Нийтлэлч Аанхаагийн нийтлэлийг хүргэж байна.
Эмнэлгийн өрөөнд хамт хэвтэж буй дөрвөн хүн дундаа ганц байгаа ТВ-ээр юу үзэх вэ гэдэг дээр “чимээгүйхэн” зөвшилцөнө. Тэгээд яг хэний ч дургүй биш хэний ч дуртай биш хамгийн ерөнхий ямар нэг суваг дээр тааруулна, дууг нь ч бас чанга ч биш сул ч биш тохируулна. Бөх гарч байвал эрчүүдийн тасагт голдуу бөх үзэж таарна. Улс төрийн шийдвэр, шийдэл ер нь нэг иймэрхүү маягаар гардаг. За ер нь Үндэсний ТВ ч яг иймэрхүү байдаг даа, яг үзчихмээр юмгүй мөртлөө бас ч гэж тийм муухай зүйлгүй. Тиймээс улс төрчид хамгийн бөөрөнхий ч юм шиг, шийдвэргүй ч юм шиг, үйлдэлгүй ч юм шиг харагддаг. Төрийн хүнд суртал ч гэдэг. Харин бизнесийнхэн, инженер, эдийн засагчид, бусад мэргэжлийн салбарынхан бол өөр, нэг л зорилготой учир шийдэмгий, ажил хэрэгч, гараас нь ажил гараад байгаа мэт харагдана. Ингээд хүмүүст мундаг харагдсан тэр бизнесмен, бусад мэргэжлийнхэн улс төрд орохоороо өнөөх “суваг тохируулах” ажилдаа орж, эргээд өнөө улс төрийнхөн шигээ шийдэмгий бус “бөөрөнхий” амьтан болчихно. Бид ийм жишээ олон харсан даа, энэ л ёстой алаад өгөх нь гэж бодож байтал бусад шигээ болчихдог.
Ардчилал бол нийгмийн зөвшилцөл. Тэрхүү зөвшилцлийг хамгийн зохист түвшинд нь байлгах гэж, “3.5 сая хүний сувгийг зөв тохируулах” гэж Төр оршдогоос биш ард түмнээ тэжээхийн төлөө Төр оршдоггүй. Төрийн шийдвэр бөөрөнхий учир тэнд бөөрөнхий биш байх гэж ялгарах нэлээд амаргүй, тиймээс элдэв галзуу солиотой экстрм поп зүйл ярьж ялгарна. Тэр нь голдуу халамж, өглөг, буян, тусламж, тэтгэмж, татаас, хөнгөлөлт. Эрчим хүч, дулааны үнэ бол халамжийн үнэ, эрчим хүч хэрэглэдэг л бол та улсын халамжинд байгаа гэсэн үг. Ипотекийн зээлийг хүчээр бага байлгаж татаас өгч байгаа нь ч халамжийн бодлого, та ипотек авсан бол улсын халамж авсан гэсэн үг. Ерөнхийдөө манай болон манай дээд үеийнхэн ипотек авч дуусаад, дараагийн 20+ залуусынхаа боломжийг хулгайлсан нэлээд хортой бодлого юм даа. Одоо дөнгөж ажил дээр гарч байгаа залуусыг маш үнэтэй байр, түрээс нь дийлдэхгүй байр хүлээж буй. Хүүхдийн 100 мянга, цалинтай ээж гэх мэт ч хортой бодлого. Уг нь аав ээж ар гэрийнхэн нь хүүхдээ тэжээх үүрэгтэйгээс биш Төр айлын хүүхэд тэжээх үүрэггүй. Бүх юмыг төрөөс даадаг байсан социализмын үед хүртэл цэцэрлэгийн хоолны мөнгийг ар гэрийнхэн төлдөг байсан, одоо бол манай Ардчилсан төр дааж байна. 1990-ээд оны эхэн үеийн хүнд тарчиг цагт ч сурах бичгээ эцэг эхчүүд нь арай ядан өөрсдөө авч өгдөг байсан, одоо төр нь үнэгүй өгч байна. Бөөрөнхий дунд тодрох гэсний шагнал, золиос.
Өөрсдөө төрөөс хамаг юмаа нэхдэг учир данхайсан том төсөв яах аргагүй үүснэ, тэгэнгүүт данхайсан төсөв үүслээ гэж нөгөө хэсэг нь муулна. Тэр ч байтугай өөрсдөө төсөв данхайлгах шийдвэр гаргасан мөртлөө яг микрофоны өмнө төсөв данхайсныг шүүмжилнэ. Сүүлд нэг жүжигчин залуу “10-14 хоногт хийгддэг кино бол хулхи кино, кино уран бүтээл чанартай байх ёстой..” гэсэн утгатай LIVE хийгээд 10 мянган лайк шэйр авч харагдана лээ. Үххсс нэг өдрийн дотор ч утсаараа бичээд кино хийсэн яадаг юм, ер нь киноны чанартай чанаргүйг хэн шийдэх билээ? Кино урлагийн зөвлөл шийдэх үү? Масс өөрөө ийм болохоор гоё чанартай кино үзүүлэх гээд чанаргүйг нь цензурдэх санаа Төрд байгаа гаруудад төрдөг юм шүү дээ. Энэ их халамж хайр буян бүр цаанаа өртөг зардалтай.
Төрөөс аль болох бага зүйл нэх, бүгдийг өгдөг төр бүгдийг авдаг! Манай нэг багшийн хэлдгээр чихэндээ ус ч юм уу алт ч юм уу хийлгээд сэгсрээд зогсож байдаг илжиг гэж юу байхав, бүгд чихэвчтэй болсон гэдэг шиг ерөнхийдөө бүгд дөжирч дээ. Төр угаасаа хамгийн ерөнхий шийдвэр гаргана, ер нь анхнаасаа хомосапиенсууд өөрсдийн safety-гээ хангах гэж Төр гэдэг юм дундаа байгуулснаас биш өөрийгөө тэжээлгэх гэж байгуулаагүй. Төрөөс амьдрал бүү хүс, өөрсдийн safety-г л нэх! “Энэ төр гуравхан сая хүнийг яаж амьдруулаад байнаа..” гэдэг эргүү тэнэг үгийг үзэн яддаг юм.
Сэтгэгдэл байхгүй байна