд төртэй хамсаж хөлжсөн.

7. Либертаризм нь ядуусыг үл ойшоож, тэгш бус байдлыг гааруулдаг

Либертариудын дэмждэг капитализм нь улсыг ядуурлаас гаргаж, хөгжилд хөтөлдөг цорын ганц эдийн засгийн систем. Аливаа улс капитализмын бодлоготой ойртох тусам тэр хэрээрээ хүн ардынх нь хэрэглэх материаллаг баялаг нэмэгдэж байдаг. Өөрөөр хэлбэл, капитализм нь ядууст хамгийн тустай эдийн засгийн систем. Одоо цагт ядууд тооцогдох хүмүүс хэдэн зууны өмнөх ядуусаас цөөн цагаар, амар нөхцөлд ажиллаж, тэр үеийн хаад, ноёдын эдэлж, хэрэглэж чадаагүйг хэрэглэж буй нь тэртээх 18-р зуунаас эхлэлтэй капиталист Аж үйлдвэржилтийн хувьсгалын үр дагавар.

Харин тэгшитгэх үзэл, социалист бодлого нь ядууст халтай. Мао Зэдуны Их үсрэлтийн бодлогоос болж үндэс малтаж, шавхай идэж байсан Хятадын ард түмнийг Дэн Сяопины дутуу ч атугай хэрэгжүүлсэн зах зээлийн эдийн засгийн бодлого аварсан. Коммунист Намаар удирдуулсан Хятадын жишээ бол зах зээл ямар хүчтэйг үзүүлсэн ээлжит хичээл. Аливаа улс эдийн засгийн хуулийг сөрвөл ядуурч, дагавал баяждагийн илрэл.

Либертари үзлийг тэгш бус байдлыг бий болгогч гэж буруушаадаг. Энэ бол маш том алдаа. Нэгдүгээрт, тэгш бус байдлыг бүтээгч нь байгаль эх өөрөө юм. Хүн болгон гадаад төрх, бие хаа, авъяас чадвар, оюун ухаанаараа өөр. Нэмээд хүмүүсийн гаргаж буй сонголт нь ялгаатай үр дүнг бий болгоно. Хүмүүс эрх чөлөөтэй бол тэгш бус байдал үүсэх нь гарцаагүй. Либертаризм нь хүний байгалийн өгөгдөл, чөлөөт сонголт, эрх чөлөөнөөс бий болсон тэгш бус байдлыг зайлшгүй үр дагавар гэж тооцон дэмждэг болохоос тэгш бус байдлыг хиймлээр гааруулдаггүй.

Хоёрдугаарт, тэгш бус байдлыг муу муухай гээд тэгш байдлыг бий болгохоор тэмүүлдэг социал демократ, социалист систем нь төрийнхөн болон жирийн иргэдийн хоорондох тэгш бус байдлыг жинхэнэ утгаар нь гүнзгийрүүлдэг. Хүмүүс тэгш бус учраас тэгш нийгмийг бүтээхийн тулд хүчээр тэгшитгэж таарна. Нийгэмд тэгш байдлыг тогтоох зорилго өвөртөлсөн хүмүүс нийгмийг тэгшитгэх үүргийг төрд өгдөг. Төрд эрх мэдэл төвлөрөх, төр данхайх хэрээр төрийн удирдах албан тушаалтан болон жирийн иргэний ялгаа нэмэгдэнэ. Төрийн оролцоо, тэгш байдлыг номлодог социал демократ, социалист нийгэмд дарга анги (номенклатура) нь хамгийн баян, жирийн иргэд нь тэгш ядуу байдаг шалтгаан нь энэ.

8. Либертариуд чөлөөт зах зээлийг сохроор шүтдэг

Либертари үзэлтнүүдийг эрх чөлөөг сохроор шүтлээ гэж шүүмжилдэг, эдийн засгийн эрх чөлөө бол бүхний хариулт биш, тухайлсан нөхцөлд төр эдийн засагт зайлшгүй оролцох ёстой гэж хэлдэг хүмүүс бий. Тэдэнд хариулъя.

Орчин цагийн либертари үзэлтнүүд Австрийн эдийн засгийн сургуулийг дагадаг байх нь олонтаа. Чөлөөт зах зээлийн бодлого баримталснаар хөгжилд хүрнэ гэж үздэг Австрийн сургуулийн либертариуд эрх чөлөөнд хайртайгаасаа болж буюу мораль, этикийн үүднээс ийн дүгнээгүй. Цаг хугацаа, орон зайнаас үл хамаардаг универсал шинжтэй эдийн засгийн хуулийг дагаж буй төдий. Үнийн дээд хязгаарыг зах зээлийн түвшнээс доогуур тогтоовол хомсдол, үнийн доод хязгаарыг зах зээлийн түвшнээс дээгүүр тогтоовол илүүдэл үүсдэг. Аливаа хоригт орсон барааны эрэлт нь хэвээр байвал үнэ нь өсөж, хууль бус наймаа газар авна. Квот, лиценз зэрэг нийлүүлэлтийг бууруулсан арга хэмжээнүүд нь нийлүүлэлтийг багасгаж, үнийг өсгөдөг. Протекционист гаалийн татварыг эцсийн эцэст хэрэглэгч төлдөг ба хэрэв гаалийн татвар тогтоолгосон бараа нь түүхий эд, капитал бараа бол улсын дотоодын үйлдвэрлэл буурна. Татвар нь хувийн хэвшилд хэрэглэгдэх байсан эдийн засгийн нөөцүүдийг төрд булааж авч өгдөг. Мөнгөний нийлүүлэлтийг өсгөх нь мөнгөний худалдан авах чадварыг унагааж, эдийн засгийн мөчлөгийг бий болгох аюултай. Дээр бичигдсэн зүйлс бол цэвэр шинжлэх ухааны дүгнэлт.

"Төрийн оролцооны бүх хэлбэр үл гүйцэлдэх нигууртай. Төрийн оролцооны аль ч арга хэмжээ төрийн оролцоог дэмжигчдийн солихоор зорьсон өмнөх нийгмийн нөхцөл байдлаас дор нөхцөл байдалд л хүргэнэ. Эдгээр бодлогуудын авчрах үр дүн зорилгынхоо эсрэг чиглэсэн байдаг." Австрийн аугаа эдийн засагч Людвиг фон Мизес хашилтанд байх энэ үгийг ёс суртахууны үүднээс бичсэнгүй.

Австрийн сургуулийг үндэслэгчид сураггүй, нэр хүндгүй, хийсэн бүтээсэн зүйлгүй хүмүүс байгаагүй. Харин ч эсрэгээрээ.

Австрийн эдийн засгийн сургуулийг үндэслэгч Карл Менгер 1873 онд 33-хан насандаа Венийн их сургуулийн эдийн засгийн онолын профессороор томилогдож байв. Ингээд зогсохгүй 1876 онд Австрийн эзэнт гүрний угсаа залгамжлах ханхүү Рудольфийн хувийн багш болох хүндтэй үүргийг хүлээн авчээ.

Менгерийн шавь, Австрийн сургуулийн голлох төлөөлөгч Ойген фон Бём-Баверк мөн л Венийн их сургуульд багшилсан. Бём-Баверк нь Австрийн Сангийн яамны сайдын албыг гурвантаа хашихдаа эдийн засгийн эрх чөлөө, алтан стандарт, хязгаарлагдмал төрийн бодлогыг хэрэгжүүлж байснаараа олонд хүндлэгдсэн эдийн засагч юм. Адам Смитийг эс тооцвол мөнгөн тэмдэгт дээр дүрээ үлдээсэн түүнээс өөр эдийн засагч түүхэнд үгүй. Евро нэвтрэхээс өмнө хэрэглээнд байсан Австрийн 100 шиллингийн мөнгөн тэмдэгт дээр Бём-Баверкийн хөрөг бий.

Бём-Баверкийн шавь Людвиг фон Мизес Венийн их сургуулийг сурч төгсөн, сургуульдаа багшлахынхаа зэрэгцээ Австрийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимд ажиллаж байжээ. Мизес Австри улсыг хоёр удаа бүрэн сүйрлээс аварсан билээ. 1919 оны Австрийн социал демократуудын социалист хувьсгалыг лидер Отто Бауэрыг нь ятгах замаар Мизес зогсоосон байна. 1923 онд оргилдоо хүрсэн Австрийн гиперинфляцийг яаж шийдвэрлэхээ мэдэхгүй аргаа барсан Австрийн төрийн албан хаагчид аврал эрэн Мизест хандахад тэрээр мөнгө хэвлэх машинаа унтраа гэж хэлэн асуудлыг шийдэв.

9. Либертариуд дотроо эв нэгдэлгүй

Энэ төөрөгдөл бол либертари үзлийг гутаагч хуурамч либертариудаас улбаатай. Улс төрийн идеологи, эдийн засгийн ухааны мэдлэггүй хэр нь эрх чөлөө гэж хоосон орилсон, хүн юуг ч хийх эрхтэй гэсэн бодолдоо самуурсан олон олон хуурамч либертариуд байдаг. Тэд нартай жинхэнэ либертари үзэлтнүүд тэмцэх үед олон нийтийн толгойд либертариуд хоорондоо түнжин муутай юм байна гэсэн сэтгэгдэл төрдөг.

Түүнчлэн, институци доторх маргаан гол нөлөөтэй. Одоогоор дэлхий дээрх хамгийн том либертари байгууллагууд гэж хэлж болохуйц Мизес институт болон Като институт нь хоорондоо гүнзгий зөрчилтэй. Вашингтонтой ойр ажилладаг, маш их буулт хийдэг Като институт нь ээлжлэн эрх барьдаг Ардчилсан Нам, Бүгд Найрамдах Намын бодлогыг бүрэн эсэргүүцдэггүй. Като институтынхан Өрнөдийн зүүнтнүүдийн баримталдаг масс цагаачлалын, ЛГБТК+ үзлийн, ковидизмын бодлогыг дэмжихийн сацуу АНУ-ын түрэмгий, дайнч гадаад бодлогыг зөвтгөдөг. Эдийн засгийн бодлого дээрээ ч хатуу зогсдоггүй. Ийм учраас Като институтынхан бол эрүүл ухаантай, хөрсөн дээрээ буусан либертариуд, харин Мизес институтынхан бол бүх зүйлд төрийн оролцоог буруутгадаг догматикууд гэсэн өрөөсгөл ойлголтыг Като институтыг дэмжигчид тараасаар ирсэн. АНУ-ын Либертари Намд ч дээрх тэмцэл явагдсан. АНУ-ын Либертари Нам олон жилийн турш хуурамч либертариудаар дүүрсэн байж байгаад 2022 онд л Мизесийн жигүүр урт хугацаанд үргэлжилсэн тэмцэлдээ ялж Либертари Намыг гартаа авсан байна.

Либертари үзэл Монголд

Либертари үзэл монголчуудын дунд шинэ зүйл хэдий ч нэр муутай. Монголчууд чөлөөт зах зээл, либертари үзлийг ардчилалтай андуурдаг нь либертаризмын талаарх сөрөг ойлголтынх нь үндсэн эх сурвалж. Арай улс төр сонирхдог хэсэг нь энэ нийтлэлд орсон төөрөгдлүүдэд гүн автсан байдаг. Монголчуудад либертари үзлийг зөвөөр ойлгуулаад өгөх хүн бараг байсангүй. Монголчуудын хамгийн сайн мэддэг либертари үзэлтэн болвоос Айн Рэнд. Гэвч уран зохиолын номоороо алдаршсан Айн Рэнд эдийн засгийн ухааны Австрийн сургуультай нарийн холбоогүй. Улс төрийн хувьд Рэнд өөрөө либертаризм гэдэг ангилалд орохгүй хэмээгээд тусдаа урсгалаа зохиогоод явсан хүн. Либертариуд дунд Айн Рэндэд талтай нь ч, дургүй нь ч, тоодоггүй нь ч бий. Айн Рэнд чөлөөт зах зээлд ээлтэй байсан нь авууштай. Үүнийх нь төлөө, утга зохиолоор дамжуулж чөлөөт зах зээлийн системийг хамгаалсных нь төлөө сонгодог либералууд/либертариуд түүнд талархдаг. Ингээд л гүйцээ. Жинхэнэ томоохон либертариудын нэрийг монголчууд огт сонсоогүй эсвэл дам сонссон л байдаг. Людвиг фон Мизесийн "Либерализм: Сонгодог либерал уламжлал", Фридрих Хайекийн "Боолчлогдох зам" орчуулагдаж байсан боловч сайн хүрч чадаагүй.

Өмнө дурдагдсан Като институт Монголд мөрөө үлдээсэн. Монгол хэл рүү буулгасан либертари үзлийн тухай цөөн ном байдгийн нэг нь Като институтын дэд ерөнхийлөгч асан Дэвид Боазын "Либертарианизм". АНУ-ын Ирак руу халдсан дайныг оройлон хамгаалж байсан Като институтын гишүүн Том Палмер Монголд 2019 онд ирж байлаа. Гэхдээ Мизес институтын сурталчилдаг жинхэнэ либертари үзлийг түгээх үйл ажиллагаа Монголд эхэлсэн. Үүний нэгээхэн жижиг хэсэг нь энэхүү нийтлэл юм.

Либертаризмын талаарх ташаа ойлголтуудыг хэн төрүүлдэг вэ?

Либертаризмын талаарх ташаа ойлголтуудыг улс төр сонирхдоггүй жирийн иргэд бус, сэхээтнүүд бий болгодог. Сэхээтнүүдийн дийлэнх олонх нь чөлөөт зах зээлийн систем, эрх чөлөөнөөс үүсэх тэгш бус байдалд дургүй. Ялангуяа, Өрнөдөд боловсрол эзэмшсэн, зүүний үзлээр нэвт угаалгасан нийгмийн ухааны сэхээтнүүд бол чөлөөт зах зээл, либертари үзлийн хамгийн гол дайсан. Хуучин цагийн социалистууд тэгш байдлын төлөө гэж ярьдаг байсан бол энэ цагийн социалистууд тэгш бус байдлын эсрэг гэж ярьдаг болсон. Үг нь өөр ч зорилго нь ижил. Хүний эрх гэдэг ойлголтыг социалистууд бузарласан. Төрөөс олгох үнэгүй зүйлсийг жагсаан тэр бүгдээ хүний эрх гэнэ. Нийтийн хэрэглээнд нэвтэрчихсэн зүйлийг нийгмийн цөөнх хэсэг хүртэж чадахгүй aваас тухайн зүйл нь зүүнтнүүдийн хувьд хүний эрх болон хувирдаг. Нэгнээс нь аваад нөгөөд нь өгөх арга хэмжээгээ шинэ үеийн социалистууд "дахин хуваарилалт" бус, хүний эрхийг хангах гэж нэрлэдэг болсон. Тэд өөрсдийгөө ч социалист гэж дуудахаа болиод либерал, прогрессив, ардчилагч гэх мэт нэр зүүх болжээ.

Мизес Монгол ТББ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин