• Эхлэл
  • Бид ер нь ямар хүмүүс сонгоод байна вэ?!

Бид ер нь ямар хүмүүс сонгоод байна вэ?!

2023/12/28

Ингэж бодогдож, эргэлзэж байна уу, чингэлтэйчүүд ээ. Та бүгдийн УИХ-д сонгосон гишүүдийн нэг нь Нүүрсний хулгайд, нөгөө нь автобусны хулгайд холбогдчихлоо. Та бүгдийн төр дэх төлөөллийн 65 хувь нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт татагдлаа шүү дээ. Энд зөвхөн Чингэлтэй дүүргийн олон мянган сонгогчдын төлөөллөөр жишээ авч байна. Бусад тойргуудыг бас хар. Ардчиллын 33 жилийн түүхэнд Ардчилсан хүчнээс нэг ч хүн сонгож үзээгүй, тувт МАН-ын гишүүдийг сонгосон Говь-Алтай аймгаас сонгогдсон хоёр гишүүн нь хоёулаа авлига, албан тушаалын хэргээр сонгуулийн дараа дээлээ нөмрөхөд бэлэн боллоо. Угтаа МАН-д улаанаар зүтгэсэн алдарт Говь-Алтайчууд маань УИХ-д зуун хувь гэмт хэрэгт холбогдогчдыг сонгосон байх жишээтэй. Өнөөдөр тэгээд Говь-Алтай аймгийнхаа хөгжил цэцэглэлт, байгаа царайг харцгаа. Бүгд л ажил амьдралаараа туйлдлаа. Хөгжлийн индексээрээ 21 аймагтаа мөнхөд сүүл мушгиж ирэв. Харин тус аймгийн Баян-Уул суманд нь Дагвадорж гэж хүн хоёр сайхан хүү төрүүлсэн нь сайн хэрэг. Тэр хоёр хүү аавынхаа, өвөг дээдсийнхээ нутаг усыг бодон бодон, шүтэн дээдлэн байж, 30 жил хийсэн бизнесээ эрсдэл оруулан Говь-Алтай аймгийг засмал замтай холболоо. Үүнд сонгосон МАН-ын гишүүдийнх нь гавьяа түй ч байхгүй. Ер нь бол 21 аймагтаа хамгийн сүүлд засмалтай болж байгаа нь тэр. Тэдгээр улстөрчдөөс илүү Говь-Алтайчуудын өмнө гавьяа байгуулсан хүмүүс бол МАКС гурппийн эзэд гэдгийг монголчууд мэднэ. Эмгэнэлтэй нь ирэх сонгуулиар МАН-ыг дахиад сонгоно гэдэгт говьалтайчуудад эргэлзэхгүй байна. Тэд тэгж л сохорсон, МАН-ынханд тархиа угаалгаж ертөнцийн мухарт шидэгдсэн ард түмэн юм.

Харин Монголын нийслэлд байгаа чингэлтэйчүүд, хотын бусад дүүргийнхэн, мөн мэдээлэлд харьцангуй ойр байгаа аймаг, хотынхон тэгж мулгуурмааргүй байна. Хүнээ таньж сонголтоо хийх цаг болжээ. Ерөөсөө бидний улс төрийн сонголт их тэнэг. Заавал хоёр туйл руу явдаг. Жишээ нь, 2020 оны УИХ-ын сонгуулиар Чингэлтэй дүүргийн сонгогчдын дийлэнх хэсэг нь АН-аас нэр дэвшсэн Г.Баярсайхан нарын хүмүүсийг дайсан мэт үзсэн. Тийм хэмжээнд МАН-аас нэр дэвшсэн, өнөөдөр гэмт хэрэгт холбогдоод байгаа гишүүд тархийг нь угаасан. Үр дүн нь өнөөдөр хар. Бүгдээрээ албан тушаалын гэмт хэрэгт холбогдогчид болчихсон, төрд төлөөлөлгүй дүүрэг болчихсон, ганц эмэгтэй гишүүн М.Оюунчимэгтэйгээ яахаа мэдэхгүй сууцгааж байна.

Үнэндээ 2020 оны УИХ-ын сонгуулиар Чингэлтэй дүүргийн сонгогчид МАН-аас нэр дэвшсэн Т.Аюурсайхан, Ж.Сүхбаатар нарыг бурхан мэт үзэж, өндөр хувьтай сонгосон шүү. Одоо тэгээд “бурхад” нь ямар хүмүүс байцгаасан байна вэ. Тавлаж байгаа юм биш, сонголт чинь харанхуй байна гэдгийг л хэлж байна. Ж.Сүхбаатар гишүүнийг нийслэлчүүд ямар ихийг хийж бүтээнэ гэж итгэж найдлаа. Түгжрэлийг бууруулах сайдаар хүртэл томилсон. Тэгсэн тэр хамгийн гомдмоор нь “Эд муусайнуудад ийм л нийтийн унаанууд таарна” хэмээн үзэж, хулхи ногоон автобусууд шахсан нь илэрч Монголын шившиг боллоо. Яг мөн чанараараа мань эр чингэлтэйчүүдээ ингэж л дорд үзсэн, халаасан дотроо салаавчтай, хуурамч нөхөр явж байжээ.

Аюурсайханыг шударгын туйл гэж чингэлтэйчүүд үзэж байлаа. Тэгсэн Монголын дотоодын нийт бүтээгдэхүүнээс хэд дахин давсан тоон дүнтэй, эх орноо тонон дээрэмдсэн Нүүрсний хулгайн загалмайлсан эцэг шахам нэрлэгдэж байна. Ийм итгэлгүй, хуурамч дүр эсгэсэн попыг чингэлтэйчүүд сонгосон байж. Чингэлтэй дүүргийн мянга мянган сонгогчийн улс төрийн сонголт ийм харанхуй, эмгэнэлтэй байлаа.

Үүнд тэгээд хэн буруутай юм бэ. Сонгогчид та бид л буруутай. Тэд сонгуульд ялахын тулд Ардчилсан хүчнийхнийг харлуулан гутаадаг. Бүр доромжилдог. Тэгвэл АН ер нь монголчуудад ямар гэм хийсэн улс төрийн хүчин юм бэ. Монголын ард түмнээс Нүүрснийхэн шиг хулгай хийсэн үү. Ямар утаа, түгжрэл бий болгов. Түүхэндээ 33 жилийн хугацаанд хоёр удаа л хальт мөлт төрийн эрх барьж үзсэн. Тэр он жилүүддээ иргэдээ хувийн өмчтэй болгосон нам шүү дээ. Орон сууц хувьчлахаас эхлээд алдарт их хувьчлалыг хийсэн. Энэ бол эдийн засгийн жинхэнэ реформ байсан. Их хувьчлалын үр дүнд л Монголын үндэсний хөрөнгөтнүүд анх удаа бий болох эхлэл тавигдсан. 30 жилийн түүхээ эргээд сайн тунгаагаад үзээрэй. Хоёр дахь удаагаа Засаг барих үедээ бонд босгож 21 аймгаа засмал замтай холбож, хахаж түгжирч үхэх шахсан нийслэлийн зам уулзваруудыг шинээр тавьж өргөтгөн, томоохон хөрөнгө оруулалтуудыг хийсэн. Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар бол өр огт биш. Тэр бол хөгжлийн зээл байсан гэдгийг МАН-ын тулхтай эдийн засагчид бүгд хүлээн зөвшөөрдөг. Зээл авч байж л бизнесийг тэлдэг, хөгждөг, айл өрх, аж ахуй нэгж хүртэл зээлээр л хөл дээрээ босдог биз дээ.

Гэтэл энэхүү хөгжлийн зээл болох Чингис бондын хөрөнгийг нийгмийн сэтгэл зүйд автоматаар шууд Өр болгон сурталчилсан. Өр гэдэг өөр, Зээл гэдэг огт өөр эдийн засгийн ойлголтууд болохыг иргэн бүхэн мэднэ. Тийм хэдий ч МАН-ын тэр их улстөржсөн үзэл суртал, ухуулгаас болж өнөөдөр зээл-өр хоёроо ялгахааргүй хийрхэлд автсан байна. Зээлийг өр болгож, түүний ялыг АН-д тохож, үүнийгээ суртал ухуулгын зэвсэг болгон ирэх сонгуульд дахиад орох гэж байна. Дахин сонгуульд ялахаар МАН улайрч эхэллээ.

Шулуухан хэлэхэд МАН-ын ийм л хар муу технологийн үрээр энэ их утаа, түгжрэл, нийгмийн стресс бий болсон. Үүнийг ухаарах сэхээрэх боломжийг иргэдэд огтхон ч өгөхгүй байна, өнөөдрийн эрх баригчид. Ийм байж болох уу…

Энэ бүгдийн эцэст нэг л үнэнийг хэлье. Одоо чингэлтэйчүүд ээ, нийслэлчүүд ээ, нийт монголчууд аа та бид сонголтоо зөв хиймээр байна. Хийрхмээргүй байна. Хий хоосон амлалтад хууртмааргүй байна. Улс төрд хагас үнэн гэж байхгүй. МАН-ын гайгүй гэж байгаа улстөрчид бүхэн хагас үнэн. Харин бусдад нь үнэн юм алга. Хуурамч, худалч, дүр эсгэсэн нөхөд болохыг та бид өнөөдөр бэлээхэн харж байна.

Харин АН-ын нэр дэвшигчдийн ялгаа нь тэдэн дотор бүтэн үнэн улстөрчид бий. Худалчууд байгааг бас нуухгүй. Гэхдээ АН-ын дотоод ардчилал гайхамшигтай, нийгэмд ил байдаг нь хуурамчуудаа илчлээд, бүтэн үнэн улстөрчдөө ил тавьчихдагт байгаа юм. Алган дээрээ тавьсан юм шиг харж байдаг АН-ын нэр дэвшигчдийг энэ удаагийн сонгуулиар ард түмэн анзаараад сайн хараарай. Тэдний алдаа оноо бүхэн ард түмний нүдэн дээр ил байдаг болохоор зөв сонголт хийхэд амар, бас шударга байна. Та бүгдийн сонголт зөв, мэргэн байхад хамгийн их нөлөөлөх нь энэхүү ил цагаан ардчилал юм шүү. 

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин