Сүхбаатар аймгийн цагдаагийн байгууллагад гарсан хүн амины хэргүүдэд хэн, хэзээ хариуцлага тооцох вэ?
Төрийн албан хаагч амь насаа алдсан асуудлаар саяхан Говь-Алтай аймгийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Ажлын байрандаа архидсан, сахилга бат алдсан, хариуцлагыг уландаа гишгэсэн, хамгийн гол нь төрийн албан хаагчийн аминд хүрсэн ноцтой асуудал тэнд үүссэн. Ийм учраас Засгийн газрын ХЭГ яаралтай хуралдаж шийдвэр гаргаад удаагүй байна.
Тэгвэл Сүхбаатар аймагт, тэр дундаа хууль сахиулах, дүрэм журмыг сахиулах үүрэгтэй Цагдаагийн байгууллага нь алба хаагчдынхаа доторх элдэв гэмт хэрэг зөрчлийг нуун дарагдуулж байхад ЦЕГ нь ч, орон нутгийн удирдлагууд нь ч, Засгийн газрын ХЭГ ч яагаад дуугүй сууна вэ.
Тоодоггүй, дуугардаггүй учраас ч тэр үү, тэнд удаа дараа хүний амь нас эндсэн харамсалтай хэргүүд шилээ даран гарсаар байна биш үү. Тухайлбал, сая сар шинийн баярын үеэр Сүхбаатар аймгийн цагдаагийн хоёр ажилтан нэгийгээ галт зэвсгээр ажлынхаа байранд гэмтээсэн байна.
Юу болсныг тодруулбал, энэ сарын 22 ны өглөөний 08:40 цагт “Цагдаа бусдад буудуулсан байна” гэсэн дуудлага аймгийн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн газарт иржээ. Ингээд тус аймгийн Цагдаагийн газарт ажилладаг 46 настай Б нь хэвлийн хөндий, цээжин хэсэгтээ буудуулсан байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Улмаар өвчтөний биеийн байдал хүнд байгаа учраас Улаанбаатар хот руу онгоцоор яаралтайгаар авчрахаар болсон гэнэ. Энэ тухай “Цагдаагийн газрын жолооч нь буу шалгаж байгаад алдсан” гэж эх сурвалжууд мэдээлсэн тухай зарим сайтад бичжээ. Гэтэл энэ асуудлын мөрөөр хариуцлага гээч зүйл огт дурдагдахгүй байгаа нь хачирхалтай. Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар ч, удирдлагууд нь ч ЦЕГ нь ч хариуцлага тооцсонгүй. Хариуцлагын сэлэм эргүүлдэг Ерөнхий сайд маань ус балгасан мэт ч таг чиг байна.
Ганц энэ ч биш, тоочоод байвал тус аймгийн цагдаагийн байгууллагын хэмжээнд онц ноцтой олон хэрэг зөрчил гарсан нь дандаа “Ажлын байранд” гарч байжээ. Бас нэг харамсалтай хэрэг бол Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд өмнө нь шүлхий өвчин дэгдэхэд хяналтын постонд ажиллаж байсан цагдаагийн дэслэгч Жаргалсайхан нь үүрэг гүйцэтгэж байгаад автомашин дотроо учир битүүлэгээр нас барсан хэрэг юм. Талийгаачийг угаартаж нас барсан гэх ам дамжсан яриа байдаг ч энэ бүхэнд ажиллах нөхцөлөөр хангаагүй удирдлагуудын хариуцлагын асуудал яригдах ёстой биш гэж үү.
Энэ мэтчилэн алба хаагчид нь ажлын байран дээрээ нас бараад байхад Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын дарга Лхагвасайхан яагаад ямар ч хариуцлага хүлээхгүй байна вэ гэдэг асуулт гарна.
Тэр байтугай цагдаагийн алба хаагч нь иргэдийнхээ аамар тайван байдал, аюулгүй байдлыг хангах, хамгаалах ёстой атал зодож амь насанд нь хүрсэн гэмт хэрэг гарсан ч бас л дараад өнгөрүүлсэн гэх яриа ард иргэдийн дунд байдаг юм байна. Тухайн үед юу болсон бэ гэвэл, өнгөрсөн оны гуравдугаар сарын 12-13-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын цагдаагийн кубонд өглөөний 04:00 цагийн орчим хүнд зодуулсан, дээрэмдүүлсэн шинжтэй ирсэн иргэн Г-г цагдаагийн албан хаагч Б нь ажлын байран дээрээ гавлан зодож амь насыг нь егүүтгэсэн хэрэг гарч байж. Гэвч энэ хэргийг аймгийн цагдаагийн газрын дарга Н.Лхагвасайхан нуун дарагдуулж, цагдаагийн нэр төрд сэв суулгалаа хэмээн уг хэргийг үйлдсэн цагдаад дарамт шахалт үзүүлэн нуун дарагдуулж байсныг АТГ-с олон удаагийн шалгалт явуулсны эцэст илрүүлжээ.
Ийнхүү Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт алба хаагч нь буудуулж шархадсан, угаартсан гэх нэртэй учир битүүлгээр амь насаа алдсан, иргэн хүн зодуулж нас барсан гэх мэт гэмт хэргүүд шилээ даран гарсаар иржээ.
Засгийн газрын ХЭГ Говь-Алтай аймагт саяхан гарсан хүн амины хэргийг яаралтай хэлэлцэж Засаг даргыг нь огцруулсан. Тэгвэл Сүхбаатар аймгийн цагдаагийн байгууллагад удаа дараа үйлдэгдэж байгаа хүн амины хэрэгт яагаад хариуцлага тооцохгүй байна вэ. Сүхбаатарчуудын амь нас үнэгүй юм уу, тэд хүн биш гэж үү. Цагдаагийн газрыг Н.Лхагвасайхан л даргалж байвал юу ч болж байсан хамаагүй юм уу. Эсвэл Н.Лхагвасайхан даргын дүү “Эрдэнэсмонгол” ТӨК-ийн дэд захирал Н.Лхагвабаатар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх учраас ийм эрх дарх олгосон юм уу. Тийм биш бол хэн, хэзээ хариуцлага тооцож, сахилга бат тогтоох вэ. Эдгээр асуултыг сүхбаатарчууд Ерөнхий сайдаас, Засгийн газрын ХЭГ-аас асууж байна.
Сэтгэгдэл байхгүй байна