Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар голлох үүрэг гүйцэтгэдэг. Энэ салбарын эрх зүйн орчин Ашигт малтмалын хуулиас гадна дагалдах дүрэм, журам, бусад салбарын хуулийн хүрээнд зохицуулагдана. Манай улс цар тахалын дараах эдийн засгийн сэргэлтэд жин дарах хувь нэмэр оруулах уул уурхайн салбарын голлох хуульд шинэчлэл хийхээр зорьж буй. Харин энэ шинэчлэл том жижгийн ялгааг хэт дөвийлгөх вий. Учир нь уул уурхайн салбарт бичил уурхайчин хэмээн “адлагддаг” ч эдийн засаг болоод ажлын байр, амьжиргааны зардлыг нэмэгдүүлэхэд чухал байр суурь эзэлж буй.
Энэ талаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын бичил уурхайчин, “Шижир Хишиг” нөхөрлөлийн ахлагч Д.Туяа “Бичил уурхайг Ашигт малтмалын тухай хуульд журмаар зохицуулна гэж заасан. Энэ дагуу Засгийн газрын 296 дугаар тогтоолоор бичил уурхайгаар ашигт малтмал олборлох бүхий л харилцааг шийдэж ирсэн. Тэгвэл намрын чуулганаар хэлэлцэх Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд бичил уурхайг журмаар зохицуулах заалт хасагдсан нь тодорхойгүй байдал үүсгэж байна” гэсэн юм. Учир нь 296 дугаар тогтоолоор бичил уурхайн үйл ажиллагаа жигдэрч, тодорхой болсон аж. Гэтэл шинэчилсэн хуулийн төсөлд журмаар зохицуулна гэсэн заалтыг байхгүй болгосон нь байдлыг хүндрүүлэх тийшээ хандаж буй талаар тэрбээр хэлж байв.
Хэрэв хуулийн төсөл энэ хэвээр батлагдвал өнгөрсөн “нинжа” үе рүүгээ буцна. Зохион байгуулалтгүй, хариуцлагагүй, далд хэлбэрт, хууль бус ашигт малтмал олборлох уу гэх асуудал хөндөгдөнө гэдгийг хууль батлагчид анхаарах шаардлагатай аж.
Монгол Улсын бичил уурхайд “РlanetGOLD Монгол төсөл” төсөл хэрэгжиж байна. Төслийн зорилго нь бичил уурхай дахь мөнгөн усны хэрэглээ, түүнийг бууруулах чиглэлд ажиллаж, бичил уурхайчдыг мэдээллээр ханган чадавхжуулдаг байна. Мөн тэд олборлогчоос боловсруулагчид хүрэх үйл явцад нийлүүлэлтийн сүлжээний аргачлалыг хэрэгжүүлэх замаар алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг бууруулах төслийг хэрэгжүүлж буй.
Тус төслийнхөн бичил уурхайг хариуцлагажуулах, сайжруулахад дэмжлэг үзүүлэн ажилласнаар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудтай үйл ажиллагаагаа нийцүүлэн, орон нутгийн ядуурлыг бууруулж, байгаль орчны доройтлыг зогсооход анхаарч ажилладаг байна.
Бичил уурхайчид том уурхайн нэгэн адил хөдөлмөр, аюулгүй ажиллагааг сахин хангаж ажиллах ёстой. Тиймээс нөхөрлөлийнхөө хүрээнд авран туслах багийг байгуулсан. Таван гишүүний бүрэлдэхүүнтэй. Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад бүгд хамрагдсан. Аваар, осол гарахаас өмнө урьдчилан сэргийлэх, эрсдэлийг тогтоох боломжтой болсон. Бичил уурхайчдын хувьд анхны авран туслах багийг “Шижир Хишиг” нөхөрлөлийнхөн байгуулсан гээд 2008 оноос өмнөх үетэй харьцуулахад “нинжа” хэмээн нэрлэгддэг хүмүүс хариуцлагатай, хариуцлагагүйгээрээ ялгардаг болсон ажээ.
Тэд олборлолттойгоор зэрэгцэн нөхөн сэргээлт хийнэ. Ингэхдээ модны үрсэлгээ ч хийж байгаагаа дуулгаж байв. Тус нөхөрлөлийн ахлагч Д.Туяа нийгмийн шилжилтийн дараа бичил уурхай руу хөл тавьсан аж. “Хүмүүс нинжа байх үеэс л явлаа. Хууль, журам ч тэр үед байхгүй байлаа. Одоо зохицуулалттай, зохион байгуулалттай болсон байна. Энэ замыг сонгосондоо харамсдаггүй. Бахархдаг. Бичил уурхайд хүмүүс ажиллаж, ар амьдралаа авч яваа” хэмээн ярив.
Хариуцлагатай бичил уурхайчид “нинжа” нэрнээсээ салсан. Нэгдсэн зохион байгуулалт дор нөхөрлөл болж, зөвшөөрөл бүхий талбайд хууль ёсны дагуу алтны олборлолт эрхэлсэн. Ийм нөхөрлөлийн нэг нь “Шижир Хишиг”. Тус нөхөрлөл 20 хүнтэй, том компаниуд ашиглаад орхисон алтны үндсэн ордыг түшиглэн ажил, амьдралаа залгуулдаг. Сэлэнгэ аймгийн хэмжээнд таван сум нь бичил уурхайтай. Үүнээс алтны үндсэн орд дээр гэрээ байгуулаад ажиллаж байгаа нь цөөн гэдгийг Д.Туяа хэлсэн.
Улсын хэмжээнд 19 аймагт бичил уурхайг 711 нөхөрлөлийн 5100 гаруй хүн гэрээгээр эрхэлж байна. Том уурхайнууд ашиглахгүй. Гэхдээ тэнд “үлдэгдэл” бий. Үүнийг нь хариуцлагатайгаар ашиглаж ажил амьдралаа залгуулах нь буруу биш. Харин зөв зохион байгуулалттай, сайн туршлагатай, бусдад үлгэрлэлтэй ажиллах учиртай.
Бичил уурхай эрхлэгчид орон нутгийн мөнгөний эргэлтэд голлох нөлөө үзүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, металын гарц ховордсон үед нутгийн худалдаа, үйлчилгээнийхэн “Гарц муу байна уу. Та хэдийн ажил сайн байгаасай” гэж хэлдэг тухай уулзалтын зочин хэлж байв. Энэ нь хууль, журам, тогтоолоор зохицуулалт хийхдээ дордуулахгүй байх учиртайг сануулж буй юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Доржийн ОЮУНЧИМЭГ
Сэтгэгдэл байхгүй байна