• Эхлэл
  • Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шилжүүлжээ

Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шилжүүлжээ

2024/12/24

Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4.9 жил хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх өнгөрөгч арваннэгдүгээр сард хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Н.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгчид эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд гомдол гаргаад байгаа. 

Гэвч давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Н.Өнөрцэцэгийг Урьдчилан хорих 461 дүгээр ангиас "эмэгтэйчүүдийн" гэгддэг Хорих 407 дугаар хорих анги руу шилжүүлсэн байна.

Өнгөрөгч долдугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хаалттай хуралдаж, Н.Өнөрцэцэгт 4 жил 9 сарын хорих ял оноосон.

Шүүхээс Н.Өнөрцэцэгийг,

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”,
  • Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд нуусан”,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж мөнгө угаасан”,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, бусдад учруулсан хор хохирол болон шүүгдэгчийн хувийн байдалд нь тохирсон байна гэж үзжээ.

Давж заалдах шатны шүүх сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг 2024 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин