Нийтлэлч Ц.Доржготовын нийтлэлийг хүргэж байна.
УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана
Мега төслүүдийг хаанаас хэн 10-20 жил гацаасныг илчлэхээр УИХ хэлэлцэх болсонд амжилт хүсэхийн ялдамд мэргэдийн шүүлтээр тодрох гацаагчдын нэрс-нийтээр цөхрөлтгүй хараадаг буюу миний бичвэртээ цохдог нэрстэй зөрөхгүй таарах уу, эсвэл гацаагчдын хөлд тээглэгч хэд золиослогдох уу. Харцгаая. Төмөр зам гацсан нь үнэн үү-үнэн. Энэ гацаанаас болж 80 юм уу 100 юм уу их наядын ашиг хаагдсан гээд экс ерөнхийлөгчөөс засаг нэхэмжилж байсныг бүгд сонссон. Цахилгаан станцуудын төслийг зогсоосон уу, зогсоосон. Хаанаас хэн зогсоогоод байсныг энэ долоо хоногийн чуулганаар тогтооно гэж ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэнд догдлон хүлээж байна.
Манай эрх баригчид биенээ төмөр зам гацаагч гэж уралцахыг дэлхий харж буй. Орос олигархуудын даалгавраар төмөр зам барих төслөө унтраасан-урвагчаа нуудгийг ч цөм мэднэ. Орос магнатуудтай хавсайдаж бантагнуулсан мухар замаа холбовол Оюун-Эрдэнэ минь арилшгүй гавьяа! Урд хөрштэйгөө үзэглэсэн гэрээгээ нулимаад тэднийг олон тэрбумаар “шатаасан” балгаа үл тоож, боомтын гүүрэн гарц, өргөн нарийн цариг холбох ярвигтай ажилд тусал гэх увайгүй бус уу. Хятадууд тохирсноороо манай хил рүү төмөр зам тавьж хулхидуулсан ч хохирлоо нэхэлгүй-баян гүрний өгөөмөр зангаар уучлав. (Орос ахаа бид тэгж хулхидвал юу амсах бол). Холболтод дахиад хэдэн ч сая доллар орох юм, юутай ч 3-4 жилдээ бүтэхгүй. Үүнээсээ сургамж авах байтугай евроазийн холбоонд элсэж, хоригт орж бэлгүйдсэн Оросын үр тариа, тэжээл, гурил, өндөгний татваргүй урсгалаар баялаг бүтээгч хэдийнхээ голомтыг самрахаар шулууджээ. Ингээд байхаар чинь үглэх-нүгэлгүй гээд бичих юм. Гайхалтай нь татваргүй орж ирсэн орос барааны үнэ сум болоод украйнчуудыг албал буян болно гэж хэлээ билүүдэгч цөөнгүй гээч.
Мега төслүүд олон жил гацсанаас учирсан асар их хохиролд харуусаж, ядуу буурай олноо хорлогчдыг уран бүтээлч хүний гажгаар “Орос ахын эртний ба эдүгээх авир араншин”, “хужаа гэж салаавч үзүүлж онголздогоо тунгаа” гэх мэтээр би ад болтлоо солиорсон. Гацаагчдыг хайж суугаа түшээ нартаа сонгогч миний сонордуулж буй доорх нуршуу матаас-ил болсон баримтууд тул унших хүн гарахгүй биз. Гэлээ ч уншигчгүй болсон зохиолч “завтай нэгэн тухтай зугаацаж магад” гэж горьдсоны улмаас дахин байршуулав. Яршигтай өвөөгөө өршөөгөөрэй.
х х х
Шав тавих ёслол мега төслийн оршуулга болов. Хэчнээн ч нүхэнд хадаг цай булж, тэр тоолонгоор хэчнээн ч цахилгаан станцын төсөл унтрав даа. Бүтэн хагас сая кв. км нутгаасаа эрчим хүчний станц барих дов олсонгүй. Тууз хайчилж хуврагууд аргил шахмал хоолойгоор тарина хүнгэнүүлж, хадаг цай өдий төдий нүхэнд булсны зардал юу шалиа. Гагцхүү булсан шав болгоны төслийн нэгж гэгчид шургалсан хэсэг этгээд цадаа. Хонхорт булсан шав гэхэд л 20-иод саяыг залгисан сурагтай. Булсан шавнуудаа эргээд олох уу?
Эрдэнэбүрэнгийн УЦС. 1964 оноос ярьсан энэ төслийг тендерт шалгарсан хятад компани 288 сая төсөвт өртгийг 17 саяар хямдруулж, 271 сая доллароор барих тохироонд 2021 оны 9-р сарын 17-нд хүрч, талууд гарын үсэг зурснаар зуун дамнасан төсөл 2022 оны 4-р сард хөдлөх болжээ. Овоо доо гээд баярлатал “даврах болоогүй” гээд ОХУ шатахууныхаа гэрээт нийлүүлэлтийг хааж цочоов. Мал өсөөд маханд очерлохоо больсон ч машиныхаа хоолонд очерлолоо. Социализмд сайдууд машин унадаг байсан бол хоосрол дагуулсан ардчилалд машинтай ядуус үржжээ. Явгарсан ядуус хоёр зээрдээрээ таваргахаас залхуурч ах нарынхаа өөдөөс аймшиггүйгээр “бензиний чинь үнийг валютаар төлчхөөд байхад гэрээгээ зөрчиж крантаа урьдчилж анхааруулалгүй хаав” гэж цоролзлоо. Маниусын үед ингэж даварвал алуулах байв.
V ДЦС. Тээр жил Ангела Меркель-Монголд хөрөнгө оруулахад хоёр бэрхшээл байдаг. Нэгд баялгийн ордууд нь олон зуун, бүр мянган км-ийн чанад дэд бүтэцгүй цөлд оршдог, хоёрт хөршөөс нь зөвшөөрөл авахгүй бол төсөл нь явдаггүй гэж телевизээр мэдэгдэж харагдсан. V ДЦС-д хөрөнгө оруулахаар солонгос франц япончууд хэдэн жил тэвчээртэй хүлээсний эцэст энэ төслийг Орос хэзээ ч зөвшөөрөхгүйг мэдээд буцсан. Цөхөрсөн биз. Төслийг гацаасан этгээдийг олох нэхэл Ковидоор сөхөгдмөгц манай эрх баригчид “монголчуудаас болоод гадны хөрөнгө оруулагч нар V станцын төслийг орхисон” гэж орос ахаа хаацайлав.
Эгийн УЦС. 40 жил гацсан станц. БНХАУ тэрбум долларын урт хугацааны нэн хөнгөлөлттэй зээл олгохоор болж, өндөр өртөгтэй эрчим хүч импортлох хэрээс хэтэрсэн ачаа хөнгөлөх нь гэж өмнөд хөршдөө бид баярлалгүй яах билээ. Эгийн гол урсдагаараа хэдэн жил урсаад л өртгөө нөхчих төсөл. Гэтэл хайрт орос ах нар минь Эгийн УЦС Байгал нуурт хөнөөл учруулна гээд зогсоочхов. УЦС барихад аварга усан сан тогтоодог. Хиймэл нуур манай хуурайшлыг чийгшүүлж хур бороо элбэгшинэ. Ер нь УЦС гэж хэрэглээ талаас нь нэрлэдэг ч давхар өгөөж нь ус тогтоож нуур буй болгох юм. Монголын төв ба хойд бүсийн гол горхи бүгд Байгал нуурт цутгадаг. Усны зөвлөх инженер П.Бадамдорж ярихдаа: 1988 онд Сайд нарын зөвлөл, ХААЯ, УААЯ зэрэг газраас Хилийн усны хэлэлцээр боловсруулах ажлын хэсэгт намайг оруулсан юм. Гэтэл тэр баримт бичиг сураггүй болжээ. Яасан бэ гэвэл 1988 оны хэлэлцээрээс тэс өөр хэлэлцээр 1996-1997 онд хийчхэж. Байгуулсан эзэд нь тогтоогддоггүй, гарын үсгийн тайлал байхгүй-энэ хэлэлцээрийг өдгөө оросууд бариад дайрдаг. Заалт нь: хил дамнасан гол мөрний асуудлыг ОХУ-аас асууж шийднэ гээд заачихсан. Гол мөрнийхөө усны 20 хувийг нутагтаа саатуулж, бүтээн байгуулалтдаа ашиглах эрх олон улсад үйлчилдэг. Үүнийг оросууд мэднэ. Эгийн голд УЦС баривал Байгал нуурт хөнөөлтэй гэж ОХУ-ын гаргасан гомдлыг ЮНЕСКО-гийн Өвийн хорооны 39-р чуулганаар хэлэлцэж, Өвийн хорооны эрх бүхий гишүүн улсууд “Эгийн голын УЦС Байгал нуурт нөлөөлөхгүй нь судалгаа шинжилгээгээр нотлогдсон тул хөгжиж буй Монгол улсыг дэмжих нь зүйтэй” гэсэн байр суурь илэрхийлж байв. Эгийн гол төсөлд зөвлөхөөр Францын Трактебэл инженеринг (GDF Suez) компани ажиллав. Энэ компани эрчим хүчний салбарт дэлхийд гуравт жагсдаг. Уг компанийн судалгаанаас ганц дүгнэлтийг онцлоход “нөлөөлөл 1 хувиас доош бол огт нөлөөлөхгүй гэж тооцдог бол манай станц ашиглалтад орсноор Байгал нуурт 0,023 хувиар нөлөөлнө” гэсэн тооцоо гарчээ.
Багануур ДЦС. Нас нь хэт хэтэрсэн станцууд унтрах, Орос экспортоо хаах-аль нь ч дайрсан 1,7 сая оршин суугчтай хот 40 хэмийн тэсгим жаварт тэс хөлдөнө. Өвгөн станцууд оргил ачааллынхаа үед бүх тэнхээгээ шавхаж, дээр нь Оросоос авдаг өндөр үнэтэй цахилгаанаар сэлбэвч, нөхөх үүсвэр-зуух трубингүй учир нүүрсээ нүдээ аньж өрдсөөр осол гарах аюул хутганы ирэн дээр өвөлждөг. Багануурын станц бол эрчим хүчний доголдлыг арилгах, өсөн нэмэгдэх хэрэглээг хангах маш чухал төсөл байв! Багануурын станцыг “сүйрүүлэх хужаа төсөл” гээд юу ч биш болгосон. Багануурт станц баривал Хятад арми хяналтаа тогтоож, 5000 хужаа бүхий тосгон үүсэж, ах нарын барьж өгсөн нийслэл дэх станцууд асар хүчтэй хужаа тогонд навс цохиулж шатна гэх инээдэмтэй марзан ухуулга цацсан. Энэ ухуулгын ил эзэн нь “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн, үл үзэгдэгч ноён нь Ц.Даваасүрэн сайд байв. Өмнөд хөршөө үзэн ядагч сүргийн цөсийг хөөргөхөд тэнэг пиар чухам. Харанхуй тархи тоглоом болдгийн тод жишээ. Багануур ДЦС-ыг Ц.Даваасүрэн бус “олны шаардлагаар” төр засаг царцаав гэх ойлголт хар массын вакум толгойд үлдсэн. Ингэснээр орос олигархуудын цахилгаан манай руу саадгүй урсав. Монгол улсын хөдөлмөрийн хууль, Засгийн газраас олгодог гадаад ажилчдын квот дагуу хятад ажилчдын тоо хязгаартай. Ажилчдын 90 хувь монголчууд байна гээд гэрээгээр тохирчээ. Юун 5000 хужаа, юун Хятад арми вэ? Хүчдэлээ маневрлан тохируулах боломжтой тул юун шатах аюул бэ? Монголд маш чухал төслийг гацаах цуурхлыг төр засаг огт хайхраагүй. Далдуур дэмжсэн ч байх. Биеэ үгүйлдэггүй би бичиж зөнөгөө дуудуулж байлаа.
Хамтдаа хожъё гэдэг хаяа хатгасан аугаа хэрэглэгч хөршөө өдөж хатгаад буруу харуулчихвал Ц.Даваасүрэн хотойхгүй ч хүн ам нийтээр хохирно. Дэлхийн хоёр дахь эдийн засагтай бөөр нийлэн айлсах учрал-ховор боломж. Хятадгүйгээр Монголоо төсөөлөөд үз. Малтмалаа дэлхийн аль буланд ямар тээврээр яаж хүргэж, хэнд зарахаа бод. Нүүрс зэсийн орлогогүй болбол бид хэцүүднэ. Их Хятадын дэргэд мань өчүүхэн. Айдас арилах яагаа ч үгүйг В.Путин харуулж буй цагт-юм л бол хужаа гэж онголздог чинь уйлах хүүхдийн хошного урд өдрөө умалзана гэдгийг санагдуулаад байх болов. Урд хөршөө хажаад хөндүүрлэчихвэл ганцаардана шүү.
Нас сүүдэр хоёр нугарсан станцуудын үхмэл цогцсуудыг салгаж хаяад орлуулах донор “эрхтэн”-үүдийг зөвхөн Оросоос авна. Энэ нь өндөр үнэтэй цахилгааныхаа араас сэлбэгээ шахах тулгалт. Ийм аргаар шулахын тулд мануусыг юмны учир олдоггүй дүнхүү, эрх ашгаа хамгаалах оюунгүй байдалд уяад, чадамж өндөр шинэ технологиор супер эх үүсвэр барихыг гацаадаг. Ахын заль ужиг агаад хорон хажир. Манай инженерүүд амбасын үеийн станцуудынхаа болохгүйг болгон монголчилж, тэсгим жаврыг давж яваа нь юутай их буян бэ. Хөлдөж үхэхээс аврагч та нарыг минь бурхан өршөөг. Багануур нэг кВт цахилгааныг ОХУ-аас импортолж буй тарифаас хямдаар төвийн бүсэд нийлүүлнэ. Уурхайн хажуу дахь станц тээврийн зардлаа хэмнэнэ. Нас хэтэрч үжирсэн станцуудаа хальхуулаад сэхэхгүй. Багануурын станц ашиглалтад орсон бол цахилгаан дулаанаар өдгөө ингэж доголдоогүй.
Н.Тавинбэх сайдын яриа: “Багануурын ДЦС-ын гэрээ их сайн гэрээ болсон юм билээ. Ажил эхлээд явж байхад нь Монголын тал тодорхойгүй шалтгаанаар зогсоосон... Ши Жинпинь даргын үгтэй холбоотойгоор нүүрсний технологиор ажилладаг эх үүсвэрийг санхүүжүүлэх ажлыг зогсоосон ч 2022 оны IV сард Хятадын Хөгжил шинэчлэлийн хорооноос уг төслийг тусгай горимоор санхүүжүүлэх буюу Ши Жинпинь даргын үгнээс хамааралгүйгээр санхүүжүүлэх төсөлд оруулсан. Тиймээс “танай концесс эзэмшигч хүсэлтээ гаргавал бид санхүүжилтийн асуудлыг ярилцъя” гэсэн...
Үжирсэн станцуудаа байнга өндөр үнээр сэлбэж, хөрөнгөө дэмий үрдгийг больж, орчин үеийн станц барих манай төслүүд аварга саварт атгаастай. III ДЦС-д оросууд 655 сая долларын сэлбэг шахсан мэдээ цацагдав. Багануур станцын нийт өртгийн талаас илүү үнэтэй сэлбэг?! Гайхалтай. Мөн III ДЦС-ын элэгдсэн эд ангийг сэлбэх төслийг Оросын “Интер РАО-экспорт” компани гүйцэтгэхээр ТЭЗҮ-гээ ирүүлж, ОХУ-аас олгох өндөр хүүтэй зээлийг 2022 оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулна гэв. Багануур-ДЦС алсарч үжирсэн станцуудаа өндөр үнээр сэлбэх дараалсан хагалбаруудын төлбөр, хулхи сэлбэгүүдийн үнэ, эрчим хүчний хэт өндөр өртөгтэй нийлээд хойшоо урсав. В.Путин Халх голын 85 жилийн ойгоор дуулиантай зочлохдоо III ДЦС-ын засварт дээр дурдсан 655 сая доллар бус 1,4 тэрбум евро гаргахыг тулгаад буцлаа.
Ураны төсөл. 3,5 сая зүдүү монголчуудыг өөд нь суга татах ураны төсөл мухар төмөр зам шигээ, эрчим хүчний эх үүсвэрүүд шигээ дашин шог болно. Гэхдээ гялс дашин шог болохгүй. Янз бүрийн хууралтаар сунжирч эрчим хүч экспортлогч ах гуай хугацаагаа сунгаж, хожлоо нэмэхээр шунана. Орос эх сурвалж: Монгол улс Францын уран олборлодог Нигер биш. Канад Францыг Монголд уран олборлохыг ОХУ хэзээ ч зөвшөөрөхгүй. Ийм мөрүүд уншсанаа нэхэн санаад Францтай тохиролцож буй ерөнхийлөгчийн маань ураны төсөл явдаг л байгаа даа гэж эмзэглэв. ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченко манайд морилоод Францтай хийж буй ураныхаа төслөөс татгалзвал ОХУ хариуд нь бага оврын атомын станц барьж өгье гэжээ. Ердөө ганц энэ хатгаас л ураны төслийг өлхөн суулгана. Өөр шалтгаан хайх хэрэггүй. Зөнөг зохиолчид юу үнэртэв гэвэл “ураны төсөл монголчуудын зөрчилдөөнд унтарснаас оросууд оролцоогүй” гэх танил комбинаци ханхлав. Төслийг зүтгүүлсэн ерөнхийлөгч маань ганцаардах вий.
Эрчим хүчний эх үүсвэр барихыг Орос зөвшөөрдөггүйг хэлэх эх оронч удирдагч манайд байдаггүй. Казахстан ОХУ-тай ойлголцож ураныхаа өгөөжийг хүртээд сэхэв. Казахуудаас юугаар дутаж буйгаа өөрсдөөсөө хай. Оросын барьж өгөх бага оврын АЦС хэдэн онд эрчим хүчээ түгээх бол? Тэр болтол ОХУ эрчим хүчээ манайд шахна. Лав 10 жил шахна. АЦС Эгийн УЦС-ын араас орно. Удах тусам хэт өндөр үнэтэй цахилгаан шахдаг оросуудад хожоотой. Оросын барих АЦС хэдэн онд цахилгаан түгээхийг-манай бялдуучид асуух ч үгүй, харин “орос ахад хэн итгэхгүй байна” гэж эсэргүүн хайхаа голлоод зэвүүн. Манай мега төслүүдийг гацаагч орос олигоруудыг төр засаг хүн амдаа хэлэхгүй тойруулж элдэв шалтаг тоочих нь “үнэнийг мэдүүлж болохгүй осолтой этгээдүүд нь ард олон нь юм байж” гэх ойлголт төрүүлдэг. Энэ доромжлолыг мэдрэмжгүй монголчууд гадарладаггүй. Ингэж оросуудын гацааг далдалж, “гацаагчид нь хоорондоо хэрэлддэг монголчууд” гэх башир суртлыг би залруулах гэсэн буурай. Гол төслүүд оросуудын дарамтад унтарч ядуурахын дээр “улсынхаа хөгжлийг чөдөрлөгч” гэх муу нэр зүүсэн арчаагүй нийт олноо өрөвдөөч. Манай удирдагч өндөр хөгжилтэй барууны хүчирхэг гүрэнд айлчилж, гар барьж, тэврэлдэж, гэргийтэйгээ ёслолын хүндэт харуулын өмнүүр алхах-үзээгүй юмаа үзэж буй нь тэр. Яагаад гэвэл тийм завшаан манай удирдагчдад Кремль олгож байгаагүй юм. Ёс зүй, соёлоор тэргүүлэгч гүрэнтэй зээ зүү болсон үгэндээ заавал хүр. Дараа нь орос сайдын өмнө чичрээд үзэглэсэн гэрээнээсээ буцвал-Монгол минь үүрд сэвтэнэ.
Өргөн цариг тавихыг ямар түвшинд шийдлээ? Мэдээж УИХ. Зүүнбаян, Гашуунсухайт, Ханги гурван чиглэлд өргөн цариг тавьсан 76 гишүүний кноп-танк их бууны аюул “бодиттойд” итгэдгээ гадаад дотоодод нотлов. Яагаад гэвэл нарийн царигаар Хятадын төмөр замтай шууд холбох боломж байсаар атал сэлгүүлэн ачих терминалд асар их хөрөнгө, үнэт цаг хугацаагаа зориуд дэмий үрээд зогссонгүй, галт тэрэгний урт урт цуваагаар сая сая тонн эрдсээ хил хамгийн хямдаар шууд давуулах боломжоо алдах өөр шалтгаан байгаагүй юм чинь даян дэлхий тэгж ойлгохоос яах билээ.
Төмөр замыг 10-20 жил оросууд гацааснаас яг үнэндээ монголчууд өөрсдөө гацаагаагүй. Өргөн нарийн цариг гэж монголчууд хоорондоо маргалдаад төмөр замаа тавиагүй гэж нам засаг ард олноо буруутгадаг нь орос ахдаа хир халдаахгүй гэснийх. Хүлцэнгүй иргэдээ элэг барьж буй нь тэр. Мангуу онигооны цаана муу нэрт монголчуудын өрөвдөм зовлон оршдогийг бид өөрсдөө дэлхий дахинаас нуудаг. Энэ бол геноцидээс угшилтай эмгэг. Танк их буугаа ачаад орж ирнэ гэх онигоонд мань итгэж дөнгүүлсэн юм биш. Овор их нурмаг малтмал экспортлогч манайд дэлхийн стандарт нарийн цариг (сэлгүүлэх терминал хэрэггүй) ашигтайг ОХУ-д илэрхийлчих сачий Монгол төрд байдаггүй. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гэж томорч буй нь ийм учиртай. Архивд үлдэх баримтгүй орос ахын нууц аман тушаалыг задруулах зориггүйдээ бид “өргөн нарийн цариг” гэж маанаг монголчууд талцан маргадгаар дотоод гадаадад ойлгуулж, орос ахынхаа нэрийг цэвэрлэдэг юм.
Юутай ч 12 жил гацсан галт тэрэг эцсийн эцэст зэрэглээт говиор нэг удаа туршилтаар жирэлзэв. Таван толгойд туг далбаа дарцаглан хөгжим нижигнэж дарс ханхаллаа. Жилд 70 сая тонн нүүрс экспортолно гэж ерөнхийлөгч хөөрцөглөв. Дагаад хөөрчих гэсэн чинь хилийн боомтоос хэдэн км-ийн наана өргөн царигтай төмөр зам маань мухардаж, галт тэрэгний цуваа нүүрсээ эзгүй хээр асгаад цааш машинаар зөөх гэнэ. “Ашиглалтад оруулав” гэж сүржигнэсэн төмөр замаараа нүүрсээ илчит тэрэгний цуваагаар хил давуултал хэдэн жил хүлээх-явцгүй заль илрэв. Тэрбумын өртөгтэй терминал барьж дуусгах дарамт дараагийн төр засгийн нурууг хотойлгоно. Энэ бол бодлогын залгамж чанараа нулимдаг 76 хоноцын гай.
Өргөн цариг тавьсанд танк их буунаас өөр шалтгаан байгаагүй. УИХ сэлгүүлэх терминалд хомс төсвөө өм цөм хоослохыг тоогоогүй нь танк их буунаас айсан бус орос ахаа зуйрчээ. Царигаа дэлхийн стандартаар тавьсан бол Гашуун сухайт, Шивээ хүрэн, Хангийн терминалуудыг барих их хөрөнгө ядуу оронд минь аштай юу. Амин чухал наад захын хэрэгцээнд төсөв хүрэхгүй өлөн зэлэм ядаж байхад яагаад маш их давхар давхар үрлэг бүхий терминал шаардлагатай өргөн цариг тавив гэхэд “танк их буунаас айгаад” гэх үү. Өөр хариулт байна уу? Байвал хэлээч УИХ-аа. “Сэлгүүлэн ачих буулгахад дурлаад” гэлтэй ч биш, “мөнгөө хоосон үрмээр санагдаад” гэхэд хэн ч итгэхгүй. Яагаад нарийн цариг тавиагүй вэ гэвэл танк их буу ороод ирнэ хэмээх Женко-онолоор УИХ олон тэрбумын терминал шаардах өргөн цариг тавьжээ гэх хариу гардаг. Эх орноо ингэж “шатаах” өргөн цариг сонгосон нь оросоос хулчийж өмдөндөө харвасан ч өөрөө баяжих гэснийх.
