Энэ 2019 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Энэ ойг хоёр тал бүх шатанд тэмдэглэж байгаа юм. Түүний дотор хил орчмын субъектууд тодорхой төлөвлөгөө гарган бодитой олон арга хэмжээ зохион байгуулж байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сум нь хөрш хоёр орны хооронд зорчигч, жуулчид нэвтрүүлэх, ачаа тэвэрлэх том боомтын хувьд хил залгаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын талтай хамтран иргэдийн хооронд урлаг, спортын олон талт үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
Тухайлбал, энэ зургаадугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот, Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдийн хооронд биеийн тамир, спортын хамтарсан тэмцээний нээлтийн ёслол амжилттай болсон юм. Нээлтийн ажиллагаанд Дорноговь аймаг, Замын-Үүд сумын удирдлага, иргэдийн төлөөлөл оролцож, урлагийн тоглолт, циркийн үзүүлбэр сонирхууллаа.
Эрээн хот, Дорноговь аймаг, Замын-Үүд сумын иргэд сагсан бөмбөг, хөлбөмбөгийн талбайн болон футзалын тэмцээн, гар бөмбөг, ширээний теннис, агаарын теннис, хийн дасгал, бүжиг зэрэг спортын найман төрлөөр бүтэн сар гаруйн турш өрсөлдөж, долоодугаар сарын дундуур Замын-Үүд суманд хаалтаа хийж дүнгээ гаргах юм.
Хамтарсан тэмцээний нээлтийн салхийг Дорноговь аймаг, Замын-Үүд сумын тамирчид, Эрээн хотын Олон улсын Их сургуулийн багш, оюутнуудын багийн гар бөмбөгийн тэмцээнээр хагаллаа. Хоёр талын тамирчид эн тэнцүү өрсөлдөж үзэгчдийн сонирхлыг татсан юм.
Замын-Үүд сум, Эрээн хотын иргэдийн хувьд таван жилийн өмнөөс бие чийрэгжүүлэх биеийн тамирын хамтарсан тэмцээнийг зохион байгуулж эхэлжээ. Энэ жил тав дахь удаагийн наадмаа дипломат харилцааны 70 жилийн ойд зориулан илүү өргөн хэлбэрээр зохион байгуулж буй ажээ.
Уг тэмцээний нээлтийн үеэр “Өвөрмонголын баясгалант тал нутаг: Эрүүл энх Өвөрмонгол” сэдэвт Өвөрмонголын бүх иргэдийн бие чийрэгжүүлэх 11 дэх удаагийн арга хэмжээ болон бүх Өвөрмонголын хэмжээд болж буй үндэсний сурын харвааны тэмцээн Эрээн хотод эхлэв.
Тэмцээний нээлтэд оролцсон төлөөлөгчдийн байр суурийг энэ үеэр сонслоо.
Эрээн хотын Соёл, спорт, аялал жуулчлал, радио телевизийн газрын ХКН-ын дарга хатагтай Ван Ли Хуа:
-Хөрш зэргэлдээ оршдог Хятадын Эрээн хот, Монгол Улсын Замын-Үүд сумын бүх иргэдийн хамтарсан спорт, соёлын өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ жил тав дахь удаагаа зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар биеийн тамир спортоор дамжуулан хил залгаа хөрш хот, сумын иргэд харилцан нөхөрлөлөө зузаатгах, жирийн иргэд найрамдлын хамтын ажиллагаанд оролцох, уралдаан тэмцээнээс баяр баясгалан, урам зориг авч цаашид харилцаагаа улам хөгжүүлэх зорилготой.
Эдгээр арга хэмжээг зохион байгуулж байгаагийн гол зорилго нь хөрш хоёр орны хамтын ажиллагааг цаашид улам ахиулж, нөхөрлөлөө батжуулах чиглэлтэй юм .
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын орлогч О.Үүрцайх:
-Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын иргэдийн хооронд уламжлал болон зохион байгуулагддаг спортын тэмцээн тав дахь жилдээ болж байна. Энэ удаа хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан илүү олон хүнийг хамруулсан, спортын олон төрлөөр, өргөн цар хүрээтэй, илүү урт хугацаанд болох гэж буйгаараа онцлог юм.
Монгол Улс, БНХАУ-ын хил залгаа, хөрш оршдог Замын-Үүд сум, Эрээн хотын иргэдийн хооронд таван жилийн өмнөөс спортын уралдаан тэмцээн зохион байгуулж ирсэн. Жилээс жилд өргөжсөөр энэ удаа Монголын талаас 50 гаруй тамирчин оролцож байна. Зарим тэмцээн Замын-Үүд суманд болно.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан хамтарсан соёл, урлагийн арга хэмжээнүүдийг цувралаар зохион байгуулж байна. Сар шинийн үеэр үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Мөн баяр наадмаар Замын-Үүдэд Эрээн хотын харваачдыг урьж оролцуулахаар ярьж байгаа.
Эрээн хотод Монгол Улсын Консулын газар, Замын-Үүдэд БНХАУ-ын Консулын газар бий. Эдгээр Консулын газруудаар дамжуулж Эрээн хотын иргэд, Эрээн хотод ирсэн жуулчдад Замын-Үүд сумын наадам үзүүлэх боломжтой гэж үзэж байна.
Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Г.Баттулга:
-Хоёр талаас хамтран зохион байгуулдаг тэмцээн өргөжиж зарим төрлөөр Замын-Үүд, Дорноговь аймагт очиж өрсөлддөг боллоо. Сагсан бөмбөгийн тэмцээнд Дорноговь аймгийн багт Улаанбаатар хотын легионер тамирчид, Эрээн хотын багт Хөххот, бусад аймаг, хошуудын тамирчид оролцож, бүрэлдэхүүн өргөн болж байгаа гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна