Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүтэй Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн талаар ярилцлаа.
-Дулааны улирал ирлээ. Нийслэлийнхэн энэ үед утаанаас арай гэж салж байхад цэвэрлэх байгууламжийн нөгөө эвгүй үнэр гарах вий гэж халширдаг. Цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажил энэ хавар эхэлнэ. Ажил тогтсон төлөвлөгөөний дагуу явж байгаа юу?
-Цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажил энэ жил эхэлнэ. Нийслэлийн иргэдийг олон жил шаналгасан үнэрийн асуудлыг ул суурьтай шийдэхээр холбогдох газрууд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа. Үүнд итгэлтэй байж болно. Гэхдээ үлгэрт гардаг шиг шидэт дохиураар ганц дохиод хормын төдийд бүх зүйл өргөс авсан юм шиг сайхан болчихгүй. Хөрөнгө мөнгө, инженерийн шийдэл, гар нийлж ажиллах хурд зэргээс их зүйл шалтгаална. Хийх ажлуудаа төлөвлөж, зөв эрэмбэлэхээс эхэлсэн. Тухайлбал, Цэвэрлэх байгууламжид одоо ирж байгаа бохир усны хэмжээ, бохирдол ямар байгаа вэ? гэдгээс ажлаа эхлүүлээд байна.
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажилд онцгой анхаарч, хугацаатай үүрэг өгсөн. Ажлын хэсэг бодитой ямар ажлуудыг барьж авсан бэ?
-Барилга хот байгуулалтын Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулж тодорхой гурван асуудал дээр анхаарлаа хандуулж ажилалаа. Нэгдүгээрт: Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийн төсөл дээр ажиллалаа.
Манай төв цэвэрлэх байгууламж зөвхөн ахуйн хэрэглээний бохир усыг цэвэрлэх зориулалттайгаар 1964 онд байгуулагдсан. Тухайн үед 500 мянган хүн амтай нийслэл хотод зориулж барьсан байдаг юм билээ. Гэтэл өнөөдөр бараг 1.5 сая хүнтэй хотын бохир усыг цэвэрлэх үүрэг хүлээн ажиллаж байна. Өнөөдөр хүлээн авч буй бохирдлын хэмжээ стандарт хэмжээнээс 5-10 дахин их байна. Угтаа төв цэвэрлэх байгууламж нь химийн болон үйлдвэрлэлийн бохирыг хүлээж авах зориулалттай биш юм.
Шинэ цэвэрлэх байгууламж барих нэг хэрэг, манай хэрэглэгчид бохир усаа төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлэхдээ анхан шатны цэвэрлэгээ хийгээд тодорхой стандартын шаардлагыг хангасны дараа шугам сүлжээнд нь нийлүүлдэг байх ёстой.
Тэгэхгүй бол мянга ч цэвэрлэх байгууламж бариад хэрэггүй. Дэлхийн бусад улс орнуудын жишиг ч ийм. Жишээ нь ноос ноолуур, арьс шир, өлөн боловсруулах үйлдвэрүүд, хүнсний үйлдвэрүүд, машин угаалгын газрууд, эмнэлэг зэргээс маш их хэмжээний химийн бодис бүхий бохир ус ирдэг. Энэ нь Төв цэвэрлэх байгууламжийн биологийн цэвэрлэгээний гол үүргийг гүйцэтгэдэг бохир усан дахь хорт нэгдлүүдийг задалдаг, иддэг бактериудыг устгах буюу идэвхигүй байдалд оруулдаг. Бактериудаа буцааж сэргээж хэвийн ажиллагаанд оруулахад 2-3 сарын хугацаа ордог. Энэ бүгдийг зохицуулах, журамлах үүднээс “Ус бохирдуулсны төлбөрийн тухай” хуулийн төслийг холбогдох яамаар дамжуулаад Засгийн газарт өргөн барьсан. Товчхондоо бол хэн их бохирдуулсан нь илүү ихийг төлдөг байх зарчмыг хуулийн төсөлд суулгаж өгсөн.
-Эвгүй үнэр гаргадаг гол эх үүсвэр болсон лагнаас яаж салах вэ. Олон жил хуримтлагдсан лагийг бүрэн устгах ажил эхэлсэн үү?
-Эвгүй үнэр гаргадаг лагаас бид хэзээ салах вэ гэж Та асуулаа. Барилга хот байгуулалтын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийн хоёр дахь ажил бол олон жил хуримтлагдсан лагаа бид яах вэ гэсэн асуудал яах аргагүй мөн.
Өдөрт 1200-1400 шоометр 96,5 хувийн чийгшилтэй түүхий лагийг 44 карт бүхий лагийн талбай руу шахдаг. Энэхүү лагийг 5 тонны машинаар зөөвөл 8-10 машин болно гэсэн үг. Энэ бол ганцхан өдрийн дүн. Шахсан лагийг 60 жил ил задгай байгалийн аргаар хатааж байсан шүү дээ. Иймээс үнэр гарах нь тодорхой. Манай ажлын хэсэг Дэлхийн хамгийн сүүлийн үеийн шилдэг технологийг нэвтрүүлье гэдэг зарчмын шийдэлд хүрсэн. Засгийн газраас ч үүнд анхаарал хандуулж эхний ээлжинд Сангийн яамнаас 10 тэрбум төгрөгийг энэ жил төсөвлөж өгсөн. Өнгөрсөн хугацаанд энэ салбарын олон шилдэг мэргэжилтнүүд, эрдэмтэд, мэргэжлийн байгуулагуудыг оролцуулсан хэлэлцүүлэгийг 3-4 удаа зохион байгуулж, санал бодлоо солилцсон. Ингээд хамгийн шилдэг технологи бол лагийг шатаах арга юм байна гэдэг дээр санал нэгдсэн. Цэвэрлэх байгууламжаас 97 хувийн чийгшилтэй гарч буй лагийг үйлдвэрийн аргаар70 хувийн чийгшилтэй болгож хатаагаад дараа нь шатаана гэсэн үг. Үүнээс багахан хэмжээний үнс л гарна.
-60 жил хуримтлагдсан лагнаас бүрэн салахад хэр хугацаа зарцуулах вэ?
-Би яг энэ асуултыг асуугаасай гэж бодож байлаа. БХБ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийн гуравдугаарт бичигдэх асуудал бол яалт ч үгүй 60 жил хуримтлагдсан лагаа яах вэ? гэдэг асуудал юм. Хуримтлагдсан лагийн талбайг тэгшилж, үнэр саармагжуулах бодис цацах шийдэл юм. Хуримтлагдсан лагийн өнгөн хэсгийг үнэр саармагжуулах бодис цацаж, модны үртэсээр хучаад цаашид ногоон байгууламж болгоно. Ингэж байж нэг мөр шийднэ. Яг энэ ажлууд хийгдэх үед эвгүй үнэр үнэртэнэ. Үнэнийг л хэлье. Олон жил хуримтлагдсан хур лагийг хөндөж байгаа болохоор мэдээж үнэр байтугай л юм болно. Бид алийн болгон бие биеэ хуураад, ойр зуур аргацаагаад явах вэ дээ. Үүнийг зориглоод хийхээс өөр арга байхгүй. Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэл, Ус сувгийн удирдах газрын хамт олон, инженер техникийн ажилтнууд нийслэлийн иргэдийг ая тухтай амьдруулахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Манайхан 2-3 сарын хугацаанд лаг үнэргүйжүүлэх ажлыг хийхээр төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Бид сүүлийн жилүүдэд үнэр хэмээх нэг л юм аа ярилаа, одоо зоримог хөдөлж, хүлээцтэй хандаж асуудлыг нэг мөр шийдье. Энэ асуудлаар Засгийн газар анхаарч бүх яамд энэ жилдээ багтааж шийдье гэсэн зорилт тавиад зүтгэж байна. Ер нь бол энэ үнэр надад ч таньд ч яг адилхан л үнэртэж байгаа. Нийслэлчүүдэд бүгдэд нь хамаатай асуудал шүү дээ. Тэгэхээр цогцоор нь шийдсэн нь дээр.
Сэтгэгдэл байхгүй байна