Аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг эрт илрүүлж эмчлэх зорилгоор иргэдийг эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулсан. Уг ажил 2022 онд эхэлсэн бөгөөд хоёр жилийн хугацаанд 1.5 сая хүн хамрагдаад байгаа билээ. Тэгвэл энэ оноос эхлэн хүн бүрийг бус зорилтот бүлгийн хүрээнд уг ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар болсон. Тодруулбал, ЭМЯ-наас “Эрт илрүүлэг 2.0”-ыг үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмж гарсан. "Эрт илрүүлэг 2.0"-ыг ургийн хромосомын гажгийн, нярайн, сургуульд суурилсан, ажлын байранд суурилсан, хорт хавдрын гэсэн таван чиглэлээр зохион байгуулах юм байна.
Өнгөрсөн хугацаанд үзсэн үзлэгээр хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөл, жингийн илүүдэл болон дутагдал зонхилж байна гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ хүрээнд ерөнхий боловсролын нэгдүгээр ангийн хүүхдүүдийг нүд, шүд, зүрхний эмгэг илрүүлэх үзлэгт хамруулж байгаа юм байна.
"Шүдний үзлэгийг хувийн эмнэлгүүд хийж байгаа. Эхний ээлжид сургууль дээр нь үзлэг хийсэн бөгөөд эмчилгээ шаардлагатай хүүхдүүдийг хариуцсан хувийн эмнэлгээс нь дуудаж эмчилгээг хийж байна. Нэг хүүхдийн таван шүдийг үнэгүй эмчилж өгнө. Мөн нүдний үзлэгийн хувьд хараа зүйн төвүүдтэй гэрээ хийсэн байгаа. Эхний шатанд сургууль дээр нь сургуулийн эмч нар эхний шатны үзлэгийг хийж байна. Дараагийн шатанд гэрээ хийсэн хараа зүйн төвүүд рүү явуулж нарийвчилсан үзлэг хийнэ. Шаардлагатай гэж үзвэл дүүргийн Эрүүл мэндийн төвүүд рүү явуулж мөн үзлэг, эмчилгээг хийнэ. Зүрхний үзлэгийн хувьд өрхийн эмч нар сургууль дээр нь очиж зүрхний цахилгаан бичлэг хийж хариуг цахимаар уншиж эмчилгээ хийлгэх шаардлагатай хүүхдүүдийг дүүргийн Эрүүл мэндийн төв дээр нарийвчилсан зүрхний эхо үзлэгт хамруулна.
Ингээд хагалгаа хийлгэх шаардлагатай хүүхдүүдийг Эх, хүүхдийн үндэсний төв болон гуравдугаар эмнэлэгт хагалгаа, эмчилгээнд хамруулаад явж байна” гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Орон нутгийн хувьд дөрөвдүгээр сарын 1-нээс үзлэгийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна. Нийслэлийн нэгдүгээр ангийн сурагчдын 80 гаруй хувийг нүд, шүд, зүрхний эмгэг илрүүлэх үзлэгт хамруулж шаардлагатай хүүхдүүдийг дараагийн шатлалын үзлэг, эмчилгээнд хамруулаад байгаа ажээ. Өнгөрсөн оноос эхлэн эрт илрүүлэгт хүн бүрийг хамруулахгүй, зорилтот хүмүүсийг хамруулж байгаа талаар дээр мэдээлсэн. Энэ хүрээнд дөнгөж төрсөн нярайг зургаан төрлийн үзлэг, илрүүлэгт хамруулахаар мөн бэлтгэл ажлыг хийж байгаа аж. Илрүүлээд орхидог бус эмчилгээ шаардлагатай хүмүүсийг бүрэн эмчлэх нь чухал тул энэ чиглэлийг баримталж ажиллаж байгаа ажээ.
Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан энэ хүрээнд хүүхдүүдийн үзлэг, эмчилгээ нэлээд үр дүнтэй байгааг албаныхан онцоллоо.
Сэтгэгдэл байхгүй байна