Цагаан, ягаан, ногоон... өнгө өнгийн хөөрхөн савангууд. Гэхдээ сүүлний тос, тэмээний чөмөг, чацаргана гээд өөр өөр орцтой, бас хөгшрөлтийн, батганы эсрэг гээд өөр, өөр үйлчилгээтэй. Энэ бол Монголд гар аргаар, 100 хувь органик бүтээгдэхүүнээр хийж буй бүтээл. Ингээд Гуа брэндийг үүсгэн байгуулагч П.Ууганбаярын ярилцлагыг хүргэж байна.
-Анх ийм бүтээгдэхүүн хийе гэсэн санаа хаанаас, яаж төрсөн талаар яриагаа эхлэх үү?
-Би нэг хэсэг хаягдал сонингоор сагс гэх мэт гар урлалын зүйл хийдэг байсан. Гэхдээ айлууд өөх тосоо хаяж байхыг хараад “Өөхөөр юу хийж болох вэ” гэж 3,4 жилийн өмнөөс бодож байгаад саван хийх санаа төрсөн. Хамгийн анхны савангаа 100 хувь өөхөн тосоор хийсэн. Тэгэхдээ тийм ч гоё болоогүй л дээ. Тэгээд л саван хийх талаар судалж эхлэсэн. Cудлах, оролдох тусам саван маань бага багаар чанаржиж эхлэсэн. Эхний жилүүдэд өөрөө, гэр бүлээрээ хэрэглэдэг байлаа. Би уг нь нягтлан бодогч мэргэжилтэй. 30-аад жил мэргэжлээрээ ажиллаад өөрийхөө хоббид хөтлөгдөөд савангаа хийх болсон доо.
-Бид нэг хэсэг дан гадаад саван хэрэглэдэг болчихсон байлаа шүү дээ. Харин сүүлийн үед Монгол гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг болжээ. Харин таны саван эдгээрээс юугаараа онцлогтой вэ?
-Савангийн зах зээл гэдэг маш өрсөлдөөнтэй талбар. Монголд бол гадаадын саван маш их, дийлэнхи нь хуурамч химийн бодис маш ихээр агуулсан байдаг. Манайхыг органик гэдгээр нь хүмүүс мэддэг болоод байгаа. 100 хувь органик учир хүний биед харшил үзүүлэхгүй. Маш гоё тэжээл өгнө, арьсыг чийгшүүлнэ, зөөлрүүлнэ. Би одоогоор арав гаруй төрлийн саван гаргаад байгаа. Үйлчилгээ нь өөр, өөр. Жишээ нь батганы эсрэг, хөгшрөлтийн эсрэг гэх мэт, нярайгаас эхлээд бүх насныханд зориулсан арав гаруй төрлийн саван байгаа. Дээд зэргийн чанартай саван гэж би хэлнэ. Манай саванг нэг авсан хүн заавал дахиж ирж авдаг. Хэрэглэж үзсэн хүмүүс сайн мэднэ.
-Органик гэдэг маань л хамгийн гол давуу тал, тийм үү?
-Тийм. 100 хувь органик. Зарим саван 100 хувь органик гэсэн хэрнээ орц найрлага нь нууцлагдмал байдаг. Тийм болохоор органик гэсэн болгонд итгээд байж болохгүй. Хятадаас ч орж ирж байж болно. Харин манай орц найрлага бол ил байдаг.
Тиймээс хүмүүс өөрийхөө гоо сайханы зүйлээ зөв сонгож хэрэглээсэй. Амаараа орж байгаа, биендээ хэрэглэж байгаа зүйлдээ “цензур”-тэй байгаачээ гэж хэлмээр байна.
Мөн манай бүтээгдэхүүн ямар ч өнгө оруулагч агуулагдаагүй. Хэдийгээр хүнсний өнгө оруулагч гэж байдаг ч гэсэн тэр ч бас химийн бодистой байдаг. Харин би бүтээгдэхүүндээ эко өнгө оруулагчдыг ашигладаг. Жишээлбэл, индиго гээд энэтхэгт ургадаг ургамал байна. Хар саван гэхэд идэвхижүүлсэн нүүрсний орцтой. Үүнийг би өөрөө гаргаж авсан. Модыг шатаагаад нүүрс шиг болгодог. Мөн сөнөсөн тэнгисийн шавар, давс, куркума, зөгийн бал, зөгийн лав, өндөг, боргио шар айраг, кокосын тос, усан үзмийн үрийн тос, чацарганы цэвэр тос гээд янз бүрийн органик бүтээгдэхүүн ашигладаг.
-Хонины сүүлний тос, тэмээний чөмөгний тос, жамц давс, чацарганы тос, ямааны сүү, сарлагийн сүү, зөгийн бал, зөгийн лав зөвхөн Монголд байж магадгүй сонирхолтой зүйлсээр савангаа хийдэг юм байна. Саванд орох бүх бүтээгдэхүүнээ Монголоос авдаг уу?
-Гаднаас бол 100 хувийн цэвэр эфирийн тосыг оруулж ирдэг. Монголд байхгүй оливийн тос, коконат ойл, кастер ойл, усан үзмийн үрийн тос гээд нилээд тоснуудыг авна л даа. Зөвхөн малын гаралтай тоснуудаар саван хийвэл хөөсрөх, цэвэрлэх нь тааруухан байдаг. Бас нилээн тослог хэрнээ хатуу болдог. Тийм учраас өөр, өөр төрлийн тоснуудтай хольсноор сайн саванг гаргаж ирдэг.
-Зөвхөн Монголд л байдаг тэмээний чөмөгний тос гэх мэт ийм гайхалтай бүтээгдэхүүнээр өвөрмөц онцлогтой саван хийж байгаа юм чинь гадаад руу гаргая гэсэн бодол байна уу?
-Би ерөнхийдөө савангийн зах зээл дээр дөнгөж гарч эхлэж байгаа. Цаашдаа савангаа улам л сайжруулахыг хичээнэ дээ.
- Монгол үйлдвэрлэлээ дэмжье гэхээр үнэтэй байгаад байдаг талтай. Та үнийн бодлогоо яаж зохицуулсан бэ? Танай бүтээгдэхүүний үнэ нь ч гайгүй хямдхан юм шиг байна?
-Дундаж амьдралтай иргэдэд зориулсан үнэтэй. Орсон тоснууд нь үнэтэй мөртлөө гадуур зарагддаг савангуудаас 2-3 дахин хямд. Анх гаргаснаасаа хойш савангаа сайжруулж, орцоо нэмсэн ч үнээ нэмдэггүй. Манай бүтээгдэхүүн хамгийн чанартай байх ёстой гэсэн бодлого баримталдаг. Өнөөдрийн байдлаар бүх бүтээгдэхүүн нээлтийн 20 хувь хямдралтай байгаа. Савангууд маань 3000-6400-ийн үнэтэй.
-Савангаас гадна манайхан бол шампунь гэж голчлон нэрлэдэг үсний саван хийдэг юм байна. Сонирхолтой нь шампунь шингэн л байдаг гэсэн ойлголт байдаг бол танайх өөр юм. Юугаараа давуу талтай вэ?
-Би байгальд хог хаягдал гаргахыг хүсдэггүй. Пластик савнууд маш ихээр хаягдаж байдаг. Үүнээс яавал татгалзаж болох вэ гэж бодож байгаад хатуу хэлбэрээр хийе гэсэн санаа орж ирсэн. Ингээд байгальд ээлтэй цаасан савалгаатай хатуу шампунь хийсэн. Нэг ёсондоо саван шампунь гэсэн үг.
Уг нь амар хялбарыг бодвол урд хөршөөс хуванцар сав бөөндөж аваад хэрэглэж болно шүү дээ. Гэхдээ миний хувьд байгаль орчиндоо ээлтэй байя гэсэн үүднээс татгалзсан. Түүнээс ихэнхдээ үсний шингэн савантай цуг заавал ангижруулагч хэрэглэх шаардлагатай байдаг. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэхэд ангижруулагч шаардлагагүй. Маш гоё өнгө оруулна, тэжээл өгнө, ургуулна. Би чинь жилийн өмнө сор тавьсан, гэмтэлтэй, одоогоос богино үстэй байсан. Харин өөрийнхээ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр үс маань эрүүлжиж, ийм гоё урт ургачихаад байна. Өөрөө бүтээгдэхүүнээ хэрэглэж туршиж үзсэн учраас ам бардам байгаа юм.
-Энд бас өөр сонирхолтой бүтээгдэхүүнүүд байна. Юунд хэрэглэдэг юм бэ?
-Сүүлний тос, тэмээний чөмөгний тос гаргаж байгаа. 100 хувь органик жигнэх аргаар гаргаж авсан ямар нэгэн өнгө үнэргүй. Үе мөчний өвчин, диатиз, псориаз, хэвтрийн цооролт, арьсны язралт, тууралт, нярайн нуралт, түлэгдэлт гэх мэтэд хэрэглэнэ. Монголчууд ер нь эрт дээр үеэсээ чөмөгний, сүүлний тосоо хэрэглэж ирсэн уламжлалтай шүү дээ. Эдгээр бүтээгдэхүүнүүд маань химийн ямар нэгэн хольцгүй учраас шууд түрхэж хэрэглэж болно. Арьсыг маш гоё чийгшүүлнэ. Сүүлний тос, чөмөгний тосоо ч хуванцар саванд бус хаягдаж байгаа сокны шилийг ариутгаж хийдэг. Угааж цэвэрлэж, ариутгана гэдэг бас их ажил нэмэх ч байгальд ээлтэй, дахин ашиглагдах боломжтой гэдэг утгаараа савлаж байгаа л даа.
-Анхныхаа саванг өнгөрсөн шинэ жилээр гаргасан юм байна. Хүмүүс хэр захиалга өгдөг вэ?
-Манайх нээгдээд удаагүй байна л даа. Гэхдээ Цагаан сарын бэлгэнд нилээн олон захиалга авсан.
-Саван хийхэд хэцүү юу?
-Хамгийн гол нь найрлага. Нэг ч граммын зөрүүгүй тунг тааруулах ёстой. Савангаа чанартай сайн гаргаж авахын тулд орц найрлага яг таг байх хэрэгтэй байдаг. Хүчил шүлттэй харьцдаг учир бас болгоомжтой байх ёстой. Хамгийн гол нь шинжилгээ судалгаа туршилт маш их хийдэг.
-Цаашдын таны зорилго? Үйлдвэртэй бас дэлгүүртэй лангуутай болох уу. Бас өөр бүтээгдэхүүн нэмж хийх үү?
-Би минималист чиг шугамыг баримталдаг хүн. Заавал том талбайтай байснаараа илүү их ашиг орлого олно гэхгүй шүү дээ. Гол нь бүтээгдэхүүний чанар сайн байх нь чухал. Яваандаа мэдээж бүтээгдэхүүнээ олшруулах илүү сайжруулах санаа байгаа. Ирээдүйдээ үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ өсөхийн хэрээр дэлгүүрийн болон үйлдвэрийн байрны том талбай гарцаагүй хэрэгтэй болно. Ер нь өөртөө хэрэглэж байгаа бүх бүтээгдэхүүнээ хийнэ гэж боддог. Гэртээ бол би шүдний оо, угаалгын нунтаг, гарын тос, нүүрний тос, аяга таваг угаагч гээд бүх зүйлээ өөрөө хийдэг. Тэрийгээ зах зээл дээр гаргах бодол байгаа. Бүгд 100 хувь органик.
-Баярлалаа. Олон, олон эко бүтээгдэхүүн гаргах ажилд тань амжилт хүсье.
-Баярлалаа. Эцэст нь бас уншигчид, хэрэглэгчиддээ хандан “Эрүүл байж ихийг бүтээгээрэй” үүний тулд органик, найдвартай, чанартай бүтээгдэхүүн хэрэглэж эрүүл мэндээ хайрлаарай гэж хэлмээр байна.
Сэтгэгдэл байхгүй байна