Огцорсон Ерөнхий сайдын магтууг дуулаагүй одоогийн сайдууд үлдсэнгүй бололтой. Иргэнтэйгээ төр нь өрсөлддөг ийм “ардчилсан сонгууль” энэ бөмбөрцөг дээр байгаа бил үү? Гэхдээ эрх чөлөөнд дуртай нүүдэлчдийн эгдүүцлийг нэг хүргэвэл харин ч нэг дагуулаад хөмөрч орхидог гэмтэй...
Хэн нь 50+1 хувьд хүрч Ерөнхийлөгчөөр сонгогдох вэ?
Хэн гэдэг нэр дэвшигч нийт санал өгсөн сонгогчдын 50+1 хувийн саналыг авч Ерөнхийлөгч болохыг хэлэхэд эрт байна. Долоо хоногийн дараах сонгууль бүү хэл маргааш юу болохыг таашгүй хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж байгаа цахим эринд амьдарч байгаагаа мартаж болохгүй. Сонгуулийн үр дүнд нөлөөлж болохуйц аливаа үйл явдал, мэдээлэл хэдхэн цагт иргэд сонгогчиддоо хүрч, тэдгээрийн үзэл бодлыг агшин зуур өөрчлөх боломжтой. Хэн Монгол Улсын Ерөнхийлөгч болохыг гагцхүү эрхэм сонгогч таны сонголт шийдвэрлэнэ.
Сонгуулийн таавар нь яг л наадмын бөхийн таавар шиг явж байна. Хэн сайн бэлтгэлтэй нь илүүрхэх магадлалтай ч хэний ч од гийж бас болно. Гэтэл эрхэм сонгогч таныг сонголтоо хийгээгүй байхад өмнөөс чинь төлөөлж урьдчилан дүгнэлт хийж алсуураа сонгуулийн үр дүнг урьдчилан чимээгүй хоногшуулах замаар дасгаж хөтлөөд байгаа нь харин хачирхалтай биш байна гэж үү.
Сонгуулийн үр дүн урьдаас тодорхой гэж сурталдах нь ардчилсан улсын эрх чөлөөт иргэн хүний хувьд олдсон цорын ганц эрдэнэ мэт саналыг чинь нэг тийм хөлгүй далайд живүүлэх мэт харамсалтай мэдрэмж төрүүлж санал өгөхөөс татгалзуулах, эсхүл олны урсгалтай хүчээр хөл нийлүүлэхийг оролдох зэрэг урьдчилсан улс төрийн цензур үүсгэж түүндээ хүлж баглахыг хүссэн явуургүй улс төр яваад байгаа хэрэг. Гэхдээ ганцхан таны сонголт шийдвэрлэх үүрэгтэй гэдэгт итгээрэй. Учир нь нийт сонгуулийн үр дүн нэгжийн буюу нэг хүний саналуудаас бүрдэнэ.
Ер нь Ерөнхийлөгчийн сонгуульд чансаагаараа тэргүүлээд байгаа нэр дэвшигч гэж байхгүй, угаас тодорхойлох ч боломжгүй, мөн хуулиараа хориотой болно. Харин хүчтэй өрсөлдөгч нар бол байна.
Улс төрд өөрийн капиталыг худалдах нь хэвийн зүйл үү?
Сүүлийн үед улс төрийн А ч үсэггүй урлаг соёлын нөхдүүд сонгуулийн мөрийн хөтөлбөрт нарийн анализ хийсэн шигээ олон нийтийн толгойг эргүүлж байгаа харагдах болж. Тэдний ихэнх нь өөрсдөө ч улс төрөө сайн ойлгохгүй байгаа. Гэхдээ хүн бүрт хувийн ашиг сонирхол байгаа гэдгийг эрх биш хүндэтгэж үзэх нь зүйтэй. Урьдын цагт сонгуулиар дуулж хуурдан халтуур хийдэг байсан урлаг соёлын арга хэмжээг хуулиар хориглосон учир орчин цагт үзэл бодлоо илэрхийлэх нэрээр улс төрд өөрийгөө худалдаж байгаа хэрэг л дээ. Олонд танигдсан нэр нүүрээ худалдаж идэхийн нөгөө талд эдгээр од гэгдэх эрхмүүд хувь хүнийхээ үнэлэмж, үнэ цэнээрээ төлбөрөө хийж өөрсдөө ч хохироод үлдэх нь бий.
Зарим нэр дэвшигчийн бэлтгэл цөмөрч байх шиг
2004 онд билүү дээ эрх баригч намын дарга Н.Энхбаярын бэлтгэл цөмрөөд “электрон хэрэгсэл бүхнээр дуу, дүрс нь гардаг боллоо, эцэстээ бүр индүүгээ залгахаас ч айдаг боллоо Энхбаяр гараад ирэх вий” гэх үг гарсанаас хойшхи хамгийн их бялуурам сонгуулийн сурталчилгаа энэ удаа болж байх шиг. Урлаг соёл, нийгмийн зүтгэлтнүүд, тэр бүү хэл иргэний нийгмийн дуу хоолойн үүрэгтэй төрийн бус байгууллагууд хүртэл төр засагтаа тал засан налж нэг талдаа гарч бөөгнөрч байгаа юм уу даа. За энэ ч яахав, хүчтэйг дагаж хуйлрах нь хүний нийгмийн бүү хэл амтьны төрөлх инстикт юм хойно. Соён гэгээрүүлэх үүрэгтэй ахмадуудын зарим нь мөлийсөн иргүй чулуу шиг бөөрөнхий юм бичих болсон нь харин харамсалтай байна.
Эрх баригч нам мөнгөөр, хүн хүчээр, сүлжээгээр хахаж байна. Бүхэл бүтэн төрийн машин тэдний талд ажиллаж байна. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд гээд сонгуульд явахгүй дарга алга. Хүрэлсүх даргын магтуу бол бялууртал урсаж байна. Түүнийг ялах нь тодорхой гэдэг улс төр хийж байгаа атлаа ерөөсөө эргэлзээтэй учраас ийн үхэн хатан зүтгээд байгаа нь сонин биш байна уу.
Хамгийн хүчирхэг нийтийн сүлжээгээ ашиглан бусдын нэрийг барьж өөрийгөө утга учиргүй дайрч доромжлуулж хохирогчийн дүр эсгэн хэсэг өрөвдүүлсэнээ, төд удалгүй ухаалаг хүлээцтэй хариу өгч сөрж тодрох гэх мэт марзан улс төр нь нэвт үнэртээд байх юм.
Огцрон дэвшсэн Ерөнхийлөгчтэй анхны улс болох уу?
Хариуцлага хүлээж ажлаас халагдсан хүн маргааш нь даргаар томилогдоод ирвэл хэнд ч таатай санагдахгүй байх. Гэтэл өнөөдөр улс төрд ужгирсан дарга нарын албан тушаалын байрлалыг солиод ард иргэддээ ахиад санал болгох нь хэвийн үзэгдэл болжээ. Албан тушаалын байрыг нь солих нь нэмэгдэхүүний байрлалыг солиод нийлбэр өөрчлөгдөхгүйтэй агаар нэг баймаар.
Сайн дураар огцорсон бол Санжийн Баяр шиг улс төрөөс бүр явдаг баймаар байна. Ямар нүүрээрээ дээл хувцсаа солиод эргэж хурган Ерөнхийлөгч болж илүү өндөр суудал хүсээд байдгийг ойлгох арга алга. Олон улсад бол улс төрийн соёл талаасаа бол ичмээр үзэгдэл л дээ.
Цаашлаад хонь хурга нийлэх мэт иргэдээ хошууруулахыг харахаар цар тахалгүй болчихсон гэлтэй. Эрүүлээр сэтгэдэг хүн бол ичиж үхмээр юм болж байна. Ядаж иргэдээ боддог үнэхээр хариуцлагатай хүн бол сэтгэл нь бага боловч зовмоор юм. Гэвч эрүүл мэнд, амь наснаас үнэтэй эрх мэдэл байдаг гэдгийг харуулсан үйл явдал болсоор байна.
Огцорсон Ерөнхий сайдын магтууг дуулаагүй одоогийн сайдууд үлдсэнгүй бололтой. Иргэнтэйгээ төр нь өрсөлддөг ийм “ардчилсан сонгууль” энэ бөмбөрцөг дээр байгаа бил үү?
Ерөнхий сайд нь хүртэл сонгуулийн гал тогоог бариад гүйж байх жишээтэй. Эрх баригчийн нэр дэвшигчийн өөрийнх нь үгээр бол түүнд хийгээгүй, бүтээгээгүй юм үлдээгүй бололтой, юун Чингис!
Гэхдээ эрх чөлөөнд дуртай нүүдэлчдийн эгдүүцлийг нэг хүргэвэл харин ч нэг дагуулаад хөмөрч орхидог гэмтэй...
Үргэлжлэл бий...
Сэтгэгдэл байхгүй байна