-Хотын утаа юунаас гардаг вэ?
-Гал түлснээс
-Сууж болно.
-Атомын цахилгаан станц ямар хэрэгтэй вэ
-Урааны цацрагаар нь тог гаргадаг
-Муу, дахин шалгалтанд бэлд!
...Хүний амьдралыг галгүйгээр төсөөлөх аргагүй. Ийм учраас хомосапиенсын түүх хоорондоо зарчмын ялгаатай, “гал олохоос өмнө” ба “гал олсноос хойш” гэсэн хэсэгтэй. Хамгийн гол нь бид дулаан гаргах гэж гал түлдэг. Гал байгаа цаг утаа байсаар иржээ. Утаа байгаа цагт хүмүүний амьдрал хамт бадарсаар явж.
Өвөг дээдэс маань “Үр ачийнхаа утааг үзээд үхэхсэн” гэлцдэг байсан нь орчин үеийн төсөөллөөр бол маш аймшигтай зүйл мэт боловч, тэр цагийнхаа утгаар өрх тусгаарлаж, гал голомтоо бадраахын л нэр авай. Гэхдээ Монгол ардын үлгэрт “Утаагүй дүрэлздэг улаан галаа түлж, уураг болсон цайгаа чанаад...” хэмээн гардаг нь хийн түлш, цахилгаан халаалтыг зөгнөсөн гэлтэй.
Галаас утаа уугиулан баймаажин гаргаж авсан дулаанаар цай хоолоо хийж, бас гэрээ дулаацуулдгаас л хамаг асуудал эхтэй. Утааг бүтээх түгээмэл арга бол гал түлэх. Хиймэл утааг лабораторид бүтээхэд амархан байж болох ч гал түлэхээс л лав хямд биш.
Зундаа гэрээ дулаацуулах хэрэггүй учраас зөвхөн хоол хийхдээ л галаа багахан түлэх тул утаа бага. Улаанбаатар зундаа утаагүй байдгийн нууц уртаашаа энэ.
Хүн төрөлхтөн хөгжсөөр, халаах ба буцалгах ажлыг шатдаг хий, тог цахилгаанаар шийдэх болов. (Зуухандаа хий шатаахаар цэвэр агаар ялгадаг гэсэн үг биш шүү, бас)
Дан орон сууцтай хотууд утаа багатай байдаг. Учир нь хүмүүс гэрүүдээ нийлүүлж орон сууц болгон угсраад, дундын том зуух бүтээсэн нь уурын зуухнаас эхлээд ТЭЦ-4, яван явсаар АЦС бөлгөө. Дулааны цахилгаан станц утаа гаргадаггүй гэсэн үг биш. Маш өндөр яндан нь утаагаа тээр дээр хаядаг учраас ихэнхдээ замхарна.
Тогоор цай чанаж, гэрээ халааж болох ч түүнийг гаргахын тулд гал түлэх хэрэгтэй. Ингэхэд, галаас тог гардаг юм биш л дээ. Тэгдэгсэн бол пэлээтэгнийхээ залгуурыг зуух руугаа хийчихээд л болчихгүй юу?
Яадгийг хялбараар ойлгуулахын тулд машинтай хүн бүрийн мэддэг юмаар жишээлж ярина аа. Машинд бидний нэрлэдгээр “жанаам” гэж юм бий яа даа. Яагаав, моторын голтой эрмээнээр холбогдож тог үйлдвэрлээд, хумлятороо цэнэглэж явдаг бөндгөр зүйл. За, цахилгаан станц бол асар том жанаам. Боловсон хэллэгээр генератор. Бараг л генерал гэдэг шиг сүрлэг сонсогдож байгаа биз. Ер нь бол “муухан генералаас олигтойхон генератор дээр” л гэх юм билээ.
Харин эрчим хүчний генерал болох “жанаамаа” хэрхэн ажиллуулах нь том асуудал. Машиныхыг ч яахав, моторын голыг дагуулаад эргүүлчихдэг юм байж. Том хотыг тогоор хангадаг аварга “жанаам”-ыг гараар болон мориор эргүүлэх аргагүй.
Багашаархан жанаамыг дизель мотороор эргүүлнэ. Манай ихэнх сумд, аймгийн төвүүд ийм станцтай байв.
Инженерүүд усны уурын хүчээр “жанаам”-аа эргүүлэх арга олжээ. Уурын хөдөлгүүрийг бид дунд сургуульд байхдаа “Жэймс Ватт анх зохион бүтээсэн ба энэ нээлт нь аж үйлдвэрийн хувьсгалыг эхлүүлсэн” хэмээн заалгасан билээ.
Уурын хөдөлгүүрийг ажиллуулахын тулд гал түлж, усаа буцалгах учиртай ажгуу. Цахилгаан станцын өдөр шөнөгүй залгиж байгаа богоон, богоон нүүрс бол асар их ус буцалгахын тулд бөлгөө. Харин битүү саванд буцлах ус ямархуу өндөр даралт үүсгэдгийг бид хорхог хийж идэх явцдаа тодорхой ойлгосон байдаг.
Дулааны цахилгаан станцууд “Нэг сумаар хоёр туулай буудав” гэгчээр нэгэнт буцалсан халуун усаа дулааны шугамаар гүйлгээд орон сууцнуудаа халаачихаж байгаа юм, бас.
Дашрамд дурьдахад “жанаам”-ыг эргүүлэх арга олоон. Салхин сэнс гэхээр салхийг шууд тог болгоод ч байгаа юм биш. Салхины хүчээр эргэж буй сэнсны голыг жанаамтайгаа холбоод л гүйцээ. Булчингийн хүчээр ажилладаг “жанаам”-тай гар чийдэн ч байж л байдаг. Харин, нарны баттарей бол арай өөр зарчимтай. Гэхдээ нарны гэрлийг цуглуулж, усаа буцалгаад нөгөө жанаамаа эргүүлдэг ч бас байна.
Бас, “Тунгалаг тамир”-ын Итгэлт баян:
-Дундаа цэгтэй нь хээлтэй гүү болоод явчихаж байгаа юм гэдэг шиг жанаамныхаа голыг усны урсгалаар эргүүлж байвал УЦС гэх жишээний.
Инженерүүд илүү хямд, өндөр үр ашигтай түлш хайсаар ураан дээр очжээ. Гэхдээ ус буцалгаж, жанаамаа эргүүлэх арга хуучнаараа л үлдэнэ. Нүүрс түлж ус буцалгахын оронд халуун цөмийн урвалаас гарах дулааныг ашиглан усаа буцалгана гэсэн үг. Зарим хүний төсөөлдөг шиг ураан нь станц дотроосоо гараад төмөр утсаар дамжаад айл айлд хүрэх юм огт биш. Бас, ураанаас тог гардаг гэж хэлэх нь аргалаас бууз гарна гэдэг шиг болхи төсөөлөл.
Атомын цахилгаан станц үнэхээр супер хэмнэлттэй. Хуруу хүрэхгүй хэмжээтэй харандааны хугархай хэдхэн ширхэгийг түлээд л Улаанбаатарыг өвөлжин тогоор хангаж, халаана гэсэн үг. Утаа гарахгүй. Цөмийн урвал нь найдвартай бат саванд өрнөнө. Мэдээж удирдах самбарыг хянах хүмүүс нарийн мэргэжлийн үндсэн ажилтнууд байна. Харин түлш нийлүүлэхээс эхлээд сар тутам, жил тутмын бүхий л урсгал үйлчилгээг мэргэжлийн компаниуд, аутсорсингоор хийнэ.
Хэрвээ та Оюутолгой орж үзсэн бол мэдсэн, хэн нэгэн хамаатан чинь тэнд байдаг бол дуулсан байгаа. Яг юугаа Оюутолгой өөрөө хийдэг юм бэ гэж гайхмаар. Газар доорх байгууламжийг нь нэг компани, дотоод тээврийг өөр компани, тоног төхөөрөмжийг үйлчилгээг бас компани, тэрийг энэ компани, энийг тэр компани хийдэг гээд л цуварч өгнө. Яг өөрөө юу хийдэг вэ гэхээр тэдгээрийг зохицуулж, удирдах л юм уу даа. Орчин үеийн менежмэнт, жолоодлоготой хөдөлмөрийн хуваарийн эл гайхамшгийг Аутсорсинг гэх. Харин бүхнийг өөрөө хийх гэж ухнатдаг компанийг шинэ үеийнхэн шоолдог болсон байна билээ.
Яг түүн шиг Атомын цахилгаан станцынхан түлшээ ч өөрснөө олборлож, бүтээхгүй. Дэлхийн нэлээн хэдэн орон ураан олборлодог ч цөөхөн газар шар нунтгийг баяжуулдаг. Түүнээсээ ч цөөхөн улс л баяжсан урааныг цөмийн харандаан түлш болгох эрхтэй. Мэддэг нэр дуулгахад Японы Тошиба цөмийн харандаа хийдэг юм билээ.
Тийм учраас Монгол улс ураанаар баялаг ч түүнээ шар нунтаг болгож л гаргахаас өөр цаашаа боломжгүй. Ураан баяжуулах, харандаан түлш хийх гэж горьдсны гарз. Хөх Монгол хүний тэнгэрлэг ухаан дутсандаа тэр биш. Цөмийн босс орнууд зөвшөөрдөггүй учраас болохгүй. Монголчуудыг хайрлаад эсвэл голоод байгаа ч юм биш, цөмийн түүхий эдийн тоглоомын дүрэм тийм ажээ.
Иймээс манайхан өөрт байгаа ураанаа олборлоод шар нунтаг болгож зарна. Харин цөмийн станцтай болоод авбал түлшээ хялбар авна. Учир нь, өөрөө цөмийн түлш үйлдвэрлэх хэлхээний нэг хэсэг болсныхоо хувьд илүү хямдаар түлштэй болно. Үлгэрлэвэл, өөрийнхөө даавууг өгөөд дээл хийлгэх нь бэлэн оёсон дээл авахаас хямд тусдаг шиг наймаа.
Цөмийн физикч Н.Тэгшбаярын хэлээд байгаа “Атомын цахилгаан станц л утааг арилгана” гэдгийн учир энэ. Хямд аргаар асар их цахилгаан үйлдвэрлэнэ. Хямд гаргасан цахилгаан хямдаар түгээгдэнэ. Өөрөөр хэлбэл, айлуудын тогны мөнгө инээд хүрмээр хямдрана. Нохойгоо шатаачихаас айхгүй бол үүрэнд нь “тээнэ” залгасан ч болно. (Ковидын жил тогыг шөнө үнэгүй болгоод үзтэл ийм явдал гарсан санагдана) Дүн өвлийн хүйтнээр хасах 40 хэм зааж байсан ч хамаагүй "Манайх махаа заавал хөлдөөгчид л хөлдөөдөг айл" хэмээн цамаархсан ч яадаг юм бэ?
Одоо, өгүүллийнхээ гарчигт хариу өгье. Хотын утааг арилгахын тулд урааны оронд аргал ашиглаж болох хоёр хувилбар байна.
Нэгдүгээрт, үхрээ бэлэн ураан дээр баалгаад, улмаар аргалаас нь ураанаа буцаан ялгаж цөмийн түлш хийх замаар. Ингэх нь маш олон үхрээ цацрагт хордуулан хохирохоос эхлээд зардал ихтэй.
Хоёрдугаарт, аргалын цахилгаан станц байгуулах. Богоон богоон аргалаа тэнд түлж ус буцалгаад гарсан уураар нь жанаамаа эргүүлэн тог гаргаж болно. Ингэхийн тулд бүх үхрээ байтугаа хамаг малаа аргалын чиглэлийн үүлдэр болгоод ч багахан тог гарна. Дээр нь аргалаас бараг л өөрийнх нь хэмжээтэй үнс гардаг тул улс орноороо чандруунд дарагдах байх.
Хэрэг явдал иймдээ тулсан тул, утаанаасаа салъя гэвэл тогоор гэрээ халаах, эсвэл утаагүй(шахам) асдаг гааз түлэх ийм л зам байна.( Уг нь өөр арга бий л дээ, гэхдээ санал болгоход хэцүү. Жишээлэхэд, ерөөсөө гал түлэхийг хориглох, улс орноо аваад дулаан орон руу нүүх, дэлхийн тэнхлэг ба соронзон оронд зохиомлоор нөлөөлөн цаг уурын бүсээ өөрчлөх гэхчлэн)
Шатдаг хийгээр гэр орноо халаах гэхээр Оросын газын хоолойг татаж авчрах нэг арга байдаг. Гэтэл Оросууд бензинээр яаж боодог билээ, нэмээд гаазаар боодог болно гэж цөмөөрөө ул үндэстэй айж байгаа.
Говиос маш их шатдаг хий олдож байгаа ч түүнийг нааш татах хүртэл лай ч байна, зай ч байна.
Иймээс тог цахилгаанаар хотоо бүрэн хангах замаар л утаанаас сална. Гэхдээ тэр тог хямдхан, нохойныхоо үүрийг халаасан ч хотойхооргүй тийм хямд байх нигууртай. Ийм хямд тогийг Атомын цахилгаан станц л шийдэж чадна. Дээр нь бидэнд утаагүй асаад усаа буцалгадаг ураан нь байна.
Бидний ийм хямд, үр ашигтай шийдлийн эсрэг тэмцэлд “урааны аюул” буюу "цөмийн цацраг” гэх аюулаар айлгасаар өдий хүрэв. Бид ч хүсснээр нь айсаар утаандаа идүүлж гүйцэв.
Үнэндээ бол, Монгол хүнийг туяанд хордохоос хамгаалаад байгаа юм биш. Эрчим хүчээр хүний царай харахгүй болчихоос л айгаад байгаа юм. Монгол улс тоглоомын улс хэвээрээ байж, далайсан газар далд ороод, далласан газар ил гардаг тэр л янзаар нь байлгах гэж л тэр. Ердөө л энэ.
Цөмийн урвал тоглоом биш, АЦС ажиллуулах нь дөчийн бидэнд хорхог хийхээс хавьгүй хариуцлагатай нь үнэн. Гэхдээ дүрмээр нь явбал ямар ч аюулгүй. Ер нь жижиг гэлтгүй бүх дүрмийг зөрчих нь аюултай гэдгийг улаан гэрлээр уулзвар нэвтэрч хийсэн ослууд өдөр бүр л бидэнд хэлээд байна.
Эцэст тэмдэглэхэд, орчлон өөрөө цацрагаар дүүрэн бөгөөд бидний биеийг өдөр шөнөгүй элдэв туяа бөмбөгдөж байдаг. Бид өглөө босоод л асар хүчтэй халуун цөмийн урвалд ил шаруулж эхлэх ба энэ процесс үдэш болтол үргэлжилнэ. Тэр цацрагийг бид “Алтан нарны туяа” хэмээн магтан дуулах ба эх үүсвэрийг нь “Уяхан замбуутивийн наран” хэмээнэ.
Яагаад бид нарны цацрагт шууд хордоод үхэхгүй байна вэ? Дэлхийн агаар мандал, соронзон туйлууд давхар давхар хамгаалж, шүүгээд тэр. Атомын цахилгаан станцыг ч гэсэн түүний технологи, аюулгүй ажиллагааны дүрэм нь тэр мэтээр хамгаалж чаддаг авай.
Оршихуй өөрөө цацрагийн мөн чанартай. Эл өгүүллийг унших зуур ПС болон Айпад, утасны чинь дэлгэц чамайг бишгүй нэг шарах ба эдгээр мэдээллийг хүргэж буй утасны болон Вайфай-ны долгион бүхий биеийг чинь сүлбэн, сүлбэн өнгөрөх бөлгөө, шорлогхон минь! Түүнчлэн, цахилгаан станцын үнсээр барьсан орон сууцны хорооллууд манай нийслэлийг өдөр шөнөгүй “ураан”-ы үлдэгдлээр хайрнам бөлгөө, стейкхэн минь!
Цацраг аюултай, хордуулдаг, өвчлүүлдэг, үнээн үнэн. Хорт хавдар үүсэх шалтгаан болдог ч үнэн. Хорт хавдар гэснээс, түүний яаж үүсдгийг одоо болтол нээгээгүй байгаа шүү!!! Харин нөлөөлдөг хүчин зүйлүүд олон байдаг нь тогтоогдсон. Жишээ нь тамхи. Гэхдээ, таван архаг тамхичны дөрөвт нь уушигний хорт хавдар яагаад ч тусахгүй байгаа нь эрдэмтдийн гайхшийг барсаар.
Эцэст нь,
-Аан гэж бай даа, хөгшөөн!
-Хорт хавдрыг өөрийг нь цацрагаар л эмчилдэг нь бас парадокс шүү.
2024.12.18
Сэтгэгдэл байхгүй байна