• Эхлэл
  • Пёньян: АНУ-д хүрэх алсын тусгалын шинэ пуужин туршив

Пёньян: АНУ-д хүрэх алсын тусгалын шинэ пуужин туршив

2024/10/31

Хойд Солонгос улс өнөөдөр /2024.10.31/ АНУ-ын эх газарт хүрэхээр загварчлагдсан алсын тусгалын шинэ пуужинг туршилтаар хөөргөлөө. Пуужингийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй ч ирэх Мягмар гаригт болох АНУ-ын сонгуультай холбоотойгоор анхаарал татах гэсэн оролдлого гэж үзэж байна. Өмнөд Солонгос, Япон улсууд АНУ-тай хамтран пуужин хөөргөлтийг анхааралтай ажиглаж байгаа гэлээ.

Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хороо өнөө өглөө 07:10 цагийн орчимд Хойд Солонгосын нийслэл орчимоос харвасан пуужинг илрүүлсэн гэв. Пуужин Солонгосын хойг болон Япон хоорондын усыг чиглэн нисчээ. Өндөр өнцгөөр харвасан байдлаас нь алсын тусгалтай пуужин гэж таамаглав. Өмнөд Солонгосын Цэргийн тагнуулын агентлаг Умардыг долоо дахь цөмийн туршилтаа хийх бэлтгэлээ бүрэн хангасан гэж үзэж байна.

Харин Японы Батлан хамгаалахын сайд генерал Накатанигийн хэлснээр пуужин нэг цаг 26 минутын хугацаатай нисчээ. Энэ нь Хойд Солонгосын туршиж байсан хамгийн удаан ниссэн пуужин юм. Пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна усанд унажээ.

АНУ -ын зүгээс Хойд Солонгос улс энэ үйлдлээрээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж, угаас хурцадмал байсан асуудлыг шаардлагагүйгээр улам дэвэргэж байна гэлээ.

Хойд Солонгос улс хамгийн сүүлд 2023 оны арванхоёрдугаар сард тив алгасагч баллистик пуужин туршилтаар харвасан. Энэ нь хатуу түлштэй Хвасон-18 байв. Хатуу түлштэй пуужингууд нь шингэн түлштэйгээ бодвол хөдөлгөх, нуухад хялбар, илүү хурдан харвах боломжтой байдаг аж. Удирдагч Ким Жон Уны 12 тэнхлэгтэй пуужин харвагчаа шалгаж буй гэрэл зургийг өнгөрсөн сард тус улсын хэвлэлүүд нийтэлсэн. Үүнийг Хойд Солонгосын хамгийн том пуужин хөөргөгч гэж дүгнэсэн юм. Ийм том пуужин харвагч байгаа учир одоогийнхоос илүү том хэмжээтэй тив алгасагч баллистик пуужинг Умард хөгжүүлж байж магадгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: AP


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин