• Эхлэл
  • Эрчим хүч тойрсон "тунирхал" ба эргэн ирсэн бодит байдал

Эрчим хүч тойрсон "тунирхал" ба эргэн ирсэн бодит байдал

2023/12/14

 

Нийтлэлч Сэмүүний нийтлэлийг хүргэж байна.

Өчигдөр монголчуудын хувьд тун шиг “шорвог” өдөр тохиов. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танхимынхаа тэргүүний шахалтаар (Засгийн газрын хуралдааны дараа)“Оросууд манайд 12-ны 16 цагт мэдэгдэл өгсөн. Манайд нийлүүлж байгаа цахилгаан, эрчим хүчээ хоногийн 150МВт хүртэл бууруулахаар болсон” хэмээн мэдээлэв. Энэ нь манай улсын төвийн эрчим хүчний сүлжээний нийт хэрэглээний 2/3-т ч хүрэхгүй хэмжээ. ОХУ-аас манайд нийлүүлдэг дээд хэмжээ хоногийн 345МВт гэж тооцвол ½-д хүрэхгүй гэсэн үг. Тиймээс маргаашнаас (өнөөдрөөс) эхлэн орон даяар эрчим хүчний хязгаарлалт хийхээр болсон, эрчим хүчний компаниуд бэлэн байдалд шилжсэн тухай мэдээлсэн.

Гэвч үүнээс хойш гуравхан цагийн дараа Засгийн газрын хэвлэлийн албанаас “ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсныг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов мэдэгдлээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын комисс энэ асуудал дээр үргэлжлүүлэн ажиллана” гэх утгатай товч мэдээллийг тараав. Өөрөөр хэлбэл, манай Засгийн газар нэг өдөрт, 3 цагийн зайтай хоёр өөр мэдэгдэл хийв. Учир шалтгаан нь юу байв? Өмнөх шигээ айлгаж ичээж байгаад аргамжиж авдаг арга баашаа хэрэглэв үү, арай өөр ноцтой шалтгаан байв уу?  

Олонх нь ОХУ-аас манайд өгч байгаа ээлжит сануулга гэж хүлээж авч байх шиг. Ингэж үзэхээс ч аргагүй. Өнгөрсөн сард байна уу, шатахууны хязгаарлалт зарлачихаад араас нь Парламент хоорондын комиссыг хуралдуулж, шахалт үзүүлсэн. Сая ч мөн адил хязгаарлах тухай мэдэгдлээ хүргүүлчихээд, Засгийн газраар зарлуулчихаад араас нь Засгийн газар хоорондын комиссийн Оросын хэсгийн дарга нь залруулга хийж байх жишээтэй. Энэ санаандгүй зүйл гэж үү?

Нэгдүгээрт, Украинд хийж байгаа дайнаас болоод Оросын тал дотооддоо хүндхэн байгаа нь ойлгомжтой. Хоёрдугаарт, бас “Монголчууд аа, та нар нэг улс шиг улс болоод өгөөч, манай бүрэлдэхүүн биш шүү дээ” гэж байгаа сануулга. Түүнээс биш, Францтай байгуулсан ураны гэрээ энэ тэрд хорсоод бариад байгаа юм бол байхгүй байх аа. Асуудлыг бас нэг өөрийнхөө талаас авч үздэг, өрөөлд буруугаа тохдоггүй соёлд манайхан суралцмаар байна.

Сая эрчим хүч тасална гэсэн чинь нийгмийн сүлжээгээр хамгийн ихээр хэнийг буруутгасан гээч. Нөгөө нэг “Оросын гар хөл” гэгддэг, УЦС байгуулахыг эсэргүүцдэг “байгаль орчны” нэртэй ТББ-ууд, иргэний нийгмийнхнийг. Монголын төрийн бодлого, эрчим хүчний тал дээр бие даах, хараат бус байх бодлого тэднээс болж зогсдог, гацдаг гэнэ ээ. Тийм юм байдаггүй юмаа. “Арван хувийн” нэртэй Ц.Даваасүрэн гэж нэг хөгжлийн гацаа, түгжээ бий. Түүнээс ч болдоггүй юм. Юуны төлөө парламент, Засгийн газар гэж байдаг билээ. Ард түмэн хэнд эрх мэдлийг өгсөн билээ. Энэ талаас нь хар. Тэдгээр нөхөд дан ганц өөрсдийн хүслээр, амин хувийн ашиг сонирхлоор ийм зүйл яриад байдаг гэвэл худлаа шүү. Худлаа гэдгийн баталгаа нь АН эрх барьж байх үед эхлүүлсэн эрчим хүчний, нүүрсний бүх төслүүдийг МАН гарч ирээд бүгдийг зогсоосон, нураасан. Ард нь Орос байсан уу, Хятад нь байсан уу? гэдэг чухал биш. Тэр бол манайхны л зохиосон үлгэр. Ийм тунирхал бидэнд хань болохгүй ээ. Гол нь энэ намын бодлого нь өөрөө ийм байгаад учир байна.

Саяхан даа, хоёрхон жилийн хувийн компаниуд, эрчим хүчний  мэргэжилтнүүд нийлж суугаад энэ асуудлыг ярьсан. “Салбараа хувьчилья аа, үр ашигтай ажиллуулья аа, хувийн компаниуд хөрөнгө оруулаад цахилгаан станцуудаа барья аа, Татантолгойн станцыг эхлүүлчихье. Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна, хилийн наана ч, цаана ч эрэлттэй байна. Хөрөнгө оруулагчид эрсдлээ даагаад станц барихад бэлэн байна, нүүрс нь байна. Төрөөс ганцхан баталгаагаа л гаргаад өгчих. Ажлыг маань дундаас нь зогсоохгүй, үйлдвэрлэсэн эрчим хүчийг маань худалдаж авна гэдэг баталгаагаа гаргачих” л гэсэн. Тэр үед манай Засгийн газар, шийдвэр гаргагч нар хувийн хэвшлийнхнийхээ үгийг сонссон бол, салбарын мэргэжилтнүүддээ итгэсэн бол өнөөдөр ийм зүйл болохгүй. Шийдэл зөвхөн улстөрчдөд л байдаг юм биш шүү дээ.

Нэг зүйлийг сануулахад, ноён Козлов хэлэхдээ “Одоохондоо хязгаарлахгүй ээ” л гэсэн. Үргэлж энэ хэвээрээ байгаарай гэж хэлээгүй. Энэ удаад сануулга байсан бол дараачийн удаа бодитой болоод ирж ч магадгүй.

inews.mn


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин