Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.03.11/ менингококк халдварын дахин нэг тохиолдол батлагдсан талаар мэдээллээ. Тодруулбал, сэжигтэй тохиолдлоос авсан шинжилгээ лабораториор батлагдаж, он гарсаар хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр тохиолдлууд нь бага насны хүүхдүүд байгаа аж.
ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр, он гарснаас хойш менингококкын нэн хүнд хэлбэрээр нэг хүүхэд эндсэн. Лабораториор батлагдсан хоёр дахь тохиолдол мөн хүүхэд байна гэв.
Зөвлөмж: Менингококк хүрсэн хүний амь нас цаг минутаар хэмжигдэж эхэлдэг тул шинж тэмдэг илэрсэн бол яаралтай эмнэлэгт хандахыг сануулж байна. Энэ өвчин Налайх дүүрэгт бүртгэгдээд байгаа юм.
– Нянгаар халдварладаг, маш богино хугацаанд хүндэрдэг өвчин
– Хүний тархины бүрхүүл үрэвсэж хүндэрнэ
– Цусанд халдвар орж, цусны хордлого үүсгэдэг
– Агаар дуслын замаар халдварлана
– Халдвар хамар, хоолой хэсэгт хадгалагдаж, эрүүл хүн тээгч болдог
– Бага насны хүүхэд, өндөр настан, дархлаа сул хүмүүс хамгийн түрүүнд өртөнө
Шинж тэмдэг
– Өндөр халуурах /39-40/
– Толгой хүчтэй өвдөх
– Дотор муухайрах бөөлжих
– Ухаан самуурах, таталт өгөх
– Хүзүү хөшиж, урагш бөхийж чадахгүй болох
– Гэрэл дуу чимээнд хэт мэдрэг болох
Урьдчилан сэргийлэх
– Амны хаалт тогтмол зүүх
– Олон нийтийн газар зорчихгүй байх
– Хувийн ариун цэвэр дээд зэргээр сахих
– Дархлаа дэмжих
Сэтгэгдэл байхгүй байна