• Эхлэл
  • Э.Бат-Үүл: Бүгдийг нь эрх баригч нам худалдан авч байна

Э.Бат-Үүл: Бүгдийг нь эрх баригч нам худалдан авч байна

2024/01/04

Монгол Улсын баатар, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлтэй улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, ирэх оны УИХ-ын сонгууль, нийслэлийн бодлого, шийдвэрийн талаар ярилцлаа.

-Та улс төрийн болон төрийн ямар нэгэн албан тушаал хашиж байгаа юу?

-Нийслэлийн АН-ын даргыг өөрчлөх шийдвэрийг Л.Гантөмөр дарга гаргаад албан тушаалаа өгсөн. Тэтгэвэртээ гарсан, гэртээ ном бичиж байна.

-УИх-ын сонгууль энэ жил болно. Намын жагсаалт болон бүсчилсэн тойргоос 126 гишүүн сонгогдоно. Сонгуулийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Хэд, хэдэн зүйлийг онцолж, зааглаж, анализ хийж ярих ёстой. Юуны өмнө Үндсэн хуулийн зарчмын эсрэг жишиг тогтсон. Үүнийг манайхан тэр бүр анзаарахгүй, хайхрахгүй байгаа юм. Тэр нь сонгууль бүрийн өмнө хоёр том нам нийлж байгаад сонгуулийн хуулийг өөрчилдөг явдал. Сонгогчид яг хариуцлага тооцдогийн даваан дээр л өөрчилж, эрх баригчид өөрсдөдөө ашигтай хувилбарыг баталдаг. Ийм жишиг тогтсон. Уг нь Үндсэн хуулиар ийм байх боломжгүй юм.

-Иргэдийн сонгох, сонгогдох эрхэд халдаад байна гэж ойлгож болох уу?

-Ард түмнээсээ асуулгүйгээр дураараа өөрчилж, сонгох, сонгогдох эрхийг нь зөрчөөд байна. Дэлхийн ямар ч ардчилсан улсад ийм жишиг байхгүй. Хэрэв бусад ардчилсан улсуудад ийм зүйл болох юм бол ард түмэн нь маш их сэжиглэж, эсэргүүцэн жагсана. Эрх баригчид өөртөө ашигтай тогтолцоо хайж, сонгогчдын эрхийг хулгайлаад байна. Ард иргэд маань тодорхой нэг сонгуулийн тогтолцоогоор саналаа өгч, ойлгож ядаж байтал сольчихдог нь зөв сонголт хийх явдлыг будилуулаад байгаа юм. Муугийн жишээ болдог Африкт ч ийм жишиг байхгүй.

-Эрх баригч намд ямар ашигтай болоод энэ удаагийн сонгуулийн тогтолцоогоо ингэж өөрчилсөн юм бэ?

-Сонгогчдын саналыг будилуулж, хариуцлагаас л бултаж байгаа хэрэг. Яагаад гэвэл сүүлийн дөрвөн жилд МАН дэндүү урагшгүй, амжилтгүй засаглалаа.

Нөхцөл байдлыг үнэхээр хүндрүүллээ. Хүмүүсийн амьжиргааны өртөг, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг харахад яаж амьдарч чадаад байна гэмээр байдалд орлоо. Сүүлийн хоёр сарын хугацаанд бараг 1990 оны өмнөх үе рүүгээ орох шахсан. Хамгийн гол нь төрийн хулгай энэ дөрвөн жилд ямар аймшигтай болсныг ард түмэн харлаа. Авлигал, төрийн хулгай солиорлын түвшинд очсон байна. Нийтийг хамарсан, тогтолцооны шинжтэй, системтэй болсон. Шударга ёс яриад л гарч ирсэн хүмүүс хулгайч болчихсон. Энэ гарсан хулгайнуудыг нийлүүлээд ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлсэн бол бид өдийд Швейцарь шиг байх байлаа.

Том орнууд, Оросын авлигалтай харьцуулахад бага санагдаж магадгүй. Гэхдээ жижиг эдийн засаг, хүн амдаа бодоход нэг хүнд ногдох авлигалаараа дэлхийд бид нэгт орохоор байна. Манай ард ойртож ирэх орон ховор байх. Хулгайлж олсон мөнгөөрөө алтан морь хийж байна гэдэг бол эрүүл ухаан огт биш. Улстөрчдийн шунал галзуурлын түвшинд байна. Харин үүнийг мэдсэн ард түмэн дүнгээ тавих гэсэн чинь эрх баригчид бултуулчихлаа. Тиймээс энэ сонгуулиар хариуцлага тооцоход маш хэцүү боллоо. Яагаад гэхээр намуудыг сонгох болчихлоо. Хүмүүсийн сонголтыг явцуу хүрээ рүү шахаад, өөр сонголт хийх боломжгүй болгочихсон. Энэ бол цоо шинэ тогтолцоо учраас сонгогчид будилж дуусна.

-Өмнө нь бид 2012 онд бас намын жагсаалт, тойрог гэсэн холимог тогтолцоог ашиглаж байсан шүү дээ. Үүнээс юугаараа өөр юм бэ?

-Холимог тогтолцоо байсан ч тойргийн хэмжээ ийм том байгаагүй. Одоо болохоор бүс гэдэг зүйл гаргаж ирсэн. Бүс гэсэн засаг захиргааны нэгж байхгүй. Өмнө нь бүсийн хөгжил гэж хий яриад л байсан болохоос ажил хийж байгаагүй. Тиймээс бүс гэдэг хийсвэр орон зай дээр тойрог зохион байгуулсан. Мөн энэ бүс гээчээ зохион байгуулахдаа МАН-ын хэн ялах магадлалтайг хүртэл бодолцсон. Жишээ нь, Л.Оюун-Эрдэнэ, С.Амарсайхан нарын бүс дээр өрсөлдөх ямар ч боломж байхгүй. Гэтэл хамгийн сонин нь манай нам МАН-ын санал болгосон тоглоомын дүрэмд орчихлоо. Хүний тоглоомын дүрмээр тоглож байгаа бол чи хэзээ ч амжилт олохгүй. Яагаад гэхээр тэд чинь бүгдийг нарийн тооцсон байгаа.

-Бүсчилсэн тойрогтой байх нь жалга довны үзлээс салж, улс орныг хөгжилд хүргэх томоохон бодлого шийдвэрүүд гардаг болно гэж тайлбарлаад байгаа шүү дээ?

-Үүн шиг худлаа зүйл байхгүй. Шинэ сонгуулийн энэ тогтолцоо бол эдийн засаг, улс төрийн утгаараа социализм руугаа буцаж байгаа юм. Үүнийг хүмүүс тэр бүр ойлгохгүй байна.

-Та тэгвэл ойлгомжтойгоор тайлбарлаж өгөөч?

-Хөгжлийн хоёр хандлага дэлхийд ноёрхож ирсэн. Нэг нь Францын Людовик 14-өөс гаралтай, дээдсүүд өөрсдөдөө ордон бариад, түүнийгээ хөгжил гэж хардаг. Харин ард иргэд нь үгүйрэлд автчихсан. Одоогийнхоор бол жинхэнэ “улны” болчихсон байдаг. Өөрөөр хэлбэл ард түмнээ “улны” гэж үздэг язгууртны үзлээс гаралтай хөгжлийн бодлого. Энэ нь явсаар Зөвлөлт хэлбэрийн болсон. Ингэхдээ язгууртнууд тансаглах бус иргэд нь ядуу байхад сансарт пуужин хөөргөж, зэвсэг үйлдвэрлэдэг. Үүнийгээ хөгжил гэж яриад байдаг. Японы нэг сэтгүүлч 1980-аад оны сүүлээр Сибир нээлттэй болоход явж, модон жорлонд бие засаад сууж байхдаа “Ийм байж яах гэж сансарт пуужин хөөргөдөг байна аа” гэж бодсоныгоо бичиж үлдээсэн байдаг юм. Ард иргэдийн амьдрал нь зуун жилээр хоцрогдсон, ядуу байсан.

-Тэгвэл нөгөө хандлага нь юу юм бэ?

-Францын хувьсгалтай зэрэгцээд уг санааг нь Францын ардчилсан үзэлтнүүд гаргасан юм. Үүнийг Швейцарь их амжилттай хэрэгжүүлсэн. Өөрөө жижиг орон учраас хөгжил гэдэг иргэнийхээ амьдрах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх явдал гэж үзсэн. Иргэд, өрх орлоготой байвал зах зээл тогтвортой байна. Ийм байхад ямар ч хөрөнгө оруулалт орж ирнэ. Энэ бол Швейцарийн загвар. Пуужин, зэвсэг хийгүй. Эхлээд иргэдийнхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ. Иргэд нь ядуу байх юм бол тэр нийгэмд шударга ёс байхгүй, хулгай зогсохгүй, хоёр нүүртэй нийгэм бий болно. Иргэд нь ядуу, өрсөлдөх чадваргүй байвал тухайн улс сүйрлээ гэсэн үг. Ийм загвараар явсан тус улс хөгжлөөрөө дэлхийг бараг 150 жил манлайлж байна. Дэлхий хямарч, дайн байлдаан болж байхад ч тус улс яагаа ч үгүй. Тийм ч учраас 1924 онд ардын хувьсгалын анхдагчдын хамгийн түрүүнд хэлсэн үг нь “Бид Швейцарь шиг хөгжье” гэсэн. Тэгээд С.Данзан “Иргэн баян бол улс баян” гэж хэлсэн нь хөгжлийн энэ загвараар явъя л гэсэн үг. Жижиг орон өрсөлдөх чадвартай байхын тулд иргэд нь баян байх ёстой. Гэтэл манайх бүсийн хөгжил гэж иргэдээсээ тасарсан пуужин шиг юм яриад байна. Монгол Улсын иргэдийн амьдрах чадвар дээшлэхгүй л юм бол мянган бүс бариад яах юм. Гэр хорооллын айлуудад бохир, цэврийн шугам очоогүй байхад сансарт хиймэл дагуул хөөргөх хэрэгтэй юм уу. Өнөөдөр хүрээнд ямар байсан түүгээрээ л амьдарч байна. Иргэдийн хашааны газар үнэгүй, ямар ч эдийн засгийн чадавхгүй. Гэтэл Токиод А4 цаасны хэмжээтэй газар 3000 ам.доллар байдаг. Хөгжлийн сан байгуулаад бид алаад өгнө гэж яриад л байсан. Харин дарга нар идэж уугаад галзуурч, солиорлоо. Тэр үед ганцхан П.Цэнгүүн “Наад Хөгжлийн сан чинь асар том хулгайн сан болно” гэдгийг хэлж байсан. Ер нь үүнийг либертарууд үзмэрч шиг хэлсэн. Одоо гэтэл нүүрсний хулгайн асуудал дээр л гэхэд санаанд багтамгүй, гол харламаар их тоо яриад сууж байна. Энэ их мөнгөөр бид залуучуудаа баруунд сургасан бол, иргэдийнхээ орлогыг сайжруулсан бол гэж бодохоор үнэхээр харамсаж байна.

-Гаднаас цахилгаан импортлож, царайчлахгүй байх боломжтой байсан л санагддаг?

-Яг үнэнийг хэлэхэд оросуудын зүгээс удаа дараа тээг тавиагүй бол манайх эрчим хүчний экспортлогч орон байх байсан. Тавантолгойн цахилгаан станц гэхэд л эрчим хүчээ Хятад, Орост экспортлох тухай ярьж байсан юм шүү. Оросууд биднийг хавчихаас илүүтэй эрчим хүчний гол өрсөлдөгч болох гээд байсныг харчихсан юм. Хүн ам цөөтэй, хэрэглээ багатай мөртлөө тэрбум хүнийг хангах эрчим хүчний нөөцтэй. Нүүрсээ түүхийгээр нь гаргахын оронд цахилгаан станц байгуулж, эрчим хүч экспортлох гэж байсныг тэд мэдчихсэн. Бид ийм зүйл рүү явж байсан байхгүй юу. Нүүрсээ зөөж үйлээ үзэж байхаар Хятад руу цахилгаанаа секундын хурдаар шиднэ. Тэр олон цахилгаан станцын төлөвлөгөө чинь энэ байсан юм. Яагаад гэвэл бид 10-аад жилийн өмнө дэлхий нийтээрээ цахилгаан авто машин руу шилжиж байгааг олж харсан. Ингээд зогсохгүй дэлхийн мөнгө биткойнд шилжихээр асар их цахилгаан нэхнэ. Тэгээд бид стратеги гаргасан. Оросууд үүн дээр цус харвах шахсан. Тэднээс Хятадын зах зээлийг булаах гээд байсан юм. НҮБ-аас хятадууд хэрвээ ган төмрөөр халбага, сэрээ хийж хэрэглэвэл дэлхийн бүх төмрийн ордны нөөц дуусна гэсэн тооцоо гаргасан байдаг. Үүн шиг ийм хэрэглээтэй том зах зээл чинь төдий хэмжээний эрчим хүч хэрэглэнэ. Үүнийг л тооцоолж эрчим хүчний экспортлогч орон болохыг бид зорьсон.

-Энэ зорилтыг зөвхөн хойд хөрш гэхээсээ илүү хоёр том намын нөхөд гар бие оролцож унагаасан, удаасан байх, тийм үү?

-Тэгсэн, тэгсэн. Улстөрчид ийм үед маш хариуцлагатай байх ёстой байдаг юм. Яагаад гэвэл гадна, дотноос ил, далд лобби их явна. Идэж уух дуртай нөхдийг уруу татна. Ийм луйварчид дэлхийгээр нэг бий. Тийм учраас л төр шударга байх гэдэг чинь зарчмын том асуудал. Яг үнэндээ авлигач улстөрч гэдэг гаднын түрэмгийлэгчээс илүү аймшигтай хүмүүс. Эд нар чинь жинхэнэ үндэсний урвагчид. Авлигач хүн чинь л урвагч байдаг юм.

-Төр засгаас авлигатай дайн зарлаад л байдаг. Гэтэл олигтой үр дүнд хүрэхгүй л байх шиг санагдах юм?

-Авлигатай тэмцэх аргаа олохгүй байна. Толгой л цавчаад байгаа юм. Хятад л гэхэд зөндөө хүн цаазалсан ч одоо болтол дийлэхгүй байна. Цаазаар авлигалыг устгасан орон нэг ч байхгүй.

-Тэгвэл үүнийг яаж багасгах, устгах ёстой юм бэ?

-Би хотын дарга байхдаа нэг арга хэрэгжүүлсэн. Гүржүүд энэ аргыг анх хэрэглэсэн юм. Дарга нарын авлигалаар борлуулдаг шийдвэр, гарын үсгийг нь тодорхой үнэлээд ширээн дээр ил тодоор тавьсан. Төрийн үйлчилгээний супермаркет байгуулж, ил гаргаж тавиад газрыг авлигагүй болгоход хотын төсөвт тухайн үедээ 191 тэрбум төгрөг орж байлаа. Засгийн газрын ордны зүүн талын газар дуудлага худалдаагаар 24 тэрбум төгрөг хүрсэн. Энэ 191 тэрбум төгрөгөөр бид гэр хорооллын дундах замууд, зуслангийн зам гээд зөндөө зам барьсан. Харин манайхан Чингис бондын мөнгөөр зам барьсан гэж андуураад байдаг юм. Чингис бондын мөнгөөр чинь “Уулзвар” төслийг хэрэгжүүлж, уулзваруудыг л өргөтгөсөн. Харин 2016 онд МАН гарч ирээд Төрийн үйлчилгээний супермаркетад байрлуулсан бүх зүйлийг зогсоосон. Уг нь авлигалд өгөх байсан мөнгийг төсөвт ороод ирэхэд нь ажилчдынхаа цалинг нэмж, бүтээн байгуулалтдаа зарцуулж эхэлсэн. Компаниудын мөнгийг бид хоцроож үзээгүй. Авлигагүй болохын тулд авлигал өгч гаргуулаад байгаа шийдвэрүүдийг үнэлээд ил тодоор байршуулах хэрэгтэй. Би тухайн үедээ Морингийн даваанд байгуулах 15 мянган айлын орон сууцны хороолол барих газрын анхны үнийг таван тэрбум байхаар тооцож байсан. Ингэсэн бол компаниуд булаацалдаад авах байсан юм. Учир нь газрынх нь дуудлага худалдаагаар орж ирсэн мөнгөөр нийслэлээс дэд бүтцийг нь тавьж өгөх байлаа. Тиймээс л ширээн доор гаргадаг шийдвэрийг үнэлээд ил болгох хэрэгтэй гэж хэлээд байгаа юм. Дэлхий нийтийн хамгийн шударга зарчим ердөө л энэ.

-Шийдвэрийг ингэж ил тод болголоо ч дунд шатныхан авлигыг гааруулдаг гэх юм билээ?

-Аливаа зүйл хоёр талтай. Манай төрийн албан хаагчдын цалин хангамж асар муу. Швейцарийн төрийн албаныхантай уулзахдаа манайхан 300-400 ам.долларын цалинтай гэж хэлэхэд дуу алдаад манайд ийм байвал хавтгай авлигалд орно гэж байсан юм. Улс орнууд авлигаас ангижирахдаа төрийн албан хаагчдынхаа амьдралд хүрэлцээтэй цалин олгосон байдаг. Уг нь монголчууд нэр төрөө эрхэмлэдэг, нэрэлхүү ард түмэн. Амьдрал нь боломжтой байвал авлигал авах гээд яваад байх нь их цөөхөн шүү. Харин яг өвчилсөн, донтсон хүмүүс нь л авлига авна. Ийм нөхдийг бол тохирсон ял зэмийг нь үүрүүлдэг байх хэрэгтэй. Ер нь та төрд ажиллаад өөрийн гэсэн хаустай, үр хүүхэд чинь сургалтын төлбөртөө санаа зовдоггүй байх юм бол авлига авч яах юм. Авлига авбал харин ч эсрэгээрээ энэ бүтээн босгосон бүхнээ алдаж, шоронд хоригдож, төрд ажиллах эрхгүй болох учраас ингэх гэж зүтгэх хүн их цөөхөн гарна л гэж хэлээд байгаа юм. Энэ ертөнцөд хүн бүр баяжихын өвчтэй төрдөггүй. Зарим нь эрдэмтэн болох, нөгөө нь эрвээхэй цуглуулаад гүйж явдаг. Азаар хүн бүрийг өөрийн хүсэл мөрөөдөл, зорилготой болгож төрүүлдэг. Хүний муу нэр өвлөгддөг юм шүү дээ.

-Авлигаар сайхан амьдарч болоод байна гэсэн бодит жишээнүүд байгаа учраас л төрд ажиллах хүмүүсийн сонирхол нэмэгдэж, төрийн бүтэц данхайгаад байна уу. Таныг Засаг даргаар ажиллаж байхад нийслэлийн бүтэц, орон тоо хэр байсан бэ?

-Хүмүүс улам л улс төрд орох гэж, нам руу шуурч байна. Гэтэл би 1990-ээд оны эхээр намаасаа нэр дэвших хүн олох гээд үйлээ үздэг байсан. Зах зээл дээр дампуурсан, амьдрах чадваргүй болсон нөхөд намд маш ихээр орж байгаа. Ингэж нам үнэ цэнэтэй болохын хэрээр төр улам данхайсан. Янз бүрийн сан, агентлаг байгуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл Монголд чөлөөт эдийн засаг хэрэггүй юм байна гэсэн ойлголт руу явж байна. Хөлс хүчээ гаргаж бизнес хийгээд, зүтгээд байхад л нэг хурган дарга гарын үсэг зурсныхаа төлөө хэд дахин илүү орлого олоод байх шударга бус шүү дээ. Дээрээс нь элдэв янзаар төр нь дарамталдаг. Ингээд сүүлдээ хүмүүс тэр гарын үсгийн эрхийг авахын тулд улс төрд орж байна. Төр нь хамгийн том худалдан авагч, хамгийн хямдаар орлого олдог зах зээл болчихсон. Нүүрсний хулгайн нэг сайн тал нь манай капиталистууд сэтгэлээр унаж үхэх шахлаа. Үнэндээ одоо чөлөөт зах зээл, ардчилал нурж байна. Хүмүүс ардчилал байгаа гэж эндүүрээд байгаа. Үгүй, МАН улс төрийн үйлчилгээг худалдаж авдаг том төв болсон. Жагсаал, иргэдийн бухимдал, өрсөлдөгч намууд, алга ташилт, санал гээд худалдаж авч болох бүхнийг эрх баригч нам авч байна. Энэ том эрх мэдэл, баялгийг авч явж байгаа хүн чинь сүүлдээ хүссэн хүсээгүй дарангуйлагч болно. Энэ хэвээрээ яваад байвал Монгол Улс удахгүй сүйрнэ гэсэн үг.

-Тэгэхээр чөлөөт зах зээл, ардчиллыг буцаан сэргээхийн тулд энэ сонгуулиар танай нам ард түмэнд юу санал болгож чадах юм бэ?

-Харамсалтай нь манай нам авлигалын том супермаркет руу орох хүсэлдээ хөтлөгдөөд болохгүй юм. Манай нам МАН-ын санал болгосон тоглоомын дүрэмд ороод явж байна. Би нэг зүйлийг баттай хэлье. Манай нам энэ удаагийн сонгуулиар нам тавиулна. Ард түмэн маш их бухимдалтай байна гэж манай намын зарим гэнэн нөхөр яриад байгаа юм. Бухимдал байгаа, гэхдээ шингэн бухимдал хэзээ ч хүч болдоггүй. Боож үхэх гэж байна, байж ядаж байна. Гэхдээ тэр нь шингэн байна, урсаад л, ууршаад л алга болно. МАН очоод саналыг нь худалдаад л авчихна. Гэтэл сөрөг хүчний гол зүйл чинь энэ шингэн бухимдлыг нь чулуу болгох ёстой. Ингэх юм бол иргэд сонгуулийн үеэр бухимдлаа худалдахгүй. Магадгүй МАН-аас мөнгийг нь авах байх. Гэхдээ саналаа эсрэг өгнө.

-Танай намын УИХ дахь бүлгийн байдлыг харахаар эрх баригч намын хөгжөөн дэмжигч шиг л байх юм байна шүү дээ?

-Би МАН-ынхан улс төрийн үйлчилгээг худалдаж аваад байна гэж хэлсэн. Ийм л сэжиг, хардлага төрөөд байгаа юм. Бидний үед ийм юм огт байгаагүй. Залуу байхдаа эрэлхэг ч гэж жигтэйхэн, үнэт зүйлийнхээ төлөө явдаг байж. Одоо ч тийм зүрх

зориг манай залуучуудад байхгүй болжээ. Бид гараад тэмцье гэхээр хүлээж авахгүй байна. Хүлээж авах юм бол би ч гараад тэмцэнэ л дээ. Жагсмаар, тэмцмээр байна. Даанч өвгөчүүл зайл гээд салж өгөхгүй юм. Тэгээд зайгаа тавьж өгөхөөр залуучуудад нь зориг байхгүй. Улс төрийн супермаркетад өөрсдийгөө зарж, биеэ үнэлэгчид болчихоод байна. Уг нь манай нам 1990 оны сонголт маань сүйрч байгаа юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Улс даяар авлигалын хорт хавдар үсэрхийлчихлээ. Энэ чинь ардчилал, чөлөөт зах зээлийг устгана.

-Танай нам улс төрийн тавцанд эргэн сэргэж, засгийн эрх барихад хэчнээн жилийн хугацаа шаардлагатай вэ?

-МАН-ын тоглоомоор тоглохоо больсон цагт л тийм зүйл болно. Өөрсдийнхөө тоглоомын дүрмийг бий болгож, жинхнээсээ, сэтгэлээсээ улс төр хийх ёстой. Тооцоо судалгаатай, тууштай байх хэрэгтэй. Сөрөг хүчнийхээ үүргийг биелүүл гэдэг чинь нийгмийн бухимдлыг чулуу болго л гэсэн үг. Ингэх юм бол МАН яаж ч мөнгөөр зодоод дийлэхгүй.

-Нийслэлд сүүлийн найман жилд МАН засаглаж байна. Энэ хугацааг базаад дүгнэвэл юу хэлэх вэ?

-Ямар их цаг хугацаа алдаж байна аа л гэж харамсаж сууна. Ардчилсан намын хийж байсан ажил гэж улстөржөөд бүх ажлыг 2016 онд зогсоосон. Харин сүүлдээ метро барихаас, гэр хорооллоо дахин төлөвлөхөөс өөр аргагүй юм байна гэдгийг ойлгож байх шиг байна л даа. Гэхдээ энэ алдсан хугацаа чинь хайран шүү дээ. Өнгөрсөн 2020 оны есдүгээр сард метро ашиглалтад орох байсан. Амгаланд байгаа Анагаах ухааны дээд сургууль чинь метроны эцсийн буудал байхгүй юу. Эцсийн буудал нь бэлэн болчихоод байхад метро нь байхгүй. Төлөвлөгөө ёсоор өдийд 20-иод мянган өрх орон сууцанд орчихсон байх ёстой хугацаа алдчихлаа.

-Сүүлийн хоёр ч Засаг даргыг хууль зөрчин томилогдсон гэсэн шүүмжлэл байна. Үүн дээр юу хэлэх вэ?

-Хууль зөрчсөн гэдэг дээр арай л дэндсэн. Нийслэл гэдэг орон нутгийн өөрөө удирдах институц маань байхгүй болсон. Зүгээр л Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг боллоо. Үндсэн хууль зөрчөөд шууд томилж байна. Ийм юм яриахаар үүний цаана ямар гүнзгий агуулга байдгийг манайхан ойлгодоггүй. Би нэг зүйлийг одоо их гайхаад байгаа юм. Энэ жил болох орон нутгийн сонгуулиар нийслэлийн иргэд Л.Оюун-Эрдэнэтэй хариуцлага тооцох юм уу, Х.Нямбаатар, Д.Сумъяабазартай хариуцлага тооцох уу. Би бол Л.Оюун-Эрдэнэтэй хариуцлага тооцох сонгууль байх ёстой гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Ерөнхий сайд чинь жинхэнэ хотын дарга болчихоод байна. Хүмүүс Х.Нямбаатар гэж эндүүрээд байгаа юм. Тэр чинь хэрэгжүүлэгч агентлагийн л дарга. Х.Нямбаатарыг томилсноороо нийслэлд болж, бүтэхгүй байгаа бүх зүйлийн хариуцлагыг Л.Оюун-Эрдэнэ үүрэхээр болсон. Энэ үнэнийг нийслэлчүүд маань ойлгоосой.

-“Ногоон автобус”-ны хэрэг гарсан. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Энэ далимд ард иргэддээ нэг зүйлийг сануулмаар байна. Намайг анх ажил авч байхад түгжрэл тэг зогссон байсан. Замуудаа өргөтгөж, уулзвар, гарцыг сайжруулж байж үүнээс гарсан. Мөн бидний үед автобус ингэж хүлээдэггүй, чихдэггүй байлаа. Автобусны соёл гэдэг чинь бидний үед бий болсон. Урдуур нь сууж, хойгуур нь бууж сурцгаасан. Гэхдээ автобус нь гурав дахин цөөн байсан. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээг мөн л нураачихлаа. Менежментээ огт ойлгохгүй байна. Бие биедээ ажил, бизнес бий болгож өгөхийн тулд автобус баазыг гурав хуваачихаад байгаа юм. уг нь Улаанбаатарын автобус бааз гэж ганц л байх ёстой. Гурав хуваачихаар менежмент, өндөр ачааллын цагийн зохицуулалт хийх боломжгүй болчихоод байгаа юм. Автобус баазын цаана маш өндөр бэлэн орлого байдаг учраас түүнийг хэн нэгэндээ гаргаж өгөхийн тулд ийм байдалд оруулсан.

-“Ногоон автобус”-ны хэрэг дээр хоёр хувийн компанийн захирлыг хорьсон. Гэтэл шийдвэр гаргагч дарга нарыг шалгаж байгаа эсэх нь мэдэгдэхгүй өдий хүрлээ. Тэд өөрсдөө дур мэдээд хуучин автобус оруулж ирж чадах уу?

-Л.Оюун-Эрдэнэ өөрийн нам гэлтгүй авлигалтай тэмцэж байгаа нь сайн хэрэг. Энэ бол МАН-ын түүхэнд гараагүй явдал. Уг нь дарга нар нь ийм зүйлээ тас нуудаг байсан. Л.Оюун-Эрдэнэ үүнийг ил болгосон нь үнэхээр сайн. Гэхдээ сүүлийн үед улс төрийн өнгө аястай тэмцэж ялгавартай хандаад байна уу даа гэж би жаахан сэжиглээд байгаа юм. Д.Мөнх-Эрдэнэ, Н.Өнөрцэцэг, Ц.Хулан нарыг бариад хорьчихсон. Гэтэл тэдний дэргэд жинхэнэ авлигын мангасууд МАН-ынх учраас яах ч үгүй л явж байна. Яагаад ингэж тэгш биш хандаад байгаа юм. Н.Өнөрцэцэгийн хувьд бол нэг сэтгүүлчийг алж мянган сэтгүүлчийн зүрхийг үхүүлдэг ажиллагаа л явж байна гэж харж байгаа. Түүний цаана чөлөөт хэвлэлийг айлгах, амыг нь барих гэсэн илүү том улс төр явж байна. Харамсалтай нь манай чөлөөт хэвлэлийнхэн үнэт зүйлээ бус хувийн эмоцио барих юм. Мөн түүнийг нүүрсний бизнест орооцолдсон гээд байгаа. Тэр ямар төрийн албан хаагч юм уу. Сэтгүүлч ч гэсэн жирийн иргэн шүү дээ. Баруунд бол сэтгүүлчид нь бизнест хөрөнгө оруулдаг. Д.Мөнх-Эрдэнийн хувьд л гэхэд урьд хожидын хэрэг дээр л яллачихлаа. Урьд яллаж байхгүй, төрийн муу муухайг илчлээд эхлэхээр нь л хорьчихсон. Тийм учраас би МАН-тай үхэн үхтлээ алалцана. Энэ нам намайг 30 жил гүжирдсэн. Би хоёр баганын бодлого гэж том юм яриад тэвчиж, үнэт зүйлээ бариад явсан. Намайг дуртай цагтаа гүжирдэж, барьж хорьдог.

-“Чиний үг хэлэх эрхийн тань төлөө насаараа тэмцэнэ” гэж та хэлсэн. Гэтэл таны авсан жишээнүүдээс харахад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчөөд байгаа юм биш үү. Энэ эрх манайд хадгалагдаж байна уу?

-Интернэтийн буянаар л энэ эрх жаахан хадгалагдаж байна. Чөлөөт хэвлэл үндсэндээ хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь улс төрийн худалдан авалтад орсон. Харин М.Батбилэг нарын цөөхөн сэтгүүлч, Өдрийн сонин мэтийн ганц нэгэн хэвлэл л үзэж байна. Энэ бол Путины арга байгаа юм. Өөрөөр хэлбэл цөөхөн зоригтнуудыг айлгаж, нийгмийг тэр чигт нь айдаст автуулдаг энэ аргыг Путин хэрэглэсэн. Ер нь зоригтнууд нийгэмд маш цөөхүүлээ байдаг юм. Д.Мөнх-Эрдэнийг барьж хорьсноор маш их айдаст автсан. Ардчиллыг амьд байлгахын тулд энэ эр зоригийг л алж болохгүй. Зоригтой цөөхөн хүн байхгүй болчихвол ардчилал байхгүй болно. Үндсэндээ олон нийтийн өмнө тэднийг цовдолж харуулж байна.

-Хотын хаалган дээр өлгөдөг байсан шиг үү?

-Дундад зуунд шонгоос өлгөдөг байсан шиг Н.Өнөрцэцэгийг дүүжилж харуулж байна. Д.Мөнх-Эрдэнийг дүүжлээд, зоригийг нь мохоосон. Ардчиллын төлөө хэзээ ч нийгэм бүхлээрээ зоригтой байгаагүй. Цөөхөн хүн байсан. Орост ийм аргыг хэрэглэсэн учраас одоо тэнд нийгмээрээ айдаст автчихсан, матаасанд живж байна. Хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг зарчмаар хэнийг ч цовдолж магадгүй. Ийм болохоор МАН-тай өршөөлгүй тэмцэх ёстой. Би энэ намд өршөөнгүй явж ирсэн байна. Одоо над шиг хүнийг айлгахад хэцүү. Хүүхдүүд нялх, 30-тай байхдаа айж яваагүй хүн одоо насны нар хэвийж явахад юунаас айх юм. Намайг мянгантаа шоронд хийгээд ч Путины заавраар намайг яаж ч устгах гээд нэмэргүй. Би одоо золих юмаа золих газарт нь өгөөд гарна. Харин одоохондоо залуучуудаа зориглохыг бас давхар хүлээж байна. Нийгэм чинь эхлээд цөөхөн зоригтноо хардаг юм. Тэд нь болоод явчих юм бол дараа нь бүгдээрээ дэмждэг. Байгаль өөрөө биднийг ингэж бүтээсэн юм. Нүүдлийн шувууг хүртэл нэг нь манлайлж явдаг биз дээ. Ард түмэн хүчээ мэдрэх хэрэгтэй. Хүмүүсээс маш бага хүч гарах юм шүү дээ, уг нь. Баасан гаригт талбай дүүргээд л болно. Ерөөсөө очоод ирэх л асуудал. Хэрэв ингээд талбай дүүрэн жагсахад л улстөрчид бүгд чацга алдана. Түүнээс биш интернэтийн араас мянга орилоод түүнийг чинь огт хүлээж авахгүй. Ард түмний бухимдал чулуу болсон цагт ямар ч дарангуйлагч дийлдэггүй юм.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин