Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.5 сая мод тарьж, 1700 гаруй га талбайд техникийн нөхөн сэргээлт хийгээд байна.
Тус үйлдвэр нийт 2000 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийх үүрэг авснаас 2022-2023 онд нийт 1229,8 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийжээ. Энэ онд үлдсэн 777,6 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, хяналт тавьж байна. Өнөөдрийн байдлаар нийт 548 га газрыг нөхөн сэргээсэн нь 70.5 хувийн гүйцэтгэлтэй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, тус үйлдвэр 2031 он хүртэл 100 сая мод тарьж ургуулах амлалт авсан. Энэхүү аяны хүрээнд 3,5 сая гаруй мод тариалж, “Эрдэнэт” үйлдвэрийн Ойн генетик нөөцийн төв, Хөрсний инновац, технологийн төвийг тус тус байгуулаад байна. Мөн бүрэн автомат мод үржүүлгийн газрыг байгуулахаар ажиллаж байгаа талаар мэдээллээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цаашид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд:
- Хангайн бүсийн доройтсон ойг нөхөн сэргээх зорилгоор 33 сая мод,
- Говь хээрийн бүсэд цөлжилт, газрын доройтлыг сааруулах зорилгоор 30 сая мод,
- Орхон аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд 27 сая мод,
- Хамгаалалтын ойн зурваст 10 сая модыг тус тус тарьж, арчилж ургуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл байхгүй байна