• Эхлэл
  • Эрчим хүчний реформын хурд өртөгт нийцсэн үнэ тарифтай болохоос эхэлнэ

Эрчим хүчний реформын хурд өртөгт нийцсэн үнэ тарифтай болохоос эхэлнэ

2024/10/31

Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.

 

Аливаа салбарын ажил нь гацчихаар реформ ярьж эхэлдэг. Өнөөдөр бид эрчим хүчний реформын тухай ярьж байна. “Байгалийн монополь” байсан эрчим хүчний салбар “төрийн магнат” болчихсон. Үүнийг задалж чадах хүмүүс нь улстөрчид. Үүн дээр улс төрийн зориг хэрэгтэй нь үнэн. Хамгийн гол нь эрчим хүчний реформ гэдэг нь гэнэт яриад хийчихдэг, нэг л өглөө эрчим хүчний олон эх үүсвэрээр хангагддаг, хэд хэдэн цахилгаан станц барьдаг, төрийн өмчит компаниудыг өөрчилдөг зүйл огт биш.
Бэлтгэл болон шилжих гэсэн хоёр үе шаттайгаар реформыг хийхээр ярьцгааж байна.  Гэвч бэлтгэл үе шатаас шилжих үе шат хүртэл хэдэн жил үргэлжлэх бол? Энэ нь реформ хийх суурь нөхцөл эрчим хүчний үнэ нь өртөгт нийцсэн байх, хууль, эрх зүйн орчин нь бэлэн болсон эсэх, байгаль орчинд ээлтэй, шинэ технологиудыг нэвтрүүлж чадсан уу гэдгээс шалтгаалдаг. Реформын хувьд бизнесийнхэнд шинэ боломж, шинэ өрсөлдөөн байх нь мэдээж. Гэтэл манайд бизнесийнхэн хоорондоо өрсөлдөх явцдаа нэгнийхээ төслийг гацаадаг. Үүнээсээ болоод аль ч төсөл нь хөдлөхгүй гацдаг. Тэгэхээр  эрчим хүчний салбарт реформыг хийхдээ бизнесийнхэнд боломжийг нээж өгөхдөө яаж шударга байлгах боломжийг нь нээх вэ гэдэг асуудал үүснэ. Тодруулбал, “даргатай ойрхон” хамааралтай төсөл хэрэгждэг, түүнээс илүү үр өгөөжтэй боловч улс төрд дэмжлэггүй бол төсөл нь явдаггүй тэгш бус байдлыг арилгаж чадах юм уу гэдэг бас чухал.

Гүрж шиг арван жилийн дараа экспортлогч болж чадах уу

Гүрж улсын жишээг харцгаая. Одоогоос арван жилийн өмнө Гүрж улс 3.8 сая хүн амтай, эрчим хүчний 70 хувь нь ОХУ-аас хараат байсан. Реформистүүд гарч ирээд Гүрж улсыг тэр чигт нь чөлөөт зах зээл рүү шилжүүлье гээд олон реформ хийсний нэг нь эрчим хүчний реформ байлаа. Гүржийн давуу тал нь байгалийнн өгөгдлөөсөө шалтгаалаад ч тэр үү, усан цахилгаан станцуудыг хөгжүүлж чадсан. Үр дүнд нь өнөөдрийн байдлаар нийт эрчим хүчнийх нь 70 хувь нь усан цахилгаан станцаас эх үүсвэртэй болсон төдийгүй Турк улс руу 103 сая ам.доллароор 1.5 тВт эрчим хүчээ экспортолдог болсон байна. Түүгээр ч барахгүй Хар тэнгисийн доогуур Европ руу чиглэсэн  1100 км эрчим хүчний шугамыг тавьж байна.  Ердөө арван жилийн дотор өөрсдөө эрчим хүчээр нэг улсаас хараат байсан байдлаасаа гарц эрчим хүч экспортлогч болж чадсан байгаа юм.  Энэ бол маш гоё шилжилт. Бид ч үүнийг хийх боломжтой. Бидэнд нүүрс, сэргээгдэх эрчим хүчний нөөц байна. Гол нь эрчим хүч өртөгт нийцсэн үнэтэй байх ёстой. Үнэ, төрийн өмчит компанийн засаглал хоёр бол зоосны хоёр тал шиг нэг учраас зэрэг л өөрчлөхөөс өөр аргагүй.

Яагаад заавал одоо үнэ тарифын өөрчлөлтийг хийх гээд байгаа юм бэ?

Үнэ нэмэх гэж ярих буруу. Өртөгт нийцүүлсэн үнэ рүү шилжих гэж ярих нь зөв. Яагаад гэвэл хөрөнгө оруулагчид ч өртөгтөө нийцээгүй үнээр эрчим хүч үйлдвэрлэх үр ашиггүй салбарт хөрөнгө оруулахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Нэгэнт өнөөдөр бид өртөгт нийцүүлсэн үнийн тогтолцоонд шилжчихвэл цаашид зах зээлийн индексжүүлсэн зарчмаараа хараат бусаар үнэ өөрөө өөрийгөө шинэчлээд явдаг болно. Энэ тогтолцооны өөрчлөлтийг л хийх гээд байгаа юм. Төрийн өмчит компаниудын засаглалын хувьд “процесс зураглал”-ыг нь шинээр хийж, бүтээмжийг нь сайжруулснаар ашигтай ажиллах болно. Энэ хоёрыг зэрэг хийж байж реформ амжилттай болно. Эрчим хүчний реформыг амжилттай хийсэн улс орнуудын туршлагаас харахад эх үүсвэр гэхээсээ илүү түгээх талдаа илүү анхаарсан байдаг. Техник, технологийн боломжуудыг ашиглан иргэд өөрсдөө хэрэглээгээ хянаж, тохируулж, үүндээ тохирсон хэмнэлт хийж болдог. Үүгээрээ төр иргэдтэй үнэ тарифын асуудлаар нүүр тулаад байх бус боломжийг нь бий болгоод “өөрөө хяна, хэмнэ, хэрэглэ, төлбөрөө төл” гэсэн зарчим руу шилжих боломжтой. Хүнд биш, техник технологид итгэдэг болсон энэ цаг үед шинэ технологийн 430 мянган тоолуурыг тавихад 134 тэрбум төгрөг хэмнэж болох тооцоо гарчээ. Тэгэхээр хаалган дээр цаас наагаад тогийг нь таслах аргаасаа салах цаг болсон байна. Эрчим хүчний үнийг чөлөөт зах зээлд нэвтрүүлэхгүй л бол Монголд байгаа бүх үнэ тариф сууриараа худлаа болоод  байгаа юм. Чөлөөт зах зээлд нэвтрүүлнэ гэхээр үнэ хэзээ ч дахин буурахгүйгээр өснө гэж төсөөлөөд байдаг. Үгүй. Өрсөлдөөн зөв, нийлүүлэгч олон байвал үнэ буурна. Эцсийн дүнд хэрэглэгч найдвартай цахилгаан эрчим хүчийг хямд үнээр авдаг болох ёстой.

Хэмнэлтийг хэн ч ярихгүй байгаа нь том алдаа

Тогтолцооны гажуудлаас гадна үр дүнгээ харахаар реформын нөлөөлөлд хэн хамгийн өртөмтгий байх вэ? Тооцооллоос харахад дундаж ба дунджаас дээш түвшний орлоготой иргэд хамгийн хүнд ачааллыг авахаар байгаа юм. Яагаад гэвэл шөнийн тарифаар халаалтаа шилжих шийдвэр 2017 онд гарснаас хойш иргэд өөрийн хөрөнгөөр халаалтын хэрэгслүүд авч хэрэглэж байгаа боловч эрчим хүчний хомсдол, өртөгтөө нийцэх нь байтугай дөхдөг ч үгүй үнэ хэвээрээ, дээрх халамжийн энэ бодлого үр дүнгээ өгөөгүй. Дараагийн хүндрэлийн ачаалал нь хот дээр ирнэ. Дэд бүтцээ дагасан нягтаршилтай хотын зовлон энэ. Хот бол эрчим хүчний болон дулааны үнийн тариф хамгийн хямдхан учраас бүх үйлдвэр, ААН, үйл ажиллагаагаа явуулахыг хүсдэг. Тийм ч шалтгаанаар хотын төвдөө шавсан. Тэгэхээр эрчим хүчний салбарын реформыг хийхдээ барилгажилтаа, түлшээ, улмаар утаагаа шийдэх бүрэн боломжтой.
Реформын эрчинд юуг сайжруулж болох вэ
Нөгөөтэйгүүр бид дулааны алдагдлыг ярих цаг нь болсон. Пассив барилгад хөрөнгө оруулдаг байх, эрчим хүчний хэмнэлт хийх, энэ талаар хэрэглэгчдэд дадал суулгах талаар инновацлаг шинэ технологийг ашиглах арга замууд харагдаж байна.  Мөн хөрөнгийн зах зээлд идэвхжүүлэх боломжтой. Жишээ нь Багануурын уурхай алдагдалтай ажилладаг учраас хэн ч  хувьцааг нь авдаггүй. Хэрэв дулааны компаниуд ашигтай ажиллаж, тогтвортой орлоготой байх эсэх нь олон нийтэд нээлттэй болбол энэ чиглэлийн компаниуд “амилж” хөрөнгийн бирж дээр ч идэвхжиж, иргэд станцуудын хувьцааг авч хяналтаа тавьдаг, менежментэд нь оролцдог болох ирээдүй бий. Үе үеийн Засгийн газрууд ямар нэгэн түүх үлдээдгийн адил Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар  Эрчим хүчний салбарын шинэтгэлийг эхлүүлж, хөгжлийн мега төслүүдийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж эхэлсэн.  Эрчим хүчний хувьд гаднаас хараат байгаа нөхцөлд том төслүүдээ хөдөлгөх аргагүй. Тиймээс эрчим хүчний эх үүсвэр, хөрөнгө оруулалт, түгээлтийн тогтолцоог шинээр хийх шаардлагатай. Үүнийг 126 гишүүнтэй УИХ, гурван намаас бүрдсэн Засгийн газар хийж чадна гэдэгт итгэлтэй байна.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин