Нэг л өдөр үндэстэн маань сэргэж бүх хүн тэгш эрхтэйгээр өнөөдрийн нийгэмд хөл нийлүүлэн алхах болно хэмээн би мөрөөддөг
Нэг л өдөр Миссипийн толгод дээр цэцэг жимс нахиалж шудрага бус бүхнийг үлдэн хөөж эрх чөлөө шударга ёсыг тогтоох болно хэмээн би мөрөөддөг
Нэг л өдөр миний дөрвөн хүүхэд арьсны өнгөөрөө бус авьяас чадвараараа үнэлэгдэх цаг ирнэ хэмээн би мөрөөддөг
Нэг л өдөр Алабагийн арьс өнгөөр ялгаварлагчид түүний шудрага бус явдалд хэл амаа бэлүүдхээс цаашгүй мужийн захирагчтай тэр газарт нэг л өдөр хар, цагаан охид хөвгүүд яг л эгч дүү нар шиг хамтдаа хөтлөлцөн алхдаг болноо гэж би мөрөөддөг...
....Арьс, өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэгч Мартин Лютер Кингийн энэхүү алдарт үг олон зуун хүний итгэл мөрөөдлийн бамбай болж, ауагаа хүчийг бий болгон амжилтанд хүрсний учир юу вэ? Энэ үгийг цууриатаж байх тэр үед хар арьстнууд, цагаан арьстнуудтай нэг автобусанд ч сууж болдоггүй, тэгш байдал, ижил эрхийн тухай мөрөөдөх ч аргагүй байсан гэвэл өнөөгийн бидэнд итгэмээргүй санагдах байх. Хэдийгээр тэр энэ алдарт үгээ хэлснээсээ хойш хэдхэн жилийн дараа бусдын гарт амиа алдсан ч түүний мөрөөдөл биеллээ олсон гэдгийг та бид харж байгаа. Түүний үг, үзэл санааны хүч юунд байсан бэ?
Хүн болгонд мөрөөдөл бий. Жаалхан бяцхан охин шинэ гуталтай болохоос эхлээд, амьдралд хөл тавьж байгаа залуу хархүүгийн шинийг сурах хүсэл, амьдралдаа алдаж будилсан ч дахиад шинийг бүтээх, бусдад хайр түгээх гэсэн хижээл нэгний мөрөөдөл гээд мөрөөдөл бүхэн амттай, бас эзэндээ эрхэм. Мэдээж хэн нэгний боломжийг булаан авч, хэн нэгнийг далайлгах эрх мэдэлтэй болж, хэн нэгний мөрөөдлийг нухчин дарах бус хүний ёсны гэгээн мөрөөдлийн тухай л энд өгүүлж буйг ойлгоно буй за. Мөрөөдөл бүхэн хүчтэй, гэгээлэг бас таныг татах хүчтэй байдаг. Тийм учраас Мартин Лютер Кингийн энэ үг хүчтэй байж. Одоо ч хүчтэй байдгийн учир энэ.
Тийм ээ, хүн мөрөөдөлтэй байж хүчтэй байдаг. Тиймээс би мөрөөдөж байна, яг Мартин Лютер Кинг шиг. Бид өөрсдийн хүчээр амьдарч, өөрсдийн чадлаар мөрөөдлөө цогцлоохыг би мөрөөдөж байна. Хэн нэгнийг өөрийнхөө хүчээр сайн сайхан амьдралаа цогцлоодог болоход хэн ч саад болохгүй байхыг би мөрөөдөж байна. Хэрэгтэй зүйлээ хийхийн тулд заавал хэн нэгэн улстөрчийг таньдаг байхыг, хүслээ биелүүлэхийн тулд заавал хэн нэгний цүнхэнд багтах албагүй байхыг би мөрөөдөж байна. Хэн нэгэн улстөрч авч болдог зээлийг хэн нэгэн жирийн л хөдөлмөр эрхлэгч, бүтээгчид ч адилхан авч болдог байгаасай гэж би мөрөөдөж байна.
Өнөөдөр эхнэртэйгээ оёдлын машины ард суугаа Дорж хамгийн сайхан цамцыг оёж, хамгийн сайн үнэээр зарж, хүүдээ, охиндоо орой бүр тор дүүрэн амттантай очихыг мөрөөж байгаа. Өнөөдөр Дорж ганцхан оёдлын машинтай бол маргааш хоёртой болж эхнэртэйгээ зэрэгцэн илүү олон цамц оёхыг хүсч байгаа. Өнөөдөр угалзтай монгол гутал урлан суугаа залуу хэн нэгний дэлгүүрт түрээсээ төлөөд гутлаа хурдан борлуулахыг, улаан гараараа урлан шагласан гутал нь Монгол Улсын хүндэт харуулын алхаагаар Монгол төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж байгаасай гэж мөрөөдөж байгаа. Өнөөдөр Долгор хэн нэгнийг гуйж царайчлалгүйгээр багахан зээл авч чадвал хажуу айлынхаа жаал охиныг цалинжуулаад ганц бус хоёр дээл оёж чаддаг болохсон гэж мөрөөдөж байгаа. Өнөөдөр Дондог Монголоос өөр хаана ч байхгүй чацарганын тосоо, сүүлний тостой савангаа, жамц давсаа алсын Америк, арлын Японд хүргэн зарж дэлхийг гайхашруулахыг мөрөөдөж байгаа. Тийм ээ би ч бас тэдний адил мөрөөдөж байгаа, жинхэнэ ЖДҮ-чид хөгжөөсэй гэж.
Тийм ээ, бидэнд мөрөөдөл бий. Бид зүгээр л өөрийнхөө хүч хөдөлмөрөөрөө амьдралаа босгон, ирээдүйгээ цогцлоон айх айдасгүй амьдрахыг мөрөөдөж байна. Тийм ээ бидэнд мөрөөдөл бий.
Тэгвэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд бид юу хийх ёстой вэ? Бүгдээрээ хэлэлцэцгээе, мөрөөдлөө биелүүлцгээе.
Эх орноо жинхэнэ ЖДҮ-гийн эх орон болгоцгооё. Жинхэнэ ЖДҮ-чид хамгийн сайхан ирээдүйг бүтээж, жинхэнэ ЖДҮ-чид хамгийн сайхан амьдарч, ЖДҮ гэдэг хамгийн сонсголонтой сайхан, бахархам үг байгаасай гэж мөрөөдөцгөөе.
Үргэлжлэл бий...
Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал О.Гэрэлт-Од
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу.
О.Гэрэлт-Од:ЖДҮ гэдэг үгийг хамгийн сонсголонтой бүтээлч нэр болгохын төлөө ажиллана
ЖДҮ-ийн мөнгийг энэ удаад улстөрчид биш банкныхан хүртэх нь ээ
Сэтгэгдэл байхгүй байна