ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг зарим нь бүрэн ойлгохгүйгээр, буруу мэдээлэл түгээж, мушгин гуйвуулж байгааг тайлбарлаж, мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Хуульд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилчдыг квотгүй оруулах, 288 мянган хятад иргэн оруулж ирэх тухай нэг ч заалт байхгүй”-г хариуцлагатай мэдэгдэж, Хамтарсан Засгийн газрын бүх гишүүн дэмжиж, УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл болохыг онцолсон юм.
Хуульд дараах заалтыг тусгажээ. Тодруулбал:
-Ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт ажиллах гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөхийг эдийн засаг, бүтээн байгуулалтын бодлого, чиглэлийг харгалзан Засгийн газар тогтоох,
-Засгийн газрын шугамаар авсан гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд ашигт малтмал, газрын тосны салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд гадаад ажилтан ажиллуулах тохиолдолд ажлын байрны төлбөрөөс хөнгөлж, чөлөөлөхийг Засгийн газар шийдэх,
-Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоохдоо тухайн жилийн төсөв баталсны дараа буюу жил бүрийн ирэх оны төсвийн хөрөнгө оруулалт тодорхой болсны дараа шийдэх нь илүү зохимжтой тул уг тоо, хувь хэмжээг жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор Засгийн газар эцэслэн батлах,
-Аж ахуйн нэгж, байгууллагууд гадаад улсаас ажилтан авч ажиллуулах зөвшөөрлийн хүсэлтийг шийдэхэд гардаг авлига, хүнд суртлыг арилгах, цахимжилтыг сайжруулахтай холбоотой зохицуулалтыг тусгасан. Хуулийн төсөл нь бизнес эрхлэлт, эдийн засгийн үр ашгийг нэмэх, стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөгжлийн төслийг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой гэж үзжээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр гадаад ажилтны квотыг Засгийн газар жил бүр тогтоох нь хэвээр байгаа тул энэ зохицуулалтыг огт хөндөөгүй аж. Томоохон аж ахуйн нэгжүүд одоо мөрдөж буй хуулийн хүрээнд ажлын байрны төлбөрөөс чөлөөлж байгаа бол энэ удаагийн өргөн мэдүүлсэн хуулийн төслөөр ажиллах хүчний хомсдолд хамгийн их өртөж байгаа жижиг, дунд аж ахуйн нэгжийн гадаад ажилтны ажлын байрны төлбөрийн зардлыг багасах, дэмжих бодлого гэдгийг ГБХНХЯ мэдээлжээ.
Сэтгэгдэл байхгүй байна