• Эхлэл
  • ТҮГЖРЭЛИЙГ ХЭРХЭН ШИЙДЭХ БАЙВ ?!

ТҮГЖРЭЛИЙГ ХЭРХЭН ШИЙДЭХ БАЙВ ?!

2024/11/22

Нийтлэлч Б.Цэнддоогийн нийтлэлийг хүргэж байна.

ТҮГЖРЭЛИЙГ ХЭРХЭН ШИЙДЭХ БАЙВ ?!

(Хэрвээ БНМАУ байсан бол)

Хэрвээ, нийслэлийн “Утаа, түгжрэл хоёр” хэмээх хос зовлон ХХ зууны дундуур, БНМАУ-д тохиолдсон бол яаж шийдэх байсан бол? Төрийн хүчирхийллийг асуудал шийдэх хамгийн оновчтой зам гэж итгэсээр байгаа олон хүн байдаг учраас энэ сэдэв сонин юм. 

   (Дашрамд дурьдахад “Социализмд сайхан байсан” гэж нэртэй нэргүй, хаягтай хаяггүй олон хүн нийгмийн сүлжээгээр мэтгэдэг нь тэд нийгэм журмын ёсны сайн сайхныг амссандаа ч биш. Нэг талаас өөртөө сэтгэл дундуур байгаа, түүнийхээ учир шалтгааныг бусдынхаа сайн сайхан байдлаас хайдаг, эцэстээ Монгол дахь Зөвлөлтийн нөлөөллийг сэргээх суртал ухуулга л цаанаас нь харагддаг)

   За энэ ч яах вэ? Харин, хачин шидийн юм болоод, БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хот нэг өглөө утаандаа дарагдаж, түгжрэлдээ гацсан байлаа гэж бодъё. 

   Эхлээд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны тогтоол гарч таарна. Нэр нь “БНМАУ-ын социалист хот байгуулалтын тулгамдсан зарим асуудлыг шийдэх тухай” гэсэн байх болов уу? 

    Үгүй юм байна, эхлээд “Улаанбаатар хотын нам захиргааны байгууллагад бугшсан Намын эсрэг бүлэглэлийг бутцохих тухай” байх юм байна. Дав дээр, утаа түгжрэлийн буруутанг олоод, нэр зааж хашраах ёстой. Ингэхгүй бол нам засаг өөрөө буруутай юм шиг харагдана. 

     Ингээд Улаанбаатар хотын намын хорооны удирдлагад шургалсан жижиг хөрөнгөтний үзэлтнүүд, хятадын тагнуул төлөөний этгээд гэж Бат-Үүлээс эхэлж Сү, Амарсайхан, Сумъяабазараар дамжаад мань Нямбаа хүртэлх баахан дарга нарыг нэрлээд, БНМАУ-ын социалист бүтээн байгуулалтыг хорлох зорилготой бүлэг этгээд илчлэгдснийг зарлана. Гэснээс, сүүлийн хэдээс өмнөх хотын дарга нарыг хэтэрхий олноор буруутгавал Намын төв хороо олон жилийн турш буруу бодлого явуулсан юм шиг харагдана. Бас Бат-Үүлийг заавал оруулахгүй бол МАН дангаараа л буруутай нь мэдэгдчихнэ.

    Гучаад он биш учраас арай ч тэднийг буудчихгүй байх, Ингээд Бат-үүл, Нямбаа хоёрыг Хэнтий аймгийн Биндэр суманд, Су-г төв аймагт адуучнаар, Амарсайханыг хаана ч юм бэ, мань Сумъяа аваргыг Өвөрхангайн аль нэг суманд гэхчлэнгээр “тэндхийн бүтээлч хөдөлмөрчдийн дунд хүмүүжүүлэх”-ээр явуулна. БНМАУ-д хүнийг нутаг заан цөлөхдөө, тухайн газрын хүмүүсийн сэтгэл санааг бодолцон, энд тэндхийн бүтээлч хөдөлмөрчдийн дунд хүмүүжүүлнэ гэж томъёолдог байсан хэрэг. Тэгэхгүй бол уугуул иргэд нь цөллөгийн этгээд, гэм буруутан шиг харагдана шүү дээ. Энэ практик бас учиртай. Шийтгэгдээд, шийтгэгдээд энэнээсээ дордох юмгүй гэдгээ мэддэг нэгэн малчин “эсэргүү Лоохуузыг манай нутагт малчин болгож шийтгэж байгаа юм байна. Ингэхэд бид ямар хэрэг хийсэн болоод энд мал маллаж байгаа юм бэ” хэмээн асууснаас үүдсэн гэдэг юм.

    Бас, буруутсан этгээдүүдээс гадна, төрийн албанд байсан бүх дүү хамаатан садангуудыг нь ажлаас нь хална. Оюутан хүүхэд байвал сургуулиас нь хөөнө. Хэрвээ орон сууцанд амьдарч байсан бол хөхөө өвлөөр хөөж гаргана. Улмаар, тэдний хамсаатнуудыг илчлэх нэртэй том хэлмэгдүүлэлтийг орон даяар явуулж, олон түмнийг айдсаар дамжуулан үг дуугүй захирах дэглэмээ улам бататгана. 

    МАХН-ын төв хороо, БНМАУ-ын Засгийн газраас маш зөв бодлого явуулаад байсан чинь хотын намын хороонд шургалсан хэдэн хүн л Маоист, буржуйн үзэл гаргаад ингээд хаясан болж байна. Тэднийг хатуу шийтгэснээр, Улаанбаатарт утаа, түгжрэл үүссэн шалтгааныг таслачихаж байгаа юм.

    Дараагийн ээлжинд, "Социалист хөдөө аж ахуйг боловсон хүчнээр бэхжүүлэх болон нийгмийн туст хөдөлмөрөөс зайлхийгчидтэй шийдвэртэй тэмцэх" гэх маягийн агуулгатай тогтоол гарна байх. Энэ хүрээнд 1990 оноос хойш нийслэлд нүүж ирсэн бүх айл өрх, иргэнийг хөөж гаргана. 1959 онд малаа хураалгасан иргэд хот руу огцом шилжсэн явдалтай хэрхэн тэмцсэн тэр л аргаа давтана гэсэн үг. Энэ шийдвэрээ “Улаанбаатар хотод зайлшгүй шилжих шаардлагатайгаас бусад байдлаар ирсэн айл өрхийг орон нутагт нь албадан шилжүүлж, хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтад оролцуулах” гэж томъёолно. 

   Ингээд 1970-аад оны дундуур хэрэгжүүлсэн арга хэмжээг давтана. Хотоос хөөгдөж буй айлын гадаа ачааны тэрэг зогсоож, ачаалахгүй хүлээлгэсэн цаг тутамд 25-50 төгрөгийн торгууль тавина. Долларын албан ханш 2 төгрөг орчим байсан гээд өөрсдөө тооцоолчих. 

  Хөдөө буцагсад зөвхөн Засгийн газрын зөвшөөрлөөр л хотод түр ирэх боломжтой үлдэнэ. Энэ зөвшөөрлийг “зам явах” авах гэдэг байсан ба сумын нарийн бичгийн дарга олгохдоо маш нарийн процедуртай байсан.

   Энэ шийдвэрийг ил тод эсэргүүцэх нь байтугаа, өвөр зуураа буруушаан ярьсан нь мэдэгдвэл “Нам, засгийн эсрэг ухуулга хийсэн”, “БНМАУ-ын социалист бүтээн байгуулалтын эсрэг агуулгатай цуурхал тараасан” зүйл ангиар ачигдана. Сонин хэвлэл, радио зурагтаар нам засгийн зөвийг магтсан яриа дүүрч, хөөгдөж байгаа улсууд хүртэл “Хөдөөгийн хөгжилд гар бие оролцох боломж олгосон нам засагтаа баярласан, талархсан”-аа илэрхийлнэ. Ингээд утаа баяртай. Гоё шийдэж байна уу, айн? 

   Үүний дараа, нийслэлд 500-600 мянга хүн, үсрээд үсрээд 800 мянган иргэн л үлдэх байх даа. Гэр хороололынхон баргаараа нүүчихээс гадна, эзэн нь хөөгдөж, улсад хураагдсан олон орон сууц суларч үлдэнэ. Гэхдээ бадарчин баярлах болоогүй ээ!

   Одоо түгжрэл рүү орно. Мөн л нам засгаас “Социализмын материал техникийн баазыг улам бэхжүүлэхийн тулд хувийн машинуудыг сайн дурын үндсэн дээр нийгэмчлэх” шийдвэр гарна. Та энэ шийдвэрийг эсэргүүцэх бүү хэл, буруушаан яривал хэрхэх нь тодорхой байх ба зөвхөн дэмжих, улам чангаруулахыг л уриалах эрхтэй байна. Ингээд, хувийн машинаа улс эх орондоо хураалгасандаа баярлаж хөөрсөн иргэдийн сэтгэгдэл сонинуудын тэргүүн нүүрээр дүүрч таарна. Зарим иргэд “Зөвхөн машин төдийгүй, мотоцикль мопед, унадаг дугуйг төрд хураах ёстой” гэж шаардана. Яг л 1959 онд амины малыг хурааж авахын өмнө, нэр бүхий малчдаар “богийн толгойд шилжүүлснээр 50/75 мал аминд үлдээж байгаа нь бидэнд ихдэнэ” хэмээн уриалуулж байсан шиг. 

   Ингээд та нарын машиныг БНМАУ-ын автотээврийг хөгжүүлэх, бэхжүүлэх үйлсэд зүтгүүлэхдээ 1959 онд амины малыг нийгэмчилсэн тэр л хувилбараар хийнэ. Машиныг чинь зүгээр нэг хураагаад авчихгүй. Чамайг жолоочоор нь үлдээж, сар тутам заавал биелүүлэх тонн/километр, таксиметрээр хэмжих норм өгнө. 

    Жишээлэхэд, жиптэй байсан нь намын төв хорооны авто баазад харъяалагдаж, дарга нарын хөдөө томилолтод дэгдэнэ. Ачааны тэрэг, портертойгууд нь хот хоорондын автобаазын мэдэлд очоод 

-За нөхөөр, Ховд руу хивэг ачаад марш гэхэд л 

-За даргаа гээд ухасхийдэг болно.

-Хувийн машин таксинд явуулсангүй гэж уурлаад байдаг улсын “хүссэн юм хүзүүгээр татна” гээч л болно. Улсынх болсон хувийн машинтай таксичний цалин тогтмол байх ба харин норм биелүүлэхгүй бол тэндээс суутгана. Төлөвлөгөө нормыг удаа дараа тасалбал эрүүгийн хуулиар шийтгэнэ. Түүнчлэн хураалгасан машиныхаа бүрэн бүтэн байдлыг хариуцах ба социалист өмч болох зарим деталийг үрэгдүүлбэл гурав нугалж төлдөг байсан практик хэрэгжинэ. Жишээлбэл, дугуйг заасан хугацаанаас нь өмнө хагалж буудуулбал гурван тийм дугуйны үнээр төлж, улсын хохирлыг барагдуулна. 

    Өнөөдөр, түгжрэл бууруулах арга хэмжээнээс болж хохироод бөөн эсэргүүцэл гаргаад байгаа машины ченжүүдийн эсрэг “ авто машины дамын наймааг таслан зогсоох, иргэдийг мөлжлөгөөс хамгаалах” арга хэмжээ авч бүх машиныг улс хурааж таарна. 

     Хураагаад зогсохгүй шударга бусаар баяжсан, ард түмнийг дамын наймаагаар мөлжиж олсон орлогыг улсын өмч болгон хураах нэрээр ёстой нохой явган, гахай нүцгэн болгож тавина. Энэ арга хэмжээ хувийн машинаа хураалгасан олон иргэний сэтгэлийн зовлонг нимгэлээд зогсохгүй, машин худалдан авч чадахгүй байсан олон амьтны бах тавыг ганц сайхан ханган, нам засгаа улам нягтаар хүрээлнэ гэдгийг тэд сайн мэднэ. Пролетарийн диктатур дээр л тогтсон нийгэм шүүдэй, айн? Пролетарийн диктатур гэдгийг нь нийгмийн олонхийг үгээгүй ядуу хэвээр нь хадгалах төдийгүй, байн байн бах тавыг нь хангах замаар тэдний дэмжлэгийг авч засаглахын нэр гээд ойлгочиход болно.

     Гэхдээ, ченжүүдийн хувь заяа илүү сайхан байж ч болно. Жишээлэхэд “Сайн дурын үндсэн дээр машинаа заавал нийгэмчлэх” нам засгийн шийдвэрийг халуунаар дэмжсэн мэтээр үзэж, олон машинаа хураалгасан ченжүүдийг өнөөгийн СТА-тай дүйх, “Хоршооллын тэргүүний ажилтан” цол, энгэрийн тэмдэгээр мялаахыг хэн байг гэх вэ? Янзтай шийдэж байна уу, айн? 

    ХЭРВЭЭ гэдэг аргументийг өнгөрсөн цагт хэрэглэхдээ: хэрвээ, учир явдлын шалтгааныг олохоосоо нэгэнт өнгөрсөн нь мэдэгдсэн атал заавал дүгнэлт хийх хэрэгцээ гарвал: хэрвээ, үйл явдлын учир логикийг олох нь угаасаа тавьсан зорилго биш байсан бол: хэрвээ, санаандаа таарсан дүгнэлтээ эхэлж тавиад түүхийг түүндээ тааруулан засварлах гэж байгаа бол хэрэглээд, ашигтай баримтыг түүвэрлэн ХЭРВЭЭ-дээ хүчээр хүргэдэг.

   ХХ зууны БНМАУ-ын түүх ч тийм юм. “Энэ үндэстэн сөнөх байсан” гэдэг дүгнэлтийг эхэлж тавиад, түүндээ тохирох асуултыг: Хэрвээ, ардын хувьсгал ялаагүй бол, Хэрвээ, Зөвлөлтийн улаан арми орж ирээгүй бол, хэрвээ Москвагийн дагуул улс болоогүй бол гэхчлэнгээр тавьдаг.

  Эл өгүүлэл ч ХЭРВЭЭ гэдэг дүгнэлтэндээ тааруулсан абсурд бичвэр учраас хэзээ ч ийм болохгүйд найднам.

2024.11.20


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин