Эрхэм уншигч авгай таныг “ Үер” Монголын уран сайхны киног дор хаяж гурав үзсэн гэдэгт итгэлтэй байна. Киноны зураг авалтыг Зүүнхараа хотын деревинд эхлүүлсэн юм гэнэ лээ. Тэртээ 1960-аад оны эхэн үеийн деревин ямар байсныг кино эхлэх үеийн дүр зургаас харж болно. Киноны тухайд үйл явдал хэдийгээр хувьсгалаас өмнөх ч гэлээ Минжийн хангайн сарьдаг уулс, Ноён уулын бэл, Хараагийн сав газар болох Дарьт, Шивэртийн голоор хэдэн үеэрээ аж төрсөн мандал түмний өвөг дээдсийнх нь түүх юм. Нэрт зохиолч Наваан-Юндэн агсны “Минжий хангай” романд тэдний ахуй амьдралыг нүдэнд харагдтал бичсэн байдаг. Зохиолын гол баатар шилийн сайн эр “улаан” Дамаа, “мангар Цэцгээ хүүхэн чинь бодит дүр юм шүү дээ.
Харин миний мэдэх дэлхийд ганц монгол деревин бол Зүүнхараа хотод байсан. Орос монгол, хятад айлууд бие биеийнхээрээ орж гарсан, жаргал зовлонгоо хуваалцсан тийм нэг гэгээлэг, эгэлээс эгэл ахуй тэнд оршиж байсан юм шүү.
Зүүнхараа хотын ерөнхий төлөвлөлтийг орос инженер гаргасан учраас гудамж энэ тэр нь эмх цэгцтэй гэж янзын. Ширхэнцэг хайрханы орой дээрээс баруун тийш саравчилахад деревиний гудамжууд нэг л шугамд өрөөд тавьсан тоосго адил харагддаг байв. Тэр бүү хэл, тогоруу худагны дамнуур мод хүртэл бүгд баруун зүгт чиглэсэн байх жишээний.
Жаданов, Чапаев, Калинин, Ленин, Будёнон гэхчилэн ЗХУ-ын иргэний дайны үеийн баатруудын нэрээр нэрлэгдсэн гудамжуудтай. Деревиний айлуудын ихэнх нь орос. Хээ хуар болсон том цонх бүхий улаан хүрэн өнгийн дүнзэн байшингууд шил даран сүндэрлээстэй. Айлууд хэлэлцсэн юм шиг цонхныхоо мойлны мод тарьж, түүнийгээ тойруулан бяцхан хашилга хийж, дэргэд нь явган сандал суурилуулна. Бас хашааныхаа хаалганы баруун дээд буланд хөх өнгийн будгаар оршин суугаа гудамжны нэр, хаяг тоот, өрхийн тэргүүний нэрийг бичих учиртай. Улиц Чапаев. 3-17. Виктор Иванович Пакушкин гэх мэтчилэн. Хашаа руу өнгийх аваас аль нэг булангаа дагуулан халуун усны жижиг дүнзэн байшин /тэр дотроо саунтай/, зуны цагт ашиглах гал тогооны сараа, түлээний амбаар, хүнс хадгалах амбаар жаахан цаашлаад тахианы байр, үхрийн пин, гахайны байр, нохойны үүр, ногооны талбай, тогоруу худаг гээд явж өгнө. Хашааны үүднээс байшин хүртэл гүйдэг уяатай. Түүгээр нь тарган гэж жигтэйхэн ноход нааш цааш дүүлэлдэж давхилдаад л.
Толгойдоо цагаан алчуур зангидаж, эрээн хормогчоор гангарсан бабушка, усны гутал, халхгар өмд, халзан толгойтой орос өвгөн, түүний найз хөвөнтэй өмд, хөх цамцтай илжиг унасан Хо вэнь, хааяахан хоёр андынхаараа зочилж, орос бараашиг, мантуутай ногоотой шөлний амтанд орсон улаан залаат монгол эр. Ийм хэл, соёл өөр өөртэй эгэл гурван ертөнц Хараа голын эрэг дээр айл болон аж төрөн сууцгаасан нь саяхныг хүртэл үргэлжилсэн. Оросууд тэрүүхэндээ дуулиантайхан шуугиж амьдарна. Зуны үдэш гудамжиндаа баяр хуур хөгжим тоглож, залуу бүсгүйчүүд тэрхүү аянд бүжиглэж, хөгшид алга ташин дэмжиж, багачууд унадаг дугуйны обудь түрж давхиад л . Эрчүүд мэдээж ганц нэг шил тойруулахаа яаж мартах билээ. Зүүнхараа өртөөн дээр олон улсын галт тэрэг хуваарийн дагуу 15 минут зогсоод хөдөлнө. Орос иргэдээс хэн нэг нь эсвэл мэргэжилтэн нутаг буцаж байгаа бол андашгүй. Өртөө даяараа дуу хуурт умбаж, өнөө хэд нь оччихсон нус нулимс болсон “амьтад” тэврэлдээд л. Бас найз монголчууд нь дутах юу билээ.
Зүүнхараа хотын захиргаа орос иргэддээ зориулж сургууль нээсэн нь Ерөнхий боловсролын хоёрдугаар дунд сургууль. Ирэх жил 100 жилээ тэмдэглэх сураг дуулдсан. Тэнд ЗХУ-аас урилгаар ирсэн мэргэжилтнүүдийн гэргий нар хичээл заана. Орос охидууд их хөөрхөн. Бид тэдэнтэй найзлах их дуртай. Лениний гудамжны төгсгөлд Марина хэмээх нүүрэндээ олон жижиг хар мэнгэтэй нүд, хөмсөг болсон их хөөрхөн охин байсан. Аав нь төмөрбаатар хэмээх монгол хүн. Тэгэхээр найз минь орос монголын эрлийз байж. Тэр үед эрлийз энэ тэр гэж мэдэхгүй шүү дээ, найз бол найз.
Орос айлуудын дунд цагаач хятад иргэд аж төрнө. Тэдний байшин гэж дээвэр дээр нь шарилж ургасан шавар тагз. Цонх гэхэд хэцүү, нар тусах төдий жижигхэн гэгээвч. Манай ангид гурав, нөгөө ангид хэд хэдэн эрлийз хүүхэд сурдаг байсан. Вэ Ян Гүй, Даваажав гэх хөршүүд хоёулаа ихэр охидтой. Тэд манай ангид сурдаг байв. Алдарт Дуушийн гудамжинд маань ч хятад айл цөөнгүй. Бидний зургаан охин Янжин хэмээх илжиг унасан дааяагийнхаар үе үе зочилж, хоолыг нь буудна. Дааяа их хөгшин хүн байсан болоод тэр байх охидуудаар ус зөөлгөж, зэрлэг зулгаалгаад шанд нь хачин гоё амттай байцаатай шөл, мантуугаар дайлна. Хүүхэд бүрт нэг аяга өмчилж өгнө. Аягаа угаалгүй орхиж гарсан бол халтар чигээрээ л ширээн дээр эзнээ хүлээгээд хэвтэж байх. Бусдыг нь хураасан атал бохирыг нь тэр чигээр нь үлдээж орхих. Нэг талаар идсэн аягаа угааж сургах гэсэн арга нь байж. Хүү нь гурван жилийн цэрэгт явсан тул бидний хэдэн охид л хань болдог байсан юм болов уу даа, хөөрхий. Дааяа илжгээ унаад ногоогоо ачаад гарахад хавийн хүүхэд араас нь хуйларч дагана. Наранцэцэгийн самар, лууван авах гэж л тэр. Мэдсэн юм шиг гурав, дөрвөөр нь боосон лууван өгнө. Харин гудамжны булан тойроод аж төрөх Мөнхөө наймаагийнхаар орж байснаа санадаггүй юм.
Манай Хараа намгархаг атлаа тосон бор хөрстэй. Зундаа бороо их орох тул деревин усан далай болж хувирна. Ургаа модыг тэр чигээр нь ачсан уртын МаЗ-ууд гудамжны шаварт суухаар бидний баярлах гэж жигтэйхэн. Нэгнийгээ татах гэж байгаад л ар араасаа сууж орхино. Хөөрхий жолооч өдөржин шавар ухах юу нь сайхан байх билээ дээ. Гэтэл бид хашааны орой дээр болжмор адил зээглэж суугаад л уухайлан хашгирна. Наадмаас хойш бороо татарч, шавар хатаж, зүссэн хурууд шиг болно. Түүнийг хормойлон тавгийн идээ засан, ааруул хэмээн тоглоно. Шанаган хорхой түүж, шавар ааруулаар бие биеэ дайлж л явлаа. Зүүнхараа хот сүүний чиглэлийн үхэр олонтой. Хөх нь гэж төө илүү, дэлэн нь гэж тогоо. Тэднийг спиртийн шаараар тэжээх тул өвлийн жавар тачигнасан өдрүүдийг ажралгүй давна. Зарим нь шаарандаа согтчихсон замын голоор гуйвсхийгээд хэнэг ч үгүй алхдаг гэж байгаа. Одоо ч замд хөндөлсдөг хэвээр гэнэ лээ.
Өндөлзөнхөн тосох миний нутаг
Би Зүүнхараагийнх гэдгээрээ ямагт бахархдаг. Оюутан байхад “Хаанаас ирсэн бэ” гээд л асуух. Зүүнхараагийнх гэхээр “Тийм байх аа. Харваас эрлийз “ гээд л дуу нь сулраад явчихна. Тэгсэнээ аав, ээжтэйгээ авахуулсан зургийг минь үзчихээд “юун хятад , жинхэнэ монгол охин байна шүү дээ” гэнэ. Халимаг үс минь одоо ч эрлийз мэт харагдуулдаг байж мэднэ. Нутгийнхан манай хоёр хөгшинийг андахгүй. Номхон дөлгөөн зантай, орсон гарсанд унд цайтай эгэлээс эгэл буурлууд байлаа. Би ижийнхээ уурлаж, бухимдаж суухыг ер хараагүй. Инээд алдсан “хүү минь, дүү минь” гэсэн хөгшин. Ижий жилдээ ганц удаа малгайн утаа сэргээн хүрээ ороод ирэхдээ Хараагаа учиргүй саначихсан “Хараа минь, Хараа минь. Үгүй мөн сайхан нутаг шүү. Явж, явж ирэхэд дулаахан ч юм шиг, намуухан ч юм шиг санагдахыг нь яана” гэсээр галт тэрэгнээс буух. Үнэхээр тийм. Холын хүнд хачин ээлтэй. Холын холоос амьдрал хайн зүтгэсээр ирсэн хэн бүхэнд буян хишгээ харамгүй хайрласан хангай. Манайх ч тэдний нэг. Цэл залуухан, гучин гуравхан настай аав, ээж хоёр минь намын томилолтоор төрж өссөн говь сайхан нутгаа орхин Сэлэнгэд арван хэдэн жил амьдарчихаад Ширхэнцэг хайрханы өвөр бэл, Хараа голын хөвөөнөө тоонотоо дугуйлсан түүхтэй. Дөчин жил амьдарч, энэ л хонхорын хүмүүс болцгоосон. Миний хувьд Хараагийн голд умбаж шумбаж өссөн нусан бурантагуудын нэг.
Ээждээ хөтлүүлэн хоёр Жадамбаагийнд урилгагүй зочлон тархиа бариулж, хоолонд пологдсон гэдсээ илүүлж, харих замдаа Санжаа жолоочийнхоор дайрч Ороолон эгчээр дайлуулан,Мөнхцэцэг найзынхаа хүүхэлдэйг үнсэж санаагаа амраагаад харьдагсан. Хараа гуанзны /чирдак / дээврийн хонгилоос тагтаа өвөртлөөд буух гэж байгаад хөл алдан дүүжлэгдэж, үхэх шахсанаа , машины хаймар дугуй дотор суун өнхөрч явсан үеэ, Дуушийн гудамжнаа гүйдэг маатаг, чирта, чүүск тоглож, Данзанжав гуайн араас тал тоосго шидэн алгадуулж, “өмхий” Пүрэв гуайн хашаагаар дамжин, Дугар гуайн шар нохойд хөөгдөн, Чулуун өвөөгийнд өдрийн хоол буудаж, Намжилдагва жолоочийнд хонох шахаж, “Хоолой” Дамба гуайд шавхуурдуулж, Базарсад гуайн” яблок” Ганбаа, Борхүү, Баатархүү, Жамсран гуайн Энхтайвантай нуугдаж тоглож, мужаан Дамбын Ира, Гонгор ахын Болор-Эрдэнэтэйгээ охидын нууцыг хэлэлцэж, Чимгээ, Оюунчимэг, Галиндэв нартайгаа ижийнхээ туфлиэр ээлжлэн гангарч, цагаан сараар Дамдинсүрэн ахын Ижиймаатай хөтлөлцөн гудамжны айлууд гүйцээн Модондагва /Лодондагва нь гудамжны үзүүрийн хашааны айл / гуайнхаар зочилж, Номч эмээгийн хаалгыг өдрийн хэд онголзуулж, Шагдарын Эрдэнэсувд, Буяа, Төгсөө нартайгаа бүжиг дэглэж, хайртай найз Л.Урангэрэлтэйгээ хайр ярьж, захиаг нь зөөн, Д.Болороо, З. Оюунаа хоёр шиг гоё, ганган эгч болохыг мөрөөдөж явснаа хэзээ ч мартахгүй. Ай хүүхэд насны минь гэнэн томоогүй үе минь тэнд л өнгөрсөн. Би ч үнэндээ бүсгүй хүүхэд гэхэд сахилгагүй нь дэндсэн охин байв. Өвдөг, тохой дүүрэн сорвитой нөхөр л харайлгаж явлаа.
Сэтгүүлч Ч.Чулуунцэцэг
Сэтгэгдэл байхгүй байна