Уг нь нүүрсээ галт тэрэгний цуваагаар хил давуулж валют болгож байж л тугаа мандуулж, хөгжмөө нижигнүүлж, дарсаа ханхлуулмаар. “Экспортын төмөр замаа 10 гаруй жил гацаасны гайгаар 80 ихнаядын ашиг алдсанаа экс ерөнхийлөгч Х.Баттулгаас нэхэмжлэх учиртай” гэж Засаг мэдэгдсэн ч монголчууд Украйны нацистуудыг зүхэж В.Путиныг өмөөрөөд 80 их наядын хохирлоо тоогоогүй. Та бидний сонгосон 76 түшээ дэлхийн стандартын царигтай холбогдох боломжгүй өргөн царигтай төмөр зам тавьснаар урд хилийн наана манай мухар замын төгсгөлүүд элсэнд булагдаж буй. БНХАУ танк их буугаа ачаад орж ирнэ гэдэгт 76 түшээ итгэдгээ өргөн цариг тавьснаар дэлхийд зарлачихлаа. Хэн хэндээ хожоотой найрсаг айлсъя гэдэг БНХАУ энэ мангуу өдөлтийг нэвт дүгнэж буй. Хятад Орос шиг хөрш рүүгээ довтлохгүй. Тэд даруу-соёлтой. Харин манай чулуу шороог авахгүй болчихвол бид хэцүүднэ. Орос магнатууд үүнийг л хүсэж буй. 10-20 жилийн өмнөөс нүүрсээ төмөр замаар зөөсөн бол монголчууд өдгөө чинээлэг амьдарч буй.
Орос эх сурвалжийн товч: “ОХУ эрчим хүчээр дэлхийд тэргүүлэх болно. Орост нефть, хий, нүүрс, уран байна. Сүүлийн 2-т бичигдсэн эх үүсвэр буюу нүүрс, уран нь Монголд бий. Зөвхөн нүүрсээр л гэхэд Монгол ОХУ-ын нүүрсний экспортыг нураана. ОХУ шинэлэг зах зээл буюу Ази, Номхон далайн бүс нутаг руу чиглэлээ өөрчилсөн. Нэгд төмөр замын асуудлыг шийдвэрлэх, хоёрт нүүрсний магнат болох. Монгол түншээр Х.Баттулга гэгч улстөрчийг сонгож авав. Якунинд тавьсан Путины бооцоо-Таван толгойн нүүрсний ордыг монголын төмөр замтай холбох. УБТЗ-ын нийт хувьцааны талыг ОХУ эзэмшдэгийн хувьд Таван толгойн ордыг ОХУ автоматаар хяналтандаа авах боломжтой. Гэтэл монгол залуус төмөр зам барих төсөлдөө хөрөнгө босгочхов. ОХУ-ын төмөр замаас үл хараат бие даасан төмөр зам уурхайгаас Хятадын хил рүү татахыг яахан зөвшөөрөх билээ. Энэ зам хэрэгжвэл ОХУ-ын нүүрсний төслүүдийг баллана. Тиймээс Монголын Засгийн газар дахь чухал хүмүүст энэхүү төмөр замын бүтээн байгуулалтаа яаралтай зогсоох тушаал өгсөн билээ.
Чуулганы танхимд үзэгдэхгүй байсан Х.Баттулга гэнэт гарч ирээд “Нарийн царигтай төмөр зам барьсан бол газар нутгаа 100 жилээр алдах байсан. Газрын баялгаа, газар нутагтайгаа 100 жилээр алдах байсныг зогсоосон, цаашдаа ч зогсооно. Өнөөдөр гадаад ажиллах хүчин гэж юм орж ирж байна. Үүний эсрэг би тууштай зогсоно” гэж хөмсөг зангидаж, хөмхий зуух нь түр унтарсан команд нь сэргэв үү гэлтэй. Урьд Х.Баттулга ерөнхийлөгчөөр сонгогдоод телевизээр ард түмэндээ албан ёсоор хандсан анхны мэдэгдэлдээ: “Орос металлургийн орон... хил давахад тэнд тэд төмөр замаа барьчихсан. Манай нүүрсийг Иран, Пакистан авъя гэж байна. Тиймээс бид хэвтээ тэнхлэгийн төмөр замаа яаж ийж байгаад барих хэрэгтэй... Бид урд хөршөөс хараат болчихсон байна. Бурхан шашнаа шүтэх асуудал ярихад шүтэж болохгүй гэж байна. Далай ламаа урья гэхээр болохгүй гэж байна шүү дээ. Үүнийг мэдээж урд хөрштэйгөө ярина... Манай бүтээгдэхүүнийг битгий хямд авч бай гэж ийм л асуудлыг ярина” гэж байсан нь санаанд буув.
Хорхойд хоргүй малчин монголчууд
Монголчууд таван хошуу малынхаа захад үе дамжин залхуурч эвшээгээд амар жимэр хэвтэж байтал ХIХ-ХХ зуунд хүн төрөлхтний хөгжлийг дагахгүй бол бусдын хоол болох эрсдэл тулгарав. Европ хүн үржиж нутагтаа багтахаа болиод нүүдлийн царцаа шиг нүүгэлтэн бусад тивийг колоничлоогүй бол монголчууд мал сүргийнхээ буянд байгалиа сэвтүүлж хөнөөл тарихгүй мөнхрөх байв. Гаднын гайг цөөн буурай нүүдэлчид яалтай ч билээ.
Улаан орос & ах нар. Орос ахыгаа бид 100 жил магтсан. Одоо ч амаа урчих гэж буй. Орос ахыгаа “нар”-тай адилтгасан ч сэтгэл ханаагүй. Сүүлдээ “нар”-ыг орос ахтайгаа зүйрлээд ч аврагдаагүй. Яагаад тэгтлээ зусардав гэвэл маш их айснаас ингэтлээ хулчийсан юм. Зөрвөл буудна. Зөрөөгүйг ч хилсээр тонилгов. Хожим цагаадсан тул хилсээр гэв.
Улаан оросын “ал” гэснийг Х.Чойбалсан “үгүй” гэвэл А.Амар, П.Гэндэн нар шиг буудуулна. Хулчгар Чойбалсан Амар Гэндэн нар шиг зориггүйдээ түм буман гэмгүй ардаа нүдээ аниад хядсан. Ерөнхий сайдууд, сайд дарга нар гээд 149 сорыг маань Москвад зөвлөлтийн хуулиар цаазлав. Энэ харгислалаас айсан Ю.Цэдэнбал орос хүүхэнтэй гэрлээд хүргэн биеэ өөлсөн нөхдөө “Найрамдал-дружбад цав суулгав”, “Хятадын талыг баримтлав” гэж цөлдөг ял зохиож хэрэгжүүлэв. Тэгээгүй бол өөрөө түнтийнэ. Тоглоомын этгээд-түүний үед Орост үг хэлэх огторгуйд шороо цацах ижил болсон. Бал дарга суутдаа монголчуудыг атгасан бус түүний ард Кремлийн үл үзэгдэгч цустай урт гар зэхээтэй. Айдаст автсан удирдагчид улаан Орост хир халдаахгүйг онцгой чармайж явав. Одоо ч чанд чармайж буй. (Ерөнхийлөгч, ерөнхий сайдаасаа эхлээд). Орос ахаа өмөөрдөг хурц сонор сэрэмжээрээ бид хоорондоо уралдаж, хэлмэгдлийн эсрэг дархлаагаа чангаруулдаг. Улаан орос гэгч хэн бэ? Ленин! Тэр-суут болъщевик агаад улаантны загалмайлсан эцэг.
Феодализмаас капитализмыг харайж социализмд дэвших Лениний онолыг хүн төрөлхтөнд нотолсон загвар бол БНМАУ гэж оросууд биднийг магтсан өнгөөр өөрсдийгөө дөвийлгөв. Зөвлөлтийг дагавал ямар ч хоцрогдсон улс Монгол шиг дүүлнэ гэж болъщевикууд онолдсон болохоос бүдүүлэг харанхуй монголчууд тэгж онгироогүй. “Капитализмаас социализмын давууг нотолсон Монгол” гэж биднийг дэлхий даяар сурталдаж шараа болгов. Лениний онолд итгэсэн монгол олон ч “итгэлээ” гэж нохойтсон нь цөөнгүй. Тэд арьсаа хамгаалж явсаар ардчилал чөлөөт зах зээлтэй золгуут жагсав. Тэмцлийг тэд манлайлсан ч тэдний үзэл баримтлалыг Ленинд итгэгчид булааж аваад зүсээ хувирган ардчилагчид болцгоов.
Орос импер Манж гүрэн шиг бутарснаар мань эрх чөлөөтэй болсон ч танил бус зах зээлийн сорилтод барьц алдаж соц. лагерийн балчигт шигдлээ. Толгойдоо коммунист онолтой ч бүтээх менежментгүй, өвөртөө долларгүй-өрний бөөс. Байгаа нь-газрын гүнд орших баялаг гэх сураг төдий чулуу шороо. Хүрзнээс өөр багажгүй. Хүрз-импорт. Ганц горьдлого-гаднын хөрөнгө оруулалт. Манай кокс, төмрийн хүдэр, зэсийн ордууд аварга хэрэглэгч Хятадтай бөөр нийлэн оршдогийг гаднын бизнес эрхлэгчид шохоорхож, том том компани корпорацууд үүд тоншлоо. Оюу толгой, Таван толгойн ордууд дуулиантаж, үсрэнгүй хөгжиж эхэлсэн хил залгаа БНХАУ болон гуравдагч хөршүүдээс хөрөнгө ороод ирлээ. Өмнөд их хөршийн хэрэглээ ханахааргүй сад тавьж, эрдэс баялгийн үнэ цойлох мөчлөг азаар таарч манай өсөлт арав хол өнгөлзөв. Үнсэнд хаягдсан шалз өндөлзлөө. Гэвч хөгжил дардан замаар явдаггүйг дараах гарчигт хөндөхийг оролдъё.
Түүхэн хөндүүр. Ташуураас өөр зэвсэггүй нүүдэлчин малчид болъщевик улаантанд ичгүүргүй бялдуучлаад хүйс тэмтрүүлээгүй. Долигоносныхоо хүчинд юутай ч голомтоо самруулаагүй нь овоо шүү. Чингэтэл түүхэн хөндүүр хөндөгч тодроод мануусыг чичрүүлэв. Хэн бэ? В.Путин! Тэр-ХХI зууны эзлэн түрэмгийлэгч, хөршүүдийнхээ хөгжлийг гацаагч. Ардчилагч нарын зүрхэнд шар ус хуруулахаар С.Зоригийг хөнөөсөн гэх хардлагыг би үгүйсгэж чаддаггүй зохиолч. Дааж давшгүй алдагдалд унагах орос тулгалтыг “үгүй” гэж шууд зөрж зүрхэлдэггүй манай эрх баригчдын хулчгар зан буруутай харагдавч түүхэн хөндүүр тэдэнд минь бий. Тэдний ой санамжинд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал цаашаа А.Амар, П.Гэндэн гээд С.Данзан Д.Бодоог хүртэл олон арван удирдагчдын маань эмгэнэл бичээтэй байгаа. Зөрвөл толгойгүй болж байсан ХХ зууны гамшиг улираагүй бол яалтай.
Гэлээ ч манай эрх баригчдын үнэ цэнэ навс унав. Тэд эх орноо сайхан болгоё гэж тэмүүлсэн нь үнэн хөөрхий. Ардчилал чөлөөт зах зээлийг сонгоод зүтгэсэн юм зайлуул. Гэвч мөрөөдөл нь үлгэр мэт аяндаа бүтсэнгүй. Эх орон хөгжих сайхан ч өөрөө баяжих бүр гоё нь явцын дунд тэдний шуналыг бадраав. Улсаа шударгаар удирдах ярвигтай тул халиранхай эрх баригчид маань дүнхүү олноо зальдахаар сул олзонд хошуурлаа. Насаараа тансаглахад гарын ая даах бэл хураахгүй аваас нэр нүүр, мөнгөө барж гишүүн болсны ашиг юу билээ. Оргилд арай гэж гарсных баяжаад буувал өөрт-улсын хөгжлөөс унацтай. Хүн төрөлхтний хөгжлийн загвар судалж барагдахгүй-бөөн ядаргаа. Улсаа хөгжүүлэх бадрангуй пиар-дов жалгын аминцар монгол мэхэнд сөхрөв. Залхуу монголчууд зах зээлийн өрсөлдөөнөөс шантарч шогнойв. Бид бусдын адил баяжих дуртай ч мэдээж сул олзоор. Өөртөө хайргүй хүн байдаггүй ч олондоо хайртай нь бас л алга.
Хөгжлөө чамлавал хурд нэмэгдэнэ. Хийснээ голж байж чанаржуулдаг. Малаараа амьдардаг атлаа био комбинатдаа вакцин үйлдвэрлээд буянт сүргээ эрүүлжүүлж чадаагүй байж иргэнээ сансарт нисгэсэн дэлхийн хоёр дахь социалист орон гэж ханхалздаг. Бидний чөдөр-бидний мулгуу толгой. Төрөлхийн маанаг биш бол мухар сүсэг, их хаадын хийсвэр домог, коммунист онол гэх мэт хоцрогдол хургасан харанхуй тархиндаа ХХI зууны шинжлэх ухааны гэгээ тусга. Хэнд хурц сэрэл байна түүнд монголчуудын эмгэнэл хүчтэй хөндүүр үүсгэж, тэр ихээр ичиж шаналах болно. Ихээр ичсэн охид хөвгүүд Монголыг өөд татах юм шүү.
Налайж амьдарсан малчид технологийн үсрэнгүй хөгжлийн ХХI зуунд хөл алдав. Өдөр цагаар өөрчлөгдөж буй эрин зууны алхаатай хөлөө нийлүүлэхгүй бол Монгол хаягдлаа. Хүн төрөлхтний хөлд унаж гишгэлүүлсэн нүүдэлчид хэрхэн өндийх вэ? Хөгжихөд мөнгө чухал. Мөнгийг ухаантай гавал, уран гар, хувийн овсгоо, шургуу хөдөлмөрөөр олно. Татвар төлөгчдөөс цугларсан (намуудын шуналд бузартсан) цөөвтөр цаас руугаа шүлсээ савируулан алалцдаг хулгайчдыг төр засгаас хуу хусах хүч-намууд бус ард түмэн. Тийм хүчирхэг хүн ам болцгоо. Лус хичээн хишиг хайрлаад, донор орнууд хэчнээн зээл олгоод хүн ам нийтдээ журамгүй бол сэхдэггүй аж. Өндөр хөгжилтэй орны иргэнтэй өөрийгөө жишээд юугаар хоцорч буйгаа ол. Тэгээд тэдний араас шамд. Залуус та нарт тэднийг гүйцэх хурд-төр тушчихгүй бол бий.
Коммунист нийгмийн үлдэгдэл-бидний загварыг залуус бүү өвлө. Уршиг нь тасрахгүй. Хоцрогдол-бүдүүлгээс ундаргатай. Харанхуй мануусын сэтгэлгээг өндөр хөгжилтэй орны хөгшдийн сэтгэлгээтэй жиш. Тэгээд монгол хөгшдийн хоцрогдлын дээгүүр залуус минь дүүл. Дүүлэхдээ Лениний онолоор мануусын капитализмыг харайсан онигоог давтуузай. Та нар хойшид социалист нийгмийн бүтээгдэхүүн-бидэн шиг дэлхий дээрх хамгийн болхи сэтгэлгээтэй хэнхгүүд бүү яв. Хорвоогийн шившиг явахгүйн тулд залуус минь сэтгэлгээгээ тэл. Монгол тархи чинь оргилоод өгнө. Япончууд оюунаараа баяжсан бол бид түүхий эдээрээ аргацаадаг. Тиймээс даруу бай. Оюуны баялгаараа амьдрах цаг иржээ хүүхэд минь. Түүхий эдээрээ панз үсэргэж хөлжөөд хэтдээ оюунаараа баяжвал хүн төрөлхтний хүндлэлийг жинтэй татна гэж мэд. Лусын хишгээс гадна хүний тархи шийдвэрлэх нөлөөтэй баялаг аж. ХХI зууны оюуны тэсрэлт хүн төрөлхтний хөгжилд гайхам хурд нэмлээ. Энэ гайхамшиг өөд бүгд тэмүүлж байна. Харамсалтай нь ХХI зууны оюуны энэ их тэсрэлтийн чичирхийлэл монгол даргын ялзарсан ёс зүй, монгол сонгогчдын тархины мөнх цэвдэгт мэдрэгдсэнгүй.
“Зөвлөлтийн тусламж Хятадын аюул” гэх амны уншлагаар бид өнгөрөгч зууныг үдсэн. Тэгвэл энэ зуунаас “хоёр хөршийн гацаа” гэх хэллэгт шилжсэн нь бас ч гэж дэвшил. Зөвлөлтийн тусламж Хятадын аюул аль аль нь арилжээ гэвэл “зөвлөлт тусламжийг арилсан гэв”, “хятад аюулыг арилсан гэв” гээд урьд бол цөлнө. Өдгөө зөвлөлтийн тусламж байтугай нөгөө агуу зөвлөлт минь алга. Хятад дэлхийн хоёр дахь эдийн засаг болжээ. Энэ хувиралтад хорсогч Цэдэнбалтан Монголоор дүүрэн. Тэдний уураа гаргаж, өшөөгөө авч дөнгөдөг-гарын доорх дайсан нь ардчилал гэж ангалзсан анхны хэд.
Өөрчлөгдөхгүй юм хорвоод байх биш. Нүүдэлчид хүртэл ардчилагдаж, “зөвлөлтийн тусламж, хятадын аюул” гэх таринаа “хоёр хөршийн гацаа” гэж шинэчилжээ. “Оросууд гацаав” гэж бид шууд хэлж зүрхэлдэггүй. Айсандаа “хоёр хөрш гацаав” гэдэг ч айх тусам оросууд чангардаг нь гомдмоор. БНХАУ, АНУ-ын дээрэнгүй хавчлагын эсрэг ОХУ-ыг хань татах том боломжоо чухалчлаад бидний “Орос гацааг хоёр хөршийн гацаа” гэж Хятадыг үндэсгүй ижилсүүлдгийг-тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, ямаа ярдаглаад янгиа эвдэхгүй гээд тоодоггүй байх.
Коммунизм байтугай СССР ч үгүй хаягдсан Монгол мөнгөгүй хувхай. Социализмын намагт зоогдоод хоцроход хөтөлж явсан Орос гараас татсангүй гэж бид гомдоогүй. “Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй” гээд хүн төрөлхтнөөс зүүгдэхээр сарвалзав. Хоёр их гүрний завсар хашигдсан буурай бөглүү Монгол ардчилал, чөлөөт зах зээлд хөлөө зоригмог тавив гээд барууны хөрөнгө оруулагчид Орос Хятадыг даваад үүд сөхсөнийг түрүү дурдсан. Ашигт малтмалын үнэ өсөх мөчлөг азаар таарч, урд хөршийн хэрэглээ эрс ихэссэнээр ядуу бидний эдийн засаг сэргэмэгц харамсалтай нь зөвлөлтийн тусламж гэх сүржин молги-орос гацаанд хувираад дээрэлхэв. Тэглээ ч Орос гацааг бид ярих дургүй. Ярихдаа тулбал “хоёр хөрш гацаав” гэж Хятадыг заавал хамсруулж Орост бялдуучилдгаа боль гэх гээд би хулмагнаад байна. Энүүхэндээ шивнэхэд нэг нь хөгжүүлэхгүй гээд манай мега төслүүдийг гацаадаг бол нөгөө нь “хамтдаа хожъё” гээд зээл олгодог юм биш үү.
Инээдэмтэй эр зориг. Олон хэл мэддэг, тал талын мэдээлэлтэй төр засгийнхны хуурамч багийг хуу татах солиотой эр зориг зөнөсөн насанд минь надад гэнэт амтагдав. Даварсан хийрхэлдээ зөнөг би галзуурч гэртээ тулгаа тойрч дэллээ. Юу хатгав гэвэл мега төслүүд 20-30 жил гацаагч оросуудад үнэнийг түс тас хэлэх зориг-үхэхийн өмнөх агшинд төрдөг аж. Мега төслүүд далдаас гацаагч оросуудыг шууд зарлаад, гацаагаагүй атлаа гацаагч гэгдсэн ард түмнийхээ сэвтсэн нэрийг цэвэрлэе-амьд дээрээ. Зөв үү? Өвчигнөхийнхөө өмнө нүдээр үзэж, биеэр туулсан сайтар мэдэх түүхээ бичье. Дээгүүрээ “орос ах” гэж бөхөлздөг ч доогуураа (жишээ нь манай Гашууны голынхон) “улаан орос” л гэдэг байв. Мах бэлтгэлд хамж тушаадаг иргэ сэрх шар агтаа “улаан оросын хоол” гэнэ. Ноос ноолуур арьс шир хөөвөр хялгас сүүнийхээ ногдлыг гүйцээж чадахгүй шүүхээс дуудагдвал “улаан орос чинь яасан ханаж цаддаггүй мангас вэ” гэж гэртээ томорно. Намын гишүүн-матаач новшийн дэргэд бол цуурна гэж хол. Гэнэдүүлэхээр өдвөл юу гэдэг гээч: хар шар феодал, эсэргүү, японы тагнуулыг орос ах нар минь дарж өгөөгүй бол дорой бид ингээд социализмд жаргаж суухгүй сөнөсөн гээд уйлагнана. Ой гутам бялдуучид цөм ардын дайсны ар тал. Бялдууч бидний ам ардчилалд нээгдсэн ч В.Путины өнгөнд хаагдах янзтай. Энүүхэндээ шивгэнэхэд улаан орос чинь ах нар юм уу, ах нар маань улаан орос юм уу?
Одоо тэгээд яах вэ. ХХI зуунд дахин ичгүүргүй бялдуучлах уу? Үгүй шүү! Эх орныхоо амин чухал эрх ашгаас яав ч хазайхгүйгээ оросуудад 3,5 саяул шийдмэг нотолж, муусайн удирдагчдаа эрвийх дэрвийхээрээ түшье! Тэд хүн амаа чинээлэг аж төрүүлэхийн төлөө жинхэнээсээ тархиа ширгэтэл чөмгөө дундартал зүтгэг. Ерөнхийлөгчийнхөө санаачилгуудыг дуугарах дуу, дугтрах хүчээ нийлүүлж дэмжье. Нефтээ нэрж-өндөр үнэтэй шатахуунаар айлын царай харж холгуулдгаа цэглэе. УЦС, ДЦС-аа урд хөршийнхөө хөрөнгө оруулалтаар эргэж хургалгүй ашиглалтад даруй оруулж, уранаа газрын гүнд уусган баяжуулах аюул багатай технологиор олборлон мөнгөжье. Тэрбум модны ногоон шугуй униартан, гол мөрний ай саваар усан сангууд цэлэлзэн хур бороо элбэгшиж, тариа ногоо дэлгэрч, органик хүнс лангуу дүүрэн бялхаг. Зөнөг өвгөний дэврүү элийрэл биелнэ-харж байгаарай.
2024-12-24
Сэтгэгдэл байхгүй байна