• Эхлэл
  • Одоо хөдлөхгүй бол хэзээ хөдлөх вэ?

Одоо хөдлөхгүй бол хэзээ хөдлөх вэ?

2024/12/26

Он солигдохын өмнө Монголын эдийн засгийн салбарт ойрд сонсогдоогүй доргион нүргэлэв.

Худалч хүнд мянган жил яригдсан ураны асуудал, арваад жил гацсан төмөр замын холболт, Усан цахилгаан станц, ТЭЦ-3 ийн засвар гээд ойр холд сонсогдоогүй олон том төслүүдийг хөдөлгөж эхэлнэ гэдэг эдийн засагт угаасаа доргион, гэхдээ сайн доргион.

Тэр хэрээрээ ч улстөрийн гэх үү, тэмцлийн гэх үү орчинд бас том доргион, цуурай хадаж байна. Бас л олон жил танил дасал болсон жагсаал цуглаан, сошиал эсэргүүцэл.

Ойрын өдрүүдэд гадаадын ажилтнуудын квотын асуудлуудыг хөндөх сургаар Хятадаар айлгагчдын давалгаан, ураны төслийг хөдөлгөх чимээнээр ураны хордлого аймшиг болоод Францууд Африкчууд хэдэн арван жилээр дарамтлан хөлжсөн талаарх аймшигт мэдээллээр хахаж байгаа сохор хүн ч харахаар болж байгаа.

Тэднийхээр бол Монгол Улс хамаг орц, гарц, харилцаа холбоогоо таглаад нүдэн харанхуй, чихэн таглаатай байж гэмээнэ аврагдаж үлдэх юм гэсэн.

Гэвч сошиал айдас хүйдсээр иргэдийг нүдэж, жагсаал цуглаанаар турхирах бүрт юу болж өнгөрч байсныг та бүхэн санаарай.

Шуудхан хэлэхэд Монголын эдийн засагт үсрэлт хийх том төсөл болгоны өмнө ийм турхираан дэгддэг, ихэнхдээ “үр дүн”-д хүрдэг байсныг эргэн сана.

 

-Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал,

 Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам,

 -Тавантолгойн 450 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц,

 -Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын усан цахилгаан станц,

 -Эгийн голын 310 мВт-ын усан цахилгаан станц,

- Газрын тос боловсруулах цогцолбор

Хэний “хүчин зүтгэл” –ээр хэчнээн жил “дуншиж” байгаа төслүүд билээ?

Одоо хөдөлгөхгүй бол хэзээ хөдөлгөх билээ?

Мэдээж хэрэг байнга хэл ам дагуулдаг, шуудхан хэлэхэд дагуулуулдаг эдгээр төслийг хэрэгжүүлэхэд маш их эр зориг хэрэгтэй ч байж болох юм? Өдий олон жил гацаасныг нь бодоход ч?

Өнөөдөр ч С.Баяр, С.Баярцогт нар Оюутолгойг хөдөлгөсөндөө адлуулдаг муучлуулдаг,

“Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авчирснаараа Ч.Сайханбилэг хангалттай хараалгуулсан.

Гэсэн ч том өөрчлөлтийг эхлүүлж чадсан нь түүхэн үнэн. Алдаа, оноо байсан уу гэвэл өөр асуудал. Хангалттай муучлал, хангалттай зориг байгаагүй бол өнөөдөр ч Эгийн голын цахилгаан станц шиг, Ураны төсөл шиг өлгий дотроо илжирч л байх байсан нь ойлгомжтой.

Дээр нь үүнээс ч олон төслүүдийг амжилттай амьдрал болгох олон олон боломж алдагдаж, өнөөдөр монголчууд алдагдсан боломжийнхоо төлөөсөнд угаартаж, унтаарч, даарч хөрч, тоггүй сандарч суугаа нь бас үнэн.

Тиймээс  дээр дурдсан болон хамгийн их хэл ам дагуулдаг том төслүүдийг хөдөлгөх хүчийг амьдрал яалт ч үгүй Засгийн газраас шаардаж байна.

Том төсөл, том алхам том эрсдэл, тоймгүй тохуурхал, эсэргүүцлийг дагуулах нь тодорхой.

Гэхдээ нэгэнт хөдөлгөнө өө гэж амласан, зориглосон л бол хөдөлгөх хүчтэй зориг байна уу гэдгийг өнөөдрийн эгзэгтэй, их хүлээлттэй хамтарсан Засгийн газар болон улстөрчдөөс харья даа.

А.ТУЯА


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